| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 150/2016/00190/и |
| Дугаар | 0228 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 0228
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 5 дугаар байрны 23 тоотод оршин суух, 1967 онд Төв аймагт төрсөн, 49 настай, Ханд овогт *******/РД: ТГ-/-ийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 149.864.866 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат /0-419/, прокурор Н.Бадам, иргэдийн төлөөлөгч Б.Болормаа, Ө.Насан, Д.Осоржин, нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* миний бие нь “Хөтөлийн Цемент шохой” ХК-д 1987 онд анх ажилд орсон бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга буюу Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2013 оны 08 дугаар сард миний биеийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэг, 1661 зүйлийн 1661 3 дахь хэсэг, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт тус тус сэжигтэнээр тооцон 201318010123 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэг, 1661 зүйлийн 16613 дахь хэсэгт заасан хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь хэсэг, 269 дүгээр зүйлийн 269.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Энэхүү хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 93-А дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж миний биед холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад миний биеийг 2013 оны 09 сарын 16-ны өдрөөс “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас түдгэлзүүлсний зэрэгцээ Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай захирамжаар цагдан хоригдож, мөн шүүхийн ерөнхий шүүгчийн 2013 оны 09 сарын 10-ны өдрийн 56 дугаартай захирамжаар суллагдах хүртэл 5 хоногийн хугацаанд сэжигтэнээр, 2014 оны 09 сарын 17-ны өдрөөс 2014 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл 13 хоногийн хугацаанд шүүгдэгчээр тус тус цагдан хорьсон бөгөөд Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 106 дугаар Шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, энэхүү ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн. Энэхүү шийтгэх тогтоолын дагуу эмэгтэйчүүдийн хорих ангид хорих ял эдэлж байгаад Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлан даалтад гарсан бөгөөд энэ хүртэл хугацаанд 120 хоног хорих ял эдэлсэн. Ингээд миний биеийг дээрх байдлаар нийтдээ 138 хоног хорьсон юм. Үүний зэрэгцээ өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өөрийн сонгон авсан өмгөөлөгчиддөө өмгөөллийн хөлс төлсөн. Дээрх байдлаар энэхүү хэргийн байцаан шийтгэх хууль бус ажиллагааны улмаас Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан халдашгүй чөлөөтэй байх эрх маань зөрчигдөж, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хувьд ноцтой хохирол хүлээсэн учраас дараах үндэслэлээр өөрт учирсан бодит хохирлоо нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хоёрт: Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэхь хэсгийн “иргэн нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэсэн заалт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлийн: “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ сэргээн тогтоолгох эрхтэй” гэсэн заалт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 5 дах хэсгийн: “Хууль бусаар баривчлагдаж эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй” гэсэн заалт, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэхь хэсгийн: “Монгол Улсын иргэн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрхтэй” гэсэн заалт, Мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэхь хэсгийн “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэсэн заалт, Мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2 дах хэсгийн: “тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан ... тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ” гэсэн заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэхь хэсгийн: “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалт, Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийн: “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлэн баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэсэн заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.1 дэхь хэсгийн: “хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг иргэн өөрөө ... гаргаж болно” гэсэн заалт, 396.6 дах хэсгийн: “хохирогч нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана” гэсэн заалт, 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус үндэслэл болгон нэхэмжлэл гаргаж байна. Гурав. Нэхэмжлэлийн шаардлага Иргэн ******* миний бие нь эрүүгийн 201318010123 тоот хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас дараах хохирол хүлээсэн юм. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсгийн “цагдан хоригдох этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэсэн заалтыг жишиг болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 дэхь хэсгийн: “хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааных нь үндсэн үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг ... нөхөн төлнө” гэсэн заалтын дагуу хууль бусаар хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож нийт 138 хоног хоригдсоны хохирол 26.496.000 төгрөг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 дэхь хэсгийн: “хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амжиргааны нь үндсэн эрх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг ... нөхөн төлнө” гэсэн заалтыг үндэслэл болгон 2013 оны 09 сарын 16-ны өдрөөс Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 93-А дугаартай тогтоолоор цагаатгах хүртэлх 2 жил, 2 сар, 22 хоног ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин /нэг сарын үндсэн цалин 2.891.000 төгрөг байсан болно/-нд нийтдээ 77.286.066 төгрөг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дах хэсгийн: “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлнө” гэсэн заалтыг үндэслэл болгон өмгөөлөгчид төлсөн хөлс 30.000.000 /гучин сая/ төгрөг Нийтдээ 133.782.066 төгрөгийн бодит хохирлыг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* миний бие нь тус шүүхэд хандан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавараа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэсэн заалтын дагуу зөвхөн эд хөрөнгийн хохиролд 133.782.066 төгрөг төрөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа билээ. Миний бие нь уг эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас дээрх эд хөрөнгийн хохирлыг хүлээгээд зогсохгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэгтэн мэтээр цоллуулж, 20 гаруй жилийн шударга хөдөлмөрийнхөө үр дүнд бий болгосон нэр төр, ажил хэргийн нэр хүндээ алдаж, Сэлэнгэ аймаг дахь цагдан хорих байр, Дархан-Уул аймаг дахь цагдан хорих байр, эмэгтэйчүүдийн хорих байр зэрэг газруудад хоригдохдоо сэтгэл санаа, бие махбодын асар их дарамтад орж, одоог хүртэл сэтгэл гутралын байдалтай хэвээр л байна. Надад оногдуулсан ял шийтгэл нь зөвхөн миний сэтгэл, санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулаад зогсохгүй миний гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ах дүү нарт маань хүндээр тусч хэрэгт ял эдэлж шалгагдаж байх хугацаанд төрсөн эцэг маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд эцэг маань амьдралын сүүлчийн хэдэн өдрөө зөвхөн надад санаа нь зовсон зовнил шаналалаар дүүрэн өнгөрүүлсэн. Энэхүү хэргийн улмаас надад үлдсэн хамгийн том хохирол, харуусал, эмзэглэл бол төрсөн эцгийнхээ амьдралын сүүлчийн мөчийг сэтгэлийг нь зовоосон байдалтайгаар үдсэн явдал юм. Мөн ******* миний биеийг уг эрүүгийн хэрэгт шалгагдсан, хоригдсон, яллуулсан талаарх мэдээлэл зөвхөн Хөтөл, Сэлэнгэ аймгийн хэмжээнд бус нийт улс орон даяар цацагдсан нь намайг таньдаг мэддэг хүмүүс төдийгүй бүхий л ажил олгогчид, аж ахуй нэгж байгууллагын өмнө “гэмт хэрэгтэн, албан тушаалаа ашиглагч, улсын хөрөнгө үрэгдүүлэгч, завшигч” мэтээр харагдах нөхцөл болгосон. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалт болон 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсгийн “эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө” гэсэн заалтын дагуу сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү нэмэгдүүлж байна. Сэтгэл санааны хохирлынхоо нөхөн төлбөрийн үнэлгээг миний бие өөрийн хүсэл зориг, санаан зоргоор зохион тодорхойлохыг хүсээгүй бөгөөд уг хохирлын үнэлгээг тодорхойлуулах асуудлаар бүхий л төрлийн эд хөрөнгө, хохирлын үнэлгээгээр мэргэшсэн, энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн “Итгэлт эстимэйт” ХХК-иар гаргуулсан бөгөөд уг хохирлын үнэлгээг 16,082,800.00 төгрөг хэмээн тодорхойлж өгсөн болно. Иймд өмнө нь нэхэмжилсэн эд хөрөнгийн хохирол 133,782,066.00 төгрөг дээр сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрт 16,082,800.00 / төгрөгийг нэмэн нийт 149,864,866 төгрөгийн бодит хохирлыг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би “Хөтөлийн цемент шохой”ХК-нд 1987 онд ажилд орж 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл данс хөтлөгчөөс эхлээд ахлан нягтлан бодогч, санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга буюу ерөнхий нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэж байсан. Гэтэл 2013 оны 08 дугаар сард Авлигатай тэмцэх газраас миний биеийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2, 1661 дүгээр зүйлийн 1661.3, 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2, 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан хэргүүдийг прокуророос хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор ******* миний биеийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Уг шийтгэх тогтоолыг Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад надад сонсгосон Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэхүү хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 93-А дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэж миний биед холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад миний биеийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс “Цемент шохой”ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас түдгэлзүүлсэний зэрэгцээ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд нийт 138 хоног цагдан хорьсон байна. Дээрх байдлаар эрүүгийн байцаан шийтгэх хууль бус ажиллагааны улмаас миний биед сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хувьд ноцтой хохирол учирсан учир өөрт учирсан дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: 138 хоног цагдан хоригдсоны 26.496.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 2 жил, 2 сар, 22 хоног ажилгүй байсан хугацааны цалин 77.286.066 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлс 30.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 16.082.800 төгрөг, нийт 149.864.866 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Н.Бадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь 149.864.866 төгрөгийн нэхэмжлэл гаргасан үндэслэл нь хууль бусаар цагдан хоригдсоны улмаас ажилгүй байсан, хоригдох хугацаандаа өмгөөлөгч хөлсөлсөн зардал гаргасан, сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн материалтай танилцахад *******т Эрүүгийн хуулийн 150, 166, 169 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж ирсэн. Ингээд сүүлд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 93-А дугаартай шийтгэх тогтоолоор түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийтгэх тогтоолыг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэдэг байр сууринаас түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн болохоос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байна. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр цагаатгаагүй байх тул нэхэмжлэлийг хангахаас татгалзах саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, прокурорын тайлбар, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч *******ийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлгээр зохицуулсан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *******ийг “Цемент шохой”ХК-ийн санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхад нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2, 1661 дугаар зүйлийн 1661.3, 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус сэжигтнээр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, улмаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнээр Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Хөтөлийн цемент шохой”ХК-нд онц их хэмжээний буюу 60 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтанд бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтаан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ./хх-19-25/
Дээрхи шийтгэх тогтоолд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаар магадлалаар нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байх боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна./хх-131-143, 26-45/
Мөрдөн байцаалт нэмж хийснээр дахин хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаан болсон байх ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар цагаатгах тогтоолоор *******т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ. /хх-115-123/
Энэхүү цагаатгах тогтоолыг Дархан-Уул,Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаар магадлалаар хүчингүй болгосноор дахин Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 93-А дугаар шийтгэх тогтоолоор *******т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна. /хх-124-130, 46-54/
Ийнхүү нэхэмжлэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.2-т зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн гэж үзэж өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Учир нь нэхэмжлэгч ******* нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа нийт 138 хоног цагдан хоригдсон, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үед нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Н.Тамирын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолыг үндэслэж “Цемент шохой”ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоолоор түүний ажил, албан тушаалыг түр хугацаагаар түдгэлзүүлсэнээс тэрээр 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажил эрхэлж, цалин хөлс аваагүй, гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Цэндсүрэн нараас хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч Д.Цэндсүрэнд 10.000.000 төгрөг, өмгөөлөгч Б.Мөнхбатад 12.500.000 төгрөг, нийт 22.500.000 төгрөгийг хууль зүйн туслалцаа авахад төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өмгөөлөгч нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, өмгөөллийн хөлс төлсөн тасалбар, дансны хуулга, шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолууд, магадлалын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-8-13,46-54, 56-66, 112-114/
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хууль бусаар 138 хоног цагдан хоригдсоны хохирол 26.496.000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин хөлс 77.286.066 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 30.000.000 төгрөг, нийт 133.782.066 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн сэтгэл санааны хохиролд 16.082.800 төгрөг шаардаж, нийт 149.864.866 төгрөг нэхэмжилсэнээс зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь хууль бус ажиллагааны улмаас аваагүй дундаж цалин хөлсийг нэхэмжлэхдээ нэг сард авдаг цалин хөлс 2.891.000 төгрөгийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож 77.286.066 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагаас 42.073.720 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390.1.1 дэх хэсэгт заасан дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7. а/-д зааснаар тогтооход нэхэмжлэгч *******ийн сарын дундаж цалин хөлс нь 1.739.592 төгрөг болж байх бөгөөд уг нэг сарын дундаж цалин хөлсийг нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хуваан тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс нь 80.911 төгрөг байна. /2013 оны 6 дугаар сарын цалин 1334535 төгрөг+2013 оны 07 дугаар сарын цалин 2933385 төгрөг+2013 оны 8 дугаар сарын цалин 950857 төгрөг=5281777:3=1739592:21.5=80.911 төгрөг/ /хх-55, 76-79/
Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөр байгууллагад ажилд орсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өөр байгууллагад ажилд орсон 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажлын 520 хоногийн дундаж цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч *******т Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1 дэх хэсэгт заасан хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлсний хохиролд 42.073.720 төгрөгийг /520х80.911 төгрөг=42.073.720 төгрөг/ олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хэсэгт заасан нөхөн төлөгдөх шууд хохиролд тооцогдох тул *******ийн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 30.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгч Д.Цэндсүрэнд 10.000.000 төгрөг, өмгөөлөгч Б.Мөнхбатад 12.500.000 төгрөг, нийт 22.500.000 төгрөгийг бодитойгоор төлсөнийг хууль зүйн туслалцаа авахад төлсөн хохиролд тооцон олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* нь эд хөрөнгийн бус хохиролд хууль бусаар цагдан хоригдсон 138 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож 26.496.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 16.083.800 төгрөгийг тус тус нэхэмжилсэнийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-т “Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан боловч цагдан хоригдсон хоног тутамд нөхөн төлбөр төлөх, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтыг Иргэний хуульд тусгайлан заагаагүй тул Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос тогтоосон хүний амь насны суурь үнийг үндэслэл болгож гаргасан “Итгэлт-эстимэйт”ХХК-ийн сэтгэл санааны хохирлын үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. /хх-99-109/
Нэхэмжлэгч *******ийн хүсэлтээр түүний гаргаж өгсөн баримтуудад тулгуурлан түүний сэтгэл санааны хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хуульд тусгайлан заасан журмын дагуу тогтоосон үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх “Итгэлт-эстимэйт”ХХК-ийн сэтгэл санааны хохирлыг үнэлсэн үнэлгээний тайланд ******* нь сэтгэл санааны хүнд дарамтанд орсон, холбогдсон гэмт хэргийн талаар сонин сэтгүүл, цахим ертөнцөөр мэдээлэгдсэнээс харилцагч нар, найз нөхдийн хүрээнд өөрчлөлт хөдөлгөөн гарч алдар хүндэд ихээхэн хохирол учруулсан, 830 хоногийн турш хилсээр буруутан болж явж, эрүүл мэндээрээ хохирсон сэтгэл санааны сөрөг үр дагаварууд учирсан гэж дүгнэсэн боловч ******* нь сэтгэл санаа, биеийн эрүүл мэндийн өөрчлөлтийн улмаас эмнэлгийн байгууллагад хандаж эмчлүүлсэн эсэх, холбогдсон гэмт хэргийн талаар сонин сэтгүүл, цахим ертөнцөд хэдэн удаагийн давтамжтай мэдээлэл түгэж, хичнээн хүнд тарсан эсэх зэрэг байдлуудыг тогтоосон нь тодорхойгүй байх бөгөөд бусад нотлох баримтуудыг үнэлж үзэхэд нэхэмжлэгч *******т эдийн бус хохирол буюу сэтгэл санааны үр дагаврын улмаас хичнээн хэмжээний хохирол учирсан нь тогтоогдохгүй байна.
Ийнхүү дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлсний хохиролд 42.073.720 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 22.500.000 төгрөг, нийт 64.573.720 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч *******т олгон, үлдсэн 85.291.146 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгүүдэд “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч *******т олговол зохих 64.573.720 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн Газрын нөөц сангаас 64.573.720 /жаран дөрвөн сая таван зуун далан гурван мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгон, үлдсэн 85.291.146 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Г.ДЭЛГЭРСАЙХАН