| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0822/Э |
| Дугаар | 853 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 853
2019 11 07 2019/ШЦТ/853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Минжүүр тайж овгийн Хувцагааны Энхбатад холбогдох эрүүгийн 1911020020973 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах, эгч, дүү, дүүгийн хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 12-163 тоотод оршин суух хаягтай,
-урьд 1999 онд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 2009 онд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Минжүүр тайж овгийн Хувцагааны Энхбат /РД: ХЕ71102510/,
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Х.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Хувцагаан овогтой Энхбат нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-17-3 тоотод Т.Эрдэнэбилэгийн “хоол хүнс аваад ир” гэж итгэмжлэн хариуцуулсан түүний эзэмшлийн “Хаан” банкны дугаар бүхий картнаас 543,700 /таван зуун дөчин гурван мянга долоон зуу/ төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өглөө 8-9 цагийн үед байхаа гэрээсээ гарч зам дагуу алхаж байгаад найз Эрдэнэбилэгийн гэрт очиход Эрдэнэбилэг гэртээ эрүүл дотор муу шартсан байдалтай байж байсан. Эрдэнэбилэг бид хоёр хамт “Хараа” нэртэй 0,75 граммын архи хувааж ууж дуусчихаад Эрдэнэбилэг надад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Нарантуул-2” зах орж Хаан банкинд очиж миний картанд тэтгэврийн мөнгө орсон эсэх талаар асууя гэхээр нь за тэгий гээд бид хоёр цуг явсан. Тухайн үед Эрдэнэбилэг Хаан банкин дээр очоод мөнгө орсон эсэхийг асуухад орсон байна гээд бид хоёр буцаад гэр лүү нь явсан. Тэгээд гэрийнх нь хажууд байдал хүнсний дэлгүүрээс өмнө зээлсэн байсан мөнгөө өгнө гээд тухайн үед карт уншуулж мөнгө өгчихөөд дахиад уг дэлгүүрээс Хараа нэртэй 0,75 граммын архи 2 шилийг бэлэн гоймон, тамхи аваад дахин картаа уншуулаад бид хоёр дэлгүүрээс гараад Эрдэнэбилэгийн гэрт ороод архиа хувааж ууж дуусчихаад унтаж байгаад 17 цаг 30 минутын үед сэрээд Эрдэнэбилэг надад дэлгүүрээс хоол унд, архи аваад ир гээд Хаан банкны картаа өгөөд надад тухайн үед картны нууц үг болох 6963 гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гараад гудамжаар доошоо алхаж байхад 32-н автобусны буудлын ойр хавиар зогсож архи уудаг зүс таних хүнтэй таараад хамт архи уухуу гэхээр нь тэгий гээд бид 2 зам хөндлөн гараад нэрийг нь мэдэхгүй байна. Уг дэлгүүрээс Хараа нэртэй 0,75 граммын архи, тамхи аваад Эрдэнэбилэгийн картыг уншуулж тооцоо хийсэн. Тухайн үед би дэлгүүр ганцаараа орсон. Тэгээд дэлгүүрээс гарч ирээд уг дэлгүүрээс хойшоогоо яваад нарийн гудамжинд нөгөө зүс таних хүнтэй хамт уг архийг хувааж уучихаад би ганцаараа дээшээгээ буюу Тод оймсын урд талд АТМ-ээс хүн гуйж байгаад бэлнээр 50,000 төгрөгийг аваад дээшээгээ өгсөж байгаад түлээ нүүрсний урд талд байдаг 7-8 хүнтэй тааралдаад хамт архи уухаар болоод уг АТМ-с 50,000 төгрөгөөр дэлгүүрээс архи аваад далангийн хажууд очиж архиа ууж дуусчихаад доошоогоо ганцаараа яваад “Тод” оймсын урд талын дэлгүүрт очиж дахиад хүн гуйж байгаад 50,000 төгрөгийг бэлнээр авч гараад дээшээгээ буцаж өгсөж яваад 17-н гэрлэн дохионы уулзварын хажуу талд дахиад 2 хүнтэй тааралдсан уг хүмүүстэй архи ууж танилцаж байсан хүмүүс байгаа юмаа тэгээд бид нар уг мөнгөөр дэлгүүрээс архи аваад “Сайн ломбард”-ны ар талд байдаг гудамжинд архи уучихаад зам хөндлөн гараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Төрийн банк”-ны АТМ-ыг урд очиж хүн гуйж байгаад 50,000 төгрөгийг бэлнээр аваад 17 дугаар сургуулийн хажуу талын нарын гудамжинд мөн уг хавиар архи уудаг зүс таних хүнтэй хамт архи уучихаад “Дуулга” нэртэй караокед нэг танидаг хүнтэй ороод архи аваад тооцоог нь уг картаар хийчихээд уг хамт орсон хүн маань согтчихоор нь гадаа гарч явуулахаар хамт гараад уг хүнээ явуулчихаад би ганцаараа “Төрийн банк”-ны АТМ-ээс хүн гуйж байгаад уг картнаас 50,000 төгрөг авчихаад гарч ирсэн чинь зүс таних 2 хүнтэй тааралдаад “Орд 17” ард талд очиж хамт архи уучихаад тэгээд буцаад 17 автобусны буудал дээр ирээд зүс таних 2 хүнтэй тааралдаад хамт “Дуулга” нэртэй караокед ороод архи, 4 ширхэг пиво аваад тооцоог нь уг картаар хийчихээд сууж байгаад би нилээн согтсон. Тэгээд тухайн үед хамт архи ууж байсан 2 хүн гараад явсан байсан. Тэгэхээр нь би ганцаараа “Дуулга” нэртэй караокенаас гарч гэрлүүгээ алхаж байхдаа гэрийн доор замын хажуу талын “Жаргалант” нэгтэй дэлгүүрээс юу авснаа санахгүй байна архи л авсан байх гэж бодож байна. Тэгээд гэртээ орж унтсан ...” гэх /хх-ийн 57-60х/,
Хохирогч Т.Эрдэнэбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 сарын 05-ны өдөр Энхбат манайд ирээд бид хоёр манай гэрийн хажуу талд байдаг “Алдар мөрөн” хүнсний дэлгүүрт орж картаа уншуулж өөрийн нэр дээр байсан 56,000 төгрөгний өр, мөн 24,260 төгрөгний тамхи болон архи худалдаж авсан. Тухайн үед би өөрөө тооцоо хийж картаа уншуулж байсан. Тэгээд гэртээ ороод нэг шил архи уугаад гэртээ байж байгаад найз Энхбатыг дэлгүүрээс гэрт идэх хоол хүнсний юм аваад ир гээд “Хаан банк”-ны картаа өгч явуулсан тэгээд тэр чигтээ ирээгүй юмаа...”, “...Тэгээд би Энхбаттай байсан гэдгээ санасан...”, “...Би энэ өдөр дэлгүүрт ороод картаа уншуулсан чинь гүйлгээ хийж байхаар нь дэлгүүрийн өр болон архи, тамхи худалдаж авсан үнийн дүн болох 80,260 төгрөгийг би өөрөө хэрэглэсэн...” /хх-ийн 11-12х/,
“Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25х/,
“Хаан” банкны 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 29/8286 дугаартай албан бичиг /хх-ийн 33х/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35- 40х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Х.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хохирогч Т.Эрдэнэбилэгт 543,700 /таван зуун дөчин гурван мянга долоон зуун мянга/ төгрөг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байх тул шүүгдэгч Х.Эыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүйд гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Минжүүр тайж овгийн Хувцагааны Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД