| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0856/Э |
| Дугаар | 865 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Ч.Д,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч-н Д-д холбогдох эрүүгийн 1909024190854 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа авто машины сэлбэг зардаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 15-780 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ДБ 80063018 / Боржигон овогт Ч-н Д нь:
- 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 байрны 89 тоотод хуучин найз эмэгтэй О.Гэрэлцэцэгийг биеэ хамгаалж чадахгүй /архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн/ байх үед нь нүцгэн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй авч түүнийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж буюу өөртэй нь уулзах, үерхэхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу дээрх нүцгэн гэрэл зураг, бичлэгийг бусдад тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Гэрэлцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ч.Д намайг унтаж байхад миний хувцсыг тайлж, нүцгэн зургийг авч маргааш нь над руу явуулаад “Чиний зургийг фейсбүүкт тавина. Германы сайт дээр явуулж зарна. Чи надтай нохой шиг харьцсан тул би чамайг түмний шившиг болгоно “ гэж дарамталж айлган сүрдүүлсэн гэжээ. / хх 6-7, 16 /
Гэрч Ч.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би О.Гэрэлцэцэгийн зургийг өөр хүнд өгөөгүй. Олон нийтийн сүлжээнд тавиагүй. О.Гэрэлцэцэгт өөрт нь үзүүлж, “ Энэ байна. Харахгүй юу “ гэж хэлсэн. Гол зорилго нь дахин уулзаж эвлэрэх санаатай байсан юм гэжээ. / хх 17-18 /
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 8 /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 9 /
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 10-13 /
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 19-21 /
Яллагдагч Ч.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 2б байрны 89 тоотод О.Гэрэлцэцэгийг дагуулж ороод үргэлжлүүлэн пиво уусан. Тэгээд өглөө нь сэрээд хоёулаа нүцгэн байсан болохоор би О.Гэрэлцэцэгийн 2 ширхэг фото зургийг дарчихсан. Тэгээд буцаад унтаж байгаад сэрээд өглөөний цай хийх хооронд О.Гэрэлцэцэг шууд гараад яваад өгсөн. Тэгээд араас нь дуудсан чинь шууд яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь чат бичээд хэрэлдсэн. Тэгээд уурандаа “ Өглөө чиний зургийг чинь авчихсан. Салах гээд шалтаг хайгаад байгаа бол салаа сал. Зургийг чинь интернетэд тавина” гэж хэлсэн. Би О.Гэрэлцэцэгтэй эвлэрч буцаж нийлж амьдрах зорилгоор зургийг нь үзүүлж тараана гэж сүрдүүлсэн юм гэжээ. / хх 30 /
Шүүгдэгч Ч.Д-ыг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 29-30 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 / зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид 2018 оны 11 сард танилцаад 12 сараас хамтран 4 сар амьдарсан. Эмнэлэгт хэвтэхэд нь би түүнийг эргээгүйгээс болоод тусдаа амьдарцгаасан. Тэр орой бааранд найз хүүхэнтэйгээ байна гээд дуудахаар нь очоод хамт уусан. Тэндээс гараад манайд ирээд пиво ууж байгаад хамт хоносон. Би түүний зургийг нь нүцгэнээр хоёр удаа дарсан. Би зөвшөөрөлгүй зургийг нь дарсан буруугаа хүлээж байна. Би О.Гэрэлцэцэгийн өмгөөлөгчөөр нь дамжуулан уучлалт хүсье. Цүнхийг нь төлж өгнө гэв.
Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 байрны 89 тоотод хуучин найз эмэгтэй О.Гэрэлцэцэгийг биеэ хамгаалж чадахгүй /архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн/ байх үед нь нүцгэн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй авч түүнийг өөртэйгээ уулзах, үерхэхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу дээрх нүцгэн гэрэл зураг, бичлэгийг бусдад тараахаар сүрдүүлсэн гэмт үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Ч.Д намайг унтаж байхад миний хувцсыг тайлж, миний нүцгэн зургийг авч маргааш нь над руу явуулаад “Чиний зургийг фейсбүүкт тавина. Германы сайт дээр явуулж зарна. Чи надтай нохой шиг харьцсан тул би чамайг түмний шившиг болгоно “гэж дарамталж айлган сүрдүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Гэрэлцэцэгийн мэдүүлэг / хх 6-7, 16 /, ...Би О.Гэрэлцэцэгийн зургийг өөр хүнд өгөөгүй. Олон нийтийн сүлжээнд тавиагүй. Гол зорилго нь дахин уулзаж, эвлэрэх санаатай байсан юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Дын мэдүүлэг / хх 17-18 /, ...Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 8 /, ...Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 9 /, ...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 10-13 /, ...цүнхийг 39.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 19-21 /, ...Би О.Гэрэлцэцэгийн 2 ширхэг фото зургийг дарчихсан. Тэгээд буцаад унтаж байгаад сэрээд өглөөний цай хийх хооронд О.Гэрэлцэцэг шууд гараад яваад өгсөн. Тэгээд уурандаа “ Өглөө чиний зургийг чинь авчихсан. Салах гээд шалтаг хайгаад байгаа бол салаа сал. Зургийг чинь интернетэд зургийг нь үзүүлж тараана” гэж сүрдүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ч.Дын мэдүүлэг / хх 30 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Д-ыг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүний үйлдэлтэй холбоогүй боловч шүүгдэгч Ч.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч О.Гэрэлцэцэгийн цүнхийг урж, түүнд 39.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг / хх 05-06 /, эд зүйлийн үнэлгээ / хх19-20 / зэргээр нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-д “ энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно “ гэж заасан бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлөхийг зөвшөөрсөн тул түүнээс хохирлыг гаргуулж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ч-н Д-г бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянга / нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Ч.Д нь нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Д-аас 39.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Гэрэлцэцэгт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Д нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ