| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/01964/И |
| Дугаар | 210/МА2026/00522 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00522
*******ХХК, *******групп ХХК нарын
нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10373 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК, *******групп ХХК нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Орон сууцыг албадан чөлөөлүүлж, гэрээний торгууль******* төгрөг, гэрээнээс учирсан хохирол ******* төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг *******ХХК, *******групп ХХК-д даалгах, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******групп ХХК болон иргэн *******т нар Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхон, 521 дүгээр байрны *******тоот хаягт байршилтай, ******* м.кв, 1 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №5 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Дээрх гэрээгээр иргэн *******т нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 2 өдөрт багтаан орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөх цаашлаад хэсэгчилсэн эсвэл үлдэгдэл төлбөрийг төлөх, *******групп ХХК нь тус орон сууцны түлхүүрийг худалдан авагч талд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд худалдагч тал худалдан авагч талд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхон, 521 дүгээр байрны *******тоот орон сууцны түлхүүрийг шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.
Гэвч иргэн *******т нь орон сууцны түлхүүрийг шилжүүлэн авсан өдрөөс эхлэн тус орон сууцанд амьдарч байгаа атлаа 2025 оны 03 дугаар cap хүртэл орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөлгүй манай компанийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдлэх ямар ч боломжгүй байдалд хүргэж өнөөдрийг хүртэл манай компанийг хохироосоор байна. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар, бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүйгээс гадна байраа суллаж өгөөд хохирлыг чинь төлөөд гарна гэсний дагуу гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзаж иргэн *******д орон сууцны хохирлыг төлөхийг удаа дараа шаардаж байрыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч хохирлоо төлөөд суллаад удахгүй гарна гэсээр өнөөдрийг хүртэл суллаж өгөөгүй.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 10 дугаар зүйлийн 10.1-д Энэхүү гэрээтэй холбоотой маргааныг худалдагч талын оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ гэж заасан болно. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 7.1-т гэрээг цуцалсан тохиолдолд сууцны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу худалдан авагч нь торгууль болох******* төгрөгийг худалдан авагч талд төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
*******тийн хууль бус эзэмшилд байгаа Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхон, 521 дүгээр байрны *******тоот хаягт байршилтай орон сууцыг бид 2022 оны 06 сараас эхлэн өөр иргэнд нэг сарын ******* төгрөгөөр буюу компанийн дотоод журамд зааснаар тогтоосон үнийн дагуу хөлслүүлэхээр тохиролцсон байсан боловч иргэн *******т худалдаж авна гэсэн учраас бид *******ттэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
Иймд хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 33 cap 8 хоногийн хугацаанд орон сууцанд амьдарсан зардлыг орон сууц хөлслөх жишиг үнэ нэг сарын ******* төгрөгөөр тооцож ******* төгрөг, торгууль******* төгрөг, нийт ******* төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхон, 521 дүгээр байрны *******тоот хаягт байршилтай орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой болгох зорилгоор Хангай хотхоны 1 өрөө байрыг хөлслөх төлбөрийн жишиг үнийг хариуцагчийн тухайн орон сууцанд амьдарсан хугацаа буюу 2022 оноос 2025 оны хугацаанд тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шинжээчийн дүгнэлт гарсан.
Уг шинжээчийн дүгнэлтэд 2025 оны 1 өрөө байрыг хөлслөх төлбөрийг ******* төгрөг гэж тодорхойлогдсоны дагуу нэхэмжлэлийн шаардлагын гэрээнээс учирсан хохирол ******* төгрөгийг 2022 оны 06 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сарын хүртэл нийт 39 сарын хугацаанд нэг сарын хөлслөх төлбөрийг ******* төгрөгөөр тооцон нийт ******* төгрөг болгон нэмэгдүүлж байна.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу *******групп ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүрэг, 11-р хороонд байрлах Хангай хотхоны 521-р байрны *******тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээний торгууль******* төгрөгийг гэрээнээс учирсан хохирол ******* төгрөг, нийт ******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******т нь *******групп ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ өнөө хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар *******т нь орон сууц өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, гэтэл худалдагч болох *******групп ХХК нь өнөө хүртэлх хугацаанд үүргээ биелүүлээгүй байгаа.
Монгол Улсын Хөгжлийн банк 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2/1425 дугаар албан бичгээр Хангай хотхоны орон сууцууд банкны барьцаанд байгаа нь тодорхой байгаа.
Байрны ордер болон гэрчилгээг *******тийн нэр дээр нэхэмжлэгч шилжүүлээгүй тул мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, байрны гэрчилгээг нэхэмжлэгч өнөөдрийг хүртэлх хугацаанд гаргаж өгөөгүй тул байрны мөнгийг 100 хувь шилжүүлэх боломжгүй байгаа. Төрийн банк нь өөрийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-11/79 дугаар албан бичгээр *******групп ХХК-д хандаж, харилцагч *******т нь Төрийн банкны Улиастай тооцооны төвөөс орон сууцны зээл авах хүсэлт гаргасан. Зээл хүсэгч *******тийн зээлийн 22/40 тоот шийдвэр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан тул Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Хангай хотхон 521 байрны *******тоот хаягт байрлалтай ******* м.кв нэг өрөө орон сууцыг *******тийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн байдаг.
*******т нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* ХХК-ийн Хөгжлийн банк дахь *******дугаар дансанд ******* төгрөг шилжүүлсэн.
Үүний дараа *******групп ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн ба эргэн төлөлтийн хуваарь нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан. Хөгжлийн банкны зөвшөөрсний дагуу байрны үнийг бүрэн төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг гаргаж болохыг зөвшөөрсөн бичгийг Хөгжлийн банканд хийж өгнө гэж гүйцэтгэх захирал н.Золжаргалын хэлсэн үгэнд итгэж байрныхаа үнийн үлдэгдэл ******* төгрөгийг төлөх бэлтгэлээ хангаж байх үед гэрээнд тусгагдаагүй байрны түрээс гэж бид нараас байрны урьдчилгаа гэж хийлгэсэн ******* төгрөгийг суутгаж, байрнаас албадан гаргуулахаар *******групп ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар иргэн биднийг хохироосоор өдийг хүрлээ.
Миний бие байнга, байрны гэрчилгээгээ авмаар байна, барьцаанаас чөлөөлмөөр байна, төлбөрөө бүрэн төлмөөр байна гэж тогтмол нэхэмжлэгчид сануулж, шаардаж, гурван ч удаа бичгээр өргөдөл өгч нэг ч удаа хариу аваагүй.
*******т нь хууль бусаар орон сууцад амьдраагүй, хууль бусаар, шударга бусаар орон сууцыг эзэмшээгүй болно. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг ашиглаж, эзэмшиж ирсэн. Байр, цахилгаан, дулаан, контор, СӨХ бүх төлбөрийг *******т болон ар гэр нь төлж ирсэн гэжээ.
3. Хариуцагч *******тийн сөрөг нэхэмжлэл, түүний тайлбарын агуулга:
3.1. *******т би *******групп ХХК-нд нэг өрөө байрны үндсэн үнэ болох ******* төгрөгийн урьдчилгаа төлбөр болох ******* төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөгжлийн банкны *******тоот дансанд төлсөн.
*******т би банкны ипотекийн зээлээр авахаар Төрийн банкнаас зээл хүсч өргөдөл өгсний дагуу тус Төрийн банктай харилцан тохиролцож Төрийн банкны Улиастай салбарын 22/40 тоот шийдвэр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тул Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот хаягт байрлалтай ******* м.кв нэг өрөө орон сууцыг *******ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг *******групп ХХК-д хүлээлгэн өгсөн байна.
*******групп ХХК энэ албан бичигт ямар ч хариу өгөөгүй тул тус банкнаас иргэн *******д олгох ипотекийн зээл олгогдох боломжгүй болж цуцлагдсан.
Гэтэл *******групп ХХК нь энэ байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байр болохыг би гэрээ хийх үед мэдээгүй, байрны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөхөөр тус *******групп ХХК-ийн хүмүүстэй уулзаж улмаар Хөгжлийн банкинд очиж лавлахад энэ байр нь *******" ХХК-аас Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байр болохыг олж мэдсэн. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.2 дахь хэсэгт заасны дагуу нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөнөөс би орон сууцны төлбөрөө бүрэн төлөх боломжгүй болсон.
*******групп ХХК нь Хангай хотхоны 521-р байрны *******тоот хаягт байрлалтай ******* м.кв байрыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан бөгөөд одоо энэ байр нь банкны зээлийн барьцаанд байгаа тул би үлдэгдэл төлбөрөө бүрэн төлсөн ч уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй. Иймд Сүхбаатар дүүргийн 11 хороо Хангай хотхоны 521-р байр *******тоот хаягт байрлалтай ******* м.кв орон сууцыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлж худалдан авагч *******т миний нэр дээр шилжүүлэхийг *******групп" ХХК болон ******* ХХК-д даалгаж шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3.2 Хариуцагч *******тийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний агуулга: ...
*******групп ХХК нь ******* ХХК-аас Хөгжлийн банктай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн З-БГ-ЗҮ 2017-180 дугаар зээлийн гэрээ орон сууцыг өмчлөгч этгээдийн өмнөөс халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн. Орон сууц худалдах,худалдан авах" гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Орон сууцны төлбөр хийх хугацааг заагаагүй, урьдчилгаа төлбөр, хэсэгчилсэн төлбөр болон үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг гэрээнд заагаагүй, ямар хугацаанд төлөх нь тодорхой бус, мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч тал нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдагч талд төлнө гэсэн заалт мөн хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч тал нуун дарагдуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.2, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 521-р байрны *******тоот хаягт байрлалтай ******* м.кв орон сууцыг Хөгжлийн банкны зээлийн барьцаанаас чөлөөлж худалдан авагч *******т миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг *******групп ХХК болон ******* ХХК-д даалгаж, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, түүний агуулга:
4.1. ... *******групп ХХК нь Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот орон сууцыг өмчлөгч болох ******* ХХК-тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах гэрээ-ний дагуу зарж борлуулсан бөгөөд тус орон сууцыг анхнаасаа *******д худалдах зорилгоор Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан тул дүр үзүүлсэн, халхавчлах зорилгоор хийсэн эсвэл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд *******групп ХХК болон *******т нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр юм.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу ******* ХХК нь Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны, 521 дүгээр байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ нь хуульд зааснаар олгогдсон хүчин төгөлдөр баримт бичиг байх тул тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхийг эдэлнэ. Энэхүү эрхийнхээ дагуу ******* ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг *******групп ХХК-аар дамжуулан бусдад буюу *******д зарж борлуулсан тул *******ттэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр хэлцэл.
Гэвч хариуцагч *******т нь *******групп" ХХК болон *******т нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний үнэ болох ******* төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд үндэслэлгүйгээр тус байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авах гэж байна.
4.2. Хэрэв хариуцагч *******т нь уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээний талууд үл хөдлөх эд хөрөнгө болон төлсөн төлбөрийг харилцан буцаах эрх зүйн үр дагавар үүсэх буюу Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч болох *******т нь шаардах эрхээ алдана.
Иймд *******ХХК болон *******т нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот ******* м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч *******ХХК, *******групп ХХК нарт өгөхийг даалгаж, хариуцагчаас *******эс******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК, *******групп ХХК нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******ХХК, *******групп ХХК нарт холбогдуулан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг *******ХХК болон *******групп ХХК-д даалгах, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай хариуцагч *******тийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 630,755 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 494,495 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх маргааны зарим үйл баримт, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэн зөв үнэлж чадаагүй, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна.
6.1. *******т нь уг орон сууцыг нэхэмжлэгч *******групп ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр худалдагчийн түлхүүр гардуулснаар хүлээн авч эзэмшсэн ба орон сууцны хөлсийг шууд бэлнээр төлөх боломжгүй Төрийн банкинд хүсэлт гаргаж судлуулсан зээлийн эх үүсвэрээр төлөхөөр тохирсон тул талууд санал нэгдэн орон сууцыг хүлээлцсэн. Гэтэл энэхүү зээл буюу хариуцагч орон сууцны үнийг төлөх боломжгүй болсон нь худалдан авагч буюу хариуцагчийн буруугаас болоогүй болох нь *******тийн Төрийн банкны *******тоот дансны 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх дансны хуулгаар банкны ипотекийн зээлийн урьдчилгаанд ******* төгрөг/******* төгрөг шимтгэл авсан/ байршуулсан баримт, Төрийн банкны 2022/07/01-ний 25-11/79 тоот орон сууцны ипотекийн зээл олгох 22/40 тоот шийдвэр гарсан тул уг Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг *******ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэж *******групп ХХК-д хүсэлт гаргаснаар нотлогдож байна. Шүүх энэ байдалд дүгнэлт өгөх ёстой.
6.2. Төрийн банкинд *******тийн байрны ипотекийн зээл судлагдаж тус банкны /ипотекийн зүйлийг шилжүүлэх тухай дээрх 2022/07/01- ны 25-11/79 тоот бичгийг худалдан авагч *******т авч *******групп ХХК-д очих хүртэл Хангай хотхоны 521 дүгээр байр бүхэлдээ 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчийн гэрчилгээ ******* ХХК-ийн нэр дээр гарсан. ******* ХХК-нь уг орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 19-нд Б-БГ-ҮХ 2017-181 дугаартай гэрээгээр Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсныг /Хөгжлийн банкны 2024.05.03-ны 2/525 тоот/ мэдээгүй байна.
6.3. Энэ үеэс эхлэн гэрээний талуудын хооронд маргаантай харилцаа үүссэн бөгөөд худалдан авагчийн хувьд *******тоот орон сууцаа ******* ХХК-ийн Хөгжлийн банкны барьцаанаас суллуулаад өгвөл Төрийн банкны ипотекийн зээлээ хойшлуулсныг мэдэгдэж хүссэн, Хөгжлийн банк нь ийм боломж байгааг *******д албан ёсоор хариу/ Хөгжлийн банкны 2023.12.25-ны 2/1485 тоот бичиг/ өгч байсан боловч худалдагч тал худалдсан эд хөрөнгийнхөө эрхийн доголдлыг арилгаж худалдсан орон сууцыг эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөнөөс болсон байна.
6.4. Энэ тохиолдолд худалдсан орон сууцыг эрхийн зөрчилгүй болгож *******д шилжүүлэх, тэр нөхцөл хангагдсанаар худалдан авагч ипотекийн зээлээ авч үнийг тэр даруй төлөх нөхцөл хадгалагдаж байсан ба худалдагч талын *******тийн банкны ипотекийн зээлийн нөхцөл хадгалагдаж байсан ба худалдагч талын *******тийн банкны ипотекийн зээлийн нөхцөл хангагдахгүй учраас банкны урьдчилгаагаа буцаан авч *******групп ХХК-д төлж, цаашдаа орон сууцны үнийг үе шаттай хуваариар тохиролцъё гэсэн саналыг худалдан авагч зөвшөөрч, 2024 оны 01 дүгээр сарын 09-нд ******* төгрөгийг нэхэмжлэгчийн заасан ******* ХХК-д төлсөн /хх-84/ боловч худалдагч тал 2022.07.10-ны өдрөөс 2024.01.09-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаанд ******* төгрөгийн хүү тооцож *******эс авна гэсэн саналыг худалдан авагч өөрийгөө буруугүй гэж үзсэн учраас зөвшөөрөөгүй байна.
Дээрх үйл байдал, баримтаас үзэхэд худалдан авагч *******тийг орон сууцны төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс худалдагч *******групп ХХК 2022 оны 05 дугаар сарын 06-ны 05 тоот гэрээнээс татгалзсан гэж үзэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг хэрэглэн орон байрыг чөлөөлж өгөхийг даалгасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч *******эс орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан нь хууль бус эзэмшилтэй холбоотой шаардлага бөгөөд гэрээний үндсэн дээр худалдагчийн зөвшөөрч түлхүүр гардуулснаар эзэмшиж байгаа эзэмшил нь хууль ёсны шударга эзэмшил болно.
6.5. Түүнчлэн худалдан авагчийг гэрээний 7.1-д заасан орон сууцны төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч талын санаачилгаар гэрээ цуцлагдсан бол нийт үнийн дүнгийн 10 хувиар торгууль төлнө гэж тохиролцсон хэмээн үзэж******* төгрөгийн торгуулийг худалдан авагч *******эр төлүүлсэн нь энэ гомдлын 1 дэх хэсэгт үндэслэлийг заасан худалдагчийн эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлэн өгснөөс шалтгаалж уг зөрчил арилаагүй, нэгэнт өөр компанийн нэр дээр өмчлөх эрхтэй, 5 жилийн өмнө гуравдагч этгээдийн барьцааны үүрэгт байгаа орон сууцыг худалдсан нь тодорхой болсон тул худалдан авагчийн ипотекийн зээл боломжтой байсан үед худалдагч Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээг шинэчилсэн нөхцөл байдалд нийцүүлэх буюу эрхийн зөрчилгүй өөр орон сууцыг санал болгосон, худалдан авагч түүнийг нь зөвшөөрөөгүй тохиолдолд л түүнийг буруутай гэж үзнэ. Хэрэв худалдагч тийм арга хэмжээг аваагүй бол гэрээнээс татгалзах эрх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн худалдан авагч *******д хадгалагдана.
6.6. Шүүх нэхэмжлэгч *******т орон сууцыг 2022 оны 7 дугаар сарын 10ны өдрөөс ашигласны хөлсийг орон сууц хөлслөх гэрээний жишиг хөлсөөр тооцон ******* төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2- т заасан үндэслэлээс гадна шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийнхээ 12 дахь хэсэгт нэгэнт *******тийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийсэн бол Иргэний хуулийн 93 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрээ гаргах ёстой байна.
7. Шүүх сөрөг нэхэмжлэлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гаргуулах шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдохгүй, гуравдагч этгээдийн барьцааны хүчин төгөлдөр байдлыг хөндөх, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Үүнд:
7.1. Үндсэн нэхэмжлэл нь *******эс Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот 21,1 м.кв талбай бүхий орон сууцны барьцааны төлбөрөө зээлдэгч ******* ХХК 100 хувь төлбөл уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөх боломжтой байх ба энэ тохиолдолд уг орон сууц ******* групп ХХК-ийн мэдэлд ирж гэрээний талууд үүргээ нэгэн адил биелүүлэх боломжтой болох ба энэ нь эхний ээлжид нэхэмжлэгч талаас шалтгаалах нь тодорхой байна. Сөрөг нэхэмжлэлийн гэрээний заалт хүчингүй болгох шаардлагын үндэслэл энэ гомдлын 1 дэх хэсэгт тайлбарлагдсан болно.
7.2. Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар худалдагч тал энэхүү орон сууцны байшинг өмчлөгчөөр бүртгүүлж, худалдах эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн атлаа гэрээний 3.1.6-д өөрийгөө өмчлөгч гэж тодорхойлсон нь худалдан авагчийг төөрөгдүүлсэн байна. Мөн гэрээний 3.1.8-д худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн ба худалдан авагч худалдагчийг зөрчлөө арилгавал үүргээ гүйцэтгэхээс татгалзсан зүйл байхгүй болно. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны 05 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь дээр дурдсан шинжүүдээрээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3 дахь хэсэгт заасан өмчлөх борлуулах эрхгүй этгээд, бусдын өмчлөл барьцаанд байгаа хөрөнгө шинжийг агуулж байгаа бөгөөд худалдан авагч тал анх Төрийн банкны шаардлагын дагуу уулзаад төөрөгдсөнөө мэдэж, худалдагчид мэдэгдсэн, орон байртай байх анхдагч хэрэгцээгээрээ хохирч нь мөн хуулийн 58.7-д заасан хохиролд тооцогдон энэхүү хохирлоо арилгуулах буюу барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөлдөө шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******эс Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******тийн аав нь бөгөөд 2022 оны 05 дугаар сард хариуцагч аавтайгаа хамт манай байгууллагад ирж орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед манай байгууллага 720 ширхэг орон сууцыг зээлээр бус бэлэн төлөлтөөр худалдаж байсан. Энэ нь гэрээний 2.1, 2.4-д тус тус зааснаар нотлогддог. Төлбөрийг хэсэгчилсэн байдлаар хувааж авах тохиолдолд гэрээний 2.1-д төлөлтийн задаргааг бичих ёстой байсан. Гэвч гэрээний 2.4-д зааснаар төлбөрийг бэлэн төлөлтөөр төлөхөөр тохиролцсон буюу тухайн үед ипотекийн зээлийн талаар ямар нэгэн зүйл дурдагдаагүй. Энэ талаар хариуцагч тал мэдэж байсан. 2022 оны 05 дугаар сард гэрээ байгуулагдсан боловч 2024 оны 01 дүгээр сард урьдчилгаа төлбөрт ******* төгрөг авсан. Өөрөөр хэлбэл, 18 сарын хугацаанд хариуцагч тал бидэнд мөнгө өгөхгүйгээр манай байгууллагыг хохироосон. Энэ талаар бид гэрээний 3.1.5-д заасны дагуу удаа дараа сануулж аман болон бичгийн хэлбэрээр мэдэгдэл хүргүүлсэн. Хуульд мэдэгдлийг ямар байдлаар хүргүүлэх тухай зохицуулаагүй. Бид төлбөр төлөх талаар сануулж байсан учраас гэрээг цуцлахаар болсон.
Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь *******ХХК тул өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхтэй. Төлбөрөө бүрэн төлсөн айлуудын орон сууцыг нь чөлөөлж өгсөн. Орон сууцны төлбөр Хөгжлийн банк руу шилждэг гэдгийг хариуцагч тал мэдэж байсан бөгөөд шүүхэд гаргасан хариу тайлбартаа энэ талаар дурдсан байдаг. 2022 он 07 дугаар сард төлбөрөө төлсөн бол үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулах боломжтой байсан ч хариуцагч тал төлбөрөө төлөөгүй.
Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн бөгөөд хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй буюу хуурч мэхэлсэн хэлцэл биш гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******ХХК, *******групп ХХК нь хариуцагч *******т холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлж, гэрээний торгууль******* төгрөг, гэрээнээс учирсан хохирол ******* төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарт холбогдуулан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг *******ХХК, *******групп ХХК-д даалгах, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч *******групп ХХК, хариуцагч *******т нар нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 5 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхон, 521 дүгээр байр, *******тоот, ******* м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг ******* төгрөгөөр худалдах, хариуцагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцөлийг харилцан тохиролцсон. /1хх 9-11/
3.2. Дээрх гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч нь *******ХХК байх бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 119 тоот Тодорхойлолт хүргүүлэх нь гэсэн албан бичгээр өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхийг *******групп ХХК-д олгожээ. /1хх 116, 208/
3.3. Талуудын дээрх тохиролцоо, гэрээний нөхцөл, гэрээний зүйлийн өмчлөгч нь *******ХХК байгаа зэргээс үзвэл, *******ХХК болон *******т нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр бол худалдагч тал нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй, доголдолгүй эд хөрөнгийг эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, хариуцагч буюу худалдан авагчийн хувьд үнийг төлөх үүргийг хүлээдэг. Гэрээний талууд орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж гэрээний 3.2.3-д харилцан тохиролцсон.
4. Талуудын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2.Орон сууцны төлбөр хийх хуваарь: нийт төлбөр ******* төгрөг, урьдчилгаа төлбөр: Гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 өдөрт багтаан төлнө гэж заасан, хариуцагч нь төлбөрийн хуваарийг тохиролцоогүй, Төрийн банкнаас зээл авч төлөх байсан боловч нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс буюу өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүйгээс үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн банкны Тодорхойлолт-оор нотлогдоно гэж маргасныг анхан шатны шүүх гэрч Л.Энхжаргалын мэдүүлэг, төлбөр төлөхийг урьдчилсан сануулсан мэдэгдлээр хариуцагчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. /1хх 62, 63, 86, 149-150/
Мөн талууд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөх эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулсан боловч *******т нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр HANGAI HOTHON 521-*******TOOT URIDCHILGAA гэсэн гүйлгээний утгаар ******* төгрөгийг төлж, өөр төлөлт хийгээгүй байна. /1хх 63/
Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй нь түүний буруугаас шалтгаалаагүй тул гэрээнээс татгалзах эрх нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид бус хариуцагчид үүснэ гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нд төлбөрийг зээлээр төлөх талаар тусгаагүй, мөн орон сууцны үнээс ******* төгрөгийг төлж, үлдэх хэсгийг төлөөгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөнд тооцогдохгүй.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ гүйцэтгэхийг буюу төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж үзнэ. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй, орон сууцны төлбөрийг төлөөгүй учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талуудын хэн аль нь гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үр дагавар үүсдэг учраас *******ХХК-аас орон сууцны үнэд төлсөн ******* төгрөгийг *******т буцаан өгөх үүрэгтэй. ******* нь эзэмшилдээ байгаа орон сууцыг мөн буцаан шилжүүлэх үр дагавар үүссэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчаас нэхэмжлэгчид орон сууцны үнэд төлсөн ******* төгрөгийг буцаан гаргуулаагүй алдааг залруулна.
Харин нэхэмжлэгч нь талууд гэрээнээс татгалзсан учраас анз шаардах эрхгүй. Анхан шатны шүүх******* төгрөгийн торгуулийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, талууд гэрээнээс татгалзсан тул тэдний хооронд үүссэн үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болно.
Түүнчлэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зөрчснөөс ******* төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх ******* төгрөгийн хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь талуудын диспозитив зарчимд нийцнэ.
6. Анхан шатны шүүх хариуцагчийн орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг нэхэмжлэгчид даалгах, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2, 7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах буюу хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6.1. Талууд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2-т орон сууцны төлбөр хийх хуваарийг тохиролцоогүй нь тухайн нөхцөлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй. Учир нь, гэрээний 2.2-д орон сууцны төлбөр хийх хуваарь, нийт төлбөр ******* төгрөг, урьдчилгаа төлбөр: Гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 өдөрт багтаан төлнө гэж заасан, мөн талууд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөх хуваарийг гэрээ байгуулснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр харилцан тохиролцсон.
Түүнчлэн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 46 дугаартай мэдэгдлээр хариуцагч *******тийг гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан байх ба гэрээ байгуулснаар худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг үүсдэг тул уг үүргээ гүйцэтгээгүйд нэхэмжлэгч өөрсдөө буруутай гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Мөн талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2-д орон сууцны төлбөр хийх хуваарийг нарийвчлан тохиролцоогүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлд хамаарахгүй.
Талуудын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 7.1-д торгуулийн тохиролцоог хийж анзын нэг хэлбэр болох торгууль төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Энэ тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэхгүй.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 болон 7.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
8. Хариуцагчаас нэхэмжлэгч нар нь эрхийн доголдолтой буюу барьцаанд байгаа хөрөнгийг худалдан борлуулсан, мөн гэрээний 3.1.6-д худалдагч тал нь өөрийгөө өмчлөгч гэж тодорхойлсон боловч өмчлөх борлуулах эрхгүй, бусдын барьцаанд байгаа хөрөнгийг худалдсан тул Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл тул хохирлоо арилгуулж, барьцаанаас чөлөөлүүлж, өмчлөлдөө шилжүүлэхийг хариуцагчид даалгуулна гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, нэхэмжлэгч нар худалдан авч байгаа орон сууц нь Монгол улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа гэж хариуцагчид мэдэгдсэн гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан барьцааны гэрээгээр 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, эрхийн доголдолтой эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн боловч талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1.6-д орон сууцны өмчлөгч нь ******* ХХК болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийг өмчлөх борлуулах эрхгүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, хариуцагчийг эрхийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. /1хх 12/
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахаас өмнөх цаг хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан барьцааны гэрээгээр орон сууцыг барьцаалсан байх тул хариуцагчийн орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардсан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.
11. Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 хороолол, Хангай хотхоны 521 дүгээр байрны *******тоот орон сууцыг нэхэмжлэгч *******ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагч *******т, нэхэмжлэгч *******ХХК-аас ******* төгрөгийг гаргуулан хариуцагч *******д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч *******ХХК-нд тус тус даалгаж, үндсэн нэхэмжлэлээс торгууль******* төгрөг, хохирол ******* төгрөг, нийт ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 630,755 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ХХК-аас 247,950 төгрөг гаргуулан хариуцагч *******т, хариуцагч *******ээс 373,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д тус тус олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******эс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ХУЛАН