| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/09789/И |
| Дугаар | 210/МА2026/00573 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00573
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/09795 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* орон сууцны хотоноос орон сууц захиалан бариулахаар тохиролцож тус компанитай 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ND-S-PH1-0014 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулж, ******* хотхоны 105-р блок, 4-р давхар, *******тоот, 3 өрөө 56.31 м.кв орон сууцыг 1 м.кв нь******* буюу нийт ******* төгрөгөөр захиалан бариулж, 2023 оны 1 дүгээр улиралд хүлээн авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа хүлээн авч чадаагүй байна. Гэтэл ******* ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр захиалагч бүрд мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлээр гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж, гэрээний хугацааг сунгах буюу 1 м.кв үнийг ******* төгрөг болгон өөрчилж, орон сууцыг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах санал, тус нөхцөлийг зөвшөөрөхгүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх талаар мэдэгдэл ирүүлж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Нэхэмжлэгчийн зүгээс аливаа гэрээний үүргийн зөрчил үүсгээгүй байтал гүйцэтгэгчийн зүгээс гэрээ цуцлах санал ирүүлж байгаа нь цаашлаад орон сууцны 1 м.кв-ыг ******* төгрөгөөр нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн саналыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо хариу мэдэгдсэн боловч хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн хариуг хүлээн аваагүй болно.
Нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр гэрээ цуцлах саналыг зөвшөөрөхгүй, 1-рт ******* ХХК-ийн гаргаад буй гэрээний үнэ өөрчлөх, гэрээ цуцлах саналыг Орон сууц захиалгын гэрээний дагуу хүлээсэн үүргээ (орон сууцны төлбөр төлөх) биелүүлсээр байтал, өөр ямар нэг гэрээний үүргийн зөрчил гаргаагүй байтал хариуцагч талаас гэрээ цуцлах санал гаргаж байгаа нь огт үндэслэлгүй. 2рт ******* ХХК нь Ковид-19 цар тахлын улмаас хүнд нөхцөл байдалд орсон тул гэрээний үнийг нэмэгдүүлэхээр байгаа гэж тайлбарладаг боловч ковидын хууль батлагдаад 1.5 жил болсон байсан, барилгын компани, хувь хүмүүс бүгд цар тахлын талаар мэдээлэлтэй байсан. Гэтэл одоо 2025 онд буюу 4 жилийн дараа ковидын нөхцөл байдал болж хүнд байдалд орлоо гэж байгаа нь цаг хугацааны болоод боломжит байдлын хувьд тохирохгүй байна. Компани энэ 4 жилийн хугацаанд орон сууцыг барьж дуусгах, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хангалттай боломж байсан.
Гэрээ байгуулах үед буюу 2021 онд орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Одоогийн мөнгөний ханш, инфляци зэргээс шалтгаалан тухайн урьдчилгаа төлбөрийг буцаан авах нь захиалагчид илт хохиролтой байгаа. Мөн гэрээний 4.10-т зааснаар энэ нөхцөл байдлын улмаас хэн аль нь хариуцлага хүлээхгүй байхаар талууд анхнаасаа тохиролцсон. Иймд хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж нэхэмжлэлийг гаргаж байна. ******* хотхон 105-р блок, 4-р давхар, *******тоот, 3 өрөө 56.31 м.кв орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, орон сууцыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ND-S-PH1-0014 тоот орон сууц захиалгын гэрээг үргэлжлүүлэх боломжгүй талаар удаа дараа мэдэгдсэн ба ******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, манай компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг байгуулсан үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөн санхүүгийн хүнд байдалд орсон учир захиалагч нартаа бодит нөхцөл байдлыг ойлгуулан мэдэгдэж, холбогдох баримтуудыг танилцуулсан боловч харилцан ойлголцолд хүрээгүй. Тиймээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ND-S-PH1-0014 тоот орон сууц захиалгын гэрээг цуцалж, *******ын урьдчилгаа төлбөрт төлсөн ******* төгрөгийг түүний харилцах хаан банкны *******тоот данс руу буцаан шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь хариуцагч ******* ХХК нь орон сууц захиалгын гэрээг үргэлжлүүлэх боломжгүй талаар захиалагчид удаа дараа мэдэгдсэн, ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг байгуулсан үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж санхүүгийн хүнд байдалд орсон, гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй тул орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлсэн, хариуцагч нь барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болж гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг Хан-Уул дүүгийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны 105 байр 4 давхар, *******тоот хаягт байршилтай, 3 өрөө, 56.32 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэж, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 854,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний маргаанд нэхэмжлэгч өөрийн шаардлагыг тодорхойлон шүүхэд хандах эрхтэй. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандахдаа өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талд илт давуу байдлыг олгож нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэрийг буюу ...3 өрөө, 56.32 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэж, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэж өгөхийг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой.
4.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх зарчим иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчилдэг. Гэтэл дээрх байдлаар гарсан шүүхийн шийдвэр бодит байдал дээр биелэгдэх боломжгүй нөхцөл байдалтай байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй.
4.3. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлон улмаар Иргэний хуулийн 343.1, 344.1, 209.1 дэх заалтуудыг нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарласан. Тодруулбал, нэхэмжлэгчийн төлбөр төлөх хугацаа тогтоосон гэрээгээр хүлээсэн үүргийг шууд үгүйсгэж, хариуцагч талыг л дан буруутай мэтээр дүгнэсэн. Уг нь талуудын байгуулсан гэрээний заалтууд, мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлээс харахад төлбөр бүрэн төлөгдсөнөөр хөрөнгийн өмчлөх эрх үүсэх зохицуулалттайг анхан шатны шүүхээс анхаараагүй.
4.4. Гэрээний талууд өөрсдөө гэрээний харилцааг сайн дурын үндсэн дээр үүсгэж, цуцалж, дуусгавар болгодог. Харин үл ялих зүйлээр шалтаглаж гэрээг цуцлах, нэг талын санаачилгаар дуусгахыг хуулиар хориглодог, үүнийг хариуцагч тал сайтар ухамсарлаж байгаа. Энэ ч үүднээс хариуцагчийн зүгээс талуудын байгуулсан гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй талаар нэхэмжлэгчид хуульд заасан урьдчилсан нөхцөл журмын дагуу албан ёсоор мэдэгдэж, төлсөн төлбөрийг нь буцаан шилжүүлсэн. Мөн энэ талаарх зохих баримтууд /Xүнд нөхцөл байдлын гэрчилгээ, мэдэгдэл/-ийг шүүхэд гаргаж өгсөн.
Гэтэл шүүхээс нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох тухай Иргэний хуулийн заалтуудыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж, цар тахлын үед дэлхий даяар үүссэн үнийн өсөлт, санхүүгийн хүндрэл буюу нийтэд илэрхий үйл баримтыг хариуцагч нь мэдсээр байж гэрээ хийсэн мэтээр дүгнэлт хийж шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхээс аль нэг талд илт давуу байдал олгож шийдвэрлэсэн зүйл байхгүй. Талуудыг нэхэмжлэл болон татгалзлаа гаргах, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх бүрэн боломжоор хангаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас давсан асуудлыг шүүх шийдээгүй. Нэхэмжлэгч тал орон сууц захиалах гэрээ байгуулсан, энэ гэрээний дагуу манай талаас үүргийн зөрчил гаргаагүй байхад хариуцагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан, үүнийг эс зөвшөөрч орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгөөч, үлдэгдэл 70 хувийг гэрээнд зааснаар төлж тухайн байрыг авмаар байна гэсэн шаардлага гаргасан. Хариуцагч тухайн орон сууцыг өөр этгээдэд давхар зарах боломжтой учраас, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахаас өмнө улсын бүртгэл дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Талууд 2021 онд орон сууц захиалгын гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар Урьдчилгаа 30 хувь, үлдэгдэл 70 хувийг орон сууц ашиглалтад орсноос хойш 20 хоногийн дотор төлнө гэж тохиролцсон. Одоогоор тухайн орон сууц ашиглалтад ороогүй, ашиглалтад орох талаар мэдэгдлийг өгөөгүй. Манай талаас хариуцагчийн гаргасан Үүргээ гүйцэтгэх боломжгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ байр одоо баригдаж байгаа, ашиглалтад орох дөхсөн харагдаж байгаа. Хариуцагчийн өөрийнх нь 2022, 2023, 2024 онд ирүүлж байсан мэдэгдлүүд дээр Байрны ашиглалтад орох хугацаа хойшилсон гэсэн агуулгатай байсан. Нэхэмжлэгч өөрөө ******* ХХК-д ажилладаг байсан учраас хариуцлагатай хандана гэж үзээд, өдийг хүртэлх хугацаанд хүлээсэн. 2025 онд гэрээ цуцлах санал ирүүлээд байгаа нь бодит байдлын хувьд хариуцагч тал үүргээ гүйцэтгэх боломжтой гэж харагдаж байна. Үүргээ биелүүлэх боломжгүй гэдгээ 2022 оны хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, вакцины албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн ч шүүхэд нотлох баримтаар авагдаагүй. Тухайн баримт дээр үндэслэн үүргээ гүйцэтгэх болон гэрээг цуцлах нь үндэслэлгүй. Тухайн орон сууцыг өөр компани барьж байгаа гэх нотолгоо байхгүй, хэрвээ өөр компани ажиллаж байгаа бол гэрээг шилжүүлэх байдлаар зохицуулж болно. Манай талын эрх ашгийг зөрчөөд гэрээ цуцлах нь үндэслэлгүй, иймээс орон сууц захиалах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөд орон сууцаа хүлээж авмаар байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Иймээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ND-SPH1-0014 дугаартай орон сууц захиалгын гэрээний зүйл болох орон сууц байрлаж буй барилга нь улсын бүртгэлд хэний өмчлөлд бүртгэлтэй болох талаарх баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх маргааны зүйл болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд хэн бүртгэлтэй болохыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тухайн орон сууцны барилга улсын бүртгэлд хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй тохиолдолд уг барилгын захиалагч хэн болохыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр хэн нэгэн этгээд бүртгэгдсэн эсэх, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бусад эрх бүртгэгдсэн эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагч нь хэн болох талаарх үйл баримтыг тодруулж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ.
3.2. Дээрх үйл баримтыг тогтоох нь маргааны зүйл тодорхой болох, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх замаар зохигч мэтгэлцэх, улмаар шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэлийн талаар холбогдох хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/09795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ХУЛАН