Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 629

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “Т ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, 

Хариуцагч:  Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахаас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгээр хууль бусаар татгалзсан шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э , хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г , хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Т ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...

“Т ч” ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтад худалдан авах ажиллагааны талаарх холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд тендерийн материалыг бүрдүүлэн оролцсон. Уг тендер шалгаруулалтад нийт 13 компани оролцсон.

Энэхүү цахим тендер шалгаруулалтад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2 удаагийн үнэлгээ хийснээр “Т ч” ХХК нь шалгарч гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус тус албан бичгээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зөвлөмж хүргүүлсэн боловч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгээр “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр хууль бусаар татгалзсан байдаг. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах эрх олгодог болохоос гэрээ байгуулахаас татгалзах эрх байхгүй. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын энэхүү 2 шийдвэр нь “Т ч” ХХК-ийн тендерт шударгаар шалгарсан байдлыг үгүйсгэж, “Т ч” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. 

Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахаас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгээр хууль бусаар татгалзсан шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. 

Дээр дурдсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт явуулсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тус тус нотлох баримтын шаардлага хангуулан энэхүү захиргааны хэрэгт хавсаргаж өгнө үү. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дээрх 2 удаагийн хууль бусаар татгалзсаны улмаас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороо арга буюу “Т ч” ХХК-ийг тендерт шалгаруулалгүй “Х б э” ХХК-ийг шалгаруулж “Т ч” ХХК-д тендерт шалгараагүй болохыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02/514 дугаар албан бичгээр мэдэгдсэн. 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02/514 тоот татгалзах тухай мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй, тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тендерт оролцогчийн чадварыг дутуу үнэлж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлснээс шалтгаалан мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг баримтлан манай компанийн тендерээс татгалзсан нь хууль бус байх тул 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яамны Хууль, эрх зүйн бодлогын газарт хандан гомдол хүргүүлсэн.

Сангийн яам гомдлыг хянаж үзээд “Т ч” ХХК-ийн гомдол нь үндэслэлтэй байгааг тогтоож, худалдан авах ажиллагааны талаарх холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, хууль, журамд нийцсэн шийдвэр гаргахыг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/******* тоот албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байдаг. 

Гэвч 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үнэлгээний хороо хуралдаагүй бөгөөд тендерийн хүчинтэй хугацааг зориуд дуусгаж тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосныг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/******* дугаар албан бичгээр манайд мэдэгдсэн.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, түүний үнэлгээний хорооны дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх” зарчмаас хазайсан, “Т ч” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2 дүгнэлтээр “Т ч” ХХК-ийг тендерт шалгарсанд тооцон “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 

“Т ч” ХХК-ийн “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ НХААГ-17/******* дугаартай тендер шалгаруулалтын үр дүнг үл зөвшөөрч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг хариуцагчаар татан оролцуулах тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаартай “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжид нийслэлийн 2017 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламж, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. 

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/24 тоот тушаалаар “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” НХААГ-17/******* дугаартай төсөл арга хэмжээний үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” НХААГ-17/******* дугаартай тендер шалгаруулалтыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй зарлаж 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад нээсэн байна.

Үнэлгээний хороо 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж “Эмнэлгийн барилга 40 /Б дүүрэг, . дүгээр хороо/” НХААГ-17/******* дугаартай тендер шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн 13 аж ахуйн нэгжээс хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж “Т ч” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах тухай зөвлөмжийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02/363 дугаартай албан бичгээр хүргүүлжээ /хүргүүлсэн албан бичгийг баримтаар хавсаргав/.

Гэвч шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах боломжгүй тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны  өдрийн 2/651 дугаартай “зөвлөмж буцаах тухай” албан бичиг ирүүлсэн /баримтаар хавсаргав/.

Дээрх “Зөвлөмж буцаах тухай” албан бичгийн хариуг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/398 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн /баримтаар хавсаргав/.

Манай газраас хүргүүлсэн “Тендер шалгаруулалтын тухай” хариу албан бичигт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 дугаартай /албан бичгээр дахин хариу хүргүүлсэн байна/ баримтаар хавсаргав/.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ирүүлсэн “Т ч” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй тухай албан бичгийг хүлээн авсан үнэлгээний хороо 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин хуралдаж “Т ч” ХХК-ийн дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Х б э” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах тухай зөвлөмжийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/495 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна /үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, гэрээ байгуулах тухай зөвлөмжийг баримтаар хавсаргав/.

Тендерт оролцогч “ПГС” ХХК, “Т ч” ХХК, “К и” ХХК-ууд тендер шалгаруулалтын үр дүнг үл зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан ба “Гомдлыг хянасан тухай” 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/******* дугаартай албан бичгийг манай байгууллагад ирүүлсэн. 

Энэхүү албан бичигт “Т ч” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн “Х б э” ХХК-ийн ирүүлсэн тендерт боловсон хүчний чадавхийг тодорхойлох тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 /г/-д “Инженер техникийн ажилтнууд нь заавал тухайн байгууллагын үндсэн ажилтнууд байх ба нийгмийн даатгалын хэлтсээс олгодог баталгаажуулагдсан НД-8 маягтыг сүүлийн 6 сарын байдлаар ирүүлэх” гэсэн шаардлагыг хангахгүй байх ба цахилгааны инженер нь үндсэн ажилтан биш байна. 

Иймд тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлж дахин үнэлгээ хийх шаардлагатай байгааг үүгээр уламжилж байна гэжээ /Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийг баримтаар хавсаргав/.

Тендерийн хүчинтэй байх хугацааг Монгол Улсын Сангийн яамнаас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6/2591 дугаартай албан бичгээр 1 удаа 30 хоногоор сунгасан ба “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” НХААГ-17/******* дугаартай тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна. 

Энэ тухай захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/716 дугаартай албан бичгийг баримтаар хавсаргав.

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” НХААГ-17/******* дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцож хуулийн хүрээнд дахин тендер зарласан болно. 

Хариу тайлбартай холбогдуулж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь: 

1. “Т ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шийдвэрлүүлэх.

2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үр дүнд шүүгчийн захирамжаар тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тохиолдолд “Тендерийн хүчинтэй хугацаа”-г зогсоож байж захиргааны хэргийг шийдвэрлэх заалт оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэжээ. 

Гурав. Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т ч” ХХК нь НХОГ-т холбогдуулан тус газрын 2017 оны 2/651, 2/697 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар байгуулсан үнэлгээний хороо нь Эмнэлгийн барилга 40 ор /БХД, 1-р хороо/ ажлын гүйцэтгэгчээр “Т ч” ХХК-ийг шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн. 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тендерийн баримт бичигт заасан шаардлагыг тус компани нь хангаагүй байна гэж холбогдох зөрчлийг дурдан зөвлөмжийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт буцаасан. 

Харин худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/398 тоот албан бичгээр дээрх зөрчлүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбар ирүүлснийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар дахин тал бүрээс нь бүрэн нягтлан үзээд тус зөрчлүүд үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн. Иймд “Т ч” ХХК-иас тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т ч” ХХК шүүхэд “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахаас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгээр хууль бусаар татгалзсан шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэн хамгаалуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаа тодорхойлж нэхэмжлэл гаргадаг. 

“Т ч” ХХК нь хариуцагчаар захиргааны байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулж, хариуцагчийн гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгүүд нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн, хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр байх тул түүнийг хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хэргийн оролцогчид “нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа өөр бусад этгээд байхгүй бөгөөд гуравдагч этгээдээр “Х б э” ХХК нь хуулинд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй учир гуравдагч этгээдээр татах шаардлагагүй” гэх тайлбарыг ирүүлсэн байна. 

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг хянаж үзэхэд, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн гэх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгүүдийн дараа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Х б э” ХХК-ийг уг тендерт сонгон шалгаруулж, зөвлөмжийг хүргүүлсэн байна. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргаж хянуулснаар ““Х б э” ХХК нь ....боловсон хүчний тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ... шаардлагыг хангахгүй байна. Иймд тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх шаардлагатай” гэх хариуг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон холбогдох компаниудад хүргүүлжээ. 

Энэхүү Сангийн яамны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/******* тоот албан бичигт “Х б э” ХХК хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй болох нь шүүхийн мэдээлэл лавлагааны хайлтаар, мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож,дахиан зарлах болсон тухай 02/******* тоот албан бичгийг 6 дугаар сарын 08-ны өдөр “Х б э” ХХК-д шуудангаар хүргүүлсэн нь “Албан бичиг хүлээлгэн өгсөн акт”-аар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Х б э” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзлээ. 

Нэг. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахаас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгээр хууль бусаар татгалзсан шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А******* дугаар захирамжаар “Нийслэлийн 2017 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг 1 дүгээр хавсралтаар баталж, худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгажээ. 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендер сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу явуулж 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Үнэлгээний хороо нь дээрх захирамжийн 1 дүгээр хавсралтын 9-д “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүргийн . дүгээр хороо/”-ны ажлын гүйцэтгэгчээр “Т ч” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 02/363 тоот албан бичгээр хүргүүлжээ. 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2/651 тоот албан бичгээр дээрх зөвлөмжийг 5 үндэслэлээр “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзаж буцаасан байна. 

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зөвлөмжийг буцаасан албан бичигт дурьдагдсан 5 үндэслэлийг дахин нягталж, барилга угсралтын ажилд сөргөөр нөлөөлөх үндэслэл болохгүйг дурьдаад зөвлөмжийг дахин хүргүүлснийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгээр 2 дахь удаагаа буцаасан байна. 

Ийнхүү Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо 2017 оны 5 дугаар сарын 10-өдөр дахин хуралдаж, “Х б э” ХХК-ийг сонгон шалгаруулж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлжээ. 

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Т ч” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ззаснаар Сангийн яаманд гомдол гаргасныг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаад 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр “...”Т ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд ... туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг..., ... мэргэшсэн инженерийн дипломын хуулбарыг баталгаажуулж ирүүлсэн байх тул ТОӨЗ-35.2-т заасан шаардлагыг тус тус хангаагүй хэмээн татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ... Иймд тус тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх шаардлагатай” гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгджээ. 

Захиалагч буюу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “энэ хуулийн 27.3-д /шаардлагад нийцсэн тендер/ зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 46 дугаар зүйлийн 46.1.2-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах зөвлөмжийг буцаасан хэдий ч энэ хуулинд заасан гэрээ байгуулахаас татгалзах хууль зүйн үндэслэл үүсээгүй байна. 

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “”хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч өөрөө гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй нөхцөл байдал үүсээгүй бол холбогдох зөрчлийг арилгуулж, энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэх учиртай байна. 

Маргаан бүхий Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгүүдэд дурьдагдсан зөвлөмжийг буцаах үндэслэлүүд нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 02/398 тоот, Сангийн яамны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/******* тоот албан бичгүүдэд дурьдагдсан нотлох баримт, дүгнэлт, тайлбаруудаар үгүйсгэгдэж байна. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 02/398 тоот албан бичгээр дээрх зөрчлүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбар ирүүлснийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар дахин тал бурээс нь бүрэн нягтлан үзээд тус зөрчлүүд нь үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн...”, “Тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул дахин тендерийн сонгон шалгаруулалт зарласан, Үнэлгээний хороо дахин хуралдах боломжит хугацаанд Сангийн яамны бичиг ирсэн бол манай “Т ч” ХХК-ийг захиалагчтай гэрээ байгуулах зөвлөмжийг дахин хүргүүлэх боломжтой байсан” гэх тайлбаруудыг шүүх харгалзан үзлээ. 

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэх” үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг удаа дараа буцаасан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгүүд нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн зөрчсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Хоёр. “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан “Т ч” ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо нь “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” НХААГ-17/******* дугаартай тендер шалгаруулалтыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй зарлаж, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад нээсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэсний дагуу 5 дугаар сарын 01-ний өдөр тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар нэг удаа 30 хоногоор сунгаж, тендер хүчинтэй байх хугацаа 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссан. 

Нэгэнт тендер хүчинтэй байх хуулийн хугацаа дууссан тул “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/” НХААГ-17/******* дугаартай тендер шалгаруулалтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Тендерийн урилгыг тендерт оролцогчдод зарласан байна. 

Уг тендер сонгон шалгаруулалтыг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2524 дугаар захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэгч “Т ч” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хууль бусаар удаа дараа буцаасан, гэрээ байгуулах шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй, мөн 2017 оны 3 дугаар сарын 17-27-ны өдрүүдэд нээсэн тендерийн материалыг хүлээн авахад системд алдаа гарч, үнэлгээ удааширсан зэрэг хариуцагч байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн болон туслан гүйцэтгэгч компаниудын “тендерт хамгийн сайн” гэж үнэлэгдэн, гэрээ байгуулах боломжийг олголгүй, тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгаснаар тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар  хуульд заасны дагуу нэхэмжлэгч “Т ч” ХХК-тай зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2017 оны 6 дугаар сарын 8-нд зарласан тендерийг хүчингүй болгож, өмнөх сонгон шалгаруулалтад ”хамгийн сайн” хэмээн үнэлэгдсэн “Т ч” ХХК-тай хууль, журамд заасны дагуу гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.3, 46 дугаар зүйлийн 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/651, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/697 тоот албан бичгүүд болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 6 дугаар сарын 8-нд зарласан “Эмнэлгийн барилга 40 ор /Б дүүрэг, . дүгээр хороо/ төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг тус тус хүчингүй болгосугай. 

2.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.4, 46 дугаар зүйлийн 46.1.3-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар  хуульд заасны дагуу нэхэмжлэгч “Т ч” ХХК-тай зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өмнөх тухайн тендер сонгон шалгаруулалтад ”хамгийн сайн” хэмээн үнэлэгдсэн “Т ч” ХХК-тай хууль, журамд заасны дагуу гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Т ч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА