Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуударь,                              

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цоогон овогт Ц-н Б-өд холбогдох эрүүгийн 1909035031005 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, “Ачит Мутар” ТББ-д бариач ажилтай, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Тэс сум 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Их Дарь Эхийн 01-50 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ИО:82041418 / Цоогон овогт Ц-н Б нь:

 

- 2019 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есүхэй” бааранд Б.Энхзул, Э.Цэрэнбямба нарыг тооцоо нэхлээ гэх шалтгааны улмаас зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Энхзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө “Есүй” бааранд зөөгч Э.Цэрэнбямбатай ажлаа хийгээд хамт байж байсан. Тухайн үед үйлчлүүлэгч нар гарсан нэг үйлчлүүлэгч үлдсэн байсан. Тэгээд тэр хүний гар утсыг шалгаад эгч гэх хүн рүү нь залгаад дуудаарай гээд зөөгчөө яриулж байсан. Энэ үед үл таних эрэгтэй хүн манай зөөгч Э.Цэрэнбямбын толгой руу нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Дараа нь Э.Цэрэнбямба цаашаа явсан чинь нөгөө хүн текний ардуур ороод Э.Цэрэнбямбыг хоёр удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр эрэгтэйд хандаж “Болиоч” гэхэд над дээр хүрч ирээд миний баруун шанаа руу гараа атгаж байгаад далайгаад нэг удаа цохьсон. Мөн дахин хэл амаар доромжилж толгойн тус газар гараа атгаж байгаа цохьсон. Тухайн үед өөр хүн байгаагүй гэжээ. / хх  5 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10874 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Энхзулын биед дух, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 18 /

 

Хохирогч Э.Цэрэнбямба мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн үйлчлүүлэгч гар утсаараа тооцоогоо хийх гэсэн боловч болохгүй байсан. Тэр үед менежер Б.Энхзул эд зүйлээ үлдээ, эсхүл гэрийнхнийгээ дууд гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл нөгөө үл таних залуу миний баруун шанаа руу баруун гараа атгаж байгаад цохьсон. Тэгээд тэр залуугаас зугтаагаад текний араар ортол намайг унагаагаад 2-3 удаа өшиглөсөн. Ингээд араас Б.Энхзул эгч тэр залууг “Болиоч”  гэхэд нөгөө залуу Б.Энхзул эгч рүү очиж баруун шанаа руу нь нэг удаа цохьсон. Тухайн үед бид 3-аас өөр хүн байгаагүй гэжээ. / хх 10 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10875 дугаар дүгнэлтэнд:

1. Э.Цэрэнбямбын биед гуянд цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жулмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 22 /

 

            Яллагдагч Ц.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Би “Есүй” бааранд орж үйлчлүүлсэн. Нэлээн согтсон байсан бөгөөд баарны 2 эмэгтэй ажилтан тооцоогоо нэхээд миний утсаар танил хүмүүс рүү залгаад байхаар нь уур хүрээд зөөгч эмэгтэйг баруун гараараа нүүрэн тус газар нь буюу шанаа руу нь нэг алгадаж цохьсон. Тэгээд текний ард орчихоор нь 2 удаа өшиглөсөн. Дараа нь нөгөө эмэгтэй ажилтантай маргалдаад шанаан тус газар нь нэг удаа цохьсон. Баарны 2 эмэгтэй ажилтан, надаас өөр хүн байгаагүй. Би шинжээчийн 10874, 10875 дугаартай дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 32 /

            Шүүгдэгч Ц.Б-ийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 35-37 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 53 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 692.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есүхэй” бааранд Б.Энхзул, Э.Цэрэнбямба нарыг тооцоо нэхлээ гэх шалтгааны улмаас зодож, тэдгээрийн эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Үл таних эрэгтэй хүн манай зөөгч Э.Цэрэнбямбын толгой руу нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиод хоёр удаа өшиглөсөн. Би тэр эрэгтэйд хандаж “Болиоч” гэхэд над дээр хүрч ирээд миний баруун шанаа руу гараа атгаж байгаад далайгаад нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Энхзулын мэдүүлэг / хх  5 /, ...Б.Энхзулын биед дух, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10874 дугаар дүгнэлт / хх 18 /, ...Үл таних залуу миний баруун шанаа руу баруун гараа атгаж байгаад цохьсон. Зугтаагаад текний араар ортол намайг унагаагаад 2-3 удаа өшиглөсөн. Б.Энхзул эгч тэр залууг “Болиоч”  гэхэд нөгөө залуу Б.Энхзул эгч рүү очиж баруун шанаа руу нь нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Цэрэнбямбын мэдүүлэг / хх 10 /, ...Э.Цэрэнбямбын биед гуянд цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10875 дугаар дүгнэлт / хх 22 /, ...Нэлээн согтсон байсан бөгөөд баарны 2 эмэгтэй ажилтан тооцоогоо нэхээд миний утсаар танил хүмүүс рүү залгаад байхаар нь уур хүрээд зөөгч эмэгтэйг баруун гараараа нүүрэн тус газар руу нь буюу шанаа руу нь нэг алгадаж цохьсон. Тэгээд текний ард орчихоор нь 2 удаа өшиглөсөн. Дараа нь нөгөө эмэгтэй ажилтантай маргалдаад шанаан тус газар нь нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Бийн мэдүүлэг / хх 32 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Ц.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын санал болгосон 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Энхзул, Э.Цэрэнбямба нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 72-73 / гэсэн тул шүүгдэгч Ц.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                       

1. Шүүгдэгч Цоогон овогт Ц-н Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 / найман зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ц.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЧИМЭГ