Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1552

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00072 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Туяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4 400 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Туяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Пийс моол” худалдааны төв нь 2013 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон. Би өмчлөгчийн төлөөлөгч байсан бөгөөд худалдааны төвийн төлбөрийг багасгах тухай ярьдаг байсан. "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо" гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлийн дарга А.Бархүү нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр надад тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллуулах тухай хүсэлтийг тавьсан. Би зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/01 тоот удирдах зөвлөлийн даргын тушаалаар гүйцэтгэх захирлаар томилогдон, мөн өдрийн 01/01 тоот хөдөлмөрийн гэрээг А.Бархүүтэй байгуулан "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилласан. 2015 оны 1 дүгээр сард удирдах зөвлөлийн дарга, гишүүд 7, нэг гүйцэтгэх захирал гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тухайн үед "Пийс моол" худалдааны төвийн 1-4 давхарт 40, 5 давхарт 20 гаруй, 6 давхарт 10 гаруй павильон өмчлөгчид болон түрээслэгч нар худалдаа үйлчилгээ явуулж байсан. Үүнээс хойш 10 сарын дараа буюу 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр гэхэд "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын ашиглалтын захиргаа нь нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ашиглалтын алба бий болсон бөгөөд нийт ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг cap бүр бүрэн төлдөг, цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь тогтмол өгдөг, санхүүгийн болон бусад бичиг баримтыг хуулийн дагуу бүрэн хөтөлж хэвшсэн. "Пийс моол" худалдааны төвийн гаднах хаяг хийснээр худалдааны төвд орж ирэх үйлчлүүлэгч нарын тоо эрс нэмэгдсэн зэрэг олон ажлуудыг хийсэн тухайгаа 2015 оны ажлын тайланд дурдаж, нийт өмчлөгч нарт танилцуулан тайлагнасан. Дээрхи ажлын үр дүнд 10 сарын хугацаанд "Пийс моол" худалдааны төвийн 1-6 давхаруудын 140 гаруй өмчлөгчид болон түрээслэгч нар худалдаа үйлчилгээ явуулсан худалдааны төв болж өргөтгөх ажлыг би өөрийн бүрдүүлсэн баг хамт олны хамт хийж гүйцэтгэсэн юм. Үүний нэг тод илрэл бол 146 өмчлөгчийн эрх ашгийг хамгаалахын тулд ашиглалтын зардлаа хэмнэх зорилго тавьж ажилласнаар 2015 оны 5-12 дугаар cap хүртэлх 8 сарын хугацаанд төсвийн дагуу ажиллахдаа 40 000 000 төгрөг, мөн "Пийс тауэр" ХХК-иас хүлээн авсан үр дүнд 96 000 000-98 000 000 төгрөгийн хэмнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, 146 талбай өмчлөгчдөөс гарах 138 000 000 төгрөгийг хэмнэсэн юм. Би 8 000 000 төгрөгийн үндсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулаагүй. Уг мөнгөөр удирдах зөвлөлийн дарга А.Бархүүгийн өгсөн үүрэг даалгавраар 2 ш телевизор, камер авсан. Үүнээс гадна мөн цэвэрлэгээний болон сантехникийн материал авсан. Би өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаан, хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан аливаа бэрхшээлийг даван туулж, бүх хүч бололцоогоо дайчлан ажилласан. "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Бархүүгийн өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэж байсан. Гэтэл тэрээр дэмжиж туслахын оронд 2015 оны 7 дугаар сараас намайг огцруулна гэх болсон. Ингээд 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 3-4 хүнтэй хамт орж ирээд "... таныг халлаа ..." гэхэд би “халах тухай шийдвэрээ өгөх ёстой" гэж хэлсэн. Ингээд тухайн өдөр удирдах зөвлөлийн дарга А.Бархүү нь намайг ажлаас халсан тухай 01 тоот тушаал гаргаж, би ажлаа хүлээлгэж өгсөн. Түүний хууль бус үйлдлээс "Пийс моол" худалдааны төвийн 146 өмчлөгчдийн хэдэн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалахын оронд, дөнгөж үүсэн байгуулагдан ажиллах гэж байгаа холбоогоо устгах гэсэн юм шиг хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, зөвхөн Д.Туяа гэдэг хүнийг ямар нэгэн аргаар ажлаас халах зорилго тавьсан байна. Намайг ажлаа хийж байх үед А.Бархүү нь санаатайгаар надад ажлын байрны дарамт шахалт байнга үзүүлж, сэтгэл санааны хүчирхийлэлд оруулсан нь миний болон нийт ажилчдын сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн. Дээрх ажлын байрны айдас, дарамтын тухай би А.Бархүүд ахмад хүний хувьд өөрт нь ганцаарчилан нэг бус удаа хэлсэн. Мөн би жил гаруй хугацааны дараа өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа тул гүйцэтгэх захирлын ажлаа хийж байгаад тэтгэврээ тогтоолгохыг хүсэж байгаа тухай А.Бархүүд ярьж байсан. Би сард 1 100 000 төгрөгийн цалин авч байсан. Иймд намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2016 оны 3 дугаар сарын 01-нээс одоог хүртэлх хугацааны цалин 4 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо" гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай холбоо нь 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд "Пийс моол" худалдааны төвийн нийт талбай өмчлөгчдийн санаачлагаар сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, худалдааны төвийн цаашдын хөгжил, дэвшлийг улам сайжруулж, олон улсын стандартад нийцсэн төв болгох зорилгоор гишүүдийн давуу эрхтэйгээр байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага болно. Тус холбоо нь нийт 146 талбай өмчлөгчдийг гишүүнчлэлдээ багтааж нийт гишүүдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгон батламжилдаг. Манай холбоо ашиг харж ажилладаггүй бөгөөд cap бүрд ашиглалтын зардлыг талбай өмчлөгч, түрээслэгчдээс хураан авч тухайн сард гарсан ашиглалтын зардал /дулаан, цахилгаан, цалин гэх мэт/-ыг төлснөөр баланс барьж явдаг санхүүгийн хувьд бэхжээгүй, үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй худалдааны төв юм. Санхүүгийн хувьд чадамжгүй, сарын төсвийг чадан ядан нөхөж явдаг байгууллагыг мэдсээр байж, ажилтантай таарамжгүй харьцдаг, ажлын байрны дарамтыг доод албан тушаалтнуудад гаргадгаасаа болж, үйлчлэгч Норжинхандыг ямар ч үндэслэлгүй хувийн үзэмжээр ажлаас чөлөөлж, тус шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2745 дугаар шийдвэр гарч нөхөн олговор болох 837 210 төгрөгийг "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо”-ноос гаргуулахаар болсон нь санхүүгийн ямар ч хуримтлал үүсээгүй манай байгууллагад хүндээр тусаж байгаа хохирол юм. Манай холбооны 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор баталсан холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 3-т заасны дагуу "Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гүйцэтгэх захирлыг сонгох төлөөлөх, тайланг хэлэлцэх гэсний дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэн баталж, чөлөөлсөн болно. Удирдах зөвлөл 8 гишүүнтэй. Худалдааны төвийн ашиглалтын захиргааны гүйцэтгэх захирал Д.Туяа нь өвлийн улиралд хаалгаар салхи нэвт үлээж, худалдааны төвийн 1-3 давхар маш хүйтэн өмчлөгч, түрээслэгч нарын эрүүл ахуй, аюулгүй байдал ноцтой зөрчигдсөөр байхад дорвитой арга хэмжээ аваагүй зэргээр ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн бөгөөд энэ талаар худалдааны төвийн 1-6 давхарын өмчлөгч, түрээслэгчдийн зүгээс 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан. Мөн удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хуралдаанаар Д.Туяаг ажлаас чөлөөлөх талаар хуралдан сануулга өгч, болзолт үүрэг даалгавар өгч ажиллуулсан боловч үүргээ хангалтгүй биелүүлсэн.  2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн удирдах зөвлөлийн хурал хуралдсан. Тус хурлаар Д.Туяа нь зөвхөн батлагдсан /жилийн/ төсвийн хүрээнд захиран зарцуулах эрх эдлэх байтал төсөвт заагдаагүй 8 000 000 төгрөгийг удирдах зөвлөлийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр дур мэдэн зарцуулж, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлөлөхөөр шийдвэрлэснийг үндэслэн түүнийг ажлаас нь халсан юм. Бид 146 өмчлөгчдийн хэдэн тэрбумаар тоологдох өмч хөрөнгө бүхий цогцолбор худалдааны төвийн ашиглалт хариуцсан гүйцэтгэх захирлыг зан харьцааны хувьд ёс суртахуунгүй, аливаа асуудлыг эв зүйгээр бус хүч түрэмгийлэн шийдвэрлэдэг, мөн түүнчлэн дур зоргоороо авирладаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй хүнд хариуцуулж ажиллана гэдэг нь байгууллагын нэгдмэл байх зорилгод огт нийцэхгүй. Манай холбоонд хяналтын зөвлөл ажилладаг бөгөөд хяналтын зөвлөл нь холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 10-д зааснаар санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Хяналтын зөвлөлийн дарга Хүрэлбаатар нь дээрхи Удирдах зөвлөлийн хуралд оролцон санал бодлоо илэрхийлсэн. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд "батлагдсан төсвийн дагуу ажиллахдаа 40 000 000 төгрөг мөн "Пийс тауэр" ХХК-иас хүлээн авсны үр дүнд 96 000 000-98 000 000 төгрөгийн хэмнэлт хийсэн" гэсэн байх ба энэ нь 40 000 000 төгрөгийн бодит хэмнэлт байхгүй. Нийт өмчлөгч эзэмшигчдээс 146 991 369.55 төгрөгийг хураан авч, 138 905 175.55 төгрөгийн зардал гарах байтал 146 991 369.55 төгрөгийн зардал гаргаж 8 086 194 төгрөг дур мэдэн зарцуулсан. Манай ашиглалтын захиргааны ажилчдын биеийн эрүүл мэнд хэвийн, эмнэлгийн магадлагаа дүгнэлтэд орсон ажилтан байхгүй. Харин ч ажилчид тэр хүний дарамтнаас саллаа, дахин тэр хүний удирдлагад ажиллахгүй гэсэн байр суурьтай байна. Ийнхүү 7-8 хүн Д.Туяаг ажилд эгүүлэн авбал хамт ажиллахгүй гэсэн хүсэлтээ манайд өөрсдөө бичиж өгснийг шүүхэд гаргаж өгсөн.  Манайх гишүүддээ үйлчлэх ёстой байхад Б.Туяа нь тэдэнд хангалтгүй үйлчилж, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүний нэг сарын дундаж цалин нь 1 100 000 төгрөг мөн гэжээ.

 

               Шүүх: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дугаржанцан овогт Дамбын Туяагийн нэхэмжлэлтэй "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо" гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Туяа давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 4 дүгээр сард "Пийс тауэр" ХХК нь "Энхтайван өргөө" ТӨХ-нд "Пийс моол" худалдааны төвийн 1-6 давхар барилгыг хүлээлгэн өгөхөөр болсон тул тус холбооноос 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм.  Би "Пийс моол" худалдааны төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг хангах, худалдаа наймаа хийж байгаа иргэдийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 1 дүгээр сараас мөн оны 12 дугаар cap хүртэлхи хугацаанд 8 000 000  төгрөгийн тавилга, эд зүйлсийг худалдан авсан юм. Гэтэл анхан шатны шүүх хуралд оролцсон ТӨХ-ны төлөөлөл Д.Отгончулуун нь 2015 онд болсон дээрхи үйл явдлыг огт мэдэхгүй, мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш буюу намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа 2016 оны 3 дугаар сард шинээр томилогдсон уз-ийн дарга хэмээх Оюунчимэг гэгчийн өөрчилсөн ТББ-ийн дүрэм, дотоод журмыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгч Д.Туяагийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзэж байна. 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн нягтлан бодогчоор ажилд орсон Ц.Бумчимэг нь урьд нь байсан гэрээт ня-бо Ц.Нэргүйгээс санхүүгийн бүх баримтуудыг шалган хүлээн авахад ямар нэгэн зөрчил илрээгүй гэсэн. Тус холбооны дансны 1-р гарын үсгийг гүйцэтгэх захирал Д.Туяа, 2-р гарын үсгийн нягтлан бодогч зурдаг байсан бөгөөд мөнгийг тогтмол дансаар шилжүүлдэг байсан нь дансны хуулгаас харж болох атал харин шүүгч уг нотлох баримтыг үнэн зөвөөр нь шинжлэн судлаагүй, шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. УЗ-ийн дарга хэмээх З.Оюунчимэг гэгч нь "... 2015 оны батлагдсан төсвийн хүрээнд биш, харин нийт өмчлөгч эзэмшигчдийн ашиглалтын зардлын хураамж болох 146 991 369,55 төгрөгөөс тус оны зарцуулсан зарлагын 138 905 175,55 төгрөгийг хасаад, жилийн хугацаанд бий болсон үндсэн хөрөнгө болох 8 086 194 төгрөг дур мэдэн зарцуулсан ..." гэж гүжирдсэн. Түүгээр зогсохгүй бодит байдал дээр өнөөдөр миний худалдан авсан сандал, шкаф, шүүгээ, принтер гэх мэт тавилга, эд зүйлсийг гүйцэтгэх захирал Д.Отгончулуун, ня-бо Ц.Бумчимэг нар эдлэж хэрэглэн ашиглаж байгаа, мөн ажилчид шүүгээ шкафанд хувцасаа хийж, хамгаалагч нар нь телевизорээр нь "Пийс моол" худалдааны төвийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хянах, аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиглалт хийж байнга хардаг гэдгийг мэдсэн атал З.Оюунчимэг нь хувийн ашиг сонирхолоо урьдал болгон миний нэр төрийг гутаан доромжлон 8 000 000 төгрөг дур мэдэн ашигласан мэтээр гүжирдсэн үйлдлийг дэмжсэн шүүхийн шийдвэр гаргасан нь даанч харамсалтай байна. Анхан шатны шүүх хурлын явцад холбооны төлөөлөл Д.Отгончулуун нь намайг үндсэн хөрөнгө дур мэдэн худалдан авсан гэж гүжирдэн доромжилсон учраас би хуралд тус холбооны уз-ын дарга асан А.Бархүүг гэрчээр оруулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч огт хүлээж аваагүй. Харин миний нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхэд хориг тавьсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасныг зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хариуцагчийн хувийн ашиг сонирхолыг дэмжин давуу байдлаар хангасан. Шүүх Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 11 дүгээр зүйлийн 1.2, 13 дугаар зүйлийн 13.1, "Энхтайван өргөө" талбай өмчлөгчдийн холбоо гишүүдэд үйлчдэг ТББ-ын дурмийн 7 дугаар зүйлийн 7.3, 12 дугаар зүйлийн 1.2-т заасныг үндэслэн шийдвэрт гаргасныг эсэргүүцэж байна. Гүйцэтгэх захирал бол "Пийс моол" худалдааны төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангахад чиглэсэн ажлыг зохион байгуулж ажилладаг гүйцэтгэх үүрэгтэй субьект юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал бол тус холбооны гишүүн биш, гэрээт ажилтан учраас төрийн бус байгууллагын тухай хуулийг хэрэглэх нь эрх зүйн талаас буруу байна. Гэтэл шүүх хэрэг ач холбогдолгүй,  хуулийн заалтыг хэрэглэсэн нь буруу байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т  заасныг шүүхийн шийдвэрт хэрэглэсэн нь буруу, учир нь "Энхтайван өргөө" ТӨХ нь татан буугдаагүй, намайг ажлаас халагдсаны дараа шинээр уз-ийн дарга, гишүүдээ сольж, ТББ-ийн дүрмээ өөрчилсөн гэж сонсогдсон юм. Миний буруутай үйл ажиллагаанаас болж хэн нэгэн иргэн байгууллагад учруулсан хохирол, учруулах байдалд хүргэсэн үйлдэл огт байгаагүй, нотлох баримтгүй байгааг мэдсээр байж  шүүхийн шийдвэрт ноцтой зөрчил гаргасан гэсэн нь хуулийг буруу хэрэглэн санаатайгаар  нэхэмжлэгчийн нэр төрд халдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Туяа нь УЗ-ын дарга А.Бархүү, гишүүдийн шийдвэрээр зайлшгүй шаардлагатай тавилга, эд зүйлийг худалдан авч, худалдааны төвийн  ашиглалтын захиргааг нээснийг ноцтой зөрчил гаргасан гэж байгаа нь шүүхийн шийдвэр гутамшигтай байна. Шүүх  нэхэмжлэгчийг ажлаас халах ямар нэгэн шалтгаан байхгүй, ашиг сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулсан хурлын  шийдвэрээр Хөдөлмөрийн хуулийн зохих зохицуулалтыг баримтлаагүй хариуцагчийн  хувийн ашиг сонирхолыг илт хамгаалж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг дордуулсан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Д.Туяа нь хариуцагч “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Туяа нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан боловч ажил олгогчийн 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 1 тоот тушаалаар ажлаас халагдсан байна. 

 

Ажил олгогч “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргын 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 1 тоот тушаалаар Д.Туяаг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 6 дугаар тал/                    

 

“Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Д.Туяаг төсөвт тусгагдаагүй 8 000 000 төгрөгийн зардлыг 2015 онд дур мэдэн захиран зарцуулсан, гишүүддээ үйлчлэх гол үүргээ биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 25-27, 30 дугаар тал/          

                                                                                                           

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “… Д.Туяа нь 8 000 000 төгрөгийг удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн төсвийн хүрээнээс хэтрүүлж захиран зарцуулсан, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн …” гэж маргасан боловч уг татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

 

            Ажил олгогч “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот шийдвэрээр гүйцэтгэх захирал Д.Туяад  2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2015 оны батлагдсан төсвийн дагуу санхүүгийн төлбөр тооцоог захиран зарцуулах эрхийг олгосон байна. /хх-ийн 114 дүгээр тал/ Түүнчлэн удирдах зөвлөл нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо”-ны 2015 оны төсвийн тооцоог нийт 208 800 000 төгрөг байхаар баталжээ. /хх-ийн 115-116 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Д.Туяагийн дур мэдэн зарцуулсан гэх 8 000 000 төгрөгөөр тус байгууллагад 2ш телевизор, хамгаалалтад зориулж камер, цэвэрлэгээний болон сантехникийн материал авсан талаар маргаагүй, энэ талаар мөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. 2015 оны төсвийн тооцоонд цэвэрлэгээний материалд 3 600 000 төгрөг, багаж сэлбэг хэрэгсэлд 2 400 000 төгрөг, хамгаалалтад 18 000 000 төгрөг зэргийг төсөвлөсөн байгаагаас үзэхэд Д.Туяаг батлагдсан төсвөөс хэтрүүлж хувьдаа захиран зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Мөн гүйцэтгэх захирал Д.Туяаг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.  Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

 

            Нөгөө талаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байх тул  нэхэмжлэгч Д.Туяаг “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Туяаг “Энхтайван өргөө талбай  өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /85 350+70 200/ 155 550 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА          

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ