| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/05852/И |
| Дугаар | 210/МА2026/01280 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/01280
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2026/05002 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах хүсэлтийг ******* ХК-д гарган өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********, хариуцагч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******, ******* нар нь ******* ХК-аас орон сууцны зээл авахаар боллоо, манай байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй тул та өөрийнхөө байрыг барьцаанд тавиад өгөөч, гэрчилгээ гарахаар нь таны байрыг суллаад өгнө гэж хүсэлт тавьсан тул төрсөн дүүдээ туслахаар болсон.
Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******. ******* нар нь зээл авахад өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, * байр, 10 тоотод байрлах 88.96м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар нь одоог болтол миний байрны барьцааг суллаж өгөөгүй ба байрны гэрчилгээ нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарсан.
*******, ******* нар нь гэрлэлтээ цуцлуулж байгаа бөгөөд шүүхээс гэр бүл цуцалж, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэснээр миний өмчлөх эрх зөрчигдөж байна. Мөн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдах, барьцаанд тавьж, зээл авч чадахгүй байгаа. Хариуцагч нар нь *******-нд барьцаа хөрөнгийг өөр, ижил төрлийн барьцаа хөрөнгөөр солих хүсэлтийг албан ёсоор гаргаснаар барьцаалагч нь хүсэлтийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, *-р байр 10 тоотод байрлах 88.96м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 71а байр 62 тоотод байрлах 42.10 м.кв талбайтай, ******* дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалах тухай хүсэлтийг *******" ХК-д гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.
2. Хариуцагч ******* тайлбарын агуулга:
Өөрсдийн өмчлөлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 71а байр 62 тоотод байрлах 42.10 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг ******* ХК-ны барьцаанд барьцаалж, ******* байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч сайн дураараа өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн зээлийн гэрээний барьцаанд тавьж барьцаалуулсан. Барьцаалуулна гэдэг нь тухайн гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэл тэр зүйл барьцаанд хадгалагдана гэсэн агуулгатай.
Зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа. Тухайн зээлийг 2033 он хүртэл төлөгдөж дуустал нэхэмжлэгч ******* орон сууц барьцаанд байх ёстой. Гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд хууль зүйн үндэслэл байхгүй л бол хүчээр барьцааг чөлөөлүүлэх, солих үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч үүнийг өөрөө мэдэж байсан, хариуцагчтай тохиролцож барьцаалбарт байгаа байрыг солино гэх баримт хэрэгт авагдаагүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч итгэмжлэл олгосон бөгөөд тус итгэмжлэлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгийг барьцаалсан. Итгэмжлэлийг нотариатчаар гэрчлүүлсэн байсан бөгөөд нотариатч зохигч нарт хууль сануулах, гарах үр дагавар, хүлээх хариуцлагыг тайлбарлаж өгсөн байх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдох Орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах тухай хүсэлтийг ******* ХК-д гарган өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Барьцааны зүйлийг талууд хүсэлт гаргаснаар өөр эд хөрөнгөөр сольж бүртгэж болох хууль зүйн зохицуулалттай, банк ч боломжтой талаар хариу өгсөн, гагцхүү ахуйн гэр бүлийн маргаанаас үүдэж, хүсэлт гаргахаас татгалзаж байгаа. *******ын хүсэл зоригт нийцүүлэн миний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Би *******, ******* нарт төлбөл зохих өр төлбөр байхгүй, тэдний өмнө хүлээсэн аливаа үүрэггүй, тэдний амьдралд оролцдоггүй, гэр бүлийн маргаанд миний буруу байхгүй атал *******ын боломжгүй гэх хариуг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч ******* нь орон сууцыг чөлөөлөх, солих боломжгүй гэж татгалзсан, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Тэдний зээл 2033 онд дуусах бөгөөд энэ хугацааг дуустал хүлээх нь надад эдийн засгийн хувьд маш их хохиролтой, ямар нэгэн асуудал үүсвэл миний бие хариуцах үр дагавар үүсээд байгааг шүүхээс анхаарч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* гаргасан тайлбарын агуулга:
Гомдлыг зөвшөөрч байгаа, барьцааны зүйлийг чөлөөлж өгнө.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь сайн дураар барьцааны гэрээ байгуулсан, барьцааны зүйлийг талууд тохиролцож өөрчлөх ёстой. Түүнээс шүүхийн шийдвэрээр албадан барьцааны зүйлийг солих ёсгүй. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Барьцааны гэрээ хуулийн шаардлагыг хангаж хийгдсэн. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлж, өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах тухай хүсэлтийг ******* ХК-д гарган өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч ******* нь нэхэмжлэгчийг сайн дураар хүлээн зөвшөөрч барьцааны гэрээ хийсэн, барьцааг солих үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК нь хариуцагч *******ын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
3. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээгээр ******* ХК нь *******, ******* нарт 57,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгосон байна.
Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХК болон *******, ******* нарын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан барьцааны гэрээгээр ******* өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар дамдинсүрэн гудамж, * байр, 10 тоот хаягт байрлалтай, 88.96 м.кв хэмжээ бүхий, ******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай хөрөнгийг 105,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалжээ.
3.1. Нэхэмжлэгч ******** нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр *******д өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг бүртгүүлэх эрхийг итгэмжлэлээр олгосон, энэ итгэмжлэлд үндэслэн барьцааны гэрээ хийгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, талууд барьцааны гэрээ, итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иймд *******, ******* нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар дамдинсүрэн гудамж, * байр, 10 тоот хаягт байрлалтай, 88.96 м.кв хэмжээ бүхий, ******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 105,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
4.1. Учир нь хүчин төгөлдөр барьцааны гэрээгээр тохиролцсон барьцааны зүйлийг өөр барьцааны зүйлээр солих асуудал нь гэрээний талуудын харилцан зөвшилцөл, хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэн шийдвэрлэгдэх ёстой.
Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлийг солих нь талуудын хооронд шинээр харилцан тохиролцох асуудал бөгөөд шүүх талуудын өмнөөс уг хүсэл зоригийг орлон илэрхийлэх боломжгүй юм.
Иймд барьцааны гэрээний нэг тал болох хариуцагч ******* барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг өөр хөрөнгөөр солихыг зөвшөөрөхгүйгээр маргаж байгаа нөхцөлд гэрээний чөлөөт байдлын зарчим болон талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үл харгалзан албадлагын журмаар барьцааны зүйлийг солих, эсхүл ийм үүргийг хариуцагч нарт даалгах хууль зүйн үндэслэл байхгүй.
4.2. Мөн хариуцагч нар барьцааны зүйлийг өөр барьцааны зүйлээр солихоор нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож үүрэг хүлээсэн үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
4.3. Иймд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт нийжээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2026/05002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Т.БАДРАХ