| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2015/11392/И |
| Дугаар | 605 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 605
2016 оны 09 сарын 02 өдөр Дугаар 181/ШШ2016/00605 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4-р хороо, 10-р хороолол, ЭТӨЧ гудамж, UB платиниум 702 тоотод байрлах, “Нью Энержи Стар” ХХК/РД: 5030749/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 9-р байр 33 тоотод байрлах, “Овоотэд” ХХК /РД:5517559/-д холбогдох,
112 320 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, гэрч Т.Сэргэлэн, Б.Өлзийсайхан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нью Энержи Стар” ХХК болон “Овоотэд” ХХК-ийн хооронд 2013 оны 6-р сарын 10-ны өдөр Б-13-24 тоот “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах” гэрээг байгуулагдсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “Овоотэд” ХХК-ийн захирал Д.Амгалан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол 9-р байр 33 тоот хаягт орших Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан ипотекийн гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс “Овоотэд” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан менежер ажилтай Д.Батцэрэнгийн захиалгын дагуу, явуулсан автомашинуудад нийт 46800 литр түлшийг ачуулж, гэрээнд заасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн ба хариуцагч нь гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө огт төлөлгүй, байгуулсан гэрээгээ зөрчин өнөөдрийг хүрч байна.
Газрын тосны бүтээгдэхүүнийг нэгэнт гэрээний дагуу худалдан авсан этгээд тухайн түлшийг хэрхэн ашиглах, яаж захиран зарцуулах, гуравдагч этгээдэд шилжүүлсэн эсэх нь түлшийг хүлээн авсан мөчөөс хойш худалдан авагчийн эрх хэмжээний асуудал байхаар гэрээнд тохиролцсон.
Өөрөөр хэлбэл түлшийг худалдан авагчид шилжүүлснээс хойш тухайн түлшний өмчлөх эрх худалдагч талаас худалдан авагчид шилжсэн тул түлшийг хууль ёсны дагуу өмчлөж буй “Овоотэд” ХХК-ийн дотоод үйл ажиллагаанд манай компани хөндлөнгөөс оролцох хууль зүйн болоод ёс зүйн боломжгүй юм.
Худалдан авсан бүтээгдэхүүнээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь “Овоотэд” ХХК-ийн нэхэмжлэгч талын өмнө хүлээх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул зээлээр худалдах болон худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрөө гаргуулахаар шүүхэд хандаж байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд ипотекээр баталгаа гаргасан иргэн Д.Амгалангийн барьцааны зүйлээс гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2124 тоот шийдвэрт “Нью Энержи Стар” ХХК нь “Овоотэд” ХХК-тай байгуулсан “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа өөр хоорондоо гаргаж шийдвэрлэсний эцэст үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардах” гэж заасан шийдвэрийн дагуу үндсэн хариуцагч “Овоотэд” ХХК-аас гэрээний үүргээ хангуулахаар холбогдох нотлох баримтыг хавсарган нэхэмжлэлээ гаргасан. Дээрх шүүхийн шийдвэр нь маргааны үйл баримтыг дүгнээгүй, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй юм.
Хариуцагч “Овоотэд” ХХК нь үндсэн төлбөр 74 880 000/далан дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн тул гэрээнд зааснаар алданги тооцоход 189 820 800 төгрөг болж байгаа.
Гэхдээ Иргэний хуулийн дагуу алданги нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас давсан тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 37 440 000/гучин долоон сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр тооцож, төлбөр 74 880 000/далан дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгийн хамт нийт 112 320 000/нэг зуун арван хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хангаж, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах талаар тусгаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч талтай гэрээ хийсэн нь үнэн, үүнд маргахгүй. Гэхдээ нэхэмжлэгч нь “Овоотэд” ХХК-д бараагаа шилжүүлж өгөөгүй. Бараа ачуулсан талаар падаан байгаа боловч энэ тухайгаа манай компанид мэдэгдээгүй, менежер Д.Батцэрэн гэрээг байгуулсан боловч компаниас түүнд гэрээнд заасан барааг хүлээн авах, утсаар захиалга өгөх эрхийг олгоогүй.
Манай компани нь гэрээний 2.1-д зааснаар эзэмшилдээ хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээх бөгөөд гэрээний 2.2, 2.4-т зааснаар бичгээр захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч хаашаа, хэнд ачуулсан нь мэдэгдэхгүй баримтаар манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Падаанд бичигдсэн жолооч нар уг нь бензинийг хүлээн авсан юм билээ. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний 7.5 дахь заалтыг зөрчиж, өөр хүмүүст шилжүүлсэн байсан бөгөөд энэ шатахууныг “Буман Янгир” ХХК-д нийлүүлсэн байдаг. Бензин ачуулсан хүмүүс Д.Батцэрэнтэй хуйвалдаж манай компанийн нэрээр ачуулсан байсныг хожим мэдсэн.
Бензин ачуулсан хүмүүс Д.Батцэрэнтэй хуйвалдаж манай компанийн нэрээр ачуулсан байсныг хожим мэдсэн. Иймд манай компанид нийлүүлээгүй шатахууны үнийг манайх хариуцахгүй. Миний зүгээс нотлох баримтаар дүрэм журмыг гаргуулж шатахууныг хэрхэн нийлүүлэх, олгох байсан талаар тодруулах шаардлагтай байна гэж үзэж байна. Жолооч нарт падаан өгч гарын үсэг зуруулсан гэсэн нэхэмжлэгчийн зүгээс баримт гаргаж өгч байгаа боловч энэ баримтууд нь хуулбар хувь нь жолооч нар ч юм уу? шатахуун нийлүүлсэн байгууллагад байх ётой гэтэл тийм зүйл ердөөсөө байдаггүй. “Нью Энержи Стар” ХХК-ийн зүгээс Д.Батцэрэнд шатахуун нийлүүлсэн талаар баримт байхгүй бөгөөд “Овоотэд” ХХК-д шатахуун хүлээж авсан талаар ямар нэгэн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК хариуцагч “Овоотэд” ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрт 74 880 000/далан дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгийг, алдангид 37 440 000/гучин долоон сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг, нийт 112 320 000/нэг зуун арван хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-13-24 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/-г/хх-27-31/ байгуулсан талаараа маргахгүй байна.
Тус Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч чанарын шаардлага хангасан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч уг барааг хүлээн авч, барааны үнийг дараа нь Гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Зохигчдын байгуулсан Гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжтэй, хуульд нийцсэн байна.
Хариуцагч нь Б-13-24 дугаар Гэрээний дагуу нэхэмжлэгчийн нийлүүлсэн гэх нийт 74 880 000/далан дөрвөн сая найман зуун наян мянга/ /46800х1600 нэг литр түлшний үнэ=74880000/ төгрөгийн үнэ бүхий 46 800/дөчин зургаан мянга найман зуу/ литр түлшийг хүлээн аваагүй гэх тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Б-13-24 дугаар Гэрээний дагуу хариуцагчид нийт 46 800/дөчин зургаан мянга найман зуу/ литр түлш нийлүүлсэн болох нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нэг удаагийн ачилтаар 2000/хоёр мянга/-3000/гурван мянга/ литр түлшийг нийт 17 удаа ачуулсан тухай “шатахуун тосолох материалын зарлагын падаан”-ны/хх-10-26/ хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэгчийн нийлүүлсэн түлшийг Д.Батцэрэн хувьдаа авч ашигласан гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн захирал Д.Амгалан нэхэмжлэгчийн Б-13-24 дугаар Гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үнэд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийт 87 600 000/наян долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулах тухай эвлэрлийн гэрээ байгуулж байсан болох нь талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжийн/хх-58/ хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч 46 800/дөчин зургаан мянга найман зуу/ литр түлшийг нийлүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагчаас 46 800/дөчин зургаан мянга найман зуу/ литр түлшний үнэд нийт 74 880 000/далан дөрвөн сая найман зуун наян мянга//46800х1600 нэг литр түлшний үнэ=74880000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас алдангид 37 440 000/гучин долоон сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүлйин 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.
Б-13-24 дугаар Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцно.” гэжээ.
Б-13-24 дугаар Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан алданги тооцох тухай заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нийт 74 880 000/далан дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгийн төлбөрийг төлөх эцсийн хугацаа болох 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс хойшхи алдангид хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 37 440 000/гучин долоон сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгтэй нийцсэн байна.
Хариуцагчаас түлшний төлбөрийн алдангид 37 440 000/гучин долоон сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б-13-24 дугаар Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагчийн захирал Д.Амгалантай 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 9-р байр 33 тоот, 2 өрөө, 30 метр квадрат орон сууцыг барьцаалсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулсан болох нь тус гэрээний хуулбаараар/32-37/ тогтоогдож байна.
Д.Амгалан нь 33 тоот орон сууцны өмчлөгч болох нь 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 000062880 дугаар гэрчилгээний хуулбараар/хх-38/ нотлогдож байх ба 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”/32-37/ Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэг, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Овоотэд” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүний үнэд 74 880 000/далан дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгийг, алдангид 37 440 000/гучин долоон сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг, нийт 112 320 000/нэг зуун арван хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК-д олгож, хариуцагч “Овоотэд” ХХК 112 320 000/нэг зуун арван хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол 9-р байр 33 тоот, 30 метр квадрат, 2 өрөө, орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Овоотэд” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүний үнэд 74 880 000/далан дөрвөн сая найман зуун наян мянга/ төгрөгийг, алдангид 37 440 000/гучин долоон сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг, нийт 112 320 000/нэг зуун арван хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК-д олгосугай.
2. Хариуцагч “Овоотэд” ХХК 112 320 000/нэг зуун арван хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол 9-р байр, 33 тоот, 30 метр квадрат, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Овоотэд” ХХК-иас 719550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ