Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 158

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч Г.Энхмаа,                          

шүүгдэгч Г.Нэргүй, түүний өмгөөлөгч С.Сувдаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1789/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

             Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Урианхан овогт Гармаагийн Нэргүйд холбогдох эрүүгийн 1902001400124 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Урианхан овогт Гармаагийн Нэргүй, Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ширхэнцэгийн 2-р баг, Улиастай 63 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД:/МЗ86043096/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Нэргүй нь 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даваат” гэх газарт 4 метрийн урттай, нийт 8 ширхэг нойтон “Шинэс” төрлийн мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэн улмаар 94-75 ДАХ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 866,246 /найман зуун жаран зургаан мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Нэргүй нь 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Даваат” гэх газарт 4 метрийн урттай, нийт 8 ширхэг нойтон “Шинэс” төрлийн мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэн улмаар 94-75 ДАХ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 866,246 /найман зуун жаран зургаан мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Нэргүй гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Хохирогч Э.Одгаравын 2019 оны 07 дугаар сарын 22-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас ой бүхий сумдад тухайн жилд нь модны нөөцөд тулгуурлан модны хуваарь хийдэг, түүний дагуу манай сумын ИТХ-ын тэргүүлэгчид мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд бэлтгэх модны хэмжээ, төрлийг хувиарладаг. “Ерөө” бүсийн сум дундын ойн анги мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг менежмент төлөвлөгөө бүхий хүсэлтийг үндэслэн Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан хуваарийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй “Ерөө” бүсийн сум дундын ойн анги гэрээ байгуулж, тусгаарласан талбайг зааж өгдөг. Тэрхүү газраасаа мод бэлтгүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд байгаль хамгаалагч хяналт тавьж ажилладаг. Хууль бусаар мод бэлтгэх үед байгаль экологид учирсан 866,246 төгрөгийг хуулийн дагуу зохих иргэнээр төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Ж.Ганзоригийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Г.Нэргүй надтай уулзаад модонд цуг яваад өгөөч. Өглөө үүрээр гарья гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн үед Г.Нэргүйгийн Зил-131 маркийн 94-75 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б.Ганзориг, А.Гансүх гэх 2 ачигчийн хамт дөрвүүлээ явсан. Сэлэнгэ аймгийн “Ерөө” эсвэл “Мандал” сумын нутаг дэвсгэр гэдгийг нь мэдэхгүй байна. “Даваат” гэх нэртэй газар очоод мод бэлтгэж байгаад цагдаа нарт саатуулагдсан. “Даваат” гэх газраас 4 метрийн урттай, 8 ширхэг нойтон “Шинэс” төрлийн гуалин бэлтгэсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Ганзоригийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед байхаа Г.Нэргүй ах яриад модонд явах уу? гэсэн. Тэгэхээр нь манай дүү Б.Гансүх бид 2 зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн үед Г.Нэргүй ахын ЗИЛ 131 маркийн 94-75 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дүү бид хоёроос гадна хөрөөчин Ж.Ганзориг ах, бид дөрөв гарсан. Хойшоо яваад “Даваат” гэх газарт мод бэлтгээд байж байтал цагдаа нар ирээд саатуулагдсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.Гансүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 15 цагийн үед Г.Нэргүй ах манай Б.Ганзориг бид хоёртой утсаар яриад модонд явах уу? гэсэн. Тэгэхээр нь ах бид 2 зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шижих шөнө 03 цагийн үед Г.Нэргүй ахын ЗИЛ-131 маркийн 94-75 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ах бид хоёроос гадна хөрөөчин Ж.Ганзориг ах дөрвүүлээ гарсан. Хойшоо яваад “Даваат” гэх газарт мод бэлтгээд байж байтал цагдаа нар ирээд саатуулагдсан... ” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Н.Буяндэлгэрийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 01 сард “Түмэн Далай” ХХК нь үйлдвэрлэлийн ашиглалт арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх зорилгоор Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Хөшөөт” гэх газарт арчилгааны “Шинэс” цэвэрлэгээний Огтлолтын “Нарс”, “Шинэс” бэлтгэх зорилгоор нийт 54 га газарт мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгүүлж зөвшөөрөл авсан. “Түмэн Далай” ХХК-ний гэрээт ажилтан Г.Нэргүй гэж хүний мод бэлтгэсэн гэх газрын цэгүүдийг үзэхэд бэлтгэх ёстой зөвшөөрөгдсөн талбай болох “Хөшөөт” гэх газарт биш “Даваат” гэх газарт бэлтгэсэн  байна. Хууль бусаар мод бэлтгэсэн газар “Даваат” нь Улаанбаатар Төмөр замын мод боловсруулах үйлдвэрийн эзэмшлэлийн ойн сангаас дур мэдэн бэлтгэсэн гэж бодож байна. Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 2 дугаар багийн нутагт байдаг “Хөшөөтийн ам” гэх газар луу очиход “Даваатын ам” руу андуурч төөрч очих боломжгүй. “Ялбаг”-ын постоос өнгөрөөд хамгийн эхний ам нь байгаа “Даваатын ам” бол нилээн хойшоо хол зайтай газарт байдаг юм...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч М.Лхамжавын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Түмэн Далай ХХК-ний мод бэлтгэж байсан Г.Нэргүй нь 94-75 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өглөө үүрээр 06 цагийн  орчимд хяналтын цэгээр нэвтэрч орохдоо хяналтын хуудсаа надад үлдээгээд орсон байсан. Тэгээд тэр орой 20 цагийн орчимд цагдаагийн эргүүл шалгалттай таарч саатуулагдаад “Даваатын ам” орчмоос баригдаад хяналтын постон дээр мод ачаад хүрч ирсэн. Хяналтын хуудасны нэг хувь болох шар хуудас надад үлдсэн. Би гарах үед нь бөглөж амжаагүй” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч И.Оюунханд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Миний нөхөр ууланд мод бэлтгэлтэд туслах ажилтнаар, алтанд хувиараа явах зэргээр орлого олж амьдардаг байсан. Ингээд 2018 онд Зил-131 маркийн машин худалдан авсан боловч “Хуш” модны самар ургаагүй учир олигтой орлого олж чадахгүй болсон учир модны компанид гэрээний дагуу явж мод бэлтгэж, хөлс төлбөр авч гэр орноо авч явдаг юм. Бид хоёр 05-09 насны 2 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Г.Ширмэнтогоо 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Эрхэлсэн ажилгүй боловч модны компанитай гэрээний үндсэн дээр мод бэлтгэлтэд явж орлого олдог ажилтай юм. Харин эхнэр нь “Спирт бал бурам” ХХК-д чанар шалгагч ажилтай. ЗИЛ-131 маркийн машиныг хүнээс зээлээр авсан боловч мөнгийг нь өгөөгүй гэсэн. Хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь мэдэхгүй байна. Эхнэр нь цалингийн зээлтэй юм” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч Б.Энхмаа 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Түмэн Далай” ХХК-ний мод тээвэрлэж буулгах гэрээ байгуулсан иргэн Г.Нэргүй нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой манай ажил дээр ирж мод тээвэрлэх хяналтын хуудас бичүүлж авсан. Г.Нэргүй нь манай компанид 2019 оны 01 дүгээр сараас эхэлж мод тээвэрлэж байгаа юм. “Түмэн Далай” ХХК-ний “Хөшөөт мухар” гэдэг амнаас мод ачиж ирж буулгах ёстойг сайн мэдэх хүн. Яагаад тэр өдөр өөр газраас мод бэлтгэж огтолж ачсан талаар бол сайн мэдэхгүй байна. Харин жолооч нар өөрсдөө мод огтолж бэлтгэх үүрэг байхгүй. Манай зөвшөөрөгдсөн талбайд байрлаж байгаа хүмүүс дээр очиж мод ачиж ирэх ёстой гэдгийг сайн л мэдэх хүн. Бид хаанаас ачих ёстойг газар дээр нь дагуулж явж биечлэн зааж өгдөг юм” гэх мэдүүлэг[9],

10.  Гэрч Ш.Гантөгсийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Уг машиныг Эрдэнэбаатараас 12 сая төгрөгөөр худалдаж авья гээд мөнгийг нь 2 сарын дотор төлж дуусгахаар ярилцаж тохироод машины бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Мөнгө төгрөгийг нь төлөх боломжгүй болсон учраас Эрдэнэбаатарт буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг[10],

11. Шүүгдэгч Г.Нэргүйгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны сүүлээр машинтайгаа тээвэрт явах ажил хайж яваад “Түмэн Далай” ХХК-ний захирал Энхмаатай очиж уулзсан. Түүнтэй уулзахад он гараад намайг ир гэсэн болохоор 2019 оны 01 дүгээр сарын эхээр дахиж очиж уулзсан. Уг компани нь мод бэлтгэх, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд тэдний компаний модны тээвэрт явахаар тохирч 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Энхмаа захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 02 цагийн үед гараад “Хөшөөтийн ам”-нд очиход компаний трактор нь эвдрээд уулнаас модоо буулгаж ирээгүй, тракторынхоо сэлбэгэнд явна гээд байж байсан. Тэгээд тэнд олон хоног хүлээж байхаар гэж бодоод буцах бензинийхээ мөнгийг гаргаж аваад буцахаар шийдээд хажуу талын “Даваат” гэх ам руу ороод  8 ширхэг мод унагааж тайраад ачиж байхад цагдаа нар ирээд саатуулагдсан” гэх мэдүүлэг[11],

12.БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Батбаатарын гаргасан шинжээчийн “...Бэлтгэсэн мод, модон матеирал нь бөөрөнхий нойтон нарс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориултаар бэлтгэгдсэн байна. ЗИЛ-131 маркийн 94-75 ДАХ дугаартай автомашин дээр 4 метрийн урттай, 8 ширхэг бөөрөнхий нойтон “Шинэс” төрлийн мод бөгөөд хэрэглээний зориултаар бэлтгэгдсэн байна. Экологи-эдийн засгийн үнэлгээ нийт 866,246 төгрөг байна” гэх дүгнэлт[12],

13. Шүүгдэгч Г.Нэргүйгийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”[13],

14. Шүүгдэгч Г.Нэргүйгийн “Түмэн Далай” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ[14],

15. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[15]

16. Гэрэл зургийн үзүүлэлт[16],

17. “Эд хөрөнгийн үнэлгээний бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЗ/291 дугаартай Шүүгчийн захирамж[17]

18. “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 136 дугаартай: Оросын Холбооны Улсад 1978 онд үйлдвэрлэгдсэн, 1978 оны 02 дугаар сард Монгол Улсад орж ирсэн, Зил 131 /дикель, механик/ маркийн автомашин нь 2019 оны 9 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов”[18] гэсэн тодорхойлолт,

19. Арвижих Эстимейт ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/021 дугаартай дүгнэлт[19] зэрэг болно.

Эд зүйлийн нэр

Чанар байдлын тодорхойлолт

Зах зээлийн дундаж үнэ /төг/

Нэмэлт тайлбар

1

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, эх бие хэсэг нь улбар шар, мотор хэсэг нь ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай, бензин хөдөлгүүртэй цагаан хөрөө

хуучин

120,000 /нэг зуун хорин мянган төгрөг/

 

Хүснэгт[20]тухайн цахилгаан хөрөөний өнгө үзэмж, техникийн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан үзэж өнөөгийн зах зээлийн дундаж ханшийг тодорхойлон гаргав гэжээ.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Нэргүйгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Г.Нэргүйгийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 866,246 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.

Шүүгдэгч Г.Нэргүй нь хууль бусаар мод бэлтгэсний улмаас байгаль экологид 866,246 төгрөгийн бодит хохирол учирсныг төлж барагдуулсныг дурьдах нь зүйтэй байна.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан байна.

Дээрх хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, гарсан эсэх нь тодорхойгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.Нэргүйгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Нэргүй нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлсэн, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Нэргүйгийн тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

Энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 94-75 ДАХ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь Шархүү овогтой Гантөгсийн эзэмшлийн автомашин болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа[21], 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 6 сарын хугацаанд хүчинтэй болохыг тодорхойлсон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч Ш.Гантөгсийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Уг машиныг Эрдэнэбаатараас 12 сая төгрөгөөр худалдаж авья гээд мөнгийг нь 2 сарын дотор төлж дуусгахаар ярилцаж тохироод машины бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Мөнгө төгрөгийг нь төлөх боломжгүй болсон учраас Эрдэнэбаатарт буцаагаад өгсөн” гэх мэдүүлгээр тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр албан ёсоор шилжүүлээгүй байгаа боловч уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь иргэн Б.Эрдэнэбаатар болох нь хавтаст хэрэгт авагдсан “...ноднин 7 сард өөрийн найз Гантөгсөд зарсан, мөнгөө өгч чадахгүй болохоор нь машинаа буцаагаад авсан. ...бичиг баримтаа түүний нэр дээр шилжүүлсэн боловч буцааж авахдаа бичиг баримтаа шилжүүлж аваагүй байсан. ...Тэгээд 12 сард уг машинаа Нэргүйд 12 сая төгрөгөөр зарахаар тохироод өгсөн боловч мөнгө төгрөгөө авч чадаагүй байгаа юм. Нэргүй миний машины мөнгийг өгөөгүй учраас би машинаа буцааж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр давхар нотлогддог.[22]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 94-75 ДАХ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг таслан зогсоож, иргэн Харгана овогт Буджавын Эрдэнэбаатарт /Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангай гудамж 250 тоотод оршин суух хаягтай, РД:МЗ79041411/ олгож, “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 136 дугаартай тодорхойлолтоор автомашины үнэлгээгээр тогтоогдсон үнэ 3,000,000 /гурван сая/ төгрөгийг ялтан Г.Нэргүйгээс гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 8 ширхэг “Шинэс” мод, цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Ялтан Г.Нэргүй нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр заав.

 


[1] Хавтаст хэргийн 24-29 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 143-145 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 44-49 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 92 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 106-109 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 4-5, 10-12 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 68-70 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 81-84 дүгээр тал

[19] Хавтаст хэргийн 64 дүгээр тал

[20] Хүснэгт хавтаст хэргийн 64 дүгээр тал

[21] Хавтаст хэргийн 88 дугаар тал

[22] Хавтаст хэргийн 125 дугаар тал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.3, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Урианхан овогт Гармаагийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урианхан овогт Гармаагийн Нэргүйг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Нэргүй нь  энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол болох 866,246 /найман зуун жаран зургаан мянга хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Нэргүйд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Нэргүй нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Ялтан Г.Нэргүй нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар  энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 94-75 ДАХ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг таслан зогсоож, иргэн Харгана овогт Буджавын Эрдэнэбаатарт /Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангай гудамж 250 тоотод оршин суух хаягтай, РД:МЗ79041411/ олгож, түүний үнэ 3,000,000 /гурван сая/ төгрөгийг ялтан Г.Нэргүйгээс гаргуулан улсын төсөвт оруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 8 ширхэг “Шинэс” мод, цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж, улсын орлогод оруулсугай.

9. Ялтан Г.Нэргүйд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.     

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ