Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00574

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/09529 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ХХК-д холбогдох

 

Хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор ******* төгрөг, дутуу олгосон цалин хөлс болох ******* төгрөг, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс ******* төгрөг, ээлжийн амралтын цалин ******* төгрөгийг тус тус гаргуулах, гар утасны 2023 оны 01, 02 дугаар сарын төлбөр ******* төгрөг гаргуулах тухай тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үлдэгдэл ******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би хариуцагч компанид 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд ******* юанийн үндсэн цалинтайгаар ажиллах, цалинг шилжүүлэх өдрийн Монголбанкны ханшаар тооцон олгохоор тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг шаардсан боловч өдийг хүртэл бичгээр байгуулаагүй. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цалин хөлс дутуу олгосныг гаргуулах, амласан ******* юанийг авах хүсэлт гаргахад хөөж, ажлаас үндэслэлгүй халж, хариуцсан эд зүйлийг хураан авсан. Иймд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох ******* юанийг гаргуулах, дутуу цалин хөлс болох ******* төгрөгийг гагуулах, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс ******* төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин ******* төгрөг гаргуулан авах, утасны төлбөр ******* төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч компанид даалгаж шийдвэрлэсэн. 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ханш болох 471.88 төгрөгөөр тооцсон болно.

1.2. Хариуцагч компанийн хувьд өдөрт багадаа 4 цагаар илүү ажиллуулдаг, өөр компанийн жолооч нартай холбоотой маргааныг шийдвэрлэх 3 кэмпийн үйл ажиллагааг хариуцуулан хийлгэдэг байсан боловч нөхөж амраагаагүй, илүү цагийн хөлс олгоогүй. Мөн ээлжийн амралт эдлүүлээгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчтэй 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22-02/02 дугаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаанхад гэх газарт байрлах нэгжид орчуулагчаар ажиллуулсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 4 ажилтны хамт ажлын байрыг орхиж яваад ажилдаа эргэж ирээгүй. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримтлан захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

2.2.Нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байгаагүй, түүнд олгох цалинг бүрэн олгож байсан гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгчтэй 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, ******* төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй олгосон ба сар бүр ******* төгрөгийг цалингаас нь суутгаж байхаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн хувьд нийт ******* төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж ******* төгрөг зээлж авч, сар бүр цалингаас суутгуулж байхаар тохиролцсон нь үнэн. 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр саруудад тус бүр *******төгрөг, 2023 оны 02 дугаар сард *******төгрөг төлсөн. Иймд ажилдаа эргэж ормогц үлдэгдэл ******* төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч **************ХХК-нд холбогдох хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор ******* төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин хөлс болох ******* төгрөгийг гаргуулах, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс ******* төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин ******* төгрөг гаргуулах, утасны 2023 оны 01, 02 дугаар сарын төлбөр ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******оос ******* төгрөгийг гаргуулж хариуцагч **************ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964,757 төгрөг, хариуцагч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 231,050 төгрөгийг гаргуулж хариуцагч *******ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харвал, он цагийн дараалал тодорхой харагддаг. Гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдүүд он цагийн дарааллын талаар тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүх *******ыг хөдөлмөр гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч тал байгууллагын дотоод журмаа өөрчилсөн ба тус журам хэрэгт авагдсан. Хариуцагч байгууллага хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаал гаргасан хэдий ч өөр байгууллагаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. *******ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх бүхий этгээд нь *******ХХК эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгууллагын аль нь болох нь тодорхойгүй байхад шүүх уг асуудалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

6.2. ******* нь 5 өдөр дараалан ажилдаа ирээгүй нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн. Цагаан хад суурьшлын бүсийг ажлын байранд тооцно гэж шүүх дүгнэсэн боловч тухайн байгууллагын удирдах албан тушаалтнууд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрладаг тул хотод ирж асуудлыг шийдвэрлэсэн гэж гэрчүүд мэдүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны илүү цаг болон ээлжийн амралтыг тооцож олгоогүй. Ажлаас чөлөөлөгдсөнөөс 2 сарын дараа зөрчлийн хэрэг бүртгэж, тушаал гаргаж нэхэмжлэгчийн гэрийн хаяг руу явуулсан гэж хариуцагч байгууллагын хүний нөөцийн менежер ******* тайлбарладаг боловч тухайн хаяг нь нэхэмжлэгчийн гэрийн хаягаас зөрүүтэй байсан. Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх үндэслэлүүд нотлогдож байхад нэхэмжлэгчийн 5 хоног ажилдаа очоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын тайлбарын агуулга: Хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй тул хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлөх боломжгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг хэрэглэж байгаа тохиолдолд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан мэдэгдэж, тайлбар авах ёстой байсан гэх 2 үндэслэлээр нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.3.5, 9.3.27-д заасныг тус тус үндэслэн тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д ажилдаа ирэх боломжгүйгээ урьдчилан мэдэгдэхгүйгээр 2 болон түүнээс дээш өдөр дараалан ажил тасалсан гэж, 9.3.27-д хуульд заасан шаардлага хангаагүй ажил хаялтад оролцсон бол гэж тус тус заасан. Дээрх зөрчлүүдийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу цуцлах тухай хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх асуудалд маргаагүй. Тус гэрээ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч ажил хийх боломжгүй болгож, *******гэх хүн ажлаас хөөсөн учраас ажлаа хийх боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Гэтэл бодит байдал дээр буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлын байран дээр байсан нэр бүхий 4-5 хүн 13 дахь сарын цалин, хөлс шаардаж, *******гэх хүнтэй муудалцсан ба үүний дараа бүгд ажлаа хаяж явсан. БНХАУ-ын иргэн *******нь мужааны визээр оршин суудаг бөгөөд бодит байдал дээр хөөсөн эсэх нь нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ажлынхаа хүнтэй муудалцсаныхаа дараа ажлын байраа орхиж явсан. Гэтэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн... өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д гүйцэтгэх захирал нь ажилтныг ажилд авах болон чөлөөлөх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нотлогдоогүй.

Давж заалдах гомдлын хоёр дахь үндэслэлийн хүрээнд тайлбар хэлье. Нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Хэргийн 88 дахь талд хариуцагч компанийн хуульчаар ажиллаж байсан н.Батаа гэх хүний гэрчийн мэдүүлэг авагдсан. Эдгээр хүмүүс 13-ны өдөр ажлаа орхиж явсан бөгөөд үүнээс хойш хариуцагч компанийн зүгээс ажлаа орхиж явсан 4-5 хүнтэй 4 удаагийн уулзалт зохион байгуулсан боловч тохиролцоонд хүрч эвлэрч чадаагүй. Учир нь дээрх хүмүүс тус бүр ******* төгрөгийн илүү цалин, хөлс өгөхийг шаардсан. Тухайн үед ковид цар тахлын үе байсан. Дээрхээс үзвэл, урьдчилж мэдэгдэн 4 удаагийн уулзалт зохион байгуулж, зөрчил дутагдлын талаар тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд ажил хаялт зохион байгуулах тухай шаардлагыг зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч илүү цалин хөлс өгөхгүй бол компанийн үйл ажиллагааг зогсооно гэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор ******* төгрөг, дутуу олгосон цалин хөлс болох ******* төгрөг, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс ******* төгрөг, ээлжийн амралтын цалин ******* төгрөгийг тус тус гаргуулах, гар утасны 2023 оны 01, 02 дугаар сарын төлбөр ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үлдэгдэл ******* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь дутуу олгосон цалин хөлс болох ******* төгрөг, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс ******* төгрөг, ээлжийн амралтын цалин ******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд эдгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь цалин хөлс дутуу олгосон, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч ямар хугацаанд ажилласан цалин хөлснөөс дутуу олгогдсон, мөн хэдий хугацаанд буюу хэдэн оны хэдэн сарын хугацаанд илүү цагаар ажилласан болохыг тодруулаагүй, тухайн сард хэдэн цаг илүү цагаар ажилласан, үүнээс тухайн 1 цагийн хөлс нь хэдэн төгрөг болох талаарх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна.

Нэхэмжлэгч ээлжийн амралтын цалин гэж нэхэмжилсэн боловч 2022 болон 2023 оны аль ээлжийн амралт болох, ээлжийн амралтын мөнгийг нэхэмжилж байгаа бол хуульд зааснаар ээлжийн амралтыг хэд хоногоор тооцогдох эсэх, ээлжийн амралтын олговрын хэмжээ ямар тооцоололд үндэслэгдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

Ийнхүү анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/09529 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгдтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ХУЛАН