Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр      Дугаар 181/ШШ2016/00700             Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Яргайт 40 гудамж, 625б оршин суух, Сартуул овогт Сүхбаатарын Уранбаяр/РД: ХИ70090804/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 7б байр, Гадаад хэргийн яамны 2-р байранд байрлах, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Уранбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч С.Уранбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Уранбаяр миний бие БНМАУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх аж ахуйн газарт 1997 оны 8 сарын 21-ний өдөр №181 тоот тушаалаар Барилга засварын хэсэгт томилогдон засалчнаар 19 жил тасралтгүй ажилласан юм.

Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд миний ажлын амжилтыг үнэлж цалингийн хувиар, баярын бичиг, салбарын тэргүүний ажилтнаар тус тус шагнаж байсан болно.

2016 оны 05 сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын №А/36 тоот тушаал гарч Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заатыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалаар тус байгууллагын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтнуудыг нэг дор ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө Мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөх тушаал гарсны маргаашнаас эхлэн сантехникийн ажилтан Г.Мөнхсайхан, Д.Агваандаш, Ж.Болорцогт, холбооны техникч О.Эрдэнэбаатар, мужаан Ж.Мөнхбаатар зэрэг ажилтнуудыг ажил олгогч дуудаж ажилд нь эргүүлж авах санал тавьсны дагуу ажилдаа эргэн орж ажиллаж байгаа, 2016 оны 05 сарын 26-ны өдрийн “Өдрийн сонин”-ы №125(5390) дугаарт “барилгын инженер, цахилгаанчин” зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан, гагнуурчин Н.Баярсайхныг ажилд нь эргүүлж авах санал 2016 оны 06 сарын 06-ны өдөр тавихаар дуудаж уулзаад ажилд буцаан авсан зэргээс үзвэл ажил олгогч хууль зөрчиж ажилтнуудыг хомроглон халсан нь нотлогдож байна гэж үзэж байна.

Миний зүгээс ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байгаа тул ажилдаа эгүүлэн орж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн цалин 589 400 төгрөг, 2, 3, 4 сарын 582 311 төгрөгийн цалин, 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс хойш нийт 84 хоногийн цалин тооцож нийт 2 223 490 төгрөгийг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

С.Уранбаяр нь Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГазар ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан бөгөөд  Дипломот байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГазар нь Аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар болж байгаатай холбогдуулан засалчин албан тушаалтай С.Уранбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс тасалбар болгож байгааг мэдэгдье гэсэн байдаг. Энэ нь зөвхөн энэ байгуууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбоотой бүх ажилчдад мэдэгдэж байгаа хуудас юм. Нэхэмжлэгчийн тайлбараас гэрээ шинэчлэх гэж байгаа болохоор гарын үсэг зуруулж байна гэсэн байдаг. Мэдэгдэх хуудас нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтэй нийцэхгүй байгаа бөгөөд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын бүтэц орон тоо нь 2016 оны 05-р сарын 17-ны өдөр өөрчлөгдсөнөөс хойш 2 хоногийн дараа С.Уранбаяр ажлаас чөлөөлсөн байдаг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор байгууллагад өөрчлөлт оруулсан. 2016 оны 01-р сарын 18-ны өдөр байгууллагын дүрмийг баталсан байдаг. Гадаад харилцааны яамнаас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр албан тоотоор Сангийн яаманд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын бүтэцтэй холбоотой санал хүргүүлсэн ба энэ саналыг үндэслэн 2016 оны  05 дугаар сарын 17-ны өдрийн Сангийн яамны тушаал гарсан байдаг. 2016  оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулйин 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө 40.5-т заасан хугацаанд мэдэгдээгүй буюу бүтцийн өөрчлөлтийг баталсан тушаал гарсанаас 2 хоногийн дараа гэхэд л ажлаас чөлөөлсөн байгаа нь А/36 тоот тушаал нь Хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй тушаал юм. Хариуцагчийн зүгээс 2015 оны 12-р сарын 23-ны өдөр бүх ажилчдад гардуулсан мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ мэдэгдэл нь манай байгууллагын статуст өөрчлөлт орж байгаа тул хөдөлмөрийг гэрээ цуцлах тухай мэдэгдэл байгаа буюу орон тоо хасагдаж байгаа талаархи мэдэгдэл биш юм. Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын бүтцийг 2016 оны 05-р сарын 17-ны өдөр Сангийн сайд батлаад байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-т заасныг баримтлаагүй байгаа юм. Ажил олгогчийн зүгээс нийтлэг үйлчилгээний барилгын ажилчид шаардлаггүй гэсэн саналыг яаманд хүргүүлж байсан ч зарим хүмүүсийг 2016 оны 05-р сарын 20-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан байдаг. 2016 оны 05 сарын 26-ны өдөр Барилгын ажилчин, цахилгаанчин ажилд авна гэсэн зар байдаг. Энэ зараас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж хүнд ийм шаардлага тавих шаардлагагүй байх. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т болон бүтэц, орон тоо батлагдсан болохоор ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн атал өөрсдөө бүтэц нэмж зарим ажилчдыг эгүүлэн ажилд нь авч байсан байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж С.Уранбаярыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулж, нийгмийн даатгалын бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байгаа юм.” гэв.

 

Хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Уранбаряын Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар/ДБҮЭГ ТӨҮГ/ төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал би эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

ДБҮЭГ ТӨҮГ нь Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны 46 дугаар тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний 501 дүгээр тогтоолын 7 дахь заалтаар ДБҮЭГ ТӨҮГ-г аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан ба Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4-д зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан.

         Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар нь аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаа, үүнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтын зорилго нь ажпаас халагдаж буй ажилтанд дараагийн ажлын байраа олж бэлдэхэд зориулсан хугацааг ажил олгогч гаргаж өгөх агуулга бүхий хамгаалалт бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлж ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар ДБҮЭГ ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш ДБҮЭГ ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 17-нд Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон.

   Иймд ДБҮЭГ ТӨҮГ -ын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний А/36 дугаар тушаалаар ажилтнуудыг ажпаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг ДБҮЭГ ТӨҮГ -ын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасаж, харин шаардпагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар түс газрын дүрэмд заасан тул бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ нэн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан. Нэгэнт хуучин ажилчид маань гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Уранбаяр хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдуулан засалчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 223 490 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид засалчинаар ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн/хх-6-7/ болон 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалын/хх-3-4/ хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгчийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь А/36 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” гэж заасан.

 

Монгол Улсын Сангийн Сайдын 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаар тушаал болон тушаалын хавсралт 4-т зааснаар хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан нийтлэг үйлчилгээний хэлтэс татан буугдсан болох нь 189 дугаар тушаал/хх-25/ болон тушаалын хавсралт 4-ийн/хх-26/ хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасныг баримтлаагүй гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх .... бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж ....” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүлйийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гардуулан өгч, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болгосон болох нь мэдэгдэх хуудсын/хх-29/ болон А/36 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч зарим хүмүүсийг 2016 оны 05-р сарын 20-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан гэсэн тайлбар гаргаж, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Өдрийн сонин”-д гарсан зарын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

“Өдрийн сонин”-д гарсан зар болон хэрэгт авсагдсан нотлох баримтуудаар хариуцагч нь “Засалчин“-ы ажлын байрыг дахин бий болгож, тухай ажилд өөр этгээдийг томилон ажиллуулж байгаа болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын засалчны ажилд эгүүлж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 223 490/хоёр сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Уранбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын засалчны ажилд эгүүлж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 223 490/хоёр сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Уранбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.Уранбаяр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ