Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр        Дугаар 181/ШШ2016/00626           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот 14210, Энхтайваны өргөн чөлөө 19, “Худалдаа Хөгжлийн банк” ХХК-ийн хүсэлттэй,

  

Б.Бадмаарагийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Б.Доржхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа Хөгжлийн Банк” ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Халбин овогт Батбаярын Бадмаараг (РГ:СЙ77022808) нь тус банктай 2014 оны 14 дүгээр сарын 06-ны өдөр 2014/000391/0255-н тоот “Цалингийн зээлийн гэрээ”, мөн цалингийн зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 5 000 000 00 (таван сая) төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, сарын 1.8-н хувийн хүүтэй, 24-н сарын хугацаатай зээлж авсан.

 

Иргэн Бадмаараг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2 990 303.00 (хоёр сая есөн зуун ерэн мянга гурван зуун гурван) төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 10 дугаар гудамж 363-н тоот хаягт оршин суудаггүй болох нь хорооны тодорхойлолтоор нотлогдсон бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/Ш32016/00558-н тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.

 

Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бадмаарагийн оршин суугаа хаяг, холбоо барих утас мэдэгдэхгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.  

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                    

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч “Худалдаа Хөгжлийн Банк” ХХК нь Б.Бадмаарагийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэн Б.Бадмаарагийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2014/000391/0255-н тоот “Цалингийн зээлийн гэрээ”, мөн цалингийн зээлийн барьцааны гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч “Худалдаа Хөгжлийн Банк” ХХК нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд Б.Бадмаарагийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Халбин овогт Батбаярын Бадмаараг/РД: СЙ77022808/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Худалдаа Хөгжлийн Банк” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Халбин овогт Батбаярын Бадмаараг/РД: СЙ77022808/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Халбин овогт Батбаярын Бадмаараг/РД: СЙ77022808/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Худалдаа Хөгжлийн Банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсогмоц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ