Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 538

 

Э.Мөнхбат, Н.Саранчимэг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Уранчимэг,

            ялтан Н.Саранчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Саранчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Мөнхбат, Н.Саранчимэг нарт холбогдох 2016 2503 2286 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Торгууд овогт Эрдэнэчимэгийн Мөнхбат, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг, Баянчандмань суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 9 дүгээр гудамжны 54 тоотод оршин суух,

2007 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, /РД:НД86072078/,

2. Хайвжав овогт Намжилдоржийн Саранчимэг, 1978 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Монголын өмгөөлөгчийн холбоонд өмгөөлөгч ажилтай, ам бүл 2, охины хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхон 508-100 тоотод оршин суудаг, /РД:ХН78050561/;

Э.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их дэлгүүрийн баруун талын автомашины зогсоол дээр явж байсан Н.Оюунгэрэлийн халааснаас “Самсунг Эс-6 эджи” загварын гар утсыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Саранчимэг нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мөнхбатын өмгөөлөгчөөр оролцохдоо хохирогч Н.Оюунгэрэлийн өмнөөс “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт бичиж эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар, Н.Саранчимэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Торгууд овогт Эрдэнэчимэггийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, Хайжав овгийн Намжилдоржийн Саранчимэгийг Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцож, Э.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Н.Саранчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Саранчимэгт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг улаан өнгийн CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Э.Мөнхбат, Н.Саранчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Саранчимэгийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Шүүх ...миний үйлчлүүлэгчид холбогдох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлбөргүй нотлох баримт цуглаагүй байтал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 91, 95 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж Н.Саранчимэгийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасныг болон мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан “Нотлох ажиллагаа нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг  цуглуулах,  бэхжүүлэх, шалгах, үнэлэх  ажиллагаанаас бүрдэнэ.”, 95 дугаар зүйлийн 95.1 “шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэснийг зөрчиж, хэргийн бодит нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэн түүнийг буруутгасан нь учир дутагдалтай. Тухайн нөхцөлд өмгөөлөгч Саранчимэгийн гарган өгсөн, хохирогч Оюунгэрэлийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэх бичиг нь хуульд заасан шаардлага хангаагүй, түүний тодорхойлсон бичиг нь нотариатчаар гарын үсгийн баталгаажуулалт хийгдээгүй байтал шүүх түүнийг үнэлэн, ...нотлох баримтаас хасах, эсэхийг анхаарч үзэлгүйгээр хуурамч бичгийг нотлох баримт байж болзошгүй гэж үнэлж, хэргийг шалгуулж, улмаар өмгөөлөгч Саранчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

2.Шүүгдэгч Э.Мөнхбатын хохирогч болох Оюунгэрэл нь тухайн нөхцөл байдалд гомдолгүй, хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэл зоригоо илэрхийлэх тухайгаа Мөнхбатын өмгөөлөгч Н.Саранчимэгтэй утсаар ярилцаж, месэжээр илэрхийлсэн боловч ажлын зав зай гарахгүй байгаагийн учир та өөрөө мэдээд зохицуулчих, өөрөө бичээд гарын үсгийг түүний өмнөөс зурахыг зөвшөөрсөн талаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийх үед мэдүүлсэн байдгаас гадна ...өмгөөлөгч Саранчимэгийн гар утсанд хийсэн үзлэг, Оюунгэрэлээс авсан мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн өмнө Оюунгэрэл шүүхэд гаргасан нотариатчаар гэрчлүүлж ирүүлсэн тодорхойлолт зэргээс харагддаг. Эдгээрээс үзвэл өмгөөлөгч Саранчимэг нь огт зөвшөөрөгдөөгүй бичгийг өөрийн санаачилгаар хохирогч Оюунгэрэлийн өмнөөс дур мэдэн шүүхэд гарган өгөөгүй бөгөөд түүний шүүхийн хэлэлцүүлгийн үед гарган өгсөн бичиг нь үнэн хэрэгтээ хохирогч Оюунгэрэлийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл болох нь нотлогддог.

3.Бодит байдлаас үзвэл өмгөөлөгч Н.Саранчимэгийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй, тодруулбал субъектив санаа зорилго агуулаагүй, түүний гэм буруутайг харуулах Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй байтал шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Саранчимэгийг гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Н.Саранчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Ялтан Н.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтад Э.Мөнхбатыг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар мэдэж байсан. Хохирогч Оюунгэрэлтэй би олон удаа уулзах гэж оролдсон. Бичиг үсэг мэдэхгүй хүнээс өмгөөлөгчгүй байцаалт авч, гомдол, саналгүй тухай бичгийг 2 удаа авсан байдаг. Хэргийн материалтай танилцуулах явцад өмгөөлөгч оролцуулж гарын үсэг зуруулсан байсан. Өмгөөлөгчийг Э.Мөнхбат сайн дураараа хүлээн зөвшөөрч “өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулж, өмгөөлүүлье” гэсэн хүсэлт, гэрээ байхгүй. Би шүүхийн шатанд өмгөөлөгчөөр оролцсон учир хохирогчтой уулзаж асуудлыг шийдвэрлэх байр суурьтай байсан. Шүүгчийн туслах надад “танай үйлчлүүлэгч 20 удаа ирж бүртгүүлэх байснаас 4-5 удаа ирж бүртгүүлсэн” гэж хэлсэн. Э.Мөнхбатын нүд нь өвдөж, идээлсэн байсан. Би энэ хүмүүсийн хоорондын асуудлыг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд ийм асуудалд орсондоо харамсдаг. ... Миний ёс зүйн хувьд яригдах асуудал гэж үзэж байна. Надад гэмт хэрэг хийх, хохирогчийн өмнөөс гарын үсэг зурах хүсэл зориг байгаагүй гэв. 

Прокурор Б.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.Саранчимэг нь Э.Мөнхбатын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохдоо хохирогчийн өмнөөс “гомдол, саналгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг өөрөө бичиж, улмаар шүүх хуралдаанд шинээр гаргасан нотлох баримтаар гарган өгч хэлэлцүүлсэн байдаг. Уг нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр уг хүсэлт нь хохирогчийн гарын үсэг болон бичгийн хэвтэй таарахгүй гэдэг нь тогтоогдсон. Иймд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...Өмгөөлөгч ...эрүүгийн хэрэгт нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзсэн. Учир нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Хохирогч Оюунгэрэл нь Н.Саранчимэгт “өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцуулах, миний өмнөөс нэхэмжлэлээс татгалзах” гэсэн албан ёсны итгэмжлэлийг хүлээлгэн өгөөгүй. Иймд шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Н.Саранчимэгийн үйлдлийг ёс зүйн зөрчил үү, гэмт хэрэг үү гэдгийг ялгаж, салгах нь зүйтэй гэж байна. Хуульч хүн нь тусгай боловсрол эзэмшиж, шалгалт өгөн гэрчилгээ авч хүнд эрх зүйн туслалцаа үзүүлдэг тусгай субъект юм. Шүүхийн хэлэлцүүлэгт уг хэргийг шийдвэрлүүлэхээр нотлох баримтын хэмжээнд гаргаж өгч буй бичиг баримтыг ёс зүйн зөрчил гэж үзэхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Э.Мөнхбат нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн баруун талын автомашины зогсоол дээр явж байсан Н.Оюунгэрэлийн халааснаас “Самсунг эс-6 эджи” загварын гар утсыг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Э.Мөнхбат /хх-22, 24, 47/,  хохирогч Н.Оюунгэрэл /хх-16, 40/ нарын өгсөн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-14/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-31/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-55/ зэрэг,

Н.Саранчимэг нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мөнхбатын өмгөөлөгчөөр оролцохдоо хохирогч Н.Оюунгэрэлийн өмнөөс “эвлэрлийн журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт бичиж эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ялтан Н.Саранчимэг, хохирогч Н.Оюунгэрэл нарын өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1436 дугаар шинжээчийн дүгнэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх ялтан Э.Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Ялтан Н.Саранчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан “...өмгөөлөгч Саранчимэгийн гарган өгсөн, хохирогч Оюунгэрэлийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэх бичиг нь хуульд заасан шаардлага хангаагүй, нотариатчаар гарын үсгийг баталгаажуулалт хийгдээгүй ...байтал шүүх ... түүнийг үнэлэн, ...нотлох баримтаас хасах эсэхийг анхаарч үзэлгүйгээр хуурамч бичгийг нотлох баримт байж болзошгүй гэж үнэлж, хэргийг шалгуулж, улмаар өмгөөлөгч Саранчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ... түүний шүүхийн хэлэлцүүлгийн үед гарган өгсөн бичиг нь үнэн хэрэгтээ хохирогч Оюунгэрэлийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл болох нь нотлогдсон. .... өмгөөлөгч Н.Саранчимэгийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй, ... байтал шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Саранчимэгийг гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Н.Саранчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянавал:

мөрдөн байцаалтад ялтан Н.Саранчимэгийн гэрчээр өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 1-ний өглөө Э.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд орохоос өмнө би хохирогчийн өмнөөс хүсэлтийг нь бичсэн юм. Хурлын төгсгөл шатанд Э.Мөнхбатыг өрөвдөөд яг таслагдах юм байна гэж бодоод шүүх дээр дээрх хүсэлтийг гаргаж өгсөн...” /хх-83/,

мөрдөн байцаалтад ялтан Н.Саранчимэгийн яллагдагчаар өгсөн: “...би яах ч аргагүй байдалд ороод ийм үйлдэл хийсэн. Цүнхнээсээ цаас гаргаад Оюунгэрэлийн өмнөөс хүсэлт бичихдээ Мөнхбатын батлан даагчийн иргэний үнэмлэхний ард бичсэн. ...хохирогч Оюунгэрэл нь удаа дараа уулзана гэж байсан боловч ажил нь амжихгүй, уулзаж чадахгүй байсан. Намайг тэгж бичиг хийж өгөхийг Оюунгэрэл өөрөө зөвшөөрч байсан...” /хх-117/,

мөрдөн байцаалтад хохирогч Н.Оюунгэрэлийн өгсөн: “...тэр хүнийг байн байн залгаад байхаар нь манай гэр бүлийн хүн уурлаад тэр өмгөөлөгчид “чи наадхаа өөрөө зохицуулаач ээ, бид нар гар утсаа авсан болохоор ямар нэгэн санал гомдол байхгүй” гэж хэлж байсан...” /хх-97/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1436 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-101-105/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-94/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-95-96/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Н.Саранчимэг нь шүүхэд Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байх тул ялтан болон түүний өмгөөлөгч нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Н.Саранчимэгийг Эрүүгийн хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Н.Саранчимэгт холбогдох хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх/-тэй дүйцэх ба тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээг нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорихоор ялыг хүндрүүлж тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Н.Саранчимэг, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.