Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00400

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15955 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******

 

2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10/2-2 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24360506/04 эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24360506/08 эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10/2-2 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 24360506/04 эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24360506/08 эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрт төлбөр төлөх дарааллыг тусгайлан эхлээд *******ХХК-ийн барьцаа хөрөнгөөр хангуулж, үлдэх хэсгийг батлан даагч ******* ХХК, ******* ХХК нараас гаргуулахаар заасан боловч шийдвэр гүйцэтгэгч дараалал зөрчиж, ажиллагаа явуулсан, хөрөнгө битүүмжлэх, хураахдаа мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй, 14 хоногийн өмнө мэдэгдээгүй, хөрөнгө зарагдсаны дараа мэдсэн. *******ХХК-ийн захирал нь тус хөрөнгийг хамгаалагч биш өмчлөгч, эзэмшигч биш, ямар ч хамааралгүй, харилцан ашиг сонирхолтой *******ХХК-д давуу байдал бий болгож, өр төлбөрийг ******* ХХК-ийн хөрөнгөөр худалдан борлуулсан нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан дарааллыг мөрдөх, *******ХХК-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулаагүй, батлан даагчийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа нийтэд мэдээлээгүй хөрөнгө борлуулсан нь үндэслэлгүй гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ...шүүх*******" ХХК-аас ******* төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгч *******ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж өгсөн боловч биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24360506/04 тогтоолоор битүүмжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүйгээс мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хөрөнгийг хураасан. Талууд ******* мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг ******* төгрөгөөр тохиролцсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, төлбөр төлөгчид танилцуулсан, мөн хуулийн 69, 72 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах явцад төлбөр авагчийн хүсэлтээр албадан дуудлага худалдаа явуулахыг 2 сараар хойшлуулж, хоёр дахь албадан дуудлага худалдааг нийтэд зарлаж зохион байгуулсан гэж тус тус тайлбарлан маргасан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрх хэмжээний хүрээнд ажиллагааг явуулсан, хөрөнгө дуудлага худалдаанд ороод 1 жилийн хугацаа өнгөрсөн. Дуудлага худалдааны зарыг нэхэмжлэгч талаас олон нийтэд мэдээлээгүй гэж байгаа ч төлбөр барагдуулах газрын зар, пэйж хуудаст байршдаг, мэдээлэл нь нээлттэй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шийдвэрийн дараалал алдагдсан гэдэг үндэслэлгүй гэж тайлбарлан хариуцагчийн тайлбар, татгалзлыг дэмжин оролцжээ.

 

4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/03407 дугаар шийдвэрээр хариуцагч *******ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт ******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс нотариатын зардал ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улаанбаатар хотын банк ХХК, *******ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗБГ9101/171218 тоот Зээлийн барьцааны гэрээний Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 154/0041 дугаартай, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын барьцаатай холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******ХХК-ийн өмчлөлийн 1 үл хөдлөх эд хөрөнгө, ******* ХХК-ийн 8 үл хөдлөх эд хөрөнгө, газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулаад хүрэлцээгүй тохиолдолд зээлийн төлбөрийн үлдэх хэсгийг батлан даагч ******* ХХК, ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэсэн. /1хх 19-36/

 

4.2. Дээрх шүүхийн шийдвэрийг *******ХХК сайн дураар биелүүлээгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ГХ2024/00124 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 02 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин таур 10/01 дүгээр байрны 14 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт 9 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт 7 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай ******* м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбайтай газрыг тус тус 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24360506/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24360506/08 тоот тогтоолоор хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх 109-114/

 

4.3. Барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 24360506/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24360506/08 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус тус төлбөр төлөгч *******ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* танилцуулсан, мөн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ******* ХХК-аас оролцох итгэмжлэлийг ******* олгосон байх бөгөөд дээрх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан тул үнийг санал ирүүлэх талаар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3/2407 тоот албан бичгийг ******* ХХК-нд хүргүүлжээ. /хх-1, 43-48, 117, 119/

Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөр *******ХХК оролцсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй гэж заасан.

 

5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж зааснаар *******ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүл гудамж, Твин таур 10/01 дүгээр байр 14 давхарт 1401 тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох ******* төгрөгийн 50 хувь буюу ******* төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт хариуцагч байгууллагаас зохион байгууллахаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 7/12 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг үйлдэж, улмаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт болон *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдлийг хүргүүлсэн байна. /1хх138-145/

5.1. Төлбөр авагч тал болох ******* ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 4/8536 тоот албан бичгээр Банкны төлбөр барагдуулах газарт хандан хоёр дахь албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу 2 сарын хугацаагаар хойшлуулах тухай хүсэлт гаргасан байна. /1хх 146/

Улмаар төлбөр авагч ******* ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5/10697 тоот албан бичгээр Банкны төлбөр барагдуулах газарт хандан хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10/2-2 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт зохион байгуулахаар болж /1хх 148/, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр төлөгч *******ХХК, болон ******* ХХК, ******* ХХК, төлбөр авагч ******* ХХК-нд тус тус мэдэгдэл хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн байна. /1хх 149-153/

 

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлээгүй нь хууль зөрчсөн гэж маргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нийтэд мэдээлсэн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ, 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж заасан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа дээрх хуулийн зохицуулалт заасан ажиллагааг явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5, 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10/2-2 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24360506/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24360506/08 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас ******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

 

Д.ХУЛАН