Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 939

 

 

 

 

 

 

 

 

 

     2019        11       01                                    2019/ШЦТ/939

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь;

улсын яллагч: Я.Мөнхзаяа;

шүүгдэгч: Н.Чингүүн, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жагар овогт Найдангийн Чингүүнд холбогдох эрүүгийн 1909024491043 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 4 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УИ99042559 регистерийн дугаартай,

 

 Жагар овогт Найдангийн Чингүүн.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Чингүүн нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар сургуулийн автобусны буудлын орчмоос Б.Батбуянгийн гээгдүүлсэн “Самсунг Эс 8 плас” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Чингүүн мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хичээлээ тараад явж байхдаа гар утас олсон. Тухайн үед утасгүй байсан болохоор өөрөө хэрэглэж байсан. Сүүлд цагдаагаас над руу залгаад утастай чинь холбоотой санал ирсэн байна гэхээр нь би цагдаа дээр очиж утсаа хүлээлгэж өгсөн. Гэм буруу дээр маргаан байхгүй. Гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16/, хохирогч Б.Батбуян /хх-ийн 19-20/, гэрч Л.Долгорсүрэн /хх-ийн 24/, Б.Найдан /хх-ийн 25/ нарын мэдүүлэг, Н.Чингүүний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29/, Н.Чингүүний хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 38-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Чингүүн нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт 3 дугаар сургуулийн автобусны буудлын орчмоос Б.Батбуянгийн гээгдүүлсэн “Самсунг Эс 8 плас” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Батбуянгийн /хх-ийн 19-20/: “... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04 цагийн үед би найз Аминдаваа, Мөнхтулга, Хуягсүрэн, Батбуян нарын хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ай Лофт” гэх бааранд орсон. Тэгээд дотор архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаад манай дөрвөн найз яваад өгсөн. Би тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байгаа ч миний санаж байгаагаар би нэг буудал орох шиг болсон. ...Тэгээд өглөө сэрэх үед нэг буудлын үүдний хэсэгт сэрсэн. Тэгээд би гар утсаа шалгатал байхгүй байсан. ...Хар өнгөтэй “Самсунг Эс 8 пласс” загварын гар утас, 64 гегабайт багтаамжтай, дэлгэцний арын тагны хэсэг жоохон цуурсан. Би 2019 оны 05 сард ...480.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлгээр,

 

Н.Чингүүний яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 34-35/: “... 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манай хичээл эрт тараад би өвөөгийнх рүүгээ явж байхад 3 дугаар сургуулийн автобусны орчимд нэг гар утас газар байхыг олж харсан. Би очоод хартал повер банк болон “Самсунг Эс 8 пласс” загварын гар утас байсан. Би тэр гар утас болон повер банкыг аваад халаасандаа хийгээд өвөөгийнх рүүгээ очсон. ...Би тухайн гар утсыг гэртээ байлгаж байгаад бараг 7 хоногийн дараа шиг санагдаж байна, “Теди” худалдааны төвийн 4 дүгээр давхарт нь гол хэсэгт байдаг нэг гар утас засварын газраар кодыг нь тайлуулсан. Тэгээд би тэр гар утсыг өөрөө барьж хэрэглэж байсан юм... гэх мэдүүлгээр болон  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 27-29/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа ашиглаж байсныг өөрөө мэдүүлсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэн Б.Батбуянгийн гээгдүүлсэн “Самсунг Эс 8 Плас” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Н.Чингүүний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Н.Чингүүний “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг буцаан өгсөн тул хохирогчид төлөх төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Чингүүнийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чингүүн нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Жагар овогт Найдангийн Чингүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чингүүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чингүүн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Н.Чингүүн нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чингүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.РЕНЧЕНХОРОЛ