Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00455

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/09510 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь Баянзүрх дүүрэгт байрлах Наран туул захад ногоо худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2019 оны 5 сард ******* гэх хүн Наран туул захад байрлалтай зоогийн газрын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул зарах гэж байгаа хэмээн санал тавьсан байдаг. Улмаар ******* нь хүлээн зөвшөөрч тухайн зоогийн газрыг ******* төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* төгрөгийг тус тус төлж нийт ******* төгрөгийг *******ын эзэмшлийн *******тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. ******* нь тухайн зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг удахгүй шилжүүлж өгнө гэдэг байсан ба одоохондоо түрээсийн төлбөрийг нь чи төлөөд явж бай гээд ******* түрээсийн төлбөрийг нь төлдөг байсан. Түүнээс хойш янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар байсан ба эцсийн дүндээ тухайн зоогийн газрыг зүгээр түрээсэлдэг хүн байсан гэдгийг ******* хожим нь мэдсэн. Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл ******* нь бусдыг хуурч мэхлэх аргаар ямар нэгэн гэрээ үйлдэхгүйгээр их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан байна. ******* нь тухайн төлбөрийг авч чадахгүй хугацаа нэлээн алдсан байсан учраас шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрээд ******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл төдийгүй гэрээний ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг үндэслэж ******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байгаа. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд, уг зүйлийг олж авсан этгээдээс дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрх үүснэ гэсний дагуу ******* төгрөгийг *******аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлд хариуцагчийг лангуу зарах гэж байгаа хэмээн санал тавьсан" гэдэг нь огт үндэслэлгүй, эсрэгээрээ *******ын нөхөр нь хариуцагчтай уулзаад танай зоогийн газрыг ******* төгрөгөөр худалдаж авья гэсэн аман хэлцлийн анхны санал гаргасан байдаг. Хариуцагч уг саналыг шууд хүлээн авч өөрийн ******* төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан зоогийн газраа хоолны бүх тоног төхөөрөмж, сандал, ширээ, хөргөгч, хөлдөөгч, халуун тогоо, хоол бүх бэлдцийн хамт өгсөн. Хариуцагч өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авсан асуудлаар маргах зүйлгүй болно.

2.2. Хариуцагчийг тухайн зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг удахгүй шилжүүлж өгнө гэсэн шууд гүтгэлгийн шинжтэй /хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгнө гэсэн амлалтыг анхнаасаа өгч байгаагүй/, уг зоогийн газар хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө бус, гуравдагч этгээдийн өмчлөлийн талбай юм, талууд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Тухайн зоогийн газар гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө мөн гэдгийг ******* хожим мэдэх ямар ч үндэслэлгүй, анхнаасаа гуравдагч этгээдийн хөрөнгө гэдгийг мэдэж байсан, мэдэж байсан атлаа худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, түрээсийн гэрээг *******аас өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар удаа дараа хамт хөөцөлдөж байсан байдаг. ******* бусдыг хуурч мэхлэх аргаар ямар нэгэн гэрээ үйлдэхгүйгээр мөнгө шилжүүлэн авсан гэдэг нь үндэслэлгүй, энэ байдлыг нотлоогүй, нотлох баримтыг нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд ирүүлээгүй бөгөөд талууд анхнаасаа өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр аман хэлцэл хийсэн байдаг.

2.3. ******* уг аман хэлцлийн дагуу худалдан аваад 2 жилийн хугацаанд өөрөө ажиллуулсан, сүүлийн 2 жилд бусдад түрээслэн ашиг орлого олж байсан, хариуцагч өөрийн түрээсэлж байсан лангуутай холбоотой бүх эрсдэлийг дээрх хугацаанд Нарантуул захын захиргаанд нэхэмжлэгчийн өмнөөс хүлээж байсан байдаг.

2.4. Хариуцагч ******* дээрх зоогийн газрыг 2019 оноос эхлэн тасралтгүй ажиллуулж байсан бөгөөд уг зоогийн газартай холбоотой бүх хариуцлагыг Нарантуул захын захиргааны өмнө бүрэн хариуцаж байхад нэхэмжлэгч бусдад түрээслүүлэн ашиг орлого олж байж тухайн түрээсэлж байсан этгээдийн буруутай үйлдлийн улмаас гал алдаж тухайн зоогийн газрын түймэрт өртөх эрсдэлд оруулсны улмаас уг зоогийн газрын үйл ажиллагааг Нарантуул захын захиргааны зүгээс бүрэн зогсоонгуут хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

2.5. *******ыг нэхэмжлэлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн, талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй гэж дурдсан ба бичгээр гэрээ байгуулаагүй нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл болохгүй, гэрээ байгуулагдаагүй нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл болно, талууд лангуу худалдах, худалдан авах аман хэлцэл хийж, уг хэлцэл нь гуравдагч этгээд буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бодитой байх хуулийн шаардлага хангаагүй, учир нь хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хуулийн үндэслэлтэй гэж дурдсанаас өөрөөр хэргийн үйл баримтын талаар огт хууль зүйн дүгнэлт өгөөгүй, ямар нотлох баримтаар үндэслэлээ нотолж байгаа нь шүүхийн шийдвэрт огт дурдаагүй.

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй гэж дурдсан байдаг, бичгээр гэрээ байгуулаагүй нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл болохгүй талаар хариуцагч хариу тайлбартаа дурдсан байхад шүүхээс үндэслэх хэсгийн 7-д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх худалдах, худалдан авах гэрээний талаар дурдсан, мөн 8-д талуудын хооронд аман хэлцэл байгуулагдсан, мөн 9-д хариуцагч зоогийн газар хөрөнгийг шилжүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч үнийг төлсөн нь талуудын дээрх тайлбараар тогтоогдож байгаа гэж хууль зүйн дүгнэлт өгснөөрөө талууд хооронд аман хэлцэл байгуулсан гэж үзсэн байна. Энэ утгаараа хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээгүй байна.

4.3. Нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж мэтгэлцэж байхад шүүхээс зохигчид аман хэлцэл байгуулж, хөрөнгийг худалдан авч үнийг нь шилжүүлсэн талаар маргаагүй гэж дүгнэсэн нь Иргэний Хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай огт нийцэхгүй байхад хариуцагчаас ******* төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.4. *******ын нөхөр ******* төгрөгөөр лангууг худалдан авах үнийн саналыг хариуцагчид хэлсэн бөгөөд хариуцагч уг саналыг хүлээн авч зоогийн газраа сандал, ширээ, хөргөгч, хөлдөөгч, тоног төхөөрөмж, халуун тогоо, бүх төрлийн хоолны бэлдцийн хамт хүлээлгэн өгсөн байдаг, энэ талаар шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч маргаагүй болно.

4.5. Тухайн зоогийн газар гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг нэхэмжлэгч хожим мэдсэн байх ямар ч боломжгүй, анхнаасаа гуравдагч этгээдийн хөрөнгө гэдгийг мэдэж байсан, мэдэж байсан болохоороо түрээсийн гэрээгээ хариуцагчаас өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар удаа дараа хөөцөлдөж байсан,

4.6. Талууд өмчлөгчийн зөвшөөрөлгүй хэлцэл байгуулж, уг хэлцлийн дагуу мөнгө, хөрөнгө шилжүүлсэн байдаг болохоор хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл үгүй болно.

4.7. Нэхэмжлэгч уг аман хэлцлийн дагуу зоогийн газрыг тоног төхөөрөмжийн хамт худалдан аваад 2 жилийн өөрөө ажиллуулсан, сүүлийн 3 жилийн хугацаанд бусдад түрээслүүлэн ашиг олж байсан, дээрх бүх хугацаанд зоогийн газартай холбоотой гарч байсан бүх эрсдэлийг хариуцагч Нарантуул захын захиргаанд хариуцаж байсан боловч нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас цахилгааны гэмтэл гарч гал гарах эрсдэл үүссэн учраас хариуцагчийн байгуулсан түрээсийн гэрээг Нарантуул захын захиргааны зүгээс цуцалж маргааны зүйл болж буй зоогийн газрын түрээслэх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байдаг, энэхүү байдлын улмаас талуудын хэн аль нь зоогийн газрыг түрээсээр эзэмшиж, ашиглах эрхээ алдсан болно.

4.8. Хариуцагч уг зоогийн газрыг ******* төгрөгөөр худалдан авч 2019 оноос эхлэн ажиллуулж ашиг орлого олж байгаад нэхэмжлэгчид ******* төгрөгөөр аман хэлцлийн дагуу шилжүүлэн өгч, чадвал Нарантуул захын байцаагчаас гуйж байгаад хариуцагч өөрийн нэр дээр түрээсийн гэрээ буюу түрээслэх эрхээ нэхэмжлэгчд шилжүүлэх гэсэн санаа зорилготой байсан, анхнаасаа талууд тийм байдлаар тохиролцсон байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд анх зоогийн газрыг худалдах, худалдан авах буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэвч хариуцагч ******* тухайн зоогийн газрыг худалдан борлуулах эрхгүй этгээд болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, хариуцагч тухайн зоогийн газрын өмчлөгч биш болох нь тогтоогддог. *******ын зүгээс ******* төгрөг хүлээлгэн өгсөн талаар ******* маргадаггүй буюу уг ******* төгрөгийг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин тоног төхөөрөмж, хэрэгсэл өгсөн гэх хариуцагчийн тайлбар огт үндэслэлгүй. ******* ямар нэгэн байдлаар тоног төхөөрөмж, лангуу зэргийг хүлээн аваагүй бөгөөд хүлээн авсан гэх баримт хэрэгт байхгүй. Дээрх нөхцөл байдлуудаас харахад ******* нь маргаан бүхий эд хөрөнгийг худалдан борлуулах эрхгүй этгээд бөгөөд хууран мэхлэх аргаар бусдаас мөнгө авсан асуудал байдаг. Эцэст нь гэрээний үүргээ биелүүлж чадаагүй буюу маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасанчлан эрхийн доголдолгүй эд хөрөнгийг бусдад шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна. Харин ******* нь *******ын үйл ажиллагаа явуулж чадахгүй орхисон зоогийн газрын түрээсийн төлбөрийг нь Нарантуул захын захиргаанд төлж, зоогийн газрын үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байсан баримтууд байдаг. ******* *******ын өмнө хүлээсэн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, харин ******* ******* төгрөгийг ******* руу шилжүүлсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдлыг бүрэн хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагч талын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Наран туул олон улсын худалдааны төвд байрлалтай зоогийн газрын үйл ажиллагаа явуулж байсан газрыг ******* төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөнгийг шилжүүлсэн. ******* нь тухайн зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлээгүй, ******* нь тухайн зоогийн газрыг түрээсэлдэг хүн байсныг хожим мэдсэн. Тухайн зоогийн газрын түрээсийн төлбөрийг Наран туул олон улсын худалдааны төвийн захиргаанд төлдөг байсан. Бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй, тус зоогийн газар нь *******ын эд хөрөнгө биш гэдэг нь тогтоогдсон тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ******* төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ...******* нь зоогийн газрыг гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг анхнаасаа мэдэж байсан, *******ыг тухайн зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг удахгүй шилжүүлж өгнө гэсэн нь шууд гүтгэлгийн шинжтэй, анхнаасаа өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, ******* нь өөрийн түрээсэлж байсан зоогийн газартай холбоотой бүх хариуцлагыг Нарантуул олон улсын худалдааны төвийн өмнө хүлээж байсан. Түрээсийн гэрээний эрхийг л худалдсан... гэж тус тус тайлбарласан.

4. 2019 оны 05 дугаар сард хариуцагч *******ын үйл ажиллагаа явуулж байсан Нарантуул зах дах зоогийн газар /лангуу/-ыг ******* төгрөгөөр нэхэмжлэгч ******* худалдан авахаар харилцан тохиролцжээ. Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид ******* төгрөг шилжүүлсэн.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.

Талуудын тайлбар, мэтгэлцээний байр сууриас үзэхэд хариуцагчийн Нарантуул олон улсын худалдааны төвтэй байгуулсан гэх түрээсийн гэрээ, тухайн түрээсийн зүйлийн өмчлөгчийн талаарх баримт, мөн нэхэмжлэгчээс тухайн зоогийн газрын түрээсийн төлбөрийг хэнд төлж байсан талаарх баримтууд авагдсаны үндсэн дээр шүүхийн зүгээс зохигчийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр эсэх, түүнчлэн хариуцагч нь түрээсийн зүйлийг бусдад шилжүүлэх, худалдах эрхтэй эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой байжээ.

4.2. Гэвч хэрэгт ач холбогдол бүхий уг үйл баримтыг анхан шатны шүүх нь хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлах замаар тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоогоогүй.

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/09510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Д.ХУЛАН