| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/01005/И |
| Дугаар | 701 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 701
2016 оны 09 сарын 15 өдөр Дугаар 181/ШШ2016/00701 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй,
1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ах Дугарын хамт, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлх, 44-63 тоотод оршин суудаг иргэн Зая гэгээн овогт Очирбатын Лхагважигжид/РД: ХЙ69101570-ыг архины албадан эмчилгээнд явуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч Ж.Баясгалан, гуравдагч этгээд О.Лхагважигжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Лхагважигжид ээжтэйгээ 2-лаа амьдардаг байсан, ээж нь нүүгээд явсан. О.Лхагважигжид байнга архидан согтуурдаг, архинд донтох өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байгаа юм. Сүхбаатар дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байнаг архидан согтуурч, зөрчил гаргадаг. Өмнө нь архины албадан эмчилгээнд явж байсан.
Иймд согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд зааснаар архины албадан эмчилгээнд О.Лхагважигжидийг явуулж өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд О.Лхагважигжид нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ ярьж байгаа зүйлийг мэдэхгүй. Гэртээ ороол хийх юм аа хийгээл хаалгаа түгжээд унтаад өгдөг.” гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс гуравдагч этгээд О.Лхагважигжидийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Гуравдагч этгээд О.Лхагважигжидэд 5 удаа торгох, 4 удаа эрүүлжүүлэх, 2 архины албадан эмчилгээнд хамруулах арга хэмжээ ногдуулсан, архаг архичны судалгаанд хамрагдсан, гуравдагч этгээд нь хэрэгт холбогдож, өртөж болзошгүй этгээдийн судалгаанд хамрагдсан, захиргааны зөрчлийн шийдвэрийн бүртгэлд бүртгэгдэж байсан болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээлгэж байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон О.Лхагважигжидийн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ.” гэж заасан.
Гуравдагч этгээд О.Лхагважигжид нь АДӨ III дугаар зэргийн өвчтэй болох нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Шүүх Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Зая гэгээн овогт Очирбатын Лхагважигжид/РД: ХЙ69101570/-ийг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ