Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 704

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр      Дугаар 181/ШШ2016/00704             Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 24б байр, 110 тоотод оршин суух, Ууш овогт Галбатын Ариунболд/РД: УШ77090913/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 7б байр, Гадаад хэргийн яамны 2-р байранд байрлах, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдох,

 

Барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 980 148.17 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, гэрч Л.Баянмонгол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч Г.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ариунболд Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт 2003 оны 3 сарын 31-ний өдөр №66 тоот тушаалаар Барилгын тасгийн дарга-инженерээр 2003 оны 4 сарын 1-ний өдрөөс жинхлэн томилогдон 13 жил тасралтгүй ажилласан юм.

Нэхэмжлэгч тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын зерчил гаргаж байгаагүй бөгөөд миний ажлын амжилтыг үнэлж Тэргүүний барилгачин, Ойн медаль, байгууллагын шилдэг ажилтан шалгаруулж шагнаж байсан болно.

2016 оны 05 сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын №А/36 тоот тушаал гарч Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заатыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалаар тус байгууллагын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтнуудыг нэг дор ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө Мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөх тушаал гарсны маргаашнаас эхлэн сантехникийн ажилтан Г.Мөнхсайхан, Д.Агваандаш, Ж.Болорцогт, холбооны техникч О.Эрдэнэбаатар, мужаан Ж.Мөнхбаатар зэрэг ажилтнуудыг ажил олгогч дуудаж ажилд нь эргүүлж авах санал тавьсны дагуу ажилдаа эргэн орж ажиллаж байгаа, 2016 оны 05 сарын 26-ны өдрийн “Өдрийн сонин”-ы №125(5390) дугаарт “барилгын инженер, цахилгаанчин” зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан, гагнуурчин Н.Баярсайхныг ажилд нь эргүүлж авах санал 2016 оны 06 сарын 06-ны өдөр тавьсан зэргээс үзвэл ажил олгогч хууль зөрчиж ажилтнуудыг хомроглон халсан нь нотлогдож байна гэж үзэж байна. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 980 148.17 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ариунболдын “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”/ДБҮЭГ ТӨҮГ/ Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал би эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

ДБҮЭГ ТӨҮГ нь Засгийн газрын 2012 онь 9 дүгээр сарын 22-ны 46 дугаар тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний 501 дүгээр тогтоолын 7 дахь заалтаар ДБҮЭГ ТӨҮГ-г аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан ба Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4-д зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан.

Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар нь аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаа, үүнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтын зорилго нь ажлаас халагдаж буй ажилтанд дараагийн ажлын байраа олж бэлдэхэд зориулсан хугацааг ажил олгогч гаргаж өгөх агуулга бүхий хамгаалалт бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлж ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар ДБҮЭГ ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш ДБҮЭГ ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 17-нд Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Иймд ДБҮЭГ ТӨҮГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний А/36 дугаар тушаалаар ажилтнуудыг ажпаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй.

Барилгын засвар, үйлчилгээ зэрэг ДБҮЭГ ТӨҮГ-ын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасаж, харин шаардлагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар тус газрын дүрэмд заасан тул бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ эн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан. Нэгэнт хуучин ажилчид маань гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Иймд нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Ариунболд хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдуулан барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 980 148.17 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Нийтлэг үйлчилгээний хэлтсийн барилгын инженерээр ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр/хх-3-4/, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаал/хх-72/ болон тушаалын 1-р хавсралтын/хх-73-75/ хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 17-нд Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан .... нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон гэсэн тайлбар гаргаж байна.

 

Хэрэгт баримтаар авагдсан 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Өдрийн сонин”-ы № 125 дугаарын 16 дугаар нүүрт/хх-38/ хариуцагч байгууллага нь “барилгын инженерийн ажлын байранд ажилтан авах тухай” зар өгсөн байх тул хариуцагчийн барилгын инженерийн орон тоо хасагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна.    

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хариуцагч нь орон тоо хасагдах тухай дагуу нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн гэсэн тайлбар гаргаж байх боловч тус тайлбар нь баримтаар тогтоодохгүй байна.

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цуцлах тухай 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудсыг/хх-31/ н.Туул гэх хүнд гардуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Л.Баянмонголын мэдүүлэг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдээгүй болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан барилгын инженерийн орон тоо хасагдаагүй болох нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Ариунболдыг барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно.” гэж заасан.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажлын 84 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 3 197 057.3/гурван сая нэг зуун ерэн долоон мянга тавин долоо төгрөг гурван мөнгө/ /нэг хоногийн цалин 38060.2х84 хоног=3197057.3/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчид нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгах үндэслэлтэй байна.                                                                                                                                     

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ариунболдыг хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-с ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 197 057.3/гурван сая нэг зуун ерэн долоон мянга тавин долоо төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ариунболдод олгож, нэхэмжлэгч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ариунболдыг хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-с ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 197 057.3/гурван сая нэг зуун ерэн долоон мянга тавин долоо төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ариунболдод олгож, нэхэмжлэгч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ариунболд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 66103 төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ