Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0392

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

М.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгч М.Ч, түүний өмгөөлөгч Ч.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй, М.Ч-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ө-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын чиг үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “М.Ч-ийг төрийн албанаас халах тухай” Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн Захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн  3.1.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 34 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ө давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч М.Ч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан.

Түүний эрхэлж байсан ажил албан тушаалын тодорхойлолтын “Б: Чиг үүрэг” нэртэй хэсэгт заасан ажлын байрны үндсэн зорилтын 1-т Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, хэлтсийн ажлыг удирдан зохион байгуулах гэж тодорхойлсон бөгөөд тус зорилтын хүрээнд Газрын даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хангуулах гэж тодорхойлолтын 1.11-т заасан байна.

Тиймээс энэхүү ажлын байрны зорилтод нийцүүлэн түүнийг хангахад чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс дараах үүрэг даалгаврыг албаны цахим программ хангамжаар дамжуулан болон бусад хэлбэрээр М.Чт өгсөн. Үүнд:

  1. Мэргэжлийн хяналтын газрын 3 дугаар улирлын гүйцэтгэлийн тайланг хянаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулах,
  2. Улсын Ерөнхий байцаагчийн 01/01, 01/02 албан даалгаврын дагуу хийх ажлын төлөвлөгөө гаргаж батлуулах, биелэлтийг цаг хугацаанд нь гаргаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх
  3. Байгууллагын өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, шаардлагатай төсөв, тооцоог гаргах,
  4. 2019 оны 10 дугаар сарын 14-нд аймгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт шалгалт хийхтэй холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, бэлтгэл ажлыг хангах, хяналт, шалгалтын ажлын хэсэгт байгууллагын танилцуулгын мэдээлэл бэлтгэж танилцуулах,
  5. 2019 оны 10 дугаар сард аймгийн худалдаа үйлчилгээний газарт гал түймэр гарсантай холбогдуулан Худалдаа, үйлчилгээний газруудад хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын дүнг нэгтгэж, тайлан гаргуулах,

Дээрх үүрэг даалгаврыг Мэргэжлийн хяналтын газрын дотоод цахим сүлжээ, программ хангамжаар дамжуулан хүлээн авсныг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус ажил, үүрэг, даалгавар нь С.Чинзоригийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүрэгт хамаарч байна.

            Дээрх үүрэг даалгаврын зарим нь төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн хяналтын газрын өдөр тутмын үйл ажиллагаанд хамаарах ажил үүрэг бөгөөд үлдэх хэсэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас өгсөн болон Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн үүрэг, даалгавар тул шүүхийн шийдвэрийг биелүүлж, М.Чийг ажил, албан тушаалд нь буцаан томилсонтой холбогдуулан зориуд өгсөн гэх үндэслэлгүй юм.

            Нөгөөтэйгүүр дээрх үүрэг, даалгаврыг гүйцэтгэх хугацаа заагаагүй нь түүнийг үл гүйцэтгэх буюу гүйцэтгэхээс татгалзах, эсвэл хүссэн цагтаа гүйцэтгэх эрхийг М.Чт олгоогүй бөгөөд тухайн ажлын үр дүнг удирдлага шаардсан даруй, шаардсан хугацаанд нь гүйцэтгэх үүргийг М.Чт оноосон гэж үзэх үндэслэлтэй.

            Тиймээс дээрх үүрэг, даалгаврыг гүйцэтгэж, үр дүнг танилцуулахыг шаардсан хугацаанд нь М.Ч гүйцэтгээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасныг зөрчсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд ийнхүү өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй хэмжээ нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т 3 ба түүнээс дээш удаад хүрвэл албан тушаалаас халах үндэслэл бүрдэнэ.

            Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл зөрчлийг давтан гаргасан байхыг шаардаагүй тул зөрчил тус бүрт ногдуулахгүй бөгөөд 3 удаагийн зөрчил нь тус бүрдээ бие даасан байхаар хуульчилсан байна.

            Дээрх үүрэг даалгаврыг М.Ч биелүүлээгүй тул тэдгээрийн биелэлтийг хангуулахаар өөр бусад албан тушаалтнаар гүйцэтгүүлсэн бөгөөд үр дүнг нь нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан тул зөрчил нэг бүр баримтаар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дээрх үүрэг даалгаврыг биелүүлээгүй шалтгаанаа “ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаагүй тул гүйцэтгэхээс татгалзсан” гэж тайлбарласан боловч М.Ч нь албан өрөө, тасалгаа, хөдөлмөрийн багаж, хэрэгсэл, холбогдох баримт бичгийг хүлээн авсны дараа дээрх үүрэг даалгавар өгсөн тул түүнийг гүйцэтгэх нөхцөл боломжоор М.Ч бүрэн хангагдсан байсан бөгөөд зөрчлийн 1930000265 дугаартай хэрэг нь хамааралгүй юм.

            Энэ хугацаанд Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын газарт төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийсэн бөгөөд уг хяналт, шалгалтын үеэр М.Чт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах, түүнийг биелүүлээгүй үндэслэл шалтгааныг нарийвчлан тогтоогдсон.

            Шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил нь М.Чийг албан тушаалаас халах хангалттай үндэслэл бүрдүүлсэн тул Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаартай тушаал гарсан бөгөөд тус тушаалаар ногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон.

            Иймд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэн, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 122/ШШ2020/0011 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв:

            Анх хариуцагч Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Чийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, уг тушаалыг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоожээ.

            Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Чийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсон байх боловч томилсноос хойш 1 сар 4 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий Б/73 дугаар тушаалыг гаргаж нэхэмжлэгч М.Ч-ийг дахин төрийн албанаас халжээ.

            Маргаан бүхий Б/73 дугаар тушаалд нэхэмжлэгчийг төрийн албанаас халах үндэслэлийг “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримталж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийгдсэн удаа дараагийн дотоод хяналт шалгалтын дүнгээр үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчиж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.13, 37.1.16-д заасан төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй” гэж дурджээ.

            Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ... тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас халах”-аар заасан.

            Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг ... албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ.” гэж зохицуулжээ.

            Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагчийн нэг жилд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, үр дүнг түүний жилийн эхэнд боловсруулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг үндэслэн эрх бүхий этгээдээс тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу үнэлж, дүгнэсний үндсэн дээр, мөн энэ гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын гүйцэтгэл, үр дүн нь хангалтгүй байсан нь зохих ёсоор нотлогдож, тогтоогдсон нөхцөлд “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасны дагуу төрийн албанаас халах нөхцөл шаардлага үүсэх боломжтой бөгөөд ийнхүү нотлох, тогтоох үүргийг төрийн албан хаагчийг албан тушаалаас халах эрх хуулиар олгогдсон этгээд хүлээх юм.

            Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч М.Чт хуульд заасны дагуу ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөнд заасан ажлаа гүйцэтгэх, ажлын гүйцэтгэл, үр дүнгээ дүгнүүлэх хуульд заасан боломжит хугацааг олгоогүй, ажлаа хүлээн аваад 1 сар 4 хоногийн хугацаа өнгөрч байхад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын гүйцэтгэл, үр дүн нь хангалтгүй байсныг зохих ёсоор нотлож, тогтоогоогүй атлаа түүнийг “удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ удаа дараа албан хангалтгүй биелүүлсэн” гэсэн дүгнэлт гарган төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй  байна.

            Иймээс анхан шатны шүүхийн “...М.Ч-ийг ажил, албан тушаалд томилсон 1 сарын хугацаанд... илтгэх хуудсанд дурдагдсан 13 зөрчил нэг бүрчлэн баримтаар бүрэн нотлогдохгүй байх ба хариуцагчийн тоочиж оруулж ирж буй зөрчлүүд нь М.Ч-ийг ажил, албан тушаалаас нь халах үр дагаварт хүргэхээргүй байсан. Нөгөө талаас нэхэмжлэгчид өгөгдсөн зарим үүрэг даалгавар нь хугацаагүй үүрэг байсан...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлээгүй, гэрээ дүгнэгдээгүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж ажил, албан тушаалтаас халах тухай шийдвэр гаргасан нь учир дутагдалтай, ...” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

            Дээрхээс гадна, маргаан бүхий А/73 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлийг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас халсан. Гэтэл маргаан бүхий шийдвэрт Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан төрийн албанаас Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг зөрчсөн сахилгын шийтгэлд ногдуулах үндэслэлийг давхар баримталсан нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Улмаар нэхэмжлэгч ажилдаа шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилогдож маргаан бүхий акт гарах хүртэлх 1 сар 4 хоногийн хугацаанд биш харин цаг хугацааны хувьд түүнээс өмнө гарсан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийгдсэн удаа дараагийн дотоод хяналт шалгалтын дүнгээр үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн” гэх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуултийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шаардлагад нийцэхгүй байна.

            Нэхэмжлэгчийг 2 дахь удаа төрийн албанаас халсан маргаан бүхий А/73 дугаар шийдвэрийн улмаас төрийн жинхэнэ албан хаагч М.Чийн Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2-т заасан “албан тушаалын цалин хөлс, ... авах” “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д  заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;” гэсэн эрх, баталгаа зөрчигдсөн байна.

            Иймээс хариуцагчийн “...үүрэг, даалгаврыг гүйцэтгэж, үр дүнг танилцуулахыг шаардсан хугацаанд нь М.Ч гүйцэтгээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасныг зөрчсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд ийнхүү өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй хэмжээ нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т 3 ба түүнээс дээш удаад хүрвэл албан тушаалаас халах үндэслэл бүрдэнэ.... захиргаа, эрсдэлийн удирдлагын газарт төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийсэн бөгөөд уг хяналт, шалгалтын үеэр М.Чт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах, түүнийг биелүүлээгүй үндэслэл шалтгааныг нарийвчлан тогтоогдсон.             Шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил нь М.Чийг албан тушаалаас халах хангалттай үндэслэл бүрдүүлсэн тул Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаартай тушаал гарсан бөгөөд тус тушаалаар ногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй.” гэжээ. Мөн Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн ...шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, ... санаатай биелүүлээгүй, ... бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Үүнээс үзэхэд хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл хийсэн боловч нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчиж маргаан бүхий актыг гаргаж байгаа үйлдэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцоохооргүй байгааг дурдах нь зүйтэй.

            Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсантай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төсөвт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр нэхэмжлэх, мөн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ