| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 191/2025/00487/И |
| Дугаар | 210/МА2026/00571 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00571
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10800 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулахад хассан цалин болон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах, урамшуулалт цалин ******* төгрөгийг гаргуулах тухай тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие ******* ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар хугацаагүй гэрээтэй Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажилласан. Ажилласан хугацаанд албан ажлын эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөлөл, зан харилцаа, хандлага их байсан.
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 4.1.4, 5.2.1, 8.1.3, Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай А/157 дугаартай журмын 3.1.9, 5.3, 5.4, 6.1, хөдөлмөрийн гэрээний 3.1.14, 4.1.3-т заасныг тус тус үндэслэж нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан. Ингэхдээ Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9-т заасан чиг үүргийг бусдад шилжүүлсэн, хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, нэгжийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувь бууруулсан.
Ажлын байрны тодорхойлолтод зааснаар тамга тэмдгийг хэлтсийн дарга хариуцах чиг үүрэг байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3, 8.10-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах журам, процесс ажиллагааг хийгээгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн 3 талт хороонд гомдол гаргаад явж байхад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Иймд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд ажлаас үндэслэлгүй халсан гэж гомдлоо нэмэгдүүлж, шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хандсан.
2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалын нэг үндэслэлд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХД24/33 дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор буюу илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлт гарсан гэж үзвэл 12 дугаар сарын 11-ний өдөр сахилгын шийтгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах ёстой. Нөгөө талаасаа сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэхгүй. Байгууллага ажилтан хөдөлмөрийн маргаан гаргаад ирэнгүүт тодорхой нэр бүхий хэлтсийн ажилтнуудыг зохион байгуулалттайгаар зохион байгуулж, ажилтныг худал мэдээллээр гомдол гаргуулсан.
Ёс зүйн сахилгын хорооны хурлын тэмдэглэл бодитой гараагүй, хавтаст хэрэгт ирүүлсэн ажил олгогчоос гаргаж өгсөн хурлын тэмдэглэл зөрүүтэй байсан, илт нэхэмжлэгчийн хэлсэн үгийг хэлээгүй гэдэг агуулгаар тэмдэглэл гарсан. Энэ тэмдэглэлийг үндэслээд дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт нь хууль зүйн үр дагаврын хувьд хуульд нийцэхгүй. Архивын тухай хууль, Архивын албан хэрэг хөтлөлтийн заавар, хуучин Засгийн газрын тогтоол байдаг. Одоо тусгайлсан хууль болсон. Агуулгын хүрээнд ёс зүйн хорооны тэмдэглэл нь хуульд нийцээгүй. Хөдөлмөрийн дотоод журмыг 8.3, 8.10-т заасан ажиллагааг хийгээгүй. Нэгэнт байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 122.2 дахь хэсэгт заасан сахилга хариуцлагыг хэрхэн оногдуулах талаар журамласан бол тэр журмаа дагаж мөрдөх үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1 дүгээр зүйлийн 1.4.5-д заасны дагуу ******* ХК, *******ийн хороонд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №ЭТТ-2024/1631 дугаар хамтын гэрээнд зааснаар үр дүнгийн урамшууллыг компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулан, компанийн ашгаас нийт ажилтнуудад олгодог. Үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлтэй юм.
Миний бие 2023 оны хагас жилээр ******* төгрөг, 2024 оны хагас жилээр ******* төгрөгийн үр дүнгийн урамшууллыг энэ зарчмаар авч байсан тул байгууллагын хамтын гэрээгээр тогтоосон урамшууллыг авах байсан нь хэрэгт авагдсан цалингийн хүснэгтэд байдаг.
Хууль бусаар ажиллаагүй байх хугацаанд олгосон үр дүнгийн урамшууллыг миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил зэрэглэлийн хэлтсийн даргын авсан урамшуулалтай адилтган үзэж жишиг болгосон дүнгээр буюу 2025 оны эхний хагас жилийн урамшуулалд одоогийн Захиргааны хэлтсийн даргын албан тушаалын үндсэн цалин болон ******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулахад хассан цалин болон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулалт цалинд ******* төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: *******г Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээс чөлөөлж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Захиргааны хэлтсийн даргаар томилсон. Ажил хүлээлцэх актаар *******д хуулбар үнэн дардсыг хүлээлгэн өгсөн. Мөн эд хөрөнгийн бүртгэлийн картаар уг дардас өөр дээр нь бүртгэлтэй боловч хэлтсийн ахлах, мэргэжилтэнд хариуцуулсан байх бөгөөд мэргэжилтэн ******* нь 2024 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа эдлэхдээ ажлыг нь орлох мэргэжилтэн *******д үлдээсэн байна.
Энэ хугацаанд дардас ашиглалт, хадгалалт, хамгаалалт, түүнд тавих нэгжийн удирдлагын хяналт хангалтгүйн улмаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хуулбар үнэн дардас алга болж, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга ******* нь баримтууд дээр хуулбар үнэн дардас даруулж чадаагүй.
Улмаар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэлтсийн мэргэжилтэн *******д хуулбар үнэн дардас олдохгүй байгаа талаар Захиргаа, удирдлагын газрын дарга *******д мэдэгдсэний дагуу яаралтай арга хэмжээ авч ажиллах тухай цахим шууданг мөн өдөр Захиргааны хэлтэс болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга нарт хүргүүлж, дардас захиалж шинээр хийлгэх, алга болсон дардсыг хүчингүйд тооцуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, хариуцлага алдсан ажилтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг авсан.
Компанийн өдөр тутамд ашиглагддаг хуулбар үнэн дардас үрэгдэж алга болсон асуудалд хөрөнгө хариуцсан нэгжийн шууд удирдлагын хувьд ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн.
2.2. Ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд: Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар *******д үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дор дурдсан /энэ хэсгийн 2.2, 2.3/-д заасан зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэсэн.
2.3. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/16599, 06/16601 тоот албан бичиг ирүүлснийг компанийн бичиг хэрэг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Улмаар бичиг хууль зүйн зохицуулалтын хэлтсийн ахлах хуульч О.Бадамжаргалд цохогдож, баримтуудыг гаргуулахаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр архивын мэргэжилтэнд цахим шуудан хүргүүлсэн.
Архивын мэргэжилтний зүгээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баримтууд хуулбарлаад бэлэн болсон, хуулбар үнэн дарж, гарын үсэг зуруулахаар хэлтсийн даргад өгсөн гэсний дагуу АТГ-т хариу хүргүүлэх албан бичгийн төсөл боловсруулагдаж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн огноотой бланклагдаж бэлэн болсон.
Гэвч Захиргааны хэлтсийн дарга ******* нь хуулбар үнэн баталгаажуулахаар өгсөн зарим баримт буюу ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралтуудыг эх хувиас хуулбарлаж ирүүлээгүй тул дарахгүй. Хуулбар хэсгийг хасаж, зөвхөн гэрээний эхний хэсгийг хүргүүлэхээр хуулбар үнэн олгосон 2024/68 дугаар актыг засаж оруулж ир гэх шалтгаанаар архивын хуулбар үнэн дарж баталгаажуулаагүй.
Ажлын байрны тодорхойлолтод зааснаар өөрийн хариуцсан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, арга зүйгээр хангаж ажиллах ёстой байтал архивын ажилтнуудын гэрээний хавсралт баримт /Гэрээ эрх зүйн хэлтсийн ******* ХК 01 дардастай/ болох талаар тайлбарыг хүлээн авахгүй ойлгомжгүй байдал үүсгэж албан бичгийн хариуг хүргүүлэх ажиллагааг удаашруулсан.
Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Захиргааны хэлтсийн дарга ******* нь өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй бөгөөд АТГ-т хүргүүлэх баримт удааширсан тул Захиргаа, удирдлагын газрын дарга ******* 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дээрх баримтуудыг архивын хуулбар үнэн дардсаар баталгаажуулан, 2024/67, 2024/68 дугаар акт үйлдсэн.
Энэ хугацаанд *******гийн гэрээний хавсралтыг хуулбар үнэн дарж баталгаажуулахгүй гэх дээрх шаардлага нь үндэслэлтэй эсэхийг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар шалгаад, архивын хуулбар үнэн дарахгүй байх үндэслэл байхгүй тул журмын дагуу хуулбар баримтуудыг баталгаажуулан АТГ-т нэн яаралтай хүргүүлэх талаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХД24/33 дугаартай дүгнэлтийг гаргасан.
Улмаар баримтуудыг албан бичгийн хамт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн.
2.4. Захиргааны хэлтэс /*******/-ийн шууд удирдлагад харьяалагдан ажилладаг *******, *******, *******, *******, *******, ******* нарын нэр бүхий 10 ажилтнууд нэгжийн удирдлагын ёс зүй, харилцаа хандлагын талаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан.
Улмаар Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо гомдлыг шалгах ажиллагаа явуулж, холбогдогч *******гаас тайлбар авахаар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэр бүхий ажилтнуудын гомдлыг албаны цахим шуудангаар нь хүргүүлсэн. Мөн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр товлосон боловч нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж /2024.11.04-2024.12.11/ байгаа шалтгаанаар тайлбар ирүүлээгүй тул өөрийг нь оролцуулах, тайлбарыг нь авах шаардлагатай гэж үзсэн.
******* нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичгээр тайлбар ирүүлсэн. Мөн гомдол гаргагч нартай ганцаарчилсан уулзалт хийж, тайлбарыг амаар сонсож тодруулсны үндсэн дээр асуудлыг хорооны 2024 оны 12 дугаар сарын 16, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн, нийт гишүүдийн 100 хувийн саналаар ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №2 тоот дүгнэлтийг гаргасан.
Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо гаргасан дүгнэлтээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №2 тоот дотоод албан бичгээр гүйцэтгэх захиралд ирүүлсэн тул гүйцэтгэх захирал хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №2 тоот дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээний 4.5.7-д ...ажлын байранд бусад ажилтанд ... бусад аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхаж, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн болох нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж заасныг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан.
******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажилтнуудыг арга зүйгээр хангаж, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, хуулбар үнэн дардас дарж баталгаажуулах асуудлаар ойлгомжгүй байдал үүсгэж, эрх бүхий байгууллагаас шаардсан зарим баримтад архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулахгүй, хариу хүргүүлэх ажиллагааг удаашруулсан. Мөн өөрийнх нь шууд удирдлагад ажилладаг нэр бүхий ажилтнуудаас нэгжийн удирдлагын ёс зүй, харилцаа хандлагын талаарх гомдлыг шалгаад Ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт гарсан ба энэхүү зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г хариуцагч ******* ХК-ийн Захиргааны хэлтсийн дарга-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ******* төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл ногдуулахад хассан цалин болон үр дүнгийн урамшуулалд ******* төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх олговор болох ******* төгрөгөөс шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 968,287 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг анхаарч үзээгүй. Үүнд:
4.1. ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал, ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/157 дугаар Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг шинэчлэн батлах тухай тушаал, гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв талаас нь бодитой үнэлээгүй,
4.2. Тус тушаалаар Компанийн бүтцийн нэгжийн чиг үүргүүдийг баталсан байх бөгөөд тушаалын тушаах хэсгийг 2 дахь заалтаар тус чиг үүргийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахыг Захиргаа, удирдлагын газрын дарга *******-д үүрэг болгожээ. /1хх-68 дугаар тал/
4.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 7,2 ...Захиргаа, удирдлага хариуцсан нэгж, түүний удирдлагаас нэхэмжлэгч *******г дардас хариуцсан ажилтнаар тусгайлан гаргаж, ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан тусгасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж зөв дүгнэсэн атлаа Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаалын Захиргааны хэлтсийн чиг үүргийг Захиргааны хэлтсийн дарга *******гийн чиг үүрэг мэтээр буруу тодорхойлжээ.
4.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг Засгийн газар батална, гэж заасан байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Тамга, тэмдгийг тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна. гэж заасан байна. Тус байгууллагад Хуулбар үнэн дардсыг өмнө нь Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан *******, Т.Алдармаа, ******* гэх мэт Захиргаа, удирдлагын газрын дарга нь хариуцан ажилладаг байсан болно. Энэ талаар хариуцагч нарын хүсэлтээр асуугдсан гэрчүүд мэдэгддэг.
4.5. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 27 дугаар талд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Таныг архивын мэргэжилтэн байх үед Хуулбар үнэн дардсыг Захиргаа удирдлагын газрын дарга *******хариуцдаг байсан уу? гэхэд, гэрч *******: Тийм гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Үүний дараа Захиргаа удирдлагын газрын дарга *******хариуцаж байсан уу? Гэхэд, гэрч *******: *******даргыг ирэхээс өмнө *******дарга гэв. Дээрх гэрчийн мэдүүлгээр үеийн үед Захиргаа, удирдлагын газрын дарга нар Хуулбар үнэн тэмдгийг хариуцан ажиллаж байсан болно.
4.6. ******* ХК-ийн гүйцэтгэлийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/157 дугаар Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг шинэчлэн батлах тухай тушаалаар дээрх журмыг батлан мөрдүүлжээ. Тушаалын 2 дахь хэсэгт Журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар /*******/-д даалгасугай гэжээ. /1хх-76 дугаар тал / Өөрөөр хэлбэл, Захиргаа, удирдлагын нэгжийн дарга буюу ******* хариуцаж, тушаалаар тэмдэг түшигч бөгөөд журамд хяналт тавих чиг үүргийг хүлээсэн болно.
4.7. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тэмдэг түшигч буюу захиргааны хэм хэмжээний актаар зөвхөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тэмдэг түшигчийг тогтоох үүргийг албан байгууллага үүрэг хүлээснийг анхаарч үзээгүй байна. Нэхэмжлэгч *******д Хуулбар үнэн тэмдэг хариуцуулахаар шилжүүлсэн нь мөн адил хууль ёсны үйлдэл мөн үү? Хуулиар ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй бөгөөд хууль ёсоор шилжүүлээгүй байж, *******-д өөрт ногдсон чиг үүргээ бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
4.8. ******* ХК-ийн гүйцэтгэлийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Захиргаа, удирдлага хариуцсан нэгж дараах үүрэг хүлээнэ , 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт Компанийн бүх дардас, хэвлэмэл хуудас хариуцсан ажилтныг тушаалаар томилж, ажлын байрны тодорхойлолтод тусгаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина, гэжээ. Захиргаа, удирдлага хариуцсан нэгж нь захиргаа, удирдлагын газар болно. Шүүх тушаалаар болон ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгч *******г хуулбар үнэн дардас хариуцуулаагүй гэж зөв дүгнэсэн атлаа эрх зүйн буруу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох хариуцагчийн гол татгалзал болох Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээг үнэлээгүй, татгалзсан үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй.
Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
4.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
4.9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. гэжээ.
4.9.2. ******* ХК-ийн гүйцэтгэлийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/157 дугаар Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг шинэчлэн батлах тухай тушаалаар компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хэрэглэх журмын хэрэгжилтэд Захиргаа удирдлагын газрын дарга *******-ыг хяналт тавих чиг үүрэг болгожээ. Гэтэл нэхэмжлэгч *******-д ногдуулсан сахилгын шийтгэл нь хяналт тавих, нэгжийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр компанийн хуулбар үнэн дардас алга болсон үйлдэлд нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдохгүй байгаа болно. Хяналт тавих чиг үүрэг нь *******-д үүрэг болгосон байна.
4.9.3. ******* ХК-ийн захиргаанд ажилтан Г.Цэцэгдэлгэр, Ж.Эрдэнэцэцэг, *******д нарын тайлбар /1хх 63-66/ авагдсан байх бөгөөд дээрх тайлбараар Захиргааны хэлтсийн мэргэжилтэн *******ыг ээлжийн амралттай /1хх 65/ байх хугацаанд захиргааны хэлтсийн мэргэжилтэн *******д орлон ажиллахаар ажил хүлээлцсэн болох нь тогтоогддог. Дээрх үйл ажиллагааг Захиргаа удирдлагын газрын дарга ******* зохион байгуулж, хүлээлцүүлсэн болох нь мөн тогтоогдож байна. Мөн *******дын тайлбараар хуулбар үнэн тэмдгийг алга болгосон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь түүний тайлбараар тогтоогдож байна, Дээрх үйл баримтад нэхэмжлэгч ******* эс үйлдэхүй, эсхүл үйлдлээр гэм буруутай болох нь тогтоогдоогүй байна
4.9.4. ******* ХК-ийн гүйцэтгэлийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Энэхүү журмын үүрэг болгосон болон хориглосон заалтыг зөрчсөн ажилтан, албан тушаалтанд Монгол улсын холбогдох хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлагыг хүлээлгэхийн зэрэгцээ учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна гэжээ.
4.9.5. Нэхэмжлэгчийн хувьд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагт хуулбар үнэн дардсыг хариуцан ажиллаж байсан *******д нь алга болгосноо мэдэж, нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр шаардлагатай бүх арга хэмжээ тайлбар болон хуулбар үнэн дардас алга болгосонтой холбогдуулан тушаалын төсөл бэлтгэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Гүйцэтгэх захирлаар тушаал гаргуулж /1хх-81/, тэмдгийг дахин авсан байна. Өөрөөр хэлбэл, нэн даруй арга хэмжээ авсан нь /1хх-59/ цахим шуудан, бусад санхүүгийн баримтаар тогтоогддог. Тушаалаар журмын 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг өөрчлөн найруулсан байх бөгөөд Захиргаа хариуцсан нэгжийн удирдлага нь гэдгийг хасжээ. Гэтэл ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 тушаалыг гаргахдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан зохицуулалтаа хэрэглээгүй байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 191/ШШ2025/10800 тоот шийдвэр (Шийдвэр) -ийн зарим хэсэг буюу ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх зарим шаардлагатай холбоотой маргааны үйл баримт, нотлох баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг, Ёс зүйн хянан шалгах хорооны дүгнэлт, гомдол хянасан ЗГХЭГ-н дэргэдэх Дэд хорооны шийдвэр, хариу болон урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангагдаагүй талаар баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийх ажиллагааг 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ талаар тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж, мөн 51 дүгээр зүйлийн 51.5-д Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө гэж заасан.
Гэтэл шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Үзлэгт өөрчлөлт оруулсан тухай тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байх боловч, уг тэмдэглэл нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, уг тэмдэглэл нь хэзээний ямар тэмдэглэлд өөрчлөлт оруулж байгаа нь тодорхойгүй, тэмдэглэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгч бус, шүүгчийн туслах дангаараа өөрчлөлт оруулсан байх бөгөөд зохигчид болон шүүгч уг өөрчлөлт оруулсан тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр *******, *******, *******, *******, ******* нар нь гэрчээр оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад хууль сануулж, мэдүүлэг авсан. Хэдийгээр шүүгч дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэх эрхтэй хэдий ч, гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэртээ хэрхэн үнэлж, дүгнэсэн талаар дүгнэхгүй орхигдуулсан.
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 -д шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасныг зөрчсөн.
Тодруулбал, ******* ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисстой бөгөөд ажилчдаас гаргасан гомдлыг хууль, журмын дагуу шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын талаар компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаагүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.01.13-ны өдрийн 25/02 тоот хуралдааны шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тэрхүү гурван талт хорооны хуралдаанаар зөвхөн сахилгын шийтгэл ногдуулсан 2024.09.02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалтай холбоотой Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024.12.24-нд гаргасан гомдлыг 2025.01.08-ны өдөр хэлэлцсэн бөгөөд гаргасан гомдол, түүний үндэслэлд ажлаас чөлөөлсөн тушаалын талаар огт дурдагдаагүй болох нь ... сахилгын шийтгэл ногдуулсан 2024.09.02-ны Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэх..., мөн Зхх-191 дүгээр талд авагдсан тэмдэглэлийн 1 болон 4-рт ...хорооны гишүүдийн танилцсан судлагдсан баримтуудын жагсаалт ... сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан ... зэргээр нотлогдоно.
Түүнчлэн цаг хугацааны хувьд, хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал 2025.01.06-ны өдрийн огноотой гарсан бөгөөд нэхэмжлэгч уг тушаалыг гардан авахаас зайлсхийж байсан тул цахим шуудан, viber-aap явуулахад харахгүй байх, мөн шуудангаар гэрийн хаягаар нь хүргүүлэхэд хаяг дээрээ байхгүй зэргээр 2025.01.08-н хүртэл ямар нэгэн байдлаар гардан авахгүй хугацаа хожиж байсан тул Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан дээр тушаалын хуулбарыг өгсөн. Үүнтэй холбоотой тэрээр хуралдаан дээр уг тушаалын талаар ямар нэгэн гомдол, тайлбар, хүсэлт, үндэслэл огт гаргаагүй нэмэгдүүлээгүй болно.
Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг анхаараагүй бөгөөд энэ талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
5.4. Анхан шатны шүүхээс ...******* нь компанийн бодлого, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүрэгтэй ба ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралт баримтад Хуулбар үнэн дардас дарж баталгаажуулаагүй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй гэж зөрчил гаргасан талаар дүгнэсэн атлаа энэхүү үйлдлийг нь архивын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, хэлтсийн ажилчдаа удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй хэмээн зөрүүтэй дүгнэлтийг хийсэн.
Нэхэмжлэгч нь түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар өөрийн хариуцсан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, арга зүйгээр хангаж ажиллах ёстой байтал архивын ажилтнуудыг ажил үүргээ хэвийн шуурхай гүйцэтгэхэд ойлгомжгүй байдал үүсгэсэн.
Анх Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдох үедээ хуулбар үнэн дардсыг хүлээн авсан, улмаар холбогдох баримтуудад хуулбар үнэн дардас дарж баталгаажуулах ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг атлаа өөрийн хүссэн үедээ миний чиг үүрэг биш гэж татгалзаж, эс үйлдэхүй гаргаж өөрийн харьяанд байдаг архивын ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд тодорхойгүй байдал үүсгэсэн нь хэлтсийн үйл ажиллагаагаа удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй болохыг тодорхой илтгэж байна.
5.5. Анхан шатны шүүх ...Хуулбар үнэн дардсыг хэнд үлдээх талаар 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр чиглэл хүсэж байсан үйл баримт тогтоогдож байна ... гэх дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт шаардлага хангасан ямар нэгэн баримт байхгүй байхад тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцээгүй.
Гэрээ, санамж бичгийн журмын 2.8, 3.2, 2024 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан компанийн гэрээний журмын 3.11, 4.2-д заасан зохицуулалтын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд явагдсан /цахимаар/ тендер шалгаруулалтын үр дүнд үндэслэн гэрээ байгуулах тохиолдолд гэрээг хянахдаа тендер шалгаруулалттай холбоотой баримтыг нягтлан үзэж, гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргаж, ХЭЗГ-01 дардсаар баталгаажуулдаг.
Энэ тохиолдолд тендерт оролцогчийн ирүүлсэн баримтууд дээрх хуулийн дагуу цахимаар ирдэг, үнэлгээний хороо цахимаар ирсэн баримтуудыг хянан үзэж үнэлдэг тул тендер шалгаруулалтын баримтууд эх хувиар тендер шалгаруулалтын баримт бичиг-т, харин тухайн тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр ялагчтай гэрээ байгуулахад тухайн баримтууд нь гэрээний салшгүй хэсэг тул ******* ХК-ийн №01 дардсаар баталгаажуулан гэрээнд хавсаргадаг. Энэ зохицуулалт, уялдаа холбоог Захиргааны хэлтсийн даргын хувьд ойлгохгүй, арга зүйгээр хангахгүй, тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа нь хэлтсийн үйл ажиллагаагаа буюу архивын хадгаламжийн нэгж, түүний хадгалалт, ашиглалтын талаар нэгжийн удирдлага нь ойлголтгүй, удирдлага зохион байгуулалт байтугай арга зүйгээр хангах чадваргүй болохыг тодорхой харуулж байна гэж үзэж байна.
6. ******* нь Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд өөрийнх нь шууд хариуцсан ажилладаг хэлтсийн 10 ажилтан болох *******, *******, *******, *******, *******, ******* нар нь нэгжийн удирдлага буюу *******гийн ёс зүй, харилцаа хандлага-ын талаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан.
Нэхэмжлэгч тал тэдгээр 10 ажилтныг олуулаа нийлж гүтгэсэн гэж тайлбарладаг боловч олуулаа нийлж гүтгэсэн талаар гомдол мэдээлэл гаргаж шалгуулах, шүүхэд нэр төрөө сэргээлгэх асуудлаар хандаагүй, энэ талаар баримт гаргаж үндэслэлээ нотлоогүй. Нөгөөтээгүүр Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны ажиллах журам-н 5.1-д Ажилтан худал мэдээлэл ирүүлэх нь эргээд тухайн ажилтанд сахилгын арга хэмжээ авах үндэслэл болно гэж заасан (Зхх-91-92 талд) үр дагавартай тул нэр бүхий ажилтнууд гүтгээгүй, бодит үнэнийг мэдээлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарах уу? Гомдол гаргах уу гэдэг 2 сонголттой тулгарч, маш их зориг гаргаж өргөдлийг гаргасан болох нь Ёс зүйн хянан шалгах хорооны 2024.12.16,19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо өгсөн мэдүүлгээс харагдана.
6.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025.11.06-ны өдөр (Зхх-80 талд) Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх хорооны ажиллах журам, Ёс зүйн маргааныг хянан шийдвэрлэх хорооны бүрэлдэхүүнийг баталсан тушаалыг хариуцагчаас гаргуулах хүсэлт (3,4-рт) гаргасан. Энэхүү хүсэлтийн үндэслэлээ ... бүрэлдэхүүн өөрчлөгдөхдөө талуудын оролцоо буюу ажилтан, ажил олгогчийн төлөөллийг тэгш хангасан эсэх нь бүрэлдэхүүнээс харагдана. Хэрвээ бүрэлдэхүүн өөрөө хууль бус байдлаар батлагдсан бол эрх зүйн үр дагавар нь ёс зүйн маргааныг хянан шийдвэрлэх хорооны дүгнэлт өөрөө хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй ... гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд шүүгчийн 2025.11.06-ны өдрийн 47311 дүгээр захирамжаар тэрхүү хүсэлтийг хангаж (Зхх 85-88 талд) шийдвэрлэсэн.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх маргаж буй үндэслэлийн хамааралт байдлыг няцаах үүргийн хүрээнд Компанийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай гүйцэтгэх захирлын 2023.02.28-ны өдрийн А/71 дүгээр тушаал (Зхх-119тал)-ыг захирамжийн дагуу шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү тушаалд Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд ажилтан, ажил олгогчийн төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан (ажил олгогч талаас *******, *******, ажилтны төлөөлөл буюу үйлдвэрчний эвлэлийг төлөөлж ******* нар) нөхцөл байдал нь тогтоогдож байсан тул *******г томилсон нэмэлт өөрчлөлтийн тушаал (гарсан байсан)-ыг өгөөгүй.
Хэдийгээр талууд шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн зүгээс *******ийг томилсон байхад ******* хуралд орсон талаар нэхэмжлэлийн үндэслэлээ болгон тайлбарлаж маргаагүй. Энэ тохиолдолд маргаагүй асуудлыг хариуцагч няцаах, нотлох үүрэг хүлээхгүй. Хэрэв шүүх хуралдаанаас өмнө энэхүү үндэслэлийг дурдсан тохиолдолд няцаах нотлох баримтыг шүүхэд өгч, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжтой байсан.
Гэтэл 2025.11.27-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өмнө гаргасан хүсэлтийн үндэслэлээ тайлбарлаж байснаас өөрөөр буюу бүрэлдэхүүнд *******ийг томилсон байхад 2025.12.16, 19-ний өдрийн Ёс зүйн хорооны хуралдаанд ******* орсон нь хууль бус гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 болон 24 дүгээр зүйлд заасан талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан. Улмаар энэ нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болж, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8.8-д ...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар батлагдсан Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх үндэслэлтэй гэх дүгнэлтийг хийж байгаа тохиолдолд талуудын тэгш эрхийн оролцоо ноцтой зөрчигдсөн гэж үзэж болохоор байна.
6.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.7-д зааснаар ******* ХК нь ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл (одоогоор Эв санааны нэгдэл, Ажиллагсдын үйлдвэрчний эвлэл, Их орд гэх гурван ҮЭ-тэй)-үүдтэй тохиролцон Хамтын гэрээ (Зхх-101- 109 талд)-г байгуулан мөрдөж байна.
Энэхүү Хамтын гэрээний 2.7-д Компанийн ёс зүйн хороотой байна. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд ажилтны төлөөлөгчийг оролцуулах ... гэж Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд үйлдвэрчний эвлэл нь ажилтныг төлөөлөн оролцохыг зохицуулсан. Мөн 2024.12.20-ны өдөр батлагдсан Хамтын гэрээ-г ажилтны төлөөлж Эв санааны нэгдэл ҮЭ-н дарга ******* гарын үсэг зурж, баталгаажуулсныг шүүх анхаараагүй.
*******э нь *******ийн даргаар ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэтгэвэртээ гарсан бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар дотоод сонгуулиар ******* нь тус үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдон, гүйцэтгэх захирлын 2024.08.22-ны өдрийн А/306 дугаар тушаалаар *******ийг өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр Ёс зүйн хорооны гишүүнээс чөлөөлж, Эв санааны нэгдэл ҮЭ-н дарга *******г гишүүнээр томилсон тул тэрээр 2024.12.16, 19-ний өдрийн хуралдаанд гишүүнээр оролцсоныг шууд хууль бус бүрэлдэхүүнээр хуралдсан, тэрхүү тогтоол нь хууль бус гэж үзэх боломжгүй.
6.3. Нөгөөтээгүүр, Ёс зүйн хорооны 1 гишүүн болох *******э болон ******* нарын асуудал нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн тогтоолыг бүхэлд нь хууль бус гэж үзэх, ёс зүйн зөрчлийг шууд үгүйсгэх үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй.
Өөрөөр хэлбэл, ******* ХК-н Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гүйцэтгэх захирлын 2022.07.21-ний өдрийн А/454 дүгээр тушаалаар Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны ажиллах журам"-г баталсан (Зхх-91-92 талд).
Журмын 2.4-д Ёс зүйн хорооны хурал хорооны нийт гишүүний 70 хувиас дээш гишүүн хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно гэж, мөн 2.8-д Ёс зүйн хорооны гишүүн хуралд таслах эрхтэй оролцож, асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ гэж зааснаар Ёс зүйн хороо 2024.12.16, 19-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар *******г ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн (1хх-117-126 талд) бөгөөд 2024.12.19-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтэд бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Хэрэв шүүхийн дүгнэсэнчлэн *******г томилоогүй, бүрэлдэхүүн хууль бус гэж үзэх тохиолдолд Журмын 2.8-д зааснаар 7 гишүүний саналыг 100% гэж үзвэл, 1 гишүүн 14.2%-иар бусад 6 гишүүдийн таслах эрхтэй олонхын санал буюу 85.2% саналаар *******г Ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн дүгнэлтийг шууд үгүйсгэх, хууль бус гэж үзэж байгаа нь маргаан бүхий тушаалын хэлбэрийг бус, агуулгыг анхаараагүй. Бүхэлдээ хууль бусаар халсан, тушаал үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй.
Түүнчлэн, өөр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэх үндэслэл нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл болохоос, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүйг шүүх анхаараагүй.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч ... Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл алдаатай ... бүрэлдэхүүн ашиг сонирхлын зөрчилтэй хүн даргалсан ... томилсон бүрэлдэхүүнээс өөр хүн хуралд оролцсон зэрэг үндэслэлийг дурдаж байгаа боловч Ёс зүйн хянан шалгах хорооны 2024.12.19-ний өдрийн №02 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж маргаагүй. Эрх бүхий байгууллагаас дүгнэлтийг хүчингүй болгоогүй тохиолдолд Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн гарсан ажил олгогчийн тушаалыг хууль бус, үндэслэлгүй халсан гэж үзэх боломжгүй.
6.4. Мөн нэхэмжлэгч ******* нь 2024.12.19-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн х/120 тоот албан бичгээр ******* ХК-аас материал ирүүлэхийг шаардсан байдаг.
*******гийн гомдлыг ЗГХЭГ-н дэргэдэх Ёс зүйн дэд хороо хянаад, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/544 тоот албан бичиг... дүгнэлтийг гардан авснаас хойш хуульд заасан хугацааг хэтрүүлж гомдол гаргасан ... ******* ХК-ийн Ёс зүйн хорооны дүгнэлттэй холбоотой гомдлыг Эрдэнэс Монгол ХХК-ийн Ёс зүйн дэд хороо хянан шийдвэрлэхээр байна" гэх үндэслэлээр *******д хариу хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаас Ёс зүйн хянан шалгах хорооны 2024.12.19-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтийг хүчингүйд тооцсон ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг шүүх анхаараагүй.
6.5. Ёс зүйн хороо нэр бүхий 10 ажилтны гомдлыг үндэслэн шууд удирдлагын харилцаа, хандлага, ажилтнуудад үзүүлж буй дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2-д Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан хүний үндсэн эрхийг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан суурь зарчим болоод хориглолтыг зөрчсөн гэж Ёс зүйн хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар *******г Ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Улмаар 2024.12.19-ний өдрийн № 02 тоот дүгнэлтийг гүйцэтгэх захиралд ирүүлснийг буруу болон дутуу гэж үзэх үндэслэлгүй.
Мөн гомдол гаргасан нэр бүхий ажилтнуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар гэрчээр оролцуулсан бөгөөд тэдгээрт хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээлгэж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдал буюу нэгжийн удирдлага ямар дарамт шахалт үзүүлж ажилтнуудад ажлын байрны тэвчишгүй орчныг бүрдүүлж байсан талаар тодруулсан. Гэрч *******ийн ... 2024.10.11-ний орой гүйцэтгэх захирал дуудаад үүрэг өгснийг яагаад ардуур, урдуур яваад байна ... давж харьцаад байна ... энэ байран дээр би авчирсан, чамайг зайлуулчихна гэх зэргээр сүрдүүлэх, тухгүй байлгана гэдэг чинь ёс зүйн хэм хэмжээг давсан үйлдэл, гэрч *******ын ... хамгийн бага хугацаанд хамтран ажилласан буюу 2024.10.01-нээс ажиллаж байгаа ч ******* гэх захиргааны мэргэжилтнээр дамжуулан яаралтай архивын лавлагаа хүсэхэд нь гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр олгодог талаар шаардлага тавьсан боловч өрөөндөө дуудаад ... маш ууртайгаар чи надтай ингэж харьцах юм бол чамтай ингэж харьцана гээд Архивын ерөнхий газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүгнэлтийг барьчихсан энэ дүгнэлттэй чинь харьцана ... төлөвлөгөөт бус дүгнэлт нь архиваас баримт авах шаардлага нь хоорондоо ямар ч хамааралгүй байхад эдгээрийг тулгаж дарамт үзүүлсэн ... хэлтсийн ажилтнууд бүгд л хоорондоо ямар хэцүү дарамттай байгаагаа ярилцдаг байсан ... өрөөнд хамт суудаг н.Анхтуяа даргын өрөөнд дуудагдаад орж ирэх болгондоо маш их сэтгэлийн дарамттай уйлсан, даралт нь хөдөлсөн орж ирдэг байсан ..., гэрч *******гийн ... миний хамгийн эмзэг асуудлыг хөндөж надад удаа дараа хэлдэг нэг үг байдаг ... өрх толгойлсон 3 хүүхэдтэйгээ амьдардаг учраас мэдлэг боловсролгүй, чадваргүй ийм хэмжээний цалин аваад ажиллаж байгаадаа чи ер нь ичдэг үү, юу гэж боддог вэ? сайхан сэтгэлийн үүднээс ямар нэгэн асуудалгүйгээр ажиллуулж байна гэдэг ..., гэрч *******гийн ... *******ын жинхлээгүй халагдах тушаал гарч байгааг өөрт нь хэлсэнгүй, залуу хүн байж ийм муу санаатай цаашид яана даа ... хажууд нь сууж байж тушаалыг нь гаргаад сууж байдаг гэх зэргээр тушаал гарсан өдрөөс хойш илт давуу, маш илтээр ажлын байрны дарамт, харилцааны хувьд илтэд өөр болсон ... ээлжийн амралтаа авах гэхэд хажуудах хүнээ хөөж явуулчхаад яаж амрах юм бэ гэх утгатай зүйл ярьсан ... 2024.09 сард хэлтсийн даргад сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан. Тэрний дараа өрөөнд нь ажлаар ороход хэлтсийн дарга чинь сахилгын шийтгэл авч байхад орж ирээд хэлчихгүй муухай санаатай гэдэг байдлаар хэлсэн ... өглөө ажилдаа ирэхэд өнөөдөр юу гэх бол, яах бол, өрөөндөө дуудах болов уу гэсэн айдастай болсон, гэрч *******ын ... хүн чанар гаргаад хэлчихье, чи ажлаа өг, чамд энэ компанид хийх ажил байхгүй, эртхэн өөр ямар нэгэн нэгж рүү шилжмээр тэрийгээ хөөцөлд ... чам шиг чадваргүй юм хийхгүй гэдэг хандлагыг байнга гаргадаг байсан ... ямар нэгэн шалтгаанаар ажил болгоныг буцаадаг байсан ... хэлтсийн хурал дээр н.Анхтуяа, н.Сугар нарыг дотоод хяналтад өгөөд тушаал чинь гарна гэх зэргээр энэ бүх дарамт нь өөрийн мэдэлгүй гэр бүлийн цаашлаад эрүүл мэндийн байдалд нөлөөлж эхэлдэг юм байна тэгээд өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарах эсхүл гомдлоо гаргах гэдэг сонголт дээр тулж ирсэн... явцын дунд бүгд л өргөдөл өгөх хүсэлтэй болчихсон байсан учраас гомдлоо гаргасан ... сүүлд та нар ёс зүйн хороонд өгсөн байна тэрийгээ нотлоорой гэх мэтчилэн айлган сүрдүүлэх байдал гаргасан ..." зэрэг мэдүүлэг нь өөрөө нотлох баримтын шууд эх сурвалж болохыг шүүх анхаараагүй, ажлын байрны тэвчишгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, таслан зогсоох хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гарсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хугацаа хэтрүүлсэн гээд байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаас шийдвэрийг гардан авахдаа Давж заалдах гомдол гаргах сүүлийн хугацаа хэзээ дуусах вэ гэж асуухад 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 15 цагт миний өмгөөлөгч давж заалдах гомдлыг аваачиж өгсөн. Энэ нь Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмж дээр 18 цагаас хэтрээгүй гэдэгт нийцэж байгаа гэж үзэж байна. Бичгээр гаргасан гомдлын 1 дэх хэсэгт, тэмдэглэлд гарын үсэг зураагүй нь журмыг ноцтой зөрчиж байна гээд байгаа, хэргийн оролцогчид өөрсдөө хүлээсэн үүргийнхээ дагуу шүүхийн ажиллагаанд тэгш эрхтэй оролцож үүргээ биелүүлэх ёстой. Тухайн тэмдэглэлтэй танилцаагүй, гарын үсэг зураагүй нь ямар үр дагаварт хүргэсэн нь тодорхойгүй байна. 2 дахь хэсэгт, гэрчийн мэдүүлгийг үнэлэх эрхтэй байсан гэхдээ дүгнээгүй орхисон гээд байгаа. Үүнд тайлбар хэлэхэд шүүхийн шийдвэрийн 8 дугаар зүйлд заасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. 10 ажилтан гэрчээр оролцсон гэх боловч 5 ажилтан оролцсон, үлдсэн 5 ажилтан нь гэрчээр оролцохоос татгалзсан гэдгийг хариуцагч талаас тайлбарлаж хэлсэн. ******* ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16, 19-ний өдөр болсон ёс зүйн хорооны хуралд би гэрчүүдтэй цуг оролцоно гэж бодсон боловч гэрчүүдийг тусад нь нэг нэгээр нь оруулаад 2024 оны 12 дугаар сарын 19-ний хуралд би ганцаараа, долоон бүрэлдэхүүнтэй оролцсон. Тухайн хурал асуулт, хариулт гэхээсээ илүү байцаалт шиг өрнөсөн. Миний зүгээс гэрчүүдийн юу гэж ярьсныг мэдэхгүй, тэмдэглэлтэй танилцаад агуулгын хувьд зөрүүтэй, зарим хэсэг нь хасагдсан байсан. Тухайн хурал 10 хэдэн цаг үргэлжилсэн байхад тэмдэглэлийг 10 хэдхэн хуудсанд багтаан гаргасан байсан. Дараа нь шүүхийн журмаар хурлын бичлэг гаргуулах хүсэлт өгсөн. Гэвч бичлэгийг өгөхгүй удаасны улмаас шүүх хурал удаа дараа хойшилсон. Бичлэгийг 3 сарын хугацаанд ирүүлэхдээ бичлэг нь дуу дүрсний хувьд зөрүүтэй байсан. Тухайн бичлэгт үзлэг хийхэд 63 хуудас тэмдэглэл гарсан. Бичлэгт үзлэг хийхэд хариуцагчийн зүгээс идэвхтэй оролцоогүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хүлээж авсан нь дөрөвдүгээр хавтаст хэргийн 26 дугаар талд байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах хуулийн хугацаатай. Нэхэмжлэгчийн гомдол гаргах сүүлийн хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дууссан. Хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргасан байхад анхан шатны шүүхээс гомдлыг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны 17 цагт хүлээлгэж өгсөн нь дөрөвдүгээр хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх боломжгүй, мөн нэхэмжлэгчийн гомдолтой холбоотой давж заалдах гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна. Манай гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулахад хассан цалин болон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, үр дүнгийн урамшуулалд ******* төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч нь ажил олгогчоос гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/1153 дугаар тушаалыг эс зөвшөөрч, үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэж хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргаж, тухайн хорооны хурлаар талууд харилцан тохиролцоогүй гэсэн шийдвэр гаргасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх зохицуулалтад хамаарна.
Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №Б/04 тоот тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасныг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдолд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг анхаараагүй гэх гомдол үндэслэлгүй.
4. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
4.1. ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн *******г 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Захиргааны хэлтсийн даргаар томилон ажиллуулж, G/2023/0030 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх 39-42/
4.2. Нэхэмжлэгч *******г ******* ХК-ийн Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувь бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /1хх3, 55/
5. Хариуцагч ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 4.1.4, 5.2.1, 8.1.3, Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай А/157 дугаартай журмын 3.1.9, 5.3, 5.4, 6.1, *******тай байгуулсан G/2023/0030 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.1.14, 4.1.3-т заасныг тус тус үндэслэн ...Компанийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэдэг дардас (Хуулбар үнэн)-ыг хариуцан ажиллах хугацаандаа Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9-д заасан чиг үүргээ бусдад шилжүүлсэн, хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, нэгжийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж Захиргааны хэлтсийн дарга *******д үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувь бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Тодруулбал, хариуцагч ******* ХК нь нэхэмжлэгч *******г Компанийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэдэг хуулбар үнэн дардсыг хариуцан ажиллах хугацаандаа бусдад шилжүүлсэн, хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, нэгжийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.
5.1. ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/157 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 5.1.3-т Захиргаа, удирдлага хариуцсан нэгж нь компанийн бүх дардас, хэвлэмэл хуудас хариуцсан ажилтныг тушаалаар томилж, ажлын байрны тодорхойлолтод тусгаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй талаар заажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Захиргаа, удирдлага хариуцсан нэгж гэдэг нь захиргаа, удирдлагын газар болно, ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгч ******* нь хуулбар үнэн дардас хариуцаагүй, гэрч *******гийн мэдүүлгээр хуулбар үнэн дардсыг үеийн үед Захиргаа, удирдлагын газрын дарга нар хариуцан ажиллаж байсан болох нь тогтоогдож байхад нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ажил хүлээлцсэн акт болон 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлант хугацаанд гаргасан Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа БҮТЭЗ-ийн бүртгэлээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч *******д хуулбар үнэн дардасыг хүлээлгэн өгч, түүний нэр дээрх хөрөнгөөр бүртгэсэн болох нь тогтоогдсон. /1хх 57-58/
Түүнчлэн, ******* ХК-ийн гүйцэтгэх захирал нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар тушаалаар Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг-ийг шинэчлэн батлахдаа Захиргааны хэлтсийн үндсэн үйл ажиллагааны чиг үүргийн 14-т Компанийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу удирдан зохион байгуулах /Гүйцэтгэх захирлын тушаал, албан даалгаврыг албажуулах, ирсэн, явсан бичиг, мэдээ, баримт бичгийн эргэлтийн мэдээ, компанийн хэвлэмэл хуудсыг хариуцах, хяналт тавьж, захиалах, тараах, тайлан гаргах, тэмдэг, дардас хариуцах/ заасан байна.
Өөрөөр хэлбэл, дээрх тушаалын Захиргаа, удирдлагын газрын үндсэн үйл ажиллагааны чиг үүрэгт Захиргаа, удирдлагын газар, Захиргааны хэлтэс гэж ялгаатай тусгасан, Захиргааны хэлтсийн чиг үүргийн 14-т ...дардас хариуцах-аар заасан байх тул Захиргаа, удирдлагын газрын дарга хариуцна гэсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
5.2. ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/157 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам 3.1.9-д тухайн онд хөтлөгдөж буй Гүйцэтгэх захирлын тушаал, бусад баримт бичгийг дотоодод ашиглах, гадагш хуулбарлан олгохдоо Захиргаа хариуцсан нэгжийн удирдлага нь хуулбар үнэн дардас дарж гарын үсэг зурж баталгаажуулна, 5.5-д тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хариуцсан ажилтны эзгүйд мөн ажилтан ажлаас чөлөөлөгдөхөд түүний ажлыг түр орлон гүйцэтгэх ажилтанд ажил хүлээлцэх хуудаст тэмдэглэл үйлдэн компанийн тэмдгийг Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр, бусад тэмдэг, дардас, хэвлэмэл хуудсыг тухайн газар хариуцсан нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр хариуцуулан хүлээлгэн өгнө гэж заажээ.
5.3. Шүүх хуралдааны явцад талууд хэн аль нь хуулбар үнэн дардас алга болсон үйл баримтын талаар ...дардас хариуцаж байсан Захиргаа хариуцсан нэгжийн ахлах мэргэжилтэн ******* нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэхдээ ажлыг нь орлон гүйцэтгэх хэлтсийн мэргэжилтэн *******д дардсыг үлдээж, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр *******д нь хуулбар үнэн дардсыг үрэгдүүлсэн талаар тайлбарлаж, улмаар ажил олгогчийн зүгээс дардсыг зохих журмын дагуу хадгалаагүйн улмаас гээгдүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.
Мөн хуулбар үнэн дардас алга болсон талаар *******ос нэхэмжлэгч *******д 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд мэдэгдэж, нэхэмжлэгч *******гаас 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Захиргаа Удирдлагын газар мэдэгдэн, холбогдох арга хэмжээг авч, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/303 дугаар тушаал, түүний хавсралтад зааснаар хуулбар үнэн дардсыг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хүчингүй болсонд тооцож, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шинээр хуулбар үнэн дардсыг хийлгэхээр дахин захиалсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоогджээ.
5.4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс *******дын тайлбараар хуулбар үнэн тэмдэг алга болгосон буруутай үйлдлээ ажилтан хүлээн зөвшөөрсөн тул дээрх үйл баримтад нэхэмжлэгчийн эс үйлдэхүй, эсхүл үйлдлээрээ гэм буруутай болох нь тогтоогдохгүй гэсэн боловч нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт болон 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/157 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 5.5-д заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Учир нь, хэрэгт авагдсан Ажлын байр /хэлтсийн дарга/-ын тодорхойлолтын ажлын байрны зорилт 3-д захиргааны хэлтсийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулалтаар хангаж, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод батлагдсан чиг үүргийн хүрээнд үүрэг даалгавар өгөх, хэрэгжилтийг хангуулах, 3 дугаар зорилтын хүрээнд 4.Компанийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, 5.Захиргааны хэлтсийн ажилтнуудад ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиглэлийн дагуу үүрэг даалгавар өгөх, хэрэгжилтийг хангуулахаар заажээ.
5.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн... гэсэн боловч байгууллагын хуулбар үнэн тэмдгийг хариуцах асуудал бол гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл, байгууллагын баталсан дүрэм журмын дагуу тогтоогдох үйл баримт бөгөөд ******* өөрөө хуулбар үнэн дардас хариуцаж байгаа этгээдийн хувьд хариуцлага, хяналт тавиагүй үндэслэлээр *******д нь сахилгын арга хэмжээ авагдсан үйл баримт тогтоогдсон тул нотлох баримтыг буруу үнэлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Иймд хариуцагч ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль зөрчсөн гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
6.1. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэснийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний хувьд буруу тайлбарласан гэх гомдлыг хангахгүй орхив.
7. Хариуцагч ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Ёс зүйн дүрмийн 2.9, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 4.1.4, 8.4, 8.4.7, *******тай байгуулсан G/2023/0030 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.1.14, 4.5.7, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХД24/23 дүгнэлт, Компанийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн ... сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа архивын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, хэлтсийн ажилчдаа удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн болох нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны ХД24/33 дүгнэлтээр тогтоогдсон, мөн өөрийн харьяалан удирдаж буй ажилтнуудад хүндэтгэлгүй хандаж, ялгаварлан гадуурхсан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн талаар нэр бүхий 10 ажилтнаас гомдол гаргасныг Компанийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо шалгаж ёс зүйн зөрчил гаргасан талаар 2024 оны 02 дугаартай дүгнэлт гарсан гэж үзэж Захиргааны хэлтсийн дарга *******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.
7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн болох нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны ХД24/33 дүгнэлтээр тогтоогдсон, харьяалан удирдаж буй ажилтнуудад хүндэтгэлгүй хандаж, ялгаварлан гадуурхсан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн болох нь Компанийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны 2024 оны 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгахгүй.
Учир нь, хэрэгт авагдсан баримтаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/16599 дугаартай ...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭТТ-2018/377 дугаартай Бортээг болон бусад хэсгийн хайгуулын өрөмдлөгийн геофизикийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн ... 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭТТ-2018/378 дугаартай Цанхын хэсгийн хайгуулын өрөмдлөгийн геофизикийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн актуудыг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хуулбарлан баталгаажуулж ирүүлэх,
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/16601 дугаартай ...2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн R-R-ЭТТ-2023/03-23/НТШ-8 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, мөн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ЭТТ-2017/043 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг дүгнэсэн актыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хуулбарлан баталгаажуулж ирүүлэх тухай албан бичгийг тус тус хариуцагч ******* ХК-д хүргүүлсэн байна. /1хх 91-104/
7.2. Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын №ХД24/33 дугаартай дүгнэлт, архивын мэргэжилтэн *******, ******* нарын тайлбар, хариу албан бичиг, Баримт бичгийг Хуулбар үнэн дардсаар баталгаажуулан хуулбарлан олгосон акт №2024/67, №2024/68 зэрэг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг хүлээн авснаас хойш дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Үүнд: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дээрх албан бичгийг хариуцагч компанийн бичиг хэргийн мэргэжилтэн ирсэн бичгийн бүртгэлд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж, архивын мэргэжилтэн *******, ******* нараас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 235 хуудас баримтуудыг бэлтгэн хуулбар үнэн дардсаар баталгаажуулахаар нэхэмжлэгч *******д өгч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* нь дээрх баримтаас ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралтыг Эх хувь биш хуулбар хувийг олшруулж баталгаажуулахаар оруулж ирсэн гэж үзэн буцаасан.
Захиргаа, удирдлагын газрын дарга ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архивын нэгжийн боловсруулалтыг дахин хийж хуулбар үнэн дардас дарж баталгаажуулан №2024/67, №2024/68 дугаартай акт үйлдэж Хууль зүйн зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн бөгөөд баримтыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/2285, 01/2286 дугаартай албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газар хүргүүлжээ.
7.3. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралтад хуулбар үнэн дардас дараагүй, эх хувь биш хуулбар хувийг олшруулж баталгаажуулахаар оруулж ирсэн гэж үзэн буцаасан үйлдлийг хариуцагч нь архивын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, хэлтсийн ажилчдаа удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэн, зөрчил нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны ХД24/33 дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.
Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын №ХД24/33 дугаартай дүгнэлтэд ... Захиргааны хэлтсийн дарга *******гийн тайлбараар өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, ажил үүргээ орлох ажилтанд хариуцуулаагүйгээс шалтгаалсан..., ... 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/157 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.8-т зааснаар Хуулбар үнэн дардас хэрэглэх албан тушаалтан нь Захиргаа хариуцсан нэгжийн удирдлага буюу Захиргааны хэлтсийн дарга ******* байна гэж дүгнэсэн байна.
7.4. Нэхэмжлэгч нь ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралтад хуулбар үнэн дардас дарж баталгаажуулаагүй үндэслэлээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар баримт бичгийн эх хувийг цаасан хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан баримт бичигт хуулбар хувь гэсэн тэмдэглэгээ хийх хуулийн шаардлагыг хангаагүй баримтууд байсан гэж тайлбарласан байна.
Тухайн компанид мөрдөгдөж буй гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/103 тушаалаар шинэчлэн баталсан Архивын баримт ашиглалтын журмын 3.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан, компанийн ажилтан, иргэдийн хүсэлт, зохих зөвшөөрлийг үндэслэн компанийн архивын баримтын бүрэн, хэсэгчилсэн хуулбарыг ажлын 3 хоногт багтаан олгоно гэж заажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь компанийн бодлого, дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүрэгтэй ба ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралт баримтад хуулбар үнэн дардас дарж баталгаажуулаагүй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй хэдий ч түүнийг архивын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, хэлтсийн ажилчдаа удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэснийг буруутгахгүй. Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/16599, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/16601 дугаартай албан бичгийг хариуцагч компанид хүргүүлэхдээ ямар нэгэн тодорхой хугацаа заагаагүй, албан бичигт дурдсан баримтыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/2285, 01/2286 дугаартай албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон.
8. Нэхэмжлэгч нь өөрийн харьяалан удирдаж буй ажилтнуудад хүндэтгэлгүй хандаж, ялгаварлан гадуурхсан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн талаар нэр бүхий 10 ажилтнаас гомдол гаргасныг Компанийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо шалгаж ёс зүйн зөрчил гаргасан талаар 2024 оны 02 дугаартай дүгнэлт гаргасан үндэслэлээр хариуцагч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн.
8.1. Хариуцагч ******* ХК-ийн Ёс зүйн хорооны хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 16, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үргэлжилж, ******* ХК-ийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №2 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.
Дүгнэлтэд Захиргааны хэлтсийн дарга *******г ...өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтнуудын ажлын алдаа дутагдалд ажил хэрэгчээр хандаж мэргэжил, ур чадвар хангалтгүй ажилтныг холбогдох сургалтад хамруулах, удирдлагын зөв арга зүйгээр хангаж зөвлөн чиглүүлэх, хамт олны уур амьсгал, хамтын ажиллагааг чухалчлан сайжруулах, ур чадвар, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх бусад арга хэмжээ авах, улмаар ажлын хариуцлага алдсан нь тогтоогдсон бол ажилтанд сахилгын арга хэмжээ авхуулах саналыг холбогдох дүрэм, журмын дагуу гаргах зэрэг удирдах албан тушаалтанд байвал зохих зүй ёсны арга барилыг удирдлага болгон ажиллахын оронд нэгжийн ажилтныг ар гэрийн эмзэг асуудлаар нь дарамталсан, ажлаас гарах өргөдлөө өгөхийг ажилтнаас үндэслэлгүйгээр шаардсан, баримт нотолгоогүйгээр арга хэмжээ авах талаар ажилтанд сануулж дарамталсан, ажилтны ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хайхрамжгүй хандсан, ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх явцад нь нотлогдож тогтоогдоогүй үйлдлээр гүтгэн дарамталсан, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үг хэллэгээр шаардлага тавьсан, ажилтнуудтайгаа мэндлэхгүй байх зэргээр биеийн ажилтныг загнаж зандарсан, ажилтанд учирсан уй гашууг сонсохгүй ширүүн дориун хэлэмжээр үл тоодог, ажилтныхаа тайлбар, үгийг хүлээн авахгүй байх зэрэг үл хүндэтгэх байдлыг удаа дараа гаргаж байсан нь Захиргааны хэлтсийн нэр бүхий ажилтнуудыг ажлын байрны сэтгэл зүйн дарамтад оруулж, ажилдаа идэвхгүй, сэтгэл ханамжгүй, ажлын байранд хэвийн ажиллах нөхцөл боломжгүй байдлыг бий болгосон, улмаар нэгжийн зарим ажилтан компанийн өөр газар, нэгжид шилжин ажиллах хүсэлтийг өгөх зэрэг аргагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзжээ.
Улмаар *******гийн дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.15, 5 дугаар зүйлийн 5.2.1, Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5, 2.9, 5.1, Ажил олгогчтой байгуулсан G/2023/0030 тоот Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.14 дэх заалт, Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байрны тусгай шаардлагыг зөрчин Ёс зүйн зөрчил гаргасан байна гэж Ёс зүйн хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд 100%-ийн саналаар шийдвэрлэсэн байна.
8.2. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй.
Энэ тохиолдолд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь зөрчлийг ажилтан хоёр ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба түүнчлэн ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаас гадна уг зөрчлийг тогтоосон байх учиртай.
8.3. Анхан шатны шүүх ******* ХК-ийн Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл, Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны дүгнэлтээс үзвэл, нэр бүхий 10 ажилтнуудаас *******гийн талаар гаргасан гомдолд дурдсан ёс зүйн зөрчил болох өөрийн харьяалах ажилтнуудтай харилцахдаа дарамталсан, доромжилсон, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, ажлын зүй ёсны шаардлага тавьдаггүй гэх зэргээр хөдөлмөрийн гэрээний 4.5.7-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ёс зүйн хорооны дүгнэлтэд байгаа гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, гэрчүүд өөрсдөө асуугдсан, нотлогдсон тогтоогдсон гэж байгаа боловч тухайн гэрчүүд ямар цаг хугацаанд ялгаварлан гадуурхсан, хүнтэй харьцсан талаар үйлдэл бол тогтоогдохгүй байна гэж үзнэ. Шүүх ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн, мөн зөрчил тогтоогдохгүй байна гэж үзэж 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр *******ээг томилсон байхад ******* хуралд орсон талаар нэхэмжлэлийн үндэслэлээ болгож маргаагүй, маргаагүй асуудлыг хариуцагч няцаах, нотлох үүрэггүй, хуралдаанаас өмнө энэ талаар дурдсан бол няцаах нотлох баримтаа өгөх байсныг анхан шатны шүүх анхаараагүй, тэгш эрхтэй мэтгэлцэх боломжоор хангаагүй, мөн 1 гишүүн болох *******э болон ******* нарын асуудал нь тухайн асуудлыг шийдвэрлэсэн тогтоолыг бүхэлд нь хууль бус гэж үзэх, ёс зүйн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж давж заалдах гомдолдоо тайлбарласан.
Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ******* ХК-ийн ёс зүйн маргааныг хянан шийдвэрлэх хорооны бүрэлдэхүүнийг баталсан тушаалыг гаргуулах хүсэлтийг гаргаж, үндэслэлээ бүрэлдэхүүн хууль бус байдлаар батлагдсан бол эрх зүйн үр дагавар нь дүгнэлт өөрөө хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарласан байх тул уг асуудлаар нэхэмжлэгчийг маргаагүй гэж үзэх үндэслэлгүй, мөн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/71 тоот Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай тушаалаар хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн байгуулсан байх боловч уг бүрэлдэхүүнд ******* томилогдсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн хурлын тогтоол хууль бус талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. /3хх 122/
9. Анхан шатны шүүх үр дүнгийн урамшуулалд ******* төгрөг гаргуулах шаардлагыг ажил олгогчоос ажилтны ажил дүгнэх зааварт заасан үзүүлэлтээр холбогдох тайлан, ажлын төлөвлөгөөний биелэлт дүгнэгдээгүй, нэхэмжлэгч 2025 онд ажил үүрэг гүйцэтгээгүй гэж тайлбарласан байх тул үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлгүй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгч *******гийн цалинг Цалингийн карт-д үндэслэн тооцож, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалинг ******* төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байхаас гадна ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт ******* төгрөгийг хариуцагч ******* ХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.
Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон гэж үзнэ.
10. Дээр дурдсан үндэслэлээр, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 898,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ХУЛАН