| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0869/Э |
| Дугаар | 874 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Ж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхнүүд овогт Намсрайн Батмягмарт холбогдох эрүүгийн 190900430553 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум, 5-р баг, Цэнгэлд оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 10 дугаар гудамж 513 тоотод түр оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1, 111 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 517 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил 6 сарын хорих,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РК73071715 / Хөхнүүд овогт Намсрайн Батмягмар нь:
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар зочид буудлын ертөнцийн зүгээр урд зүгт байрлах ногоон байгууламжид 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Р.Батдоржийн түрийвчтэй мөнгө, бичиг баримт, эд зүйлийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 17-18 /
Хохирогч Р.Батдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Би Улаанбаатар зочид буудлын ертөнцийн зүгээр урд талын саад буюу цэцэрлэгт хүрээлэнд явж байхад үл таних нэг эрэгтэй хүн надтай таарч, нэг шил архи авч өгөхийг шаардсан. Би тэр хүнд хандан “Би чамд архи авч өгөхгүй” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн намайг “Ийшээ оръё” гэж хэлээд бутны цаагуур дагуулж орж нэг гараараа миний хоолойг боож, нөгөө гараараа миний хувцсыг тэмтэрсэн. Би эсэргүүцэж ноцолдсон ба тэр хүн намайг хавирч унагаагаад миний гадуурх куртикны дотор талын баруун энгэрийн халааснаас миний түрийвчийг авчихаад хойд зүг рүү алхаад явсан гэжээ. / хх 24 /
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 20-22 /
Гэрч Н.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Р.Батдорж гэх хүнийг танихгүй ба өчигдөр цагдаагийн машин дотор анх удаа харсан. Тэр хүн намайг хараад Төмрөө гэж дуудаад энэ намайг дээрэмдсэн гэж шууд заагаад байсан. Намайг тэр хавийн хүмүүс онгорхой Төмрөө гэж хочилдог гэжээ. / хх 27 /
Яллагдагч Н.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 36 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 30-31 /
Шүүгдэгч Н.Батмямарыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 37-38 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 41 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сааданд Р.Батдоржтой тааралдсан. Тэгээд нэг шил архи хувааж уугаад тамхи авах гэж яваад цагдаад баригдаж эрүүлжүүлэгдсэн. Би согтуу байсан болохоор мөнгийг нь авсан байх. Хохирлыг төлнө. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын урд байрлах ногоон байгууламжид иргэн Р.Батдоржийн түрийвчтэй 160.000 төгрөг, бичиг баримт, 30.000 төгрөгтэй автобусны карт, мөнгөн очир сахиус, жижиг нүхтэй чулуу зэргийг хүч хэрэглэж, хууль бусаар авч, гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 17-18 /, …Тэр хүн намайг “Ийшээ оръё” гэж хэлээд бутны цаагуур дагуулж ороод нэг гараараа миний хоолойг боож, нөгөө гараараа миний энгэрийн халааснаас миний түрийвчийг авчихаад хойд зүг рүү алхаад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Батдоржийн мэдүүлэг / хх 24 /, ...Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 20-22 /, ...Намайг Төмрөө гэж дуудаад энэ намайг дээрэмдсэн гэж шууд заагаад байсан. Намайг тэр хавийн хүмүүс онгорхой Төмөрөө гэж хочилдог гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Бын мэдүүлэг / хх 27 /, ...Энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Бын мэдүүлэг / хх 36 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 30-31 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Баас 205.800 төгрөг гаргуулж хохирогч Р.Батдоржид олгож, Н.Бын цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Шүүхээс шүүгдэгч Н.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөхнүүд овогт Намсрайн Батмягмарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Намсрайн Батмягмарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн / хоёр / хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Бын цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Баас 205.800 төгрөг гаргуулж, хохирогч Р.Батдоржид олгосугай.
7. Н.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ