Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 139

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд,

 улсын яллагч Г.Цолмонгэрэл,               

 шүүгдэгч Д.Отгонтөгс, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1846) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Дураал овогт Дагвасүрэнгийн Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 1931001740130 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Дураал овогт Дагвасүрэнгийн Отгонтөгс, Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Долт” газар тариалангийн компанид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, Техникчдийн гудамж, 1-05 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/МЕ88012914/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Отгонтөгс нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, “Харгантын ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан, газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Отгонтөгс нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, “Харгантын ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан, газрын хэвлийд халдаж, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Отгонтөгс гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Отгонтөгсийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг[1],      

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хувьд Д.Отгонтөгс нь хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар мэдэх зүйл байхгүй байна. Хуульд заасны дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутай хүнээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж зохих журмын дагуу арга хэмжээ тооцож шийдвэрлүүлэх саналтай байна” гэх мэдүүлэг[2],

3. Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Шаргал өнгийн Комацу загварын  экскаватор миний өөрийн эзэмшлийн экскаватор байгаа юм. Би 2018 оны 05 дугаар сард замын компаниас 8,000,000 төгрөгөөр ажилладаггүй, эвдэрсэн экскаватор худалдаж авч байсан юм. Ингээд би өөрөө засч чадахгүй байсан ба манай хуурай дүү Отгонтөгс хавар засаад янзлаад өгөхөөр нь би баярлаад энэ жил аваад ажил төрөл хийхгүй юу гэж хэлээд өгсөн юм. Тэгсэн чинь “Ерөө” суманд миний экскаватороор алт олборлож байгаад цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг[3],

4.  Гэрч Д.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, энэ гэр байгаа газраас хойш хуучин олборлолт явуулсан газарт Комацу загварын  экскаватороор газрыг ухаж, алт угаах төхөөрөмжинд хийж алт угаах үйл ажиллагаа 2 хоног явуулсан. Уг алт угаах үйл ажиллагааг Д.Отгонтөгс өөрөө зохион байгуулж явуулсан” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Э.Алтанхундагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийг хүртэл 2 хоногийн хугацаанд угаах төхөөрөмжийнхөө ойр орчмоос эфель /урьд олборлолт явуулж угаасан шороо/-ноос угаасан. Тэгээд 10-12 цаг угаахад 2-3 грамм орчим алт гарч байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Отгонтөгс Дархан уул аймаг руу сэлбэг авчирахаар явсан ингэж явахдаа угаах төхөөрөмж, гэр байсан газраас хойд зүгт хуучин олборлолт явуулж байсан талбайн орчимд нэг хэсэг газар орхигдсон байсныг Отгонтөгс надад зааж өгөөд энэ нэг үлдсэн хэсэг газар байна үүнийг зөөгөөд угаагаад үзэж байгаарай гэж хэлж орхиод явсан юм. ”Харганат” гэх газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл холбогдох баримт бичиг байгаа эсэх талаар сайн мэдэхгүй байна. Отгонтөгс хэлэхдээ бичиг баримтаа хөөцөлдөж байгаа л гэж байсан. Тухайн уурхайн үйл ажиллагааг бол Отгонтөгс л хариуцдаг миний хувьд бол цалин авч туслах ажилтнаар л ажиллаж байгаа ” гэх мэдүүлэг[5],

6.  Гэрч Б.Сүхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний танил Отгонтөгс гэдэг залуу намайг ажил хийх үү гэхээр нь би ажилгүй байж байхаар гээд зөвшөөрч, Отгонтөгсийн уурхайд ажиллахаар ирсэн. Би уурхайд ирснээс хойш заримдаа алт угаах төхөөрөмж ганц нэг удаа ажиллах үед дизельчин хийх болон бусад үед туслах ажилтнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч З.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хамаатны ах Отгонтөгс нь намайг чи ажилгүй байж байхаар манай уурхайд очиж экскаватор барих уу гэхээр нь би зөвшөөрч, “Харганат” гэх газарт экскаваторын оператораар ажиллахаар очсон юм. Тэгээд би уурхайд очоод Комацу-220 маркийн экскаваторыг хүмүүстэй хамтарч засч янзалж тухайн экскаваторыг барьж байсан. Тухайн уурхайг Д.Отгонтөгс хариуцан ажиллуулдаг байсан. Бид нарын хийх ажлыг зааж өгдөг байсан” гэх мэдүүлэг[7],

8.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэний 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18-05-038/20 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Д.Отгонтөгсийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (3954+1684800+117000) нийт 1,805,754 (нэг сая найман зуун таван мянга долоон зуун тавин дөрөв) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[8],

9. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №СЭА-83 дугаартай KOMATSU-220PC маркын гар аргаар босгосон экскаваторын өнгө үзэмж, техникийн байдлаас хамаарч 2019 оны 07 сарын байдлаар 8,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт[9],

10. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №СЭА-085 дугаартай

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

Алт угаах төхөөрөмж 1 цагт 1 м/куб шороо угаах хүчин чадалтай

ш

1

250,000

250,000

Гар аргаар угсарсан хуучин

2

Нийт дүн

 

 

 

250,000

 

 

Хүснэгт[10] “Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 06 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний дүгнэлт[11],

11. Шүүгдэгч Д.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харганат” гэх газарт ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл холбогдох баримт бичиг байхгүй. Ер нь бол одоо бичиг баримт гаргуулж авахаар хөөцөлдөж байгаа одоогоор бол ямар нэгэн баримт бичиг зөвшөөрөл байхгүй. Миний хувьд бол “Харганат” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг[12], Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13] зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Отгонтөгсийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.  

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Д.Отгонтөгсийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 1,805,754 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Д.Отгонтөгс нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Отгонтөгс нь хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаангүй, байгаль экологид учруулсан хохирлыг ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,805,754 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Отгонтөгсийн цалин, орлого олох байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц 10 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Отгонтөгс нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлэн хорих ялаар солихыг анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Отгонтөгсийн гэмт үйлдэлдээ ашигласан Каматсу-220 PC маркийн экскаваторын үнэ 8,000,000 (найман сая) төгрөгийг шүүгдэгч Д.Отгонтөгсөөс гаргуулан улсын төсөвт орлогод оруулахаар шийдвэрлэж, энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн алт угаах төхөөрөмж нь шүүгдэгчийн өмчлөлийнх бөгөөд хуучирч муудсан, гар аргаар угсарсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилан заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Гэвч дээрх Каматсу-220 PC маркийн экскаватор нь шүүгдэгч Д.Отгонтөгсийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулж, уг техникийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Баатархүүгийн Эрдэнэбаатарт /ХВ79040977/ олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дураал овогт Дагвасүрэнгийн Отгонтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонтөгсөд 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Отгонтөгсөд оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Отгонтөгс нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Каматсу-220 PC маркийн экскаваторын үнэ 8,000,000 (найман сая) төгрөгийг ялтан Д.Отгонтөгсөөс гаргуулан улсын төсөвт орлогод оруулсугай.

6. Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, KOMATSU-220 PC маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Баатархүүгийн Эрдэнэбаатарт /ХВ79040977/ олгосугай.

7. Ялтан Д.Отгонтөгс нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Ялтан Д.Отгонтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ