| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0764/Э |
| Дугаар | 794 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 794
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Анармөнх,
хохирогч Б.Мөнхбаатар,
шүүгдэгч Г.Р,
нарийн бичгийн дарга Г.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Харгана овогт Гомбожавын Г.Рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911020650903 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 450 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2000 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 314 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харгана овогт Гомбожавын Г.Р /РД: ОЮ67060510/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Г.Р нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Р мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхбаатар мэдүүлэхдээ: Би тухайн өдөр 8 дугаар сарын 02-ны өдөр Төв шуудангийн хажууд хоёрдугаар эгнээгээс нэгдүгээр эгнээ рүү шилүүлэх гэж байхад урд хаалгаар орж ирээд түлхүүрээр цохисон. Би энэ хүнтэй барьцалдаагүй. Миний дотор харанхуйлаад эмч тариа тарьж байхад чи яагаад баашлаад байгаа юм бэ? бос гэж хэлсэн. Томографи үзүүлсэн 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000, бариачид бариулсан 20.000, 6 өдрийн цалингаа нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Г.Р нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Монгол шуудан"- ХХК-ны урд байрлах тээврийн хэрэгсэл зорчих төв замд, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч Б.Мөнхбаатарыг "автомашинаараа шахлаа" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож толгой, нүүрэн тус газарт нь автомашины түлхүүр болон гараараа тус тус цохиж хохирогчийн биед тархи доргилт, хуйх, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэл болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Г.Рын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...хажуугаар автобус шахаж орж ирэхээр нь би гараа даллаад уучлаарай гэтэл уг автобусны жолооч үргэлжлүүлж яваад намайг машинд хавсархаа шахсан. Тэгэхээр нь би уур хүрээд уг автобус руу гүйж ороод барьж явсан машины түлхүүрээрээ уг автобусны жолоочийн толгой руу шавхуурдаж цохичихоод буутал араас буугаад ирээд надтай хэрэлдсэн. Тэгэхээр нь би нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадаж цохисон...Би тухайн үед зам дээр машинаа буруу байрлуулж, улмаар автобусны жолоочтой муудалцаж түүний нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсандаа гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,
хохирогч Б.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хоёрдугаар эгнээ рүү ороод тухайн эзэнгүй машиныг өнгөрөөд урдуур нь буцаад нэгдүгээр эгнээ рүү орох гэтэл гадна нэг хүн хөөе пизда минь гэж орилохоор нь толь руугаа хартал 50 орчим насны эрэгтэй хүн ирэхээр нь би урд хаалгаа нээгээд юу болсон бэ гэтэл шууд орж ирээд чи яаж байгаа пизда вэ гэж хэлээд барьж явсан машиныхаа түлхүүрээр толгойн орой, зулай хэсэг рүү нэг удаа цохичихоод явахаар нь би араас нь бууж очиход дахин миний нүүрэн тус газарт хоёр удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гээд утсаа гаргаж иртэл дахин барьж байсан машины түлхүүрээрээ миний хамарны баруун хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №9448 дугаартай дүгнэлтэд: "...Б.Мөнхбаатарын биед тархи доргилт, хуйх, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх /хх-ийн 18х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Рыг үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Мөнхбаатартай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Мөнхбаатарын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс тус хавтас хэрэгт баримтаар авагдсан толгойн томографт харуулж шинжилгээ хийлгэхэд төлсөн төлбөр 120.000 төгрөг, ШШҮХ-нд шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулсаны төлбөр 8000 төгрөгийг тус тус нэмж нэгтгэн, нийт 128.000 төгрөгийг шүүгдэгч Г.Роос гаргуулж, түүнд олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Мөнхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрхэлсэн ажлаа 5 хоног хийгээгүй тул өөрийн олох байсан 5 хоногийн орлогын мөнгө нэхэмжилсэн бөгөөд хавтас хэрэгт авагдсан холбогдох баримт нь дутуу байх тул үүнийгээ бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Рт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Мөн шүүгдэгч Г.Рт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хохиролыг богино хугацаанд төлүүлэх зорилгоор түүнд шүүхээс оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харгана овогт Гомбожавын Г.Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Рыг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Рт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Роос нийт 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Мөнхбаатар /РД:МВ88120813/-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг журамлан Г.Рыг бусдад учруулсан хохиролоо 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хохирогч Б.Мөнхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ