Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ХШТ/39

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхболд, нарийн бичгийн дарга О.Амарсанааг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1278 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 51 дүгээр магадлалтай, Б.Г-д холбогдох 2403000000802 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Батбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б-н Г- (РД:***).

Б.Г- нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 04 цаг 25 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны тойргийн замд, Mercedes Benz” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас төмөр шон мөргөж осол гаргаснаар, зорчигч болох 34 настай, Б.Н-ийн амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Г-гаас 144,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Г-гаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,

6 дахь заалтын “...Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай...” гэж,

9 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Г-гаас 144,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-гаас 144,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгосугай.” гэж тус тус өөрчилж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ц.Бат-Өлзийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нь “..эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа ямар үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээг багасгаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн түүнчлэн шүүгдэгч Б.Г- нь мөрдөн байцаалтын явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлоос 40,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхийн шатанд ямар нэг хохирол төлөөгүй, нийт учруулсан хохирлын ядаж 50 хувийг ч төлж барагдуулаагүй юм. Шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний ганц охин, эрдэнэт хүний амь нас хохирч, хохирогч Б.Б-д нөхөж баршгүй хүнд гарз хохирол тохиолдсон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж шударга ёсны зарчмыг хуульчилсны дагуу бид анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл хэмжээг түүнд тохирсон байна гэж дүгнэсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг хууль зүйн үндэслэлгүйгээр багасгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй аливаа хүн үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон хариуцлага хүлээж байж шударга ёс тогтох ёстой гэж үзэж байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид 4 жилийн ял оногдуулсан. Энэ нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзээд ялыг нь хөнгөрүүлээд 4 жил болгосон гэж үзсэн. Үүнд бидний зүгээс маргалдаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон атлаа ялын хэмжээг багасгаж байгаад гомдолтой байна. Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд танилцуулсан дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчид тохирсон байна гэж дүгнэсэн. Харин давж заалдах магадлалдаа шүүгдэгчид оногдуулсан шүүх ялын төрөл, хэмжээ, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн үйлдэлд тохирсон байна гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүх хуралдаанд тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдөөгүй буюу хохирол нөхөн төлөгдөөгүй байхад шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн нөхцөл байдал, хохирол хор уршигт 40,000,000 төгрөг төлсөн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эрх хэмжээнийхээ хүрээнд 4 жилийн хорих ялыг 3 жилийн хорих ял болгож, багасгасан нь үндэслэлгүй байна. Нэмж хэлэхэд шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай, согтуурсан үедээ үйлдэж, хохирогч нас барсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс өөрчилсөн 3 жилийн хорих ял нь тухай гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг 150 дахин буюу 99,000,000 төгрөгөөр тооцож гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.3 дахь хэсэг тус тус заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан дүрмийн 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын шинжилгээг шүүх шинжилгээний байгууллага гаргахаар журамласан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Б.Б-ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоогоогүйгээр сэтгэцийн хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд холбогдох хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Б.Г- согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04 цаг 25 минутын үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны тойргийн замд, “Mercedes Benz” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас төмөр шон мөргөж, осол гаргаснаар зорчигч Б.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

3.Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

4.Анхан шатны шүүх Б.Г-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үндэслэлтэй харьцуулан дүгнэж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг зөв тогтоосон, шүүхүүд тогтоогдсон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилжээ.

5.Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудын талаар тодорхой дүгнэлт хийлгүй шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцээгүй, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зүй зохистой харьцааг оновчтой сонгон хэрэглэж чадаагүй байна.

6.Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

7.Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

8.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтэд тусгагдсанаас өөр ямар нөхцөл байдал нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл болж байгаа талаар тодорхой дүгнээгүйгээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан тухайлбал, “хохиролд 40,000,000 төгрөг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцуулах” гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа тухайн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нэг үндэслэл болгосон агуулгатай магадлалын тус дүгнэлт нь ойлгомжгүй, зөрчилтэй болжээ.    

9.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан Б.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас 1991 онд төрсөн Б.Н- нас барсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын болон бусад зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 144,539,487 төгрөгийг шүүгдэгч хэрхэн яаж нөхөн төлөх, биелэгдэх боломжтой, бодитой эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

10.Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хяналтын шатны шүүхэд гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

11.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

12.Шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тул түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх үүссэн байна.

13.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дүгээр тогтоолын тодорхойлох хэсгийн 7-8, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолын тодорхойлох хэсгийн 10-11 дахь заалтад сэтгэцэд учирсан хор уршгийг тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан тогтоолуудад хуулийн зохицуулалтын хууль зүйн агуулгыг хэргийн үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхтэй холбоотой дүгнэлтийг дахин хийх шаардлагагүй гэж үзлээ.

14.Дээрхээс дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хууль, журамд зааснаар шинжилгээ хийхгүйгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 99,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шууд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

15.Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

16.Мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг арилгуулах зорилгын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын хохирол, хор уршгийн талаар нэхэмжилсэн 144,539,487 төгрөгөөс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 99,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 45,539,487 төгрөгийг шүүгдэгч Б.Г-гаас гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 51 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1278 дугаар шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-гаас 45,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтыг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж үлдээсүгэй.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                  ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                                                                                         М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                         Б.ЦОГТ