| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Р. Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01013/И |
| Дугаар | 207/ма2026/00009 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 207/ма2026/00009
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 207/МА2026/00009 |
С.гийн нэхэмжлэлтэй
хариуцагч Б.********
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 312/ШШ2025/02375 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : С.гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.********д холбогдох,
Гэм хорын хохиролд 3,644,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С. /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч С. хариуцагч Б.********д холбогдуулан гэм хорын хохиролд 3,644,256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-4/
Хариуцагч Б.******** ...Жолооч миний буруутай үйлдэл зам тээврийн осол гаргах, санаатай цаг хугацаа алдах, машин тээврийн бүрэн бүтэн байдал алдагдан малыг унагаж бэртээх зэрэг хохирол гаргасан бол хохирлыг барагдуулах зөв хэрэг. Жолооч надаас шалтгаалсан буруутай үйлдэл огт байхгүй. Жолооч миний бие авсан газраас хүргэж өгөх газар хүртэл гадны ямар нэгэн бэртэл гэмтэлгүй хүргэж өгсөн. Цаг агаарын байдлаас шалтгаалсан үхрүүд хээлтэй эсэх, эрүүл байсан эсэх, хавар турж ядарсан байсан эсэхийг би хариуцахгүй гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.хх21-22х/
3.Нэхэмжлэгч С. нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 тооны үхрийг ******** аймгийн Сэлэнгэ сумаас Улаанбаатар хот руу тээвэрлүүлж, хөлс 700,000 төгрөг төлөхөөр хариуцагч Б.********тэй харилцан тохиролцсон, Б.******** нь 11 тооны үхрийг ********УКА улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Улаанбаатар хүртэл тээвэрлэж С.д хүлээлгэн өгөхөд 1 үхэр үхэж, 1 үхэр хэвтсэн байдалтай хүлээлгэн өгсөн, хэвтсэн үхэр нь үхсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
5.Хариуцагч Б.********г ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад С.гийн ачуулсан 2 үхэр үхсэн болох нь зохигчдын тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Хариуцагчийн ачиж явсан үхрийг харж анхаараагүй, хайхрамжгүй үйлдэл, учирсан гэм хортой шалтгаант холбоотой байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаярын хүсэлтээр 2 үхрийн үхсэн шалтгааныг тогтоолгохоор шинжээчээр Орхон аймгийн Мал эмнэлгийн газрыг томилсон боловч тус газраас ...тухайн малын бичлэг харанхуйд хийгдсэн, үүнээс өөр тодорхой зураг, материал байхгүй байгаа нь үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй байна гэсэн хариу ирсэн ба хариуцагчийн ...цаг агаарын байдал нөлөөлсөн, ...үхрүүд хээлтэй эсэх, эрүүл байсан эсэх, хавар турж ядарсан байсан гэсэн тайлбар баримтаар тогтоогдоогүй, ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг хариуцагч нотлоогүй тул тэрээр учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6.Нэхэмжлэгч анх 2 үхрийн үнэ 3,400,000 төгрөг, ачуулсан зардал 127,200 төгрөг, нийт 3,527,200 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралд ирж, очсон замын зардал 117,056 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
6.1 Шүүх нийт 3,644,256 төгрөгийн шаардлагаас 2 үхрийн үнэ 3,000,000 төгрөг, үүн дээр 2 үхрийг ачуулсан зардал 127,200 төгрөг, нийт 3,127,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэж нийт 517,056 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, дээрхи үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
7.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын ...шүүх материаллаг хуулиас хэрэглэх ёсгүй хэм, хэмжээг хэрэглэж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй гэсэн гомдлыг хүлээн авч хууль хэрэглээг өөрчилж, харин ...нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байхад хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоохгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй гэсэн агуулга бүхий гомдлыг хангахгүй орхилоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/02375 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1.-д зааснаар хариуцагч Б.********гээс 3,127,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 517,056 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай,
Шийдвэрийн 2 дахь заалтад ...64,823... гэснийг ...64,985... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64,823 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА