| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 191/2025/00218/И |
| Дугаар | 210/МА2026/00521 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00521
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10562 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох,
2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/3703 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор ******* төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гргээ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******ХХК-ийн уурхай дээр 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрүүдэд тус байгууллагын ажилчид нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хүрээнд, өөрсдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн ажил хаялт зарласан байдаг. Ажил хаялтад нэхэмжлэгчийг оролцох үедээ дараах зөрчлүүдийг гаргасан хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
-2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус компанийн ажилтан ******* ажил үүргээ гүйцэтгэе гэхэд түүнд саад учруулсан, түүн рүү зүй зохисгүй үг хэллэг хэлж, гараа чичсэн байдалтай харилцаа үүсгэсэн, *******ХХК-ийн ярилцлагын тэмдэглэлийн маягт.
-2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15:00 цагт Компанийн дотооддоо ажлын хэрэгцээндээ ашигладаг станцаар олон нийтийн дунд ичиж амьдар гэх мэтчилэн үг яриа хэрэглэсэн гэжээ. *******ХХК-ийн ярилцлагын тэмдэглэлийн маягт.
Нэхэмжлэгч нь бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл гаргаагүй. Тодруулбал *******ХХК-ийн ярилцлагын тэмдэглэлийн маягтын 7 дугаар асуулт Бичлэгийнхээ сүүлийн хэсэг дээр би чамтай юу ч ярих вэ дээ гээд гараараа чичилж байгаа гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь зөвхөн үзэл бодлоо илэрхийлэх хүрээнд ажилтантай харилцсан байдаг.
*******ХХК-ийн мөрддөг Амь нас хамгаалах 7 дүрмийн Ажилтан нь ямагт аливаа тоног төхөөрөмж дээр ажиллах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй тухайн ажлын хэсэгт ажиллах эрхтэй байх гэж заасны дагуу гомдол гаргагч нь ахлах ажилтнуудаа уг дүрмээ сахиж ажиллахыг станцаар шаардлага тавьсан байдаг. Тодруулбал ахлах ажилчид нь тухайн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл дээр ажиллах эрхгүй хүмүүс байсан тул нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагын дотооддоо дагаж мөрддөг, Амь нас хамгаалах 7 дүрмийн шаардлагыг тавьсан. Гэвч ажил олгогчоос дотооддоо дагаж мөрддөг журмыг дагаж мөрдөх талаар хууль ёсны шаардлага тавьсан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.
1.2. Мөн *******ХХК-ийн *******оос авсан ярилцлагын тэмдэглэлийн 12 дахь хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүд хоорондоо маргаантай үед ажил хаялт зарлах хэр зохимжтой 637, 14 дэх хэсэгт Та бүгдийн явуулсан ажил хаялт Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 болон 26.3-т заасны дагуу Дийлэнх олонх ажилчид ажил хаялт зарлая гэдэг байдлаар хурал хийсэн үү?, 15 дахь хэсэгт Хоёр Үйлдвэрчний эвлэл тохиролцсон байсан уу гэхэд та тохиролцоогүй гэж хариулсан. Тохиролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ажил хаялтад хамаарахгүй зохицуулалт байгаа гэх мэтээр асууж тодруулдаг. Тухайн ажил хаялтад ажилчид өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө эвлэлдэн нэгдсэн байхад тухайн эвлэлдэн нэгдэх байдлыг буруутгаж, үгүйсгэсэн шинжтэй хандаж байгаа нь хуульд нийцэхгүйгээс гадна нэхэмжлэгчийг тухайн ажил хаялтыг зохион байгуулсан мэтээр асууж тодруулж, тулгасан байдлаар харилцсан байгааг ажилтныг ажил хаялтад оролцсон, зохион байгуулсан гэж буруутгаж байгаа нь харагдана.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн.
Иймээс *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/3703 тоот тушаалаар *******ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгож, Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд эргүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс ******* төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг цахим системд нөхөн бичилт хийлгэж өгөхийг *******ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ...Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл гаргасан буюу хамтран ажилладаг ******* руу хуруугаараа чичилж харьцсан, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр станцаар хамтран ажиллагсдаа нэр цохон дуудаж зохисгүй, хүндэтгэлгүй харилцсан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдож, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд давтан зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 6/3703 дугаар *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал үндэслэл бүхий гарсан. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.8-д Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно гэж тус тус заасан.
2.2. *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/9939 дүгээр тушаалаар ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа гар утас ашигласан, суудлын бүсээ бүрэн зөв зүүгээгүй, анхаарлаа сарниулж замын тусгаарлах хөмсөг мөргөсөн зөрчил гаргасан тул түүний үндсэн цалинг 2024 оны 01 дүгээр сарын эхний цалингаас эхлэн 01 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2.3. *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн "б" дэх заалтад ...Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх, компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, 8 дугаар зүйлийн "в" дэх заалтад ...компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй, зан хандлага болон мэргэжлийн зан төлөвийн талаарх хэм хэмжээг ханган ажиллах гэж тус тус заасан үүргийг ажилтан хүлээдэг бөгөөд ажилтан ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.7-д Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно, 17 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах зөрчлүүд гээд 17.4-т Дараах зөрчлүүдийг сахилгын бусад зөрчилд тооцох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй, 17.4.4-т Ёс зүйн зохистой хэм хэмжээг зөрчих зөрчлийг зааж, 17.4.4.2-т Бусадтай харилцахдаа орилж хашхичих, зохисгүй, хүндэтгэлгүй, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл гаргах (Жишээ нь: хуруугаараа чичлэх, хараал хэлэх, бүдүүлэг, дайрч доромжилсон үйлдэл, дохио зангаа үзүүлэх) гэж, мөн журмын 14.1-т Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, тус журам, компанид дагаж мөрддөг бусад журам болон хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцална" гэж тус тус заасан.
Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 8.1-д Кэмпид байрлаж байгаа ажилтан, гэрээт компанийн ажилтан, зочин болон бусад этгээд нь Уурхайн талбарт байгаа бусад хүмүүстэй хүндэтгэлтэй, эвтэй, найрсаг байх ёс зүйн хэм хэмжээг баримтална, 8.2-т Кэмпид байрлаж байгаа ажилтан, гэрээт компанийн ажилтан, зочин болон бусад этгээд нь дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг баримтална", 8.2.1-т "Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, Бидний ажлын арга барил болон бусад бодлого, дүрэм, журам, стандартад нийцүүлэн биеэ авч явах, бусадтай харилцах", 8.2.4-т "Бусадтай эелдэг, боловсон харилцах, 8.2.8-д Компанийн дүрэм, журам, стандарт, норм, нормативыг зөрчсөн үйлдэл гаргахгүй байх" гэж тус тус заасан.
2.4. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ил уурхайн оффисын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр нэхэмжлэгч ******* нь *******ХХК-ийн ажлын хувцас болох улбар шар өнгийн цамц, хөх өнгийн өмд бүхий ажлын хувцастай ..., 10 орчим хүмүүс дунд хаалга түшин зогсож байгаа нь нэхэмжлэгч байв, ... ******* гэх хүн өөрийн баруун гарын долоовор хуруугаараа тухайн хүний нүүр лүү нь зааж чичилсэн байдалтайгаар үг хэлж байв гэж, мөн өдөр богино долгионы гар станцын дуу хураагуурт хураагдсан ярианы бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...******* та 3 бол ичиж амьдраарай, энэ олон ажилчдын эрх ашгийг хөндөж ирээд бид нарын ажлыг орлоод хууль зөрчөөд, өөрсдөө амь нас хамгаалах алтан долоон дүрмийг зөрчөөд ингээд явж байгаа чинь хууль бус юм шүү. Та нар 930 унах сургалтаа гүйцээгээгүй шууд эрхийг нь аваад явж байна. Та нар ичиж амьдраарай... гэж хэлсэн нь тус тус тусгагдаж баталгаажсан.
*******ын ярилцлагын тэмдэглэлд ...Би тэгэхээр нь ахлахууддаа хэлсэн. Та нар ичиж амьдраарай, энэ олон адилхан ах дүү ажилчид чинь үзэл бодлоо илэрхийлж байхад та нар зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодоод алтан дүрмээ зөрчөөд техник дээр гараад явж байгаа чинь гэдэг зүйлийг хэлсэн" гэсэн байдаг.
*******ын ярилцлагын тэмдэглэлд ... чи ёстой ичээч, компанид худалдагдсан чи хүмүүсийг ажилд нь гаргадаг, дандаа буруу юм. Тэр бичлэг дээр тодорхой байгаа даа гэсэн байдаг, ярьдаг гэдэг утгатай зүйл ярьсан,
Магадлан шалгалтын тайланд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажилласан ахлах ажилтан болон багийн ахлагч нар нь холбогдох сургалтанд суусан эсэх талаарх сургалтын системийн мэдээлэлд ******* болон ******* нар нь 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эрхээ авсан, ******* нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эрхээ авсан гэсэн байна.
Хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтад ******* нь *******ХХК-ийн дүрэм, журам, холбогдох гарын авлагуудтай уншиж танилцаж ойлгосноо, мөн дүрэм журмуудтай холбогдуулан гаргасан компанийн аливаа шийдвэрийг цаашид дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу холбогдох бусад баримт бичгүүдтэй ажилтан өөрөө танилцах үүрэгтэй гэснийг зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-д холбогдох нэхэмжлэгч *******ын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/3703 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин ******* төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын цахим системд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
4.1. Aнхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.2-т Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.7-д Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно, 14.1-д Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, тус журам, компанид дагаж мөрддөг бусад журам болон хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцална, 17.4.4.2-т Бусадтай харилцахдаа орилж хашхичих, зохисгүй, хүндэтгэлгүй, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл гаргах (Жишээ нь: хуруугаараа чичлэх, хараал хэлэх, бүдүүлэг, дайрч доромжилсон үйлдэл, дохио зангаа үзүүлэх) гэж, 17.5-д Журмын 17.4-т заасан зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэлийн хэлбэрийг ногдуулна, мөн 17.1-д ...компанийн бодлого дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа, компаниас батлан гаргасан бусад баримт бичиг, үйл ажиллагаанд мөрддөг аливаа бичиг баримт, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэхүү журамд заасан зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна гэх үндэслэлүүдээр *******той байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилтан ******* нь танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай баримтад гарын үсэг зурсанаар дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн байдаг.
Энэхүү ...2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилтан *******нь танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай баримтад гарын үсэг зурсанаар дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн гэж шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон баримт бичиг нь *******ХХК-ийн Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэм хүлээн зөвшөөрсөн тухай баримт байдаг ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасны дагуу 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Харин хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл болж буй Сахилгын шийтгэл ногдуулах журмыг огт танилцуулаагүй бөгөөд танилцуулсан тухайн баримт хэрэгт авагдаагүй тухай нэхэмжлэгч талын зүгээс маргаж хариуцагч талаас тодруулсан боловч баримтыг нэрлэн заагаагүй байдаг. Гэвч шүүхээс Кэмпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй танилцсан баримтыг сахилгын шийтгэл оногдуулах журамтай танилцах хэмээн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй.
Мөн хариуцагч *******ХХК нь Сахилгын шийтгэл оногдуулах тухай журам-ыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлын №54/21 дугаартай тушаал батлагдсан байхад нэхэмжлэгчийг 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тухайн баримттай танилцсан гэдэг нь цаг хугацааны хувьд ч танилцсан байх боломжгүй байна.
4.2. Ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээг хэрэглээгүй.
Нэхэмжлэгч *******ыг сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.4.4.2-т Бусадтай харилцахдаа орилж хашгичих зохисгүй, хүндлэлгүй, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл гаргах (жишээ нь хуруугаараа чичлэх, хараал хэлэх, бүдүүлэг дайрч доромжилсон үйлдэл, дохио зангаа үзүүлэх), мөн уг тушаалын 17.5-т Журмын 17.4-т заасан зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэлийн хэлбэрийг ногдуулна гэж заасан нь нэхэмжлэгчийг гаргасан зөрчилд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл оногдуулахаар журамдаа тусгайлан заасан байна.
Тодруулбал, Сахилгын шийтгэлийн 17.4-т заасан зөрчлийг гаргасан гэж үзвэл түүнд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэлийн хэлбэрийг ногдуулах тухай тусгайлан зохицуулжээ. Энэ нь ажил олгогчийн зүгээс ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинжтэйгээр тус зохицуулалтыг журамласан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-т Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах журмын 17.5-т заасан зохицуулалтыг хэрэглэж хэрэв зөрчил гаргасан гэж үзсэн бол нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоос өөр төрлийн сахилгын шийтгэл оногдуулахаар байна.
4.3. Нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны шаардлага тавьсан үйлдлийг анхаарч үзээгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь талд Дээрх ажил түр зогсолтын үед гэрч *******, *******, ******* нэхэмжлэгч ******* нь А ээлжинд ажиллаж байсан, нэхэмжлэгч нь *******, *******, ******* нар нь *******, *******, ******* тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн сургалтанд сууж, эрхээ авсан нь сургалтын системийн мэдээллээр нотлогдож нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Хариуцагч байгууллагын ажилтан нар нь жолоодох эрхийн сургалтад сууж тээврийн хэрэгслийг жолоодсон гэдэг боловч жолоодох эрхийн хугацаа дууссан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* 8:00-10:00 цагийн хооронд, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* 11:00-13:00 цагийн хооронд, ******* 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 11:00-13:00 цагийн хооронд тухайн сургалтад сууж жолоодох эрхийн зөвшөөрөл авсан гэдэг.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь тэднийг сургалтад суусан талаар мэдэх боломжгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг барих эрхгүй байсан. ******* тэднийг өглөө нь сургалтад суусан талаар мэдээгүй тухай гэрч нар мэдүүлдэг. Сургалтад суугаагүй талаар мэдээгүй байхад нь ******* нь зүй ёсны шаардлага тавьсан нь түүнийг журам зөрчсөн гэж үзэхгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь сахилгын шийтгэл ногдуулах журамтай танилцаагүй учраас тухайн журмыг мөрдөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан. *******ХХК-д ажилд орсон үеэс эхлэн холбогдох дүрэм, журмуудыг танилцуулдаг. *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.г-д зааснаар ажилтан *******ХХК-д мөрдөгдөж байгаа дүрэм, журмуудтай танилцах, мөн 8.б-д зааснаар тухайн журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. *******ХХК-д мөрдөгдөж байгаа дүрэм, журмууд нь компанийн цахим хаяг болон компьютерт нээлттэй байдлаар байршсан. Олон жил *******ХХК-д ажилласан ажилтан холбогдох дүрэм, журмуудыг мэдэхгүй байх боломжгүй. Ажилчдад нээлттэй байх үүднээс тухай бүр нээлттэй байдлаар байршуулж байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч тал танилцуулаагүй тул мэдэхгүй гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй.
Сахилгын шийтгэл ноогдуулах журмын 17.4.4.2-д заасны дагуу сануулах шийтгэл ногдуулах ёстой буюу ноцтой зөрчил гэж үзэн, ажлаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Тус журмын 9.7-д сахилгын шийтгэлийг 2 буюу түүнээс дээш гаргаж байгаа тохиолдолд давтан зөрчилд тооцно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Бид ноцтой зөрчил бус давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэрт ноцтой зөрчил гаргасан гэх агуулга тусгагдаагүй. 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тушаалд давтан зөрчил гаргасан гэх үндэслэл дурдагдсан. Өмнөх сахилгын шийтгэл буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зөрчил хүчин төгөлдөр хэвээр буюу 1 жилийн хугацаа дуусаагүй байх хугацаанд дахин зөрчил гаргасан нь давтан зөрчилд хамаарах тул сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.7-д заасны дагуу давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарсан.
Мөн *******ын тавьсан шаардлага зүй ёсных байсан, ажилчид жолооны эрхтэй болсон талаар мэдээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан нь үндэслэлгүй. Дээд шатны албан тушаалтнуудад шаардлага тавихдаа ичиж амьдар гэх мэт үг хэлсэн. *******, *******, ******* нар нь гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тус мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Жолоодох эрхгүй тул шаардлага тавьсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч гэрчүүд ******* гэх тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй байсан нь баримтаар нотлогддог. Эрхтэй байсан талаар мэдээгүй тул шаардлага тавьсан нь зөрчилд тооцогдохгүй гэж маргасан нь үндэслэлгүй. *******ХХК-ийн уурхайн талбар, сайтад дунджаар 15,000 ажилтан ажиллаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлд заасны дагуу ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох зорилгоор ажилчид хоорондоо харилцахдаа зохистой хэм хэмжээ барьж ажиллахыг үүрэг болгож байгаа. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрч өөрийн багийн ажилчдыг авч гарах гэж байхад нь ******* дунд хуруугаараа чичилж, чи компанид худалдагдсан гэх мэтээр олон хүний дэргэд доромжилж зөрчил гаргасан нь камерын бичлэгт үлдсэн. Энэ нь хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн үйлдэл хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. Сахилгын шийтгэл ногдуулах журам, хяналт шалгалтын тайлан, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар зөрчил үйлдсэн нь нотлогдож байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин ******* төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гарган 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан зөрчлийг гаргасан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон хуулийн холбогдох зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт буруу баримталсныг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.
4. *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/3703 дугаартай тушаалын 1 дэх заалтаар *******ХХК-ийн Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлгөөнт хүнд механизмын оператор ******* нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл гаргасан, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр станцаар хамтран ажиллагчидтай зохисгүй, хүндэтгэлгүй харилцсан, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд давтан зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, 10 дугаар зүйлийн 10.4.1.2, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 14.1, 17.4.4.2, 17.5, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8/2/ дахь заалтуудыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /1хх-6, 50/
5. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаанаар хэлэлцэж, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №8 тоот тэмдэглэл гарч түүнийг эс зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргаж, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдааны №108 дугаартай шийдвэр гарч харилцан тохиролцоогүй тул 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, шүүх нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авахаас татгалзаж, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх зохицуулалтад хамаарна.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл гаргасан, станцаар хамтран ажиллагчидтай зохисгүй, хүндэтгэлгүй харилцсан, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд давтан зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж,
нэхэмжлэгч нь бусадтай харилцахдаа зохисгүй үйл хөдлөл, зүй зохисгүй үг хэллэг хэлж, гараа чичсэн байдалтай харилцаа үүсгэсэн, станцаар хамтран ажиллагчидтай зохисгүй, хүндэтгэлгүй харилцсан үйлдэл гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаагүй, зөвхөн үзэл бодлоо илэрхийлэх хүрээнд ажилтантай харилцсан, хууль дүрмээ сахиж ажиллах шаардлага тавьсан гэж тус тус тайлбарлан маргасан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй.
Энэ тохиолдолд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь зөрчлийг ажилтан хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба түүнчлэн ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаас гадна уг зөрчлийг тогтоосон байх учиртай.
7.1. Хөдөлмөрийн гэрээний 8.б-д ...заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, 8.в-д ...бодлого журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаархи стандартыг ханган ажиллах, 10.4.1.2-т Ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан эсхүл энэхүү гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй бөгөөд гэрээг шууд цуцална, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.7-д "Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно, 14.1-д Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, тус журам, компанид дагаж мөрддөг бусад журам болон хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцална, 17.4.4.2-т Бусадтай харилцахдаа орилж хашхичих, зохисгүй, хүндэтгэлгүй, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл гаргах (Жишээ нь: хуруугаараа чичлэх, хараал хэлэх, бүдүүлэг, дайрч доромжилсон үйлдэл, дохио зангаа үзүүлэх) гэж, 17.5-д Журмын 17.4-т заасан зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэлийн хэлбэрийг ногдуулна, 17.1-д ...компанийн бодлого дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилгаа, компаниас батлан гаргасан бусад баримт бичиг, үйл ажиллагаанд мөрддөг аливаа бичиг баримт, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэхүү журамд заасан зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заажээ.
7.2. Нэхэмжлэгч нь дээрх сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан зөрчлийг гаргасан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Түүнчлэн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилтан ******* нь дээрх журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн тухай баримтад гарын үсэг зурсан. /1хх 53-54/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Кемпийн дотоод журам болон ёс зүйн дүрэмтэй танилцсан баримтыг Сахилгын шийтгэл оногдуулах журамтай танилцсан гэж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8.б-д компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, 8.в-д Компанийн Дотоод бодлого журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах-аар заасан байна.
7.3. Мөн хэрэгт авагдсан *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/9939 дүгээр тушаалаар *******од 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа гар утас ашигласан, суудлын бүсээ бүрэн зөв зүүгээгүй, анхаарлаа сарниулж замын тусгаарлах хөмсөг мөргөсөн зөрчил гаргасан тул түүний үндсэн цалинг 2024 оны 1 дүгээр сарын эхний цалингаас эхлэн 1 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг тушаалд гомдол гаргаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд нэхэмжлэгч нь Сахилгын шийтгэл оногдуулах тухай журам, уг журамд нэмэлт оруулах тухай тушаалтай танилцаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.4. Ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээг хэрэглээгүй гэсэн гомдлын тухайд Оюутолгой ХХК нь өөрийн компанийн үйл ажиллагаандаа өдөр тутам баримтлан ажиллавал зохих дүрэм, журмыг баталж уг дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд ямар үйлдлийг зөрчилд тооцох талаар ажил олгогч тодорхойлсон, үүнийг ажилтан дагаж мөрдөхөөр хүлээн зөвшөөрч дээрх дүрэм журмуудтай танилцсан байна. Гэтэл энэ зөрчлийг ажилтан гаргасан, энэ нь хөдөлмөрийн давтан зөрчилд тооцогдож байгаа тохиолдолд ажил олгогчоос өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгахгүй боломжгүй гэж үзэв.
7.5. Нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны шаардлага тавьсан үйлдлийг анхаарч үзээгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч ******* нь хэдийгээр хамтран ажиллагсдаа шаардлага тавьсан байгаа боловч Сахилгын шийтгэл оногдуулах тухай журамд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдлаар шаардлагаа тавьсан болох нь хэрэгт авагдсан 2024.07.08, 09-ний өдрийн магадлан шалгалтын тайлан, ярилцлагын тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ХУЛАН