Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 940

 

 

 

 

 

 

 

 

 

   2019         11         01                                     2019/ШЦТ/940

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: П.Ганбаатар;

шүүгдэгч: А.Тэмүүлэн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуу овогт Арцсэдийн Тэмүүлэнд холбогдох эрүүгийн 1909000271046 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хянан хэлэлцэв.

           

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар Их Сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 16 дугаар байрны 09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УХ00282430 регистерийн дугаартай,

 

Алаг адуу овогт Арцсэдийн Тэмүүлэн.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч А.Тэмүүлэн нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Мөнх-Эрдэнийг “ангийн хүүхдүүдтэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны хөндийн урд хана, ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, баруун чихний урд шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тэмүүлэн мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 10-12, 86/, гэрч Б.Дөлгөөн /хх-ийн 26/, Э.Намуун-Эрдэнэ /хх-ийн 27/, Б.Халиун /хх-ийн 28-29/, Т.Эрдэнэсувд /хх-ийн 32/, Б.Анаржин /хх-ийн 33/, О.Анхбаяр /хх-ийн 34-35/, Б.Жавзмаа /хх-ийн 36-37/, Б.Мөнх-Яруу /хх-ийн 38-39/, Э.Буджав /хх-ийн 40/, Ж.Жаргал /хх-ийн 43/, А.Бодьбилгүүн /хх-ийн 44/, О.Нармандах /хх-ийн 45/, Ш.Арцсэд /хх-ийн 46/, Р.Отгон /хх-ийн 47/ нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-58/, А.Тэмүүлэнгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 553 тоот дүгнэлт /хх-ийн 25/, А.Тэмүүлэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 106-112, 117/, Г.Мөнх-Эрдэнийн хүсэлт /хх-ийн 124/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Тэмүүлэн нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Г.Мөнх-Эрдэнтэй “ангийн хүүхдүүдтэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Мөнх-Эрдэний /хх-ийн 86/: “... Миний биед учирсан гэмтлийг тухайн үед цагаан өнгийн цамцтай байсан Тэмүүлэн учруулсан. Угаасаа Тэмүүлэн хэрүүл маргаан болж байхад замын цаанаас гүйж гарч ирээд шууд намайг зодож цохиж эхэлсэн. Тэмүүлэнгийн 4-5 удаагийн гараараа цохисон цохилт нь миний нүүрний зүүн нүд, зүүн хацар, эрүү хэсэгт оносон. Тэмүүлэнгээс өөр хүн надтай ойрхон байгаагүй. Урьд өгсөн мэдүүлэгтээ Тэмүүлэнд зодуулаад нүүрээ дараад босоод ирэхэд Тэмүүлэнгийн хажууд Мөнх-Яруу, Жаргал хоёр ойрхон зогсож байсан болохоор намайг хамт зодсон байх л гэж бодсон. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Эрдэнэсувдын /хх-ийн 18/: “... Би Тэмүүлэнг нэг бандийг зодох гээд гараа далайгаад зогсож байхыг харсан. Хэсэг хэсгээрээ маргалдаад байсан болохоор сайн санахгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Р.Анхбаярын /хх-ийн 25/: “...Тэмүүлэн өргөдөл гаргасан сахалтай залууг хашаанд тулгаад гараараа цохиод байхаар нь гүйж очоод салгаад “та яваа” гээд явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Жагзмаагийн /хх-ийн 28/: “... Би эргээд очтол Тэмүүлэн нэг залууг нилээн зодоод байхаар нь очиж салгаад зодоон дууссан. Би тухайн үед Мөнх-Эрдэнэ гэж танихгүй байсан. Сүүлд Мөнх-Эрдэнэ гэж мэдэх болсон. Тэр залууг Тэмүүлэн нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж байхыг харсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Буджавын /хх-ийн 30/: “... Мөнх-Эрдэний яг урд нь цагаан хоолойтой цамцтай залуу зогсчихсон зууралдаж байсан....” гэх мэдүүлгээр,

 

А.Тэмүүлэнгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 68/: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зууралдаж байхдаа хохирогч Мөнх-Эрдэний нүүр, толгой хэсэг рүү нь 3-4 удаа цохисон. Тухайн үед Мөнх-Эрдэний биед би гэмтэл учруулсан. Надаас өөр хүн зодоогүй, буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40/,

                                    

 

Г.Мөнх-Эрдэнийн биед “... зүүн хоншоор ясны хөндийн урд хана, ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, баруун чихний урд шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 553 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан А.Тэмүүлэнгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч А.Тэмүүлэнгийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Мөнх-Эрдэнийн “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 124 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд А.Тэмүүлэнгийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тэмүүлэн нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Арцсэдийн Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тэмүүлэнг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тэмүүлэн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч А.Тэмүүлэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тэмүүлэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ