Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 876

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,          

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дамбийням овогт Р-н Г-ад холбогдох эрүүгийн 1909028631008 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай гудамжны 8-79 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ХЛ 62080418 / Дамбийням овогт Р-н Г нь:

 

- 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн задгай тоотод хохирогч Д.Хадбатыг “Ханан пийшин барьж өгөхгүй, архи нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Хадбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай зусланд амьдардаг найз Р.Г-ын гэрт очиж Ерөөл нэрийн 0.75л  3 шил архи хувааж уусан. Тэгээд манай найз Р.Г архи уугаад согтчихоод миний нүүр, толгой руу цохиж зодсон. Манай найз Р.Г нь архи уухаараа тогтворгүй, агсам зантай. Намайг урьд өмнө хэд хэдэн удаа зодож байсан.Тэгээд Р.Г намайг зодсоныхоо дараа хот руу яваад өгсөн. Би тэдний гэрт нь зодуулаад босож чадахгүй хэвтэж байсан юм. Манай хүү болох Х.Жавхлан нь Р.Г руу залгаад “Манай аав хаана байгаа юм бэ?” гэхэд нь манай гарт Санзайд байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай хүү намайг ирж аваад бид 2 гэмтлийн эмнэлэг рүү явсан. Толгой өвдөөд, эргээд байгаа. Нүд хавдаж хөхөрсөн, нүүр шалбарсан байна. Гараараа толгойны зулай хэсэг рүү олон удаа цохиод байсан. Мөн нүд рүү хуруугаа хийгээд нүүр маажсан.

Эмчилгээний мөнгө гэж 180.000 төгрөг надад өгсөн байгаа гэжээ. / хх 18 /

 

Яллагдагч Р.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Найз Д.Хадбат ирэхээр нь хоёулаа зуслангийн байшиндаа дутуу хийсэн ханан пийшингээ хиймээр байна гэж хэлээд 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай зуслангийн байшин руу Д.Хадбатын хамт явахаар болсон. Зуслангийн байшин руу явахдаа Ерөөл 0.75 л архи аваад зуслангийн байшиндаа очоод хуваагаад уусан. Д.Хадбат бид хоёр архи ууж дуусчихаад байж байтал Д.Хадбат нь дахиад архи уумаар байна гэж надаас нэхээд байхаар нь би уурлаад Д.Хадбатын нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиод авчихсан юм. Ханан пийшин барьж өгөхгүй надаас архи нэхэж над руу уурлаад дайраад байхаар нь зодсон. Би Д.Хадбатын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэжээ. / хх  7 /

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9428 дугаар дүгнэлтэнд:

1. Д.Хадбатын биед тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дух, баруун хацар, хамар, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. / хх 25 /

 

Шүүгдэгч Р.Г-ыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 4-7 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 30 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Р.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш ихээр гэмшиж байна. Хохиролд 180.000 төгрөг төлсөн гэв.

Шүүгдэгч Р.Г нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн задгай тоотод хохирогч Д.Хадбатыг “Ханан пийшин барьж өгөхгүй, архи нэхлээ” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...найз Р.Гын гэрт очиж Ерөөл нэрийн 0.75 литрийн 3 шил архи хувааж уусан. Р.Г архи уугаад согтчихоод миний нүүр, толгой руу цохиж зодсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Хадбатын мэдүүлэг / хх 18 /, ... Ханан пийшин барьж өгөхгүй надаас архи нэхэж над руу уурлаад дайраад байхаар нь зодсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Р.Гын мэдүүлэг / хх  7 /, ...Д.Хадбатын биед тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дух, баруун хацар, хамар, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэсэн Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9428 дугаар дүгнэлт / хх 25 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Р.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.Хадбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 48 / гэсэн тул шүүгдэгч Р.Г нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Р.Г-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Дамбийням овогт Р-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Р-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Р.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Г нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Р.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЧИМЭГ