Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1553

 

 

 

 

 

 

 

   Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Г.Жаргалмагнай

 

Архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг,

 

Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, манай 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-1 дүгээр байр, 55 тоот хаягт оршин суудаг Ганбаатарын Жаргалмагнай нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн 1 жилийн хугацаанд архидан согтуурч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд түүний эхнэрийн гаргасан өргөдлийн дагуу архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна. Тэрээр байнга архидан согтуурч, ар гэртээ удаа дараа агсам согтуу тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргаж тус хэлтсийн саатуулах байранд 2 удаа саатуулагдаж байсан гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Жаргалмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг архины албадан эмчилгээнд битгий явуулаач гэж хүсч байна. Миний бие удахгүй Эрдэнэт хотын Гокын үйлдвэрт ажилд орох гэж байгаа бөгөөд банкинд өртэй учраас архины эмчилгээнд явах боломжгүй байна. Сая эрүүлжүүлэхэд орох болсон шалтгаан нь том хүү маань машин барьж яваад 500 000 гаруй төгрөгөөр торгуулсан. Би хүүдээ мөнгө олж өгөх зорилгоор найзуудтайгаа 3 хоног архи уусан. Би байнга архи уудаггүй гэжээ.

 

        Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Харваач овогт Ганбаатарын Жаргалмагнай /РД: АЭ76100816/-г албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр тогтоож, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Г.Жаргалмагнайг архины албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, гуравдагч этгээд Г.Жаргалмагнайн албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Жаргалмагнай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би байнга архи ууж, агсам тавьдаггүй. Тэр өдөр эхнэртэйгээ муудалцсан байсан учир эхнэр уурандаа ийм шийдвэрт хүрсэн. Энд байх хугацаанд архины хор уршигийн талаар сайн мэдлээ. Би Эрдэнэт хотын Гокын үйлдвэрт ажилд орох анкет өгсөний дагуу ажлын санал ирсэн. Зайлшгүй шалтгаанаар давж заалдаж байна. Энэ хүсэлтийг харгалзан үзэж чөлөөлж өгнө үү. Намайг архины албадан эмчилгээнд явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Г.Жаргалмагнайг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

 

            Гуравдагч этгээд Г.Жаргалмагнай нь  2011 онд 2 удаа, 2013 оны 1 удаа, 2016 онд 2 удаа эрүүлжүүлэгдсэн, ар гэртээ байнга архидан согтуурч гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчил удаа дараа гаргадаг болох нь эхнэр С.Мөнхнарангийн тайлбар, Цагдаагийн байгууллагын бүртгэл, зөрчлийн лавлагаа зэргээр тогтоогдсон байна.

 

            Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нарын дүгнэлтээр Г.Жаргалмагнайг архинд донтох эмгэгтэй, эмчилгээнд явахад тэнцэнэ гэжээ. /хх-ийн 22 дугаар тал/

 

            Иймп гуравдагч этгээд Г.Жаргалмагнай нь архинд донтох өвчтэй нь  эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн байх тул  анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, Г.Жаргалмагнайг албадан эмчлүүлэхээр тогтоосон нь Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/04957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА          

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ