Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2016/00809

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  У ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч:  Ц.Т- -д холбогдох

 

Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 105,000 төгрөг, засварын зардалд 577,016 төгрөг нийт 682,016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хулан, Б.Тунгалагтуяа, хариуцагчийн төлөөлөгч А.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч У ХХК шүүхэд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У ХХК нь 2012 оны 4 сарын 25-ны өдөр таксины үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд иргэн Ц.Т- нь 2013 оны 1 сарын 03-ны өдрийн дугаар ТТ-13-002 дугаартай түрээсийн гэрээг байгуулж манай компаний эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэрээний дагуу эзэмшиж байсан. Ц.Т-тай байгуулсан гэрээнд түрээслэгч автомашиныг хүлээн авсанаас хойш хүлээлгэн өгөх хүртэл автомашин түүний нэмэлт тоноглолыг түрээслүүлэгчээс түрээслэгчид актаар хүлээлгэн өгөх мөн актаар хүлээн авахаар гэрээнд заасан. Ц.Т- нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа 577,016 төгргөийн засвар үйлчилгээ хийлгэсэн мөн түрээсийн төлбөр 105,000 төгрөг нийт 682,016 төгрөг төлөөгүй. Тиймээс 682,016 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

 

Хариуцагч Ц.Т- шүүхэд гаргасан тайлбартаа; Миний бие 2012 оны 1 сард У ХХК-ийн 13-03 улсын дугаартай автомашиныг түрээслэн авч, түрээсийн урьдчилгаа болгон 500,000 төгрөгийг төлж, мөн давхар хөдөлмөрийн гэрээ хийн хөлсний доод хэмжээгээр цалин авч  ажилласан. Уг автомшиныг түрээслэхтэй холбоотой гэрээг зохих журмын дагуу батлан даагчийн хамтаар хийсэн. Ингээд 2012 оны 10 сард эрүүл мэндийн шалтгаанаар автомашиныг зохих журмын дагуу хүлээлгэж өгсөн бөгөөд урьдчилгаа төлбөр болох 500,000 төгрөгөө буцаан аваагүй. Үүний дараа 2013 оны 1 сарын 03-ны өдөр У ХХК-тай дахин гэрээ хийж 15-71 дугаартай автомашин түрээслэн авсан. 15-71 дугаартай машиныг анх хүлээн авахад одоо надаас нэхэмжилж байгаа машины гэмтэл сэв зураас, эд ангийн эвдэрлүүд байсан бөгөөд тухайн үед асуудалтай машиныг хүлээн авлаа хэмээн гарын үсэг зурсан баримтыг У ХХК-иас гарган өгөхийг хүсэж байна. 2013 оны 3 сарын 09-ний шөнө автомашин жолоодох эрхээ хасуулж 2013 оны 3 сарын 13-ны өдөр 15-71 дугаартай автомашин бүрэн байгаагаар нь хүлээлгэн өгөхөд 2 талаас гарын үсэг зурсан баримтыг гарган өгөхийг У ХХК–иас хүсч байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ц.Т 2013 оны 3 сарын 09-ний орой жолоочийн эрхээ хасуулж 2016 оны 3 сарын 13-ны өдөр автомашиныг  актаар хүлээлгэж өгсөн. 2013 оны 5 сарын 14-ний өдөр машинд эвдрэл гэмтэлтэй байсныг зөвшөөрөхгүй. Автомашиныг хүлээлцсэн актанд эвдрэл гэмтэлгүй гэж бичиж талууд гарын үсэг зурж хүлээлцсэн. Бид түрээсийн төлбөрт 105.000 төгрөг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ц.Т-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 105,000 төгрөг, засварын зардалд 577,016 төгрөг нийт 682,016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ц.Т- түрээсийн төлбөрт 105,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, засварын зардлын 577,016 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2.Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ц.Т-тай 2013 оны 1 сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж ** дугаартай автомашин түрээслэн, түрээслэгч нь компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглаж түрээсийн төлбөр төлөхөөр тохирч “Автомашин түрээслэх тухай” гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

    

   Хариуцагч Ц.Т 2013 оны 3 сарын 09-ний өдөр автомашин жолоодох эрхээ хасуулж, 2016 оны 3 сарын 13-ны өдөр автомашиныг актаар хүлээлгэж өгсөн талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ц.Т-гаас 2016 оны 3 сарын 13-ны өдөр автомашиныг  актаар хүлээж аваад 2013 оны 5 сарын 13-ны өдөр “Автомашин хүлээлцэх акт”-аар бааз хооронд шилжүүлж /хх-ийн 14 талд/, уг автомашинд 2013 оны 5 сарын 14-ний өдөр оношлогоо үзлэг хийлгэхэд “Хөдөлгүүрийн тос яаралтай солих, хойд гупер, кирло, хаалга, урд гупер нүүр солих 577,016  төгрөгийн засвар шаардлагатай байсан” гэж Атиомашины оношлогоо үзлэгийн хуудас /хх-ийн 15 талд/ ирүүлжээ.

 

Хариуцагч Ц.Т 2016 оны 3 сарын 13-ны өдөр автомашиныг актаар бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэж маргаж байна.

 

Шүүх 2016 оны 7 сарын 08-ны өдрийн 162/ШЗ32016/01319 дугаартай шүүгчийн захирамжаар 2016 оны 3 сарын 13-ны өдөр автомашин хүлээлгэн өгсөн актыг ирүүлэхийг хариуцагчид даалгасан боловч “Архивт дээрх акт байхгүй” гэсэн хариуг ирүүлсэн /хх-ийн 29 талд/ байна.

 

Нэхэмжлэгч нь автомашиныг актаар хүлээн авахад засвар шаардлагатай байсныг нотлох баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

   Иймд хариуцагчийн түрээсийн төлбөр 105,000 төгрөг төлөхийг зөшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, засварын зардалд 577,016 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 319 дүгээр  зүйлийн 319.1., 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Т гаас түрээсийн  төлбөр 105,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 577,016 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ