Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0377

 

 

 “Н” ХХК-ийн гомдолтой

Захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох зөрчлийн хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 262 дугаартай шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-д заасныг тус тус гомдол гаргагч “Н” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0129027 тоот шийтгэлийн хуудсын 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Санхүүгийн зохицуулах хорооноос 70.200 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлага болох “Н” ХХК-ийг 1000 нэгжээр торгосон СЗХ-ны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0129027 дугаар шийтгэлийн хуудсын 500 нэгжид холбогдох хэсгийг хангаж, үлдэх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан төлүүлэх зохицуулалттай байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх зохицуулалтыг бус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг 100 хувь СЗХ-ноос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тэмдэгтийн хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана: 5.1.1.шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх;”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулиар тогтооно.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: 7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх: 7.1.2.эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг;” гэж тус тус зохицуулжээ.

Хуулийн агуулгаас үзэхэд шүүхээс маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогч нараас төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэж хэлэхээр заасан.

Мөн хуульд заасны дагуу шүүхэд гомдол гаргагч “Н” ХХК-ийн гомдол нь эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй буюу шийтгэлийн хуудас байх тул гомдол гаргагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан 70.200 төгрөгийг гомдлыг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө төлсөн байна.

Уг эдийн бус, үнэлэх боломжгүй гомдлын шаардлагад төлж байгаа улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуулиар 70.200 төгрөг байхаар шууд зааж /хатуу/ тогтоосон тул улсын тэмдэгтийн хураамжийн энэ хэмжээг шүүхээс хэсэгчлэн хуваан төлүүлэх, багасгах хууль зүйн үндэслэлгүй.

Эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хуулиар тогтоосон тэмдэгтийн хураамж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч төлдөг” тэмдэгтийн хураамжаас хэмжээг нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс шалтгаалж тодорхой хувь хэмжээгээр тогтоож байгаагаас хуулиар хэмжээг нь хатуу тогтоож байгаагаараа ялгаатай юм.

Шүүхээс үйлчилгээ үзүүлсний төлөө авах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох харилцааны хувьд илүү нарийвчилсан хэм хэмжээ буюу хуулийн заалт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд ... хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэсэн заалтын агуулга нь нэхэмжлэлийг хэсэгчлэн буюу зарим хэсгийг хангасан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу шүүхээс гомдлын зарим шаардлагыг хангасан байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас 100 хувь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуваарилан төлүүлэх хуулийн зохицуулалттай байна.” гэж гомдолдоо дурдаж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                        Д.ОЮУМАА

      ШҮҮГЧ                                        А.САРАНГЭРЭЛ