Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 922

 

 

 

 

 

 

 

 

 

2019         10          30                                   2019/ШЦТ/922       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч  Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Т.Э (өөрөө өөрийгөө өмгөөлж),

Шүүгдэгч Н.Т (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т, Т.Э нарт холбогдох эрүүгийн 1909032541034 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Биеийн тамирын дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 41 дүгээр байр 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 72-55 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.Т, Т.Э нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 23-наас 2019 оны 8 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маркю /Marque/ бааранд Б.Төрбаттай маргалдаж зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун шанаа, хоёр далны гол зүүн даланд зулгаралт, баруун дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Т.Э нь ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 23-наас 2019 оны 8 дугаар сарын 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маркю /Marque/ бааранд Э.Чингүүнтэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд “зүүн нүдний болон гадна буланд шарх, зүүн хацарт шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол хоёр, түүнээс дээш хүнд учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909032541034 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Н.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын 24-ны өдөр 22:00 цагийн үед “Мэркүй” бааранд Энхтүшиг, Шинэзориг нарын хамт орсон. Бид нар бааранд бүжиглэж байгаад ариун цэврийн өрөө рүү орсон. Энхтүшиг бид хоёр ариун цэврийн өрөөнд бие засаад зогсож байхад ариун цэврийн өрөөнд 3 залуу орж ирсэн. Би шээж байгаад тэр гурван залуу руу харахад Төрбат гээд залуу нь “энд яагаад тамхи татаад байгаа юм бэ?” гээд сонин дууны өнгөөр хэлсэн. Би Төрбатад хандаж “чи юу яриад байгаа юм бэ? хэн энд тамхи татсан юм бэ?” гэж хэлээд “чи намайг үнэртэх юм уу” гэж хэлээд тэр залуу руу дөхөж очоод тэр залуу руу үлээгээд би “тамхи татаагүй байгаа биз дэ?” гэж хэлэхэд хэсэг хугацаанд чимээгүй байж байснаа Төрбат миний хоолой хэсгээс гараараа барьж байгаад багалзуураад намайг түлхсэн. Би зөрүүлж тэр залууг заамдаж байгаад гарах хаалганы өөдөөс харсан булан руу дагуулж байгаад тэр залуу намайг цохих гэж байгаад өөрөө газарт хальтарч унасан. Би тэр залууг заамдсан чигээрээ булан руу чирээд буланд тулсан. Би буланд нь тулаад тэр залууг заамдаад доош нь доороо хийчихсэн байсан. Манай найз Энхтүшиг Төрбатын нуруу, бөгс хэсэг рүү нь цохиод байсан. Би Энхтүшигийг өөр хэнийг зодож цохисныг хараагүй. Сүүлд нь надад ариун цэврийн өрөөнд орж ирсэн Чингүүн гээд залууг цохьсон гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22:00 цагийн үед найз Төгсбаяр, Шинэзориг нарын хамт Буянгийн зам дагуу байдаг “Мэркүй” нэртэй бааранд орсон. Үйлчлүүлж байгаад шөнийн 00:00 цагийн үед баарны ариун цэврийн өрөө рүү Шинэзориг, Төгсбаяр бид гурав хамт орсон. Бааран дотор бие засаад зогсож байхад Төгсбаяр баарны үүдэнд хүнтэй юм яриад зогсож байсан. Төгсбаяртай юм яриад зогсож байсан Төрбат гэх залуу Төгсбаярыг заамдаад түлхсэн. Тэгэхээр нь би Төгсбаярыг өмөөрөөд Төгсбаярыг заамдсан залуугийн нуруу хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Баарны ариунцэврийн өрөөнд надад цохиулсан Төрбатын 2-3 найз нь орж ирсэн. Ариун цэврийн өрөөнд хамгийн түрүүнд хаалга түлхэж орж ирсэн Чингүүний шанаа хэсэгт 1 удаа баруун гараараа цохисон. Манай найз Төгсбаяр өөрийг нь анх заамдсан Төрбаттай зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

             Хохирогч Б.Төрбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэрт байх Буянгийн зам дагуу “Мэркүй” гэх бааранд өөрийн найз Чингүүн, Тэмүүлэн гэх мэт 7 найзын хамт орж үйлчлүүлсэн. Бид гурав хүний 200 грам буюу 2 шот архи 1 шил пиво ууцгаасан. Тус бааранд хэн нэгэнтэй маргалдсан зүйл байгаагүй. 03 цагийн үед Чингүн, Тэмүүлэн бид гурав эрэгтэй тамхины өрөө хайж явж байгаад эрэгтэй ариун цэврийн өрөө рүү орсон. Би “энэ тамхины өрөө биш байна” гэж хэлсэн. Тэр үед ариун цэврийн өрөөнд үл таних 4-5 эрэгтэй хүн байсан. Тэдний хамгийн өндөр нь надад хандан “Би тамхи татаж байгаа юм шиг харагдаад байна уу, би тамхи татаагүй байна” гээд над руу уурласан. Би тэр өрөөнөөс гарах гэж байсан тул яриаг нь сайн сонсоогүй. Тэгээд “Айн” гэж хариултал тэр залуу миний цамцны захнаас заамдаад авсан. Би зөрүүлээд зууралдтал тэр залуу миний баруун дух руу цохисон. Миний толгой манарсан ба би нэг мэдэхэд шалан дээр ойччихсон миний дээрээс ариун цэврийн өрөөнд байсан залуус дэвсэлж цохиж байсан. Энэ үед Чингүүн бас тэр залуусд зодуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

            Хохирогч Э.Чингүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын 23-наас 2019 оны 8 дугаар сарын 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэрт байх “Мэркүй” гэх бааранд өөрийн найз Тэмүүлэн, Төрбат болон бусад 4 найзын хамт орсон. Бид тэнд хүний нэг нэг шил пиво, хоёр хундага архи ууцгаасан. Төрбат, Тэмүүлэн бид гурав тамхи татахаар тамхины өрөө хайж байгаад эрэгтэй ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгээд буцаж гарах гэтэл хамгийн өндөр нь Төрбат руу “Бид нар тамхи татаагүй байна” гэж уурлаад түрүүлж Төрбатыг заамдаж авсан. Төрбат тэр залууг зөрүүлж заамдтал Төрбатын нүүр рүү тэр өндөр залуу цохисон. Би тэр хоёрыг салгах гэтэл түүний найзууд болох 4 залуу бидэн рүү дайрсан. Тэмүүлэн тэр өрөөнөөс гарсан ба Төрбатыг тэр залуус шалан дээр унагаагаад зодсон. Би тэднийг салгах гэсэн боловч дийлээгүй. Тэр үед Төрбатыг түрүүлж цохисон залуу миний нүүрний зүүн хэсэг рүү баруун гараараа цохисон. Миний нүдний шил хагарч нүүр хэсгийг бага зэрэг зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10316 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Б.Төрбатын биед тархи доргилт, баруун шанаа, хоёр далны гол, зүүн даланд зулгарал, баруун дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10317 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Э.Чингүүний биед зүүн нүдний дотор болон гадна буланд шарх, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, суралцаж байгаа тухай тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-57 дугаар хуудас/, гэрч Г.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Т, Т.Э нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 23-наас 2019 оны 8 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маркю” /Marque/ нэртэй бааранд Б.Төрбаттай хоорондоо харилцан зүй зохисгүйгээр харьцаж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шанаа, хоёр далны гол зүүн даланд зулгаралт, баруун дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Т, Т.Э нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Төрбатын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10316 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөн шүүгдэгч Т.Э нь ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 23-наас 2019 оны 8 дугаар сарын 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маркю” /Marque/ нэртэй бааранд Э.Чингүүнтэй хоорондоо харилцан зүй зохисгүйгээр харьцаж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний болон гадна буланд шарх, зүүн хацарт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т.Эийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Чингүүний мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10317 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Н.Таас бүлэглэн хохирогч Б.Төрбатын биед, шүүгдэгч Т.Эээс бүлэглэн Б.Төрбатын биед, ганцаараа хохирогч Э.Чингүүний биед тус тус хүч хэрэглэсэн үйлдлээ өөрсдөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нар өөрсдийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Тын үйлдэл нь “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Т.Эийн үйлдэл нь “Бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т, Т.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Тыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Эийг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Төрбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтантуяагаас “...Хохиролд 500.000 төгрөг авсан. Цаашид хүү Б.Төрбатын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ /хх-ийн 82 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгч нар нь хохирогч Б.Төрбатад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч Т.Эээс “...хохирогч Э.Чингүүнд хохирлыг төлж барагдуулна....” гэж, хохирогч Э.Чингүүнээс “...хохирлын мөнгийг барагдуулвал гомдолгүй, эвлэрч байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул тэдгээрийг хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд хохирогч Э.Чингүүнээс гаргасан гэм хорын хохирлын талаарх баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Эээс 144.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Чингүүнд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Т, Т.Э нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.Тыг учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Т, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Т, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах болон зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Т, Т.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Т.Эг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Т.Э нарыг тус бүрээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Т.Э нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Шүүгдэгч Н.Т, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Төрбатад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эээс 144.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Чингүүнд олгосугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Т.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН