Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 211/МА2026/00015

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                                                                                        

 

 

 

 

 

 

 

 

                                                                      211/МА2026/00015

 

                                        

 

Төрийн банк ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 301/ШШ2026/00269 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг 0 дүгээр хороо, 0-00 тоотод байрлах Т ХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Э сумын 0 дугаар баг, Т, 0-0 тоотод оршин суух Б овогт Бын Ш /ИБД:0000000/, Б овогт Бын Ш /ИБД:000000000/  нарт холбогдох,

33,302,363.26 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Б.Шын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З,

Хариуцагч Б.Ш, Б.Ш

Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэлийн агуулга.

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний дагуу 33,302,363.26 төгрөг гаргуулах:

            1.б. Хариуцагч Б.Ш, Б.Шнар нь Төрийн банкны А салбараас 2025 оны 02-р сарын 13-ны өдрийн 71 тоот зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай 2024 оны малын А дансаар 445 толгой малаа барьцаалан малчны зээл авсан. 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 30,000,000.0 төгрөг, үндсэн хүү 106,268.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,985.21 төгрөг, хуримтлагдсан хүү 3,160,109.57 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 33,302,363.26 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Би 33,302,363.26 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг төлөхөд хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

2.а. Хариуцагчийн тайлбарын агуулга: Барьцааны зүйл болох 400 гаруй мал одоо байхгүй. Учир нь би эрүүл мэндийн асуудалтай байгаа бөгөөд малаа зараад эмчилгээ хийлгэсэн. Мөн би үл хөдлөх эд хөрөнгөө зарах гэж байгаа. Хэрвээ үл хөдлөх эд хөрөнгө зарагдчихвал төлчихнө. Өөр маргах зүйл байхгүй. Төлөх хугацаа олгож өгнө үү. Би 5 сараас эхлэн авто угаалга ажиллуулах гэж байгаа. Бид 2 хоёулаа хариуцаад төлнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.а. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ш, Б.Шнараас үндсэн зээл 30,000,000.0 төгрөг, үндсэн хүү 106,268.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,985.21 төгрөг, хуримтлагдсан хүү 3,160,109.57 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 33,302,363.26 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 324,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш, Б.Шнараас улсын тэмдэгтийн хураамж 324,462  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтийг нь  тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга.

4.а. Нэхэмжлэгч Б.Ш шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

4.б. Хариуцагч Б.Ш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие “тархины судасны эмгэг” гэсэн оноштойгоор эрүүл мэндийн байдал муудаж, үүний улмаас Төрийн банкнаас авсан зээлийг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүссэн. Иймээс Төрийн банк ХХК-тай эвлэрэн хэлэлцэж, төлбөрийг нэг жилийн хугацаанд 2 хувааж төлөх хүсэлт гаргасан юм. Анхан шатны шүүх миний энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй, зөвхөн Төрийн банкны нэхэмжилсэн үнийн дүнгээр хариуцагч нараас зээл, хүү гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх, бидний зээл, хүүгийн төлбөрийг 2 хувааж, 1 жилийн хугацаанд төлөх тухай хүсэлтийг шүүхийн эвлэрүүлэн зуучлалд шилжүүлж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-тай эвлэрэх боломжит хугацаа олгож өгөөгүй. Бидний зээл төлөх хугацаа, төлөлтийн байдлаар нэхэмжлэгч талтай хэлэлцэх асуудлыг шийдээгүй нь оролцогчийн буюу хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талаар би зээлийн төлбөрт 3,100.000 төгрөг төлсөн байхад энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй орхигдуулсан.

Иймд хэргийг хянаж, Б.Ш, Б.Шбидний төлөх төлбөрийг 2 хувааж төлөх боломжит арга хэмжээг авч А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч төрийн банк нь хариуцагч нар 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай барьцаат зээлийн гэрээг тус банктай байгуулж 445 толгой малаа барьцаалж 30,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар  зээлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж хариуцагч нараас үндсэн зээл 30,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 106,268.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,985.21 төгрөг, хуримтлагдсан хүү 3,160,109.57 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг нийт 33,302,363,26 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

3. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан барьцаат заалийн гэрээ ёсоор хариуцагч нар нь үндсэн зээлээс гадна зээлийн хүүд гэрээний хугацаанд нийт 9,601,052.06 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон бөгөөд хариуцагч нар нь 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэхэд үндсэн зээлээс 12,000,000 сая төгрөг, хүүгээс 5,752,109.59 төгрөгийг төлсөн байх ёстой /хх 10/ боловч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүд 3,000,580,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 99,419.17 төгрөг, нийт 3,100,000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбараар нотлогдсон, хариуцагч нарын зүгээс өөрөөр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй байна.

 

4. Хариуцагч Б.Ш, Б.Шнар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хэмжээг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар анхан шатны шүүхэд маргаагүй харин нэхэмжлэлийн шаардлагыг нэг жилийн хугацаанд 2 хувааж төлөх нөхцөлөөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ зээлийн гэрээгээр тохиролцсон эхний эргэн төлөлт хийх хугацаа буюу 2025 оны 08 дугаар сараас хойш хариуцагч нарт зээлийн эргэн төлөлтөө хийх боломжийг олгож шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа өгсөн боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул дахин 1 жилийн хугацаа өгсөн ч төлөхгүй байх магадлалтай гэж  тайлбарлажээ.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.2, 453.3 дахь хэсэгт банк зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бөгөөд хугацаа хэтрүүлсэн бол зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар заажээ.

 

7. Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд төрийн банк буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу Б.Ш, Б.Шнарт 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, харин хариуцагч Б.Ш, Б.Шнар нь гэрээнд заасан хугацаанд уг 30,000,000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

8. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтаар нотлогдсон, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэмжээний талаар маргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нараас зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 33,302,363.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

9. Анхан шатны шүүх зохигчийн маргааны үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийж иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

10. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитой  үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн хариуцагч Б.Шын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,762 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 301/ШШ2026/00269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Шын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Шын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,762 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ЭНХТӨР

 

                               ШҮҮГЧИД                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

           

                                                                                       Д.БАЙГАЛМАА