| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/08744/И |
| Дугаар | 210/МА2026/00456 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00456
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09182 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Даатгалын гэрээний үүрэгт нийт ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******дугаартай Агаарын хөлгийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, даатгалын хураамжид ******* төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 4 хувааж сар бүр ******* төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон. Тус даатгалын гэрээний үргэлжлэх хугацаанд хариуцагчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцлах хүсэлт гаргаж, тус өдөр гэрээ дуусгавар болсон. Ийнхүү манай байгууллагад Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-т "Даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч даатгалын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох даатгалын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй" гэж заасны дагуу даатгалын хамгаалалт үйлчилж байсан хугацааны хураамжийг шаардах эрх үүссэн. Хариуцагч байгууллага эхний төлөлтийг хугацаанд нь хийсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш цуцлагдах хүртэл нийт 161 хоног хүчин төгөлдөр даатгалын хамгаалалт үйлчилж байсан бөгөөд 53 хоногт ноогдох ******* төгрөгийг төлөлгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Иймд *******дугаартай Агаарын хөлгийн даатгалын гэрээ-ний 9.1-д даатгалын хураамжийг хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хоног тутамд 0.5 хувийн алдангийг даатгагчид төлнө гэж тохиролцсоны дагуу /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу гэрээ дуусгавар болсон өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 984 өдөр, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар тооцов/ ******* төгрөг, үндсэн төлбөр ******* төгрөг, нийт ******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ... ******* ХХК нь ******* ХХК-тай *******дугаартай Агаарын хөлгийн даатгалын гэрээ-г 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Тус гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн саналаар дуусгавар болгож цуцалсан болно. Манай компани ******* ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* төгрөг, нийт ******* төгрөгийг төлсөн. ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 53 хоногт ногдох ******* төгрөгийг бид төлсөн бөгөөд илүү төлөлт зөрүү нь ******* төгрөг болсон байна. Иймд манай компани нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг бүгдийг нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* ХХК нь ******* ХХК-тай Г *******дугаартай Агаарын хөлгийн даатгалын гэрээг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Тус гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн саналаар дуусгавар болгож цуцалсан болно.
4.2. Манай компани *******" ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* төгрөг, нийт ******* төгрөгийг төлсөн болно.
******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 53 хоногт ногдох ******* төгрөгийг бид төлсөн бөгөөд илүү төлөлт зөрүү нь ******* төгрөг болсон тул бид ямар ч өр төлбөргүй гэж ойлгож ирсэн.
Гэтэл анхан шатны шүүх ******* ХХК-аас ******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалтын 93,475 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид олгох шийдвэрийг зөвшөөрөхгүй гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Манай байгууллага ******* төгрөгийг алдангид тооцож нэхэмжилсэн. Тухайн алдангийн үнийн дүнгээс хариуцагч тал ******* төгрөгийг төлсөн учир үлдэгдэл нь******* төгрөг байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн манай байгууллага тухайн алдангийг нэхэмжилсэн нь ямар нэгэн ашиг олох зорилготой биш бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр тухайн даатгалын гэрээний төрөл нь давхар даатгалд заавал даатгуулах шаардлагатай гэрээний төрөлд хамаардаг. Тиймээс бид тухайн төлбөрийг авч давхар даатгалд төлдөг. Ханшийн зөрүүнээс үүдэж манай байгууллага одоогоор алдагдал хүлээсэн нөхцөл байдалтай байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн, илүү төлөлтийн зөрүү ******* төгрөг болсон гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******дугаартай Агаарын хөлгийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр даатгуулагч нь ******* төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 4 хувааж сар бүр ******* төгрөгийг даатгагчид төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 7-26/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.
3.2. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс 2022 оны 11 дүгээр сард гэрээг цуцлах тухай нэхэмжлэгч ******* ХХК-д мэдэгдэж, улмаар талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болгон цуцалсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй тул Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3 дахь хэсэгт зааснаар гэрээ үйлчилсэн хүртэлх хугацааны үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.3 дахь хэсэгт зааснаар даатгуулагч ******* ХХК нь даатгалын гэрээнээс татгалзсаныг даатгагч ******* ХХК хүлээн авсан талаар хэн аль нь маргаагүй, энэ тохиолдолд даатгагч нь эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаа буюу гэрээний хугацаанд тохирох даатгалын хураамжийг шаардах эрхтэй.
4. Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-аас ******* ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* төгрөг, нийт ******* төгрөгийг даатгалын төлбөрт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Голомт банк ХК-ийн цахим гүйлгээний баримт болон Капитрон банкны төлбөрийн баримтаар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх 46-47/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд ногдох ******* төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу гэрээ дуусгавар болсон өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны алданги буюу ******* төгрөг, нийт ******* төгрөгийг гаргуулахаар шаардаж, улмаар хариуцагчаас даатгалын гэрээний төлбөрт төлсөн ******* төгрөгийг хасаж тооцон, үлдэх ******* төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Агаарын хөлгийн даатгалын гэрээний 9.1-д зааснаар даатгалын хураамжийг хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож алданги төлнө гэж тохиролцсоны дагуу гэрээ дуусгавар болсноос хойших нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны алдангийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, хариуцагчийг гэрээ болон хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.
Өөрөөр хэлбэл нэгэнт үндсэн гэрээ дуусгавар болсон тохиолдолд буюу гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир гэрээний нэмэлт үүрэг мөн адил дуусгавар болно.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч ******* ХХК-аас даатгалын гэрээний үүрэгт нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ХХК-аас даатгалын гэрээний үүрэгт нийт ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,782 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ХУЛАН