Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1574

 

                                                                                                                    

 

 

 

 

 

 

 

А.Ариунболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00344 дүгээр шийдвэртэй,

                                                                                     

Нэхэмжлэгч: А.Ариунболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Саранчимэгт холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг хуульд заасны дагуу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Давааням,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд иргэн Р.Саранчимэгтэй харилцан тохиролцож Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот хашаа, байшинг 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Төлбөрийг 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5 150 000 төгрөг өгч үлдэх мөнгийг цувруулан өгч 2009 оны 12 дугаар сард төлж барагдуулсан. Би худалдан авсан зүйлийнхээ үнийг төлсөн тул газар, хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа шаардахад мөнгөө гүйцэд төлөхөөр чинь шилжүүлнэ, удахгүй шилжүүлнэ, нэг бичиг баримтын зөрчил байна тэр зөрчлийг арилгаад шилжүүлж өгнө гэсээр хойшлуулж байсан. Үүнээс хойш миний бие уг хашаанд амьдарч байна. 2009 оны 12 дугаар сараас хойш Р.Саранчимэг нь уг газрын бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж олгохгүй өнөөдрийг хүрч байна. Өмнө нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9369 тоот шүүгчийн захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэл буцаагдсан тул эрх бүхий байгууллагад хандаж 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 314 дугаартай албан бичгээр хариу авсан. Энэ цагаас эхлэн “наймаа буцсан, чамд өгөхгүй, буцдаггүй наймаа байдаггүй юм” гэж загнах болсон. Р.Саранчимэг нь надад өнөөдрийг хүртэл хашаа байшинг суллаж өг гэсэн шаардлагыг тавьж байгаагүй, бөгөөд барьцаа болгон 5 150 000 төгрөг өгсөн худалдах, худалдан авах гэрээ хийж байгаагүй гэж худал мэдүүлж тайлбарлаж байна. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот хашаа нь Нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон байгаа. Тэр цагаас хойш л Р.Саранчимэг надад зарсан үнээс өндөр үнэд хүрэх юм байна гэж ойлгоод энэ хашаа байшингийн талаар маргах болсон юм. Худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг Р.Саранчимэгт даалгах, хуульд заасны дагуу бүртгүүлэх бичиг баримтыг хариуцагчаас гаргуулан өгнө үү. Хамтран хариуцагчаар О.Ренчинг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Ренчинг хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлага татгалзаж байна гэжээ.

 

            Хариуцагч Р.Саранчимэг шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот 700 м.кв газрыг аав О.Ренчин 1998 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр миний өмчлөлд албан ёсоор шилжүүлсэн. О.Ренчин нь уг газрыг 1998 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 154 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байсан. А.Ариунболд нь “Цэлмэг гүн” ХХК-д анх дүпү хийх ажилчнаар 2006 онд ажилд орж байсан. Тэр үед А.Ариунболд нь айлын хашаа түрээслэн амьдарч байсан тул түүнд туслах зорилгоор 2007 оноос тус хашаа байшинд үнэ төлбөргүй амьдруулах саналыг тавьснаар байшинд амьдарч эхэлсэн. Тухайн үед А.Ариунболдыг “Цэлмэг гүн” ХХК-д 10 жил тогтвор суурьшилтай ажиллавал энэ хашаа байшинг түүний нэр дээр шилжүүлэх тухай ярьж байсан боловч албан ёсны хэлцэл хийж байгаагүй юм. А.Ариунболд манай нөхрийг 2013 онд өвчний улмаас нас барсан өдрөөс хойш хашаа байшингийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүл гэж намайг удаа дараа дарамталж агсан тавьдаг болсон. Хашаандаа ах дүү нараа буулгаад байхаар нь 5 150 000 төгрөгийг барьцаа гэж авсан. Мөн А.Ариунболд нь тухайн үед надаас мөнгө зээлсэн. Хашаа байшингаас минь гарчих юм бол мөнгийг нь эргүүлэн өгөхөд бэлэн бидний дунд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Түүний өмчлөх эрхэнд халдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024451 дугаартай хувийн сууц болон эрхийн улсын бүртгэлийн Г-2203006444 дугаартай гэр бүлийн зориулалттай 700 м.кв газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Ариунболдод шилжүүлж, өмчлөх эрхийг хуульд заасны дагуу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч Р.Саранчимэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь О.Ренчинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, хариуцагч О.Ренчинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ариунболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Саранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нэхэмжлэгч А.Ариунболдын худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг Р.Саранчимэгт даалгах, хуульд заасны дагуу бүртгүүлэх баримт бичгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  "А.Ариунболд, Р.Саранчимэг нар нь 2006 онд худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болжээ" гэсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээг хэрхэн хүчин төгөлдөр байгуулах талаар нарийвчлан зохицуулаагүй байдаг. Тиймээс худалдах, худалдан авах гэрээ хэрхэн хүчин төгөлдөр байгуулагдах талаарх зохицуулалтыг Иргэний хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтуудаас харж болно. Талууд худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх дээр маргаж байхад шүүх дан ганц 243 дугаар зүйлийг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч талаас хэлцлийн үндсэн дээр худалдаж авсан гэж маргаж байгаа СБД-ийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамж 23-1 тоотод байх газар болох байшин нь Иргэний хуулийн 84.3-т зааснаар газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс буюу үл хөдлөх хөрөнгө байна. Аливаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдан авагчийн эзэмшилд гэрээний зүйлийг шилжүүлснээр өмчлөх эрх шилжсэн гэж үздэг бол үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн үеэс өмчлөх эрх шилжсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалттай байдаг. Иргэний хуулийн 109.1, 109.2 болон Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4.3,  18 дугаар зүйл, 24 дүгээр зүйлд тусгайлан хуулиар зохицуулсан  зохицуулалтаас харахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар заавал гэрчлүүлэх шаардлагатай байх ба улсын бүртгэлд заавал бүртгэгдэж байж өмчлөх эрх шилжихээр зохицуулсан байна. Гэтэл шүүх энэ бүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихтэй холбоотой зохицуулалтыг үл анзааран хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч талаас хууль зүйн мэдлэггүйн улмаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, хэлцлийг нотариатаар батлуулаагүй гэж тайлбарладаг бөгөөд хууль зүйн мэдлэггүй байх нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохгүй. 2006 оноос хойш 2015 оныг хүртэл нэхэмжлэгч А.Ариунболд нь холбогдох байгууллагуудад эд хөрөнгийн өмчлөлийн талаар огт хандаж байгаагүй нь угаас тус хэлцэл байгуулагдаагүй болохыг харуулж байна. Худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаагүй гэдгийг нотлох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн талаар нотлох баримт тус иргэний хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч талаас дуудсан гэрчүүд нь тухайн маргаантай хашаа, байшинг авахаар тохиролцсон, Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хашаа байшингийн төлбөрт мөнгө шилжүүлсэн эсэх талаар шууд үзсэн, харсан, тухайн үед дэргэд нь байсан зүйлсийг биш, харин хэлцэл байгуулагдсан талаар сонссон, мөнгө шилжүүлсэн гэж ярьж байсан гэх зэргээр дам байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Тэдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд нь бусад хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдохгүй, эх сурвалжаа зааж чадаагүй он, cap, өдөр ч дурдаагүй байгаа нь нотлох баримт нь хөдлөшгүй, бодитой байх шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч талаас дуудан ирүүлсэн гэрчүүд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийгдээгүй талаар хэлцэл хийх сонирхолгүй байсан талаар болон хэлцлийн төлбөрт ганц ч төгрөг нэхэмжлэгчээс авч байгаагүй талаар гэрчилсэн байдаг. Мөн нэхэмжлэгч А.Ариунболдыг хариуцагч Р.Саранчимэг нь 2006 онд өөрийн эцгийн маргаан бүхий хашаа, байшинд үнэ төлбөргүй суулгасан талаар гэрчийн мэдүүлгүүд хэрэгт байдаг. Шүүх "нэхэмжлэгч А.Ариунболд нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2009 онд төлж дуусгасан" гэж үзсэн нь үндэслэлгүй. Тус иргэний хэрэгт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдсан бол худалдан авсны төлбөрт шилжүүлсэн төлбөрийн баримт байхгүй. Иргэд хооронд мөнгө хүлээлцсэн гэх зориулалт нь тодорхой бус баримт үндэслэн 5 150 000 төгрөгөөр худалдсан гэж үзэх хууль зүй болон эдийн засгийн үндэслэлгүй. 5 150 000 төгрөгөөр хотын дахин төлөвлөлтөд орсон, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 0,07 га газар, хашаа байшингийн хамт худалдах боломжгүй, утгагүй зүйл бөгөөд байшингүй хоосон хашааны үнэд  хүрэхгүй мөнгө юм. Хариуцагч Р.Саранчимэг нь 2012 онд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр уг хашаа байшинг өмчилж авсан. Тус газар болон хашаа байшин нь Р.Саранчимэгийн ааваасаа өвлөж авсан хуваарьт хөрөнгө юм. Хариуцагч Р.Саранчимэгийн аав О.Ренчин нь уг газар болон байшинг 1998 оноос 2011 он хүртэл хугацаанд хууль ёсоор өмчилж ирсэн. 2006 онд Хариуцагч Р.Саранчимэг нь тус хашаа байшингийн өмчлөгч биш байсан тул захиран зарцуулах эрх байгаагүй. О.Ренчин нь нэхэмжлэгч А.Ариунболд "Цэлмэг гүн" ХХК-д ажилладаг, хашаа байшинд нь үнэ төлбөргүй суудаг, утгаар нь мэдэх бөгөөд газар болон хашаа байшинг нэхэмжлэгч А.Ариунболд худалдах тухай огт ярьж байгаагүй тул худалдаж авсан байх үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч А.Ариунболд нь хариуцагч Р.Саранчимэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг хуульд заасны дагуу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… Р.Саранчимэгтэй 2006 онд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоотод байрлах газар, хашаа байшинг 8 000 000 төгрөгөөр худалдан авсан, төлбөрийг төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авна …” гэж тайлбарласан.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, тул нэхэмжлэгч А.Ариунболдын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлүүдэд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нэг этгээдээс нөгөөд шилжүүлж байгаа тохиолдолд нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаарддаг ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн”-ээр хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байдаг.

 

            Талууд дээрх хуулийн шаардлагыг хангасан хэлцлийг байгуулсан гэдэг нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгээ баримтаар нотлоогүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрчийн мэдүүлгээр нотлоно гэх боловч бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд гэрчээр нотлох эрхээ алдах талаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт заасан тул гэрч Ө.Энхтуяа, Ж.Мөнхчимэг, Л.Ариунжаргал, Б.Сарнайцэцэг, Д.Балжинням нарын мэдүүлгээр хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй юм.  

 

            Зохигчдын хооронд яригдсан дуу бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар бэхжүүлж, уг бичлэг нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болжээ. Дээрх дуу бичлэгт хариуцагч Р.Саранчимэг нь 2006 онд үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан боловч улмаар наймаа буцсан гэх нөхцөл байдлын талаар ярьсан байх бөгөөд  байх боловч нэхэмжлэгч А.Ариунболд нь худалдан авсан гэх газрын үнийг бүрэн төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Дээрх дуу бичлэгийн тэмдэглэлээс үзэхэд талууд ахуйн шинжтэй олон төрлийн харилцааны талаар маргалдаж байгаа нөхцөл байдлыг  илтгэсэн ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн, энэ нь хүчин төгөлдөр болсон гэж үзэх боломжгүй байна.

 

             Нэхэмжлэгч нь 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэд 5 150 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тэрхүү баримт нь “иргэд хооронд мөнгө хүлээлцсэн” гэх баримт байх бөгөөд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэд дээрх мөнгийг шилжүүлсэн гэх үйл баримтыг агуулаагүй байна. /хх-ийн 40 дүгээр тал/

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь 5 150 000 төгрөгөөс бусад мөнгийг бэлнээр өгсөн гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй болно.

 

            Нөгөө талаар нэхэмжлэгч А.Ариунболд нь 2006 онд Р.Саранчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэх боловч тухайн үед маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Р.Саранчимэгийн эзэмшил, өмчлөлд байгаагүй, О.Ренчингийн эзэмшилд байсан нь хавтаст хэргийн 39 дүгээр талд байгаа 1998 оны 7 сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 154 дүгээр захирамж гэсэн бичгийн баримтаар тогтоогдож байна. Улмаар 2012 онд хариуцагч Р.Саранчимэг нь О.Ренчингээс бэлэглэлийн гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ. /хх-ийн 28-30,  35 дугаар тал/         

 

            Дээрх нөхцөл  байдлаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэх нэхэмжлэгч А.Ариунболдын тайлбар үгүйсгэгдэж байна. Иймд  нэхэмжлэгч А.Ариунболд нь хариуцагч Р.Саранчимэгээс  худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох үл хөдлөх  эд хөрөнгө, холбогдох бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг шаардах эрхгүй болно.

 

            Мөн нэхэмжлэгч нь 2006 онд байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй  холбоотой гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар дурдах нь зүйтэй.

                                                                                            

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Ариунболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Р.Саранчимэгт холбогдох, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг хуульд заасны дагуу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ариунболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн    70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ