Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 685

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 14 өдөр       Дугаар 181/ШШ2016/00685            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, Н.Оюунтуяа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, МҮОХ-ны байранд байрлах, “Монголын үндэсний олимпын хороо” ТББ/РД: 1015168/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 23-3 тоотод байрлах, “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ/РД: 8182329/-д холбогдох,

 

МҮОХ болон түүний ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг Олимпизмыг аврах хөдөлгөөн төрийн бус байгууллагад даалгаж, уг мэдээ, мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг үүрэг болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагчийн УЗ-ийн дарга Н.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Н.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын үндэсний олимпын хороо” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ нь 2015 оны 7 дугаар сард байгуулагдсан бөгөөд уг байгууллагыг санаачлан байгуулсан иргэн Ч.Бат-Эрдэнэ, Н.Баярсайхан, Д.Жаргалсайхан, Н.Тамир нар нь 2010 оноос Монголын үндэсний олимпийн хорооны нэр хүндийг Монгол улсад төдийгүй, Олон улсын хэмжээнд гутаах, худал мэдээлэл тараах, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн тухай Олон улсын олимпийн хороо, Азийн олимпийн зөвлөл, түүний гишүүдэд захидал бичиж, ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл хийж, хэвлэл мэдээлэл, сайт, хэвлэлийн бага хурлаар гүтгэж ирсэн. Мөн 2013 оноос хойш АТГ, Цагдаа, Иргэний хэргийн шүүхэд МҮОХ, Д.Загдсүрэнг удаа дараа үндэслэлгүйгээр шалгуулж ирсэн. Нэгэнт өршөөлд хамрагдаад ялгүй болсон Д.Загдсүрэнг өнөөдрийг хүртэл ялтай гэж олон улс, олон нийтэд ташаа мэдээ тарааж байна.

 

Олон улсын байгууллагын санхүүжилт, МҮОХ-ны хөрөнгийг хувьдаа завшсан, өөрөө баяжиж байна, МҮОХ-ны хөрөнгөөр орон сууц барьсан, түүний нэг давхарт бизнесийн үйлчилгээ явуулдаг, Спортын төв ордонд дэлгүүр ажиллуулдаг, Энэтхэгийн олимпийн хороо шиг болж, манай улсын тамирчид Олимпийн наадамд орж чадахгүйд хүрч мэднэ гэж ард олонд ямар ч үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан.

 

Удахгүй болох “Рио-2016” Олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй тамирчид, спорт сонирхогчдыг төөрүүлэх арга хэрэгсэл болгож байна.

 

МҮОХ-ны гишүүн байгууллага болох зарим спортын холбоодыг өөртөө сонгуулиар санал авах зорилгоор байгуулсан гэх гүтгэлгийг олон улсын байгууллагад явуулсан захидалдаа бичсэн байсан.

 

Noc ethics<ethics [email protected] /МҮОХ-ны ёс зүй/ гэсэн хаяг нээж манай Үндэсний олимпийн хорооноос явуулж байгаа мэт харагдуулж МҮОХ-г гүтгэсэн и-мэйлийг Олон улсын байгууллага болон 94 хувь хүмүүст явуулсан.

 

Аймаг, дүүргийн Олимпийн зөвлөлүүд ямар ч ажил хийдгүй, захирал дарга нар нь Д.Загдсүрэнгийн талд санал өгдөг гэж хариуцагч тал хэвлэлээр ташаа мэдээлэл тараасан.

 

МҮОХ-ны Чуулганаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Загдсүрэнг хууль бус замаар энэ албан тушаалыг авсан гэдэг нь тухайн Чуулганы нийт санал өгсөн төлөөлөгчдийг үндэслэлгүйгээр буруутгасан худал мэдээлэл юм.

 

Тэр бүү хэл Олон улсын олимпийн хорооны удирдлагуудыг өөрийн захидлын хариу өгсөнгүй гэж буруу /муу/ хүмүүс ажиллаж байна гэж Спортын салбарын олон улсын нэр бүхий байгууллагын ажилтнуудыг доромжлох гүтгэх зэрэг зохисгүй үйлдэл хийж байна.

 

Ч.Бат-Эрдэнэ нь МҮОХ-ны гишүүнээс 2011 онд чөлөөлөгдсөн ч өөрийгөө МҮОХ-ны гишүүн гэж Олон улсын байгууллагад илгээсэн захидалдаа бичсэн байна.

 

Иймд хариуцагч байгууллага нь Үндсэн хууль, Иргэний хууль, Байгууллага болон хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан байгууллага, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж байгаа тул МҮОХ болон түүний ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг Олимпизмийг аврах хөдөлгөөн ТББ-д даалгах, мөн тараасан хэлбэр хэрэгсэлээр няцаахыг үүрэг болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүний нэр төр, алдар хүнд гэсэн асуудал нь Олон улсын гэрээ, фактаар болон манай Үндсэн хууль болон бусад хуулиар батлагаажсан байдаг. Иргэн болон улс төрийн эрхийн фактын 17.1-т, 19.3-т Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 болон 16.17-т нэр төрийн гутаан доромжилж болохгүй гэсэн зохицуулалтууд байдаг. Үүнээс гадна Иргэний хуулийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан дээр тодруулга хийхэд ИХ-ийн 21.2-т заасан “нэр, төр”, “ажил хэргийн алдар хүнд” “гутаах” гэдгийг хэрхэн ойлгож байгаа талаар тодруулах шаардлагатай байна. Нийгмийн харилцаанд тухайн байгууллагын харилцагч түншлэгч зэрэг нийгмийн бусад хэсгээс өгч байгаа үнэлгээг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд гэж ойлгоно гэж Иргэний хуулийн ерөнхий ангийн тайлбарт бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ хуулийн этгээд бусад этгээдийн өмнө ямар үүрэг хүлээсэн, түүнийгээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалж гарч ирдэг ойлголтыг ажил хэргийн нэр хүнд гэж ойлгоно. Харин тухайн этгээдийн бусдад үнэлэгдэх үнэлгээг муутгаж гажуудуулсан мэдээллийг тараахыг “гутаах” гэж ойлгоно гэж миний бие уншсан. Тэгэхээр МҮОХ гэдэг байгууллага нь юу хийдэг байгууллага юм. Олон улсын хэмжээнд хэрхэн ажилладаг, ямар дүрэм журамтай энэ дүрэм журмаа хэрхэн биелүүлж, хяналт тавьдаг зэргийг хариуцагч өөрийн үзэл бодлоор веб сайт болон олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, захидал, и-мэйл зэргээр бодит үнэнд нийцээгүй мэдээллийг тараасан байгаа юм. Ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэг нь бодит байдалд нийцээгүй мэдээллийг бусдад тараасан, энэ мэдээлэл нь өөр этгээдэд хүргэгдсэн байхыг ойлгоно. Олимпизмыг аврах хөдөлгөөн ТББ нь 2015 оны 01 сараас дүрмээрээ байгуулагдсан байгаа юм. Энэ хүмүүс нь ТББ байгуулахаас өмнө МҮОХорооны гишүүд байсан. Хуулийн этгээд болсны дараа гутаасан үйлдэл гаргаагүй өмнө нь бол гутаасан гэсэн утгатай тайлбар гаргаж байна. Бид хэрхэн  утаасан талаархи сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг гутаасан талаар баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайлбал 2015 оны 06 сарын 08-ны өдөр ОУОХорооны 94 гишүүнд и-мэйл явуулсан байдаг. Энэ и-мэйлд “Манай хөдөлгөөний зүгээс 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр буюу Олимпийн өдрөөр “Гэмт хэрэг үйлдэж, ял авсан МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэн нь МҮОХ-г тэргүүлэх ёсгүй” гэсэн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, хариуцлага тооцохыг шаардсан. Гэтэл өмнөх 13 жилийн адил чихгүй таг дүлий байхаар шийдсэн бололтой өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгсөнгүй” гэсэн утгатай буюу гэмт хэрэгтнээр толгойлуулсан байгууллаг юм гэж ойлгогдохоор захидал бичсэн байгаа юм. Мөн 2015 оны 12 сарын 15-ны өдрийн мэдээлэлд МҮОХорооны ерөнхийлөгч Загдсүрэн нь жилд 100 хүртэл допингийн шинжилгээ үнэгүй хийлгэх гэрээг Солонгосын талтай байгуулсан. Мөн 2015 оны 02 сарын 02-ны өдөр хариуцагч нь мөн өөрийн вэб сайтдаа н.Баттулга гэдэг хүний хэрэгтэй холбоотой асуудлыг МҮОХорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн үүсгэн байгуулсан “Допингийн үндэсний төв” байгууллага нь улсын төсвийн мөнгийг 2006 оноос хойш хувьдаа завшсаар байна. 10 гаран жил үйлчилж байгаа энэ хууль бус үйлдлээс тус байгууллагад 2 жил ажилласан Баттулга нь мөнгө завшсан хэргээ хүлээж эрүүгийн хэргийн прокурорт шилжүүллээ” гэсэн байдаг. 2015 оны 08 сарын 03-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга н.Чингист хүргүүлсэн албан бичгээ сайтдаа тавьсан байдаг. Мөн 2015 оны 08 сарын 02-ны өдөр оруулсан мэдээлэлд Япон улсад гэрээ хийгээд явж байна. Гэмт хэрэгтэн гэрээ байгуулаад Монголыг төлөөлж байна гэсэн мэдээлэл зургийн хамт оруулсан байгаа. Энэ мэт зураг оруулан Загдсүрэнтэй холбоотой мэдээллүүдийг удаа дараа Файсбуук хаягаар удаа дараа гаргасан байгаа юм. Эдгээр мэдээллүүдийг оруулсан баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Хэрэгт өгсөн баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын нэр хүндийг гутааж байгаа, юу бичсэн талаар хангалттай нотлогдож байгаа юм.  Хариуцагч нь МҮОХ-ны ерөнхийлөгч нь олон улсын байгууллагаас ирсэн санхүүжилтийг хувьдаа завшиж, орон сууц бариулсан үүндээ өөрийн бизнесийг хийдэг. Мөн жил бүр МҮОХ-ны ерөнхийлөгч 100 шинжилгээ үнэгүй хийлгэх эрхтэй байдаг атал улсын төсвөөс төлбөр гаргуулж Солонгосын талтай байгуулсан 10 гаруй  жил үргэлжил байгаа ... гэсэн мэдээлэл нь 10 жилийн турш хууль бус үйлдэл хийж байгаа мэт мэдээлсэн байгаа юм. Мөн ОУОХороо болон Азийн олимпийн хороонд хуурамч тайлан өгч Азийн олимпийн төслийн 100 000 ам.долларыг хууль бус ашигласан, Олимпийн хорооны санг буруугаар ашигласан зэрэг мэдээллүүдийг сайтдаа тавьсан байгаа юм. Мөн ерөнхийлөгч нь хууль бусаар сонсгосон талаар болон дүрмээ биелүүдэггүй гэсэн байдлаар олон удаагийн мэдээллээр мэдээллэсэн байгаа юм. Эдгээр бичээд байгаа мэдээллүүдээ үнэн гэдгийг хариуцагчийн зүгээс нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нотлож чадаагүй байгаа юм. Энэ мэдээллүүдийг тарааснаар нэхэмжлэгч МҮОХороо төрийн бус байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэг нь нийгмийн зүгээс өгөх үнэлэмж буурснаар илэрхийлэгдэнэ. Үнэмлэмж буурсан гэдэг нь юугаар нотлогдож байна бэ? гэхээр 2009-2012 оны тайланг нотлох баримтаар хэрэгт өгсөн бөгөөд энэ тайланд МҮОХ-тай хамтран ажиллаж байсан байгууллагууд 10 гаран байсан бөгөөд эдгээр мэдээллээс болж өнөөдрийн байдлаар зөвхөн Скайтел компани түнш байгууллагаар ажиллаж байгаагаас ямар хэмжээнд нийгэм хүлээн авч байгаа нь харагдаж байгаа юм. Энэ нь МҮОХ-ний нэр төрийг гутааснаас Олимпизмыг аврах бус олимпизмын үйл хэрэг саад болж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ нь Монголын Үндэсний Олимпын хорооны нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 болон 21.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хуулийн этгээдийн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгсөн үнэлэмж ажил хэргийн нэр хүндийг гутаасан.

Бодит үнэнд нийцээгүй мэдээллийг хариуцагч тараасан. Тэр мэдээлэл нь өөр этгээдэд хүргэгдсэн байх ёстой. Хариуцагч хэргийн 45 дугаар талд байгаа захидлыг явуулсан. Олимпизмыг аврах хөдөлгөөний сайтад тавигдсан. Допингийн үндэсний төв байгуулж, мөнгийг шинжилгээ нэрээр хувьдаа завшсаар байгаа. Загдсүрэн жилд 100 хүртэлх шинжилгээг Солонгос улсад хийлгэх гэрээ байгуулсан гэсэн. Хариуцагчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл хэргийн 56 дугаар талд, прокурорын хариу мэдэгдэх хуудас хэргийн 49 талд авагдсан.

Хариуцагчид Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт заасны дагуу олон улсын Олимпын хороонд явуулсан захидлыг няцаасан захидал явуулахыг, Олимпизмыг аврах хөдөлгөөн төрийн бус байгууллагын сайт, фэйсбүүкээр няцаасан мэдээлэл хийхийг даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр МҮОХ-ноос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгааг энэхүү тайлбараар гаргаж байна.

Нэг. Манай байгууллагын гол зорилго нь Монгол улсад спорт, олимпизмын хөгжлийг Монгол улсын хууль болон олон улсын дүрэм, журамд нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Ийм учраас манай байгууллага Монголын үндэсний олимпийн хороо болон олимпизмын нэр төрд сэвтэй үйл ажиллагаа явуулахгүй ба огтхон ч явуулаагүй, харин ч олон жилийн турш хуримтлагдсан хууль бус байдлыг засахын төлөө ажиллаж байна. Харин МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Олон улсын "Олимпийн Харти", МҮОХ-ны дүрмийг зөрчин сонгогдсон хууль бус ерөнхийлөгч Д.Загдсүрэнг энэ албан тушаалд тохирохгүй хүн гэдгийг онцлон 2014 оны эцсээс эхлэн 2016 оны 4 дүгээр cap хүртэл хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд үнэн мэдээлэл хүргэсэн. Олимпизмын дүрмээр гэмт хэрэгт ял шийтгэгдсэн битгий хэл ёс зүйн зөрчил гаргасан хүн МҮОХ-ны удирдах албан тушаалд ажиллаж болохгүй юм.

Хоёр. Манай байгууллага Д.Загдсүрэнгийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын шүүхээс “гурван жилийн хорих ял”-аар шийтгэгдсэн тухай Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн тогтоолыг үндэслэн олон түмэнд мэдээлэл хүргэсэн. Өөрийн байгууллага МҮОХ-г хохироож, эрүүгийн хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн хүн Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн дүрмийн дагуу энэхүү албан тушаалд тохирохгүй тухай удаа дараа мэдээлсэн. Түүнийг баримтгүйгээр гүтгээгүй болно. Шүүхийн тогтоолын холбогдох хэсгийг хавсаргасан.

Гурав. Д.Загдсүрэн нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн тогтоолоор Өршөөлийн хуульд хамрагдсан ба тэрээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 72.2.3 заалтын дагуу ялтай хугацаа нь дуусаагүй болно гэсэн. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1/392 тоот албан тодорхойлолтыг үндэслэн “Д.Загдсүрэнгийн ялтай хугацаа дуусаагүй” гэсэн мэдээллийг бид хийсэн болно. Одоогоор Д.Загдсүрэн гэдэг хувь хүний тухай өөр ямар нэгэн мэдээлэл бидэнд байхгүй тул түүний ялтай, ялгүйг бид мэдэхгүй байна.(Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1/392 тоот албан бичгийн хуулбарыг хавсаргасан.” гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын үндэсний олимпын хороо” ТББ, хариуцагч “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-д холбогдуулан Монголын үндэсний олимпын хороо болон түүний ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг Олимпизмыг аврах хөдөлгөөн төрийн бус байгууллагад даалгаж, уг мэдээ, мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг үүрэг болгуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч өөрийн ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр, ямар арга хэрэгслээр, хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр нэхэмжлэгчийн болон түүний ерөнхийлөгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан ямар мэдээ, мэдээллийг тарааж, гэм хор учруулсан тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлон, нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ethics[email protected]/МҮОХ-ны ёс зүй/ гэсэн хаяг нээж .... МҮОХ-г гүтгэсэн и-мэйлийг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олон улсын байгууллага болон 94 хувь хүмүүст явуулсан гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь 0000099584 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “.... өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах .... нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч .... хасагдсанаар дуусгавар болно.” гэж заасан.

 

И-мэйл явуулсан гэх 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан байх тул хариуцагч “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ нь тус и-мэйлийг явуулсан болох нь нотлогдохгүй байх ба хариуцлага хүлээх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн ерөнхийлөгч олон улсын байгууллагын санхүүжилт, МҮОХ-ны хөрөнгийг хувьдаа завшсан, өөрөө баяжиж байна, МҮОХ-ны хөрөнгөөр орон сууц барьсан, түүний нэг давхарт бизнесийн үйлчилгээ явуулдаг, Спортын төв ордонд дэлгүүр ажиллуулдаг гэх худал мэдээлэл хариуцагч тараасан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байх боловч тус тайлбараа баримтаар нотлохгүй байх ба хариуцагч тус мэдээллийг тараасан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Энэтхэгийн олимпийн хороо шиг болж, манай улсын тамирчид Олимпийн наадамд орж чадахгүйд хүрч мэднэ гэсэн мэдээг хариуцагч тараасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба хариуцагч тус агуулга бүхий мэдээлэл хийсэн болохоо үгүйсгэхгүй байна.

 

Хариуцагчийн хийсэн дээрх мэдээлэл нь үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн, урьдчилан сэргийлэх агуулгатай байх ба МҮОХ болон түүний ерөнхийлөгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээний шинж агуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь аймаг, дүүргийн Олимпийн зөвлөлүүд ямар ч ажил хийдэггүй, захирал дарга нар нь Д.Загдсүрэнгийн талд санал өгдөг гэж хэвлэлээр ташаа мэдээлэл тараасан гэсэн тайлбар гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “.... эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүдийн гүйцэтгэсэн ажлын талаар, нэхэмжлэгчийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж, нэхэмжлэгчийн “Гишүүдийн бүрэлдэхүүнийг томилсон” 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн болох нь “Иргэний хэрэг үүсгэх тухай” 9063 дугаар шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байх ба хариуцагчийн тус үйлдлийг гутаасан, худал мэдээ, мэдээлэл тараасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч 2013 оноос хойш АТГ, Цагдаад .... үндэслэлгүйгээр шалгуулж, ..... ялгүй болсон Д.Загдсүрэнг өнөөдрийг хүртэл ялтай гэж олон улс, олон нийтэд ташаа мэдээ тараасан гэсэн тайлбар гаргаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т “Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар буюу бичгээр гаргаж болно.” гэж заасан ба иргэн, аж ахуй нэгж байгууллага нь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах эрх нь нээлттэй болно.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Д.Загдсүрэнг Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д зааснаар ялыг өршөөн хэтрүүлсэн болох нь 172 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг Д.Загдсүрэн ялтай тухай мэдээлэл хийсэн талаар маргахгүй байх ба 173 дугаар шийтгэх тогтоолоор Д.Загдсүрэнг гэм буруутайд тооцсон байх тул хариуцагчийн мэдээлэл хийсэн үйлдлийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн ерөнхийлөгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Монголын үндэсний олимпын хороо болон түүний ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг үүрэг болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

 

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад .... хамаарна.” гэж заасан тул ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүнд гэсэн хууль зүйн ойлголт байхгүй.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ, мэдээллийг тараасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчид нэхэмжлэгчийн болон түүний ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг үүрэг болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг Олимпизмыг аврах хөдөлгөөн төрийн бус байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.” гэж заасан ба шүүх хариуцагчийн бусдын эрхийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд дүгнэлт хийж, зөрчигдсөн эрхийг сэргээх тул, хариуцагчийн хийгээгүй үйлдэл болон үүсээгүй байгаа үр дагаварт дүгнэлт хийж хариуцагчид гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг даалгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна.”, 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-д “Монголын үндэсний олимпын хороо” болон түүний ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг даалгаж, уг мэдээ, мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг үүрэг болгуулах нэхэмжлэгч “Монголын үндэсний олимпын хороо” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Олимпизмыг аврах хөдөлгөөн” ТББ-д “Монголын үндэсний олимпын хороо” болон түүний ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг даалгаж, уг мэдээ, мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг үүрэг болгуулах нэхэмжлэгч “Монголын үндэсний олимпын хороо” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Монголын үндэсний олимпын хороо” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ

 

                                                 ШҮҮГЧИД                              Н.ОЮУНТУЯА

 

                                                                             Б.УУГАНБАЯР