Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 929

 

 

 

 

 

 

 

 

 

2019         10          31                                   2019/ШЦТ/929       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч  Э.Оюунтунгалаг,

Шүүгдэгч Н.Х (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хд холбогдох эрүүгийн 1909035301011 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, “BMS” ХХК-нд гүний уурхайн барилгын ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 50 дугаар гудамжны 298 тоотод оршин суух, урьд:

 

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхээс оногдуулсан торгуулсан ялыг төлж барагдуулсан,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны оройн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны зоог” нэртэй үйлчилгээний газарт хохирогч Б.Баттайванг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909035301011 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Н.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төрөөгийн төрсөн өдөр тохиож “Таны зоог” пабад сууж байтал Баттайван согтуурхаад байсан. Батболдтай хамт гадаа гарсан. Би араас нь гартал тэр 2 хэрүүл хийж байсан. Би одоо больцгоо гэтэл Баттайван Батболдыг жийхээр нь би очоод боль гээд байгаа юм биш үү тэр хоёрыг хоёуланг нь нүүр рүү нь нэг нэг удаа цохисон. Ингээд бүгд дотогш орцгоосон. Орсон хойноо Баттайван агсараад байхаар нь 00-ын өрөө ороод Баттайванг нүүрэнд нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Баттайван мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой найзуудтайгаа “Таны зоог” пабад сууж байгаад Батболдтой маргалдаад гадаа байж байтал Хишгээ гэх хүн намайг баруун нүд хавьцаа гараараа нэг удаа цохиж хамраас цус гаргасан. Дотогш орж цусаа угаагаад байж байтал араас Хишгээ ах орж ирээд дахин миний нүүрний баруун хэсэгт цохисон... ” /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Төрмагнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз Баттайван, Батболд, Онцгойбаяр, Лхагвадорж нартай уулзаж “Таны зоог” гэх нэртэй газар орсон. Зүгээр байж байгаад Баттайван нөгөө гурав руугаа агсам тавьж, хэрүүл хийгээд байсан. Баттайван Батболдтой хамт гадаа гарсан. Удаад байхаар нь араас нь гартал пабын үүдэнд Баттайван, Батболд нарыг Хишгээ ах 2 тийш нь гараараа барьчихсан салгаж байгаа бололтой байсан. Бие биеэ цохиж зодож байхыг хараагүй. Хишгээ ах тэр хоёрыг салгаж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Онцгойбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би найз нарын хамт “Таны зоог” гэх нэртэй газарт орсон...Батболд, Баттайван хоёрыг заамдалцчихсан байж байхад Хишгээ ах дундуур нь ороод тэр хоёрыг хацран дээр нь нэг нэг удаа алгадсан. Баттайваныг хэн цохисныг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Лхагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би найз нарын хамт “Таны зоог” пабад орсон. Баттайван Батболдыг зодно гэх мэтээр хэл амаар доромжилж тэр хоёр хамтдаа пабаас гарсан. Би тэр хоёртой хамт гадагш гарсан. Баттайван Батболдын зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Баттайваны биед хэн гэмтэл учруулсныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11160 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Б.Баттайваны биед баруун нүдний алим, баруун зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Хгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны оройн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны зоог” нэртэй үйлчилгээний газарт хохирогч Б.Баттайванг “агсам тавьж, бусдын тайван байдлыг алдагдууллаа” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний алим, баруун зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баттайваны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11160 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Баттайвангийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Хгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттайвангаас “...Н.Х хохирол төлбөр төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Хг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН