Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00064

 

М.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00102 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт холбогдох,

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Гомдол гаргагч М.А- би Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр томилогдон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаанд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ чанд гүйцэтгэж ирсэн ба ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэвч ажлаас буруу халагдсан ажилтан А.Нуржан нь шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилогдсон гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, шууд ажлаас халсан тул ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлсэн ажилдаа эгүүлэн тогтоолгох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Ажил олгогч “...ажлаас чөлөөлөх тухай 02 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 720 дугаартай шүүгчийн захирамжийг тус тус үндэслэжээ. А.Нуржан нь Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг тус эмнэлгийн эрхлэгчид даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 329 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2016/00032 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр баталсан. Харин нэхэмжлэгч тал хуулийн хугацаанд хяналтын гомдол гаргаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Гэвч нэхэмжлэгч А.Нуржан нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл гаргаж урьд нь шүүхээр хэлэлцсэн асуудлаар дахин шүүхэд хандсан ба үүнийг шүүх хүлээн авч улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6-т заасан зохицуулалтын дагуу А.Нуржаны нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой атал түүнийг хүлээн авч хэрэг үүсгэсэн улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд уг шүүгчийн захирамжид гомдол гарах эрхгүйгээр гаргасан хэдий ч хуульд нийцээгүй байгаа тул үүнийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Иймээс ажил олгогч буюу Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 720 дугаартай шүүгчийн захирамж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримталж гаргасан 02 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байгаа болно.

Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Өмиргүл би иргэн М.А-гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай хүсэлт гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. К.Өмиргүл би тус сумын эмнэлэгт 17 жил ажиллаж байна. Би багийн эмч М.А-г тус сумын эмнэлэгт ажилд орсон үеэс хойш мэддэг билээ. Төрөл садан биш, өс хонзонгүй. Одоо албаны хувьд хяналт тавьдаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа ба эмнэлгийн бүх ажилчдад тэгш, ялгаваргүй ханддаг. Мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 720 дугаар захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Манай Сум дундын Эмнэлэг нь батлагдсан 39 орон тоогоор ажиллах ёстой. Одоогийн байдлаар 44 хүн ажиллаж байгаа учир жилийн төсөв хэтрэлттэй байгаа. М.А-г ямар нэгэн орон тоонд авч ажиллуулах боломжгүй юм гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00102 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  

Шүүх нь нэхэмжлэгч М.А-гийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хууль бус гарсан захирамжийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж 720 дугаар захирамж гаргаснаас болж иргэн М.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн юм. Учир нь уг захирамжаар А.Нуржаны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ М.А-гийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зүй ёсоор хөндсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийн “...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл...” гэдэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг ойлгох учиртай. Үүнд тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд талууд мэтгэлцээгүй байх гэсэн урьдчилсан нөхцлийг шүүхээс тодруулаагүй. Өөрөөр хэлбэл, энэхүү нэхэмжлэл нь 3 шатны шүүхээс өмнө нь хянан шийдвэрлэгдэж анхан шатны шүүхэд буцаан ирж байгаа хэрэг юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд талууд мэтгэлцээгүй гэж үзэх боломжгүй байсан юм. Гэтэл анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нь тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж тухайн иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 720 дугаар захирамж гаргаж гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байв. Уг захирамжийг тус хэргийн нэхэмжлэгч М.А- мэдсэн даруйд эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбект гомдлоо гаргасан. Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч өөрийнхөө захирамжийг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 892 дугаар захирамж гаргаж өмнөх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 720 дугаар захирамжийг хүчингүй болгосон байсан. Нэгэнт захирамжийг хүчингүй болгосон учраас А.Нуржаны нэхэмжлэлтэй иргэний хэрэг буцаан сэргээгдсэн байсан боловч А.Нуржаны өмгөөлөгч гомдол гаргаснаар Ерөнхий шүүгч Х.Мейрамбекийн сүүлд гаргасан захирамж дахин хүчингүй болсон юм.

Өөрөөр хэлбэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 892 тоот захирамжийг хүчингүй болгосон. Гэхдээ энэ бүх үйл явдалд нэхэмжлэгч М.А-д ямар нэгэн буруу байхгүй юм. Нэг үгээр хэлбэл Шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж бусад хүмүүс хохирох ёсгүй юм. Хэрэв Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нь А.Нуржаны хэргийг хууль бусаар хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй байсан бол ийм зүйл гарах ёсгүй байсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж...” гэж заасан байна. А.Нуржаныг эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд зөвхөн шүүгчийн захирамж гарсан байсан юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан шүүгчийн захирамжаар А.Нуржан нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй юм. Учир нь ажил олгогч шударга бус хандаж нэхэмжлэгч М.А-г үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхан А.Нуржанд илт давуу байдал тогтоосон байна. Ажил олгогч нь М.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхийг урьдчилан мэдсээр байж А.Нуржаны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль бус байна. А.Нуржаны гомдолтой иргэний хэрэг нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолд шууд нөлөөлөх иргэний маргаан байсан учраас шүүхийн зүгээс ч, ажил олгогчийн зүгээс ч анхааралтай хандах ёстой байсан боловч аль аль нь шударга бус хандсан байна.

Нөгөөтээгүүр, хоёр шатны шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн чухал зарчмыг анхаараагүй.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж гомдлын шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч М.А- нь Цэнгэл сумын 2 дугаар багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор Баян-өлгийн аймгийн Цэнгэл сумын эмнэлэгт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч М.А- нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сумын эмнэлэгт 2 дугаар багийн бага эмчээр ажилласан байна. Харин энэ албан тушаалд урьд ажиллаж байсан А.Нуржан шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон тул ажил олгогч түүнийг 2 дугаар багийн бага эмчээр томилох, М.А-г ажлаас чөлөөлөх тухай  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаал гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч нь түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. А.Нуржаны нэхэмжлэлтэй сумын эмнэлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох иргэний хэргийн шийдвэрлэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж, шүүгчийн захирамжаар ийнхүү хүлээн зөвшөөрснийг баталсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт хамаарах тул ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН