| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04229/И |
| Дугаар | 210/МА2026/00646 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00646
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09685 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******д холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, 14/32 дугаар байр, *******тоот, 74,76 м.кв, 3 өрөө, Ү-*******дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байрыг н.*******гэдэг хүнээс ******* төгрөгөөр худалдан авахаар тохирч Ремакс компаниар зуучлуулан орон сууц захиалах, захиалан бариулах гэрээг шилжүүлж худалдаж авсан байдаг. Уг орон сууцыг барьж ашиглалтад оруулсан ******* ХХК нь н.*******гэдэг хүнтэй хийсэн орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн гэрээг зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгээд энэхүү маргаан нь Иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж 3 шатын шүүхийн шийдвэр гарсан байдаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс 582 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхээс 273 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 258 тоот тогтоолоор энэхүү маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоож шийдсэнээр энэ өмчлөх эрхийн гэрчилгээ шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэгдэж улмаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Өмчлөгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нээгдсэн. Харин орон сууцандаа орох гэхээр *******гэдэг иргэн одоо амьдардаг. Тэрээр гарахыг зөвшөөрдөггүй. Иймд өнөөдрийн орон сууцнаас гэр бүлийн хамт гаргуулахыг шаардаж буй нэхэмжлэлийг гаргах болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч түүний гэр бүлийн хүмүүсийг уг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү. ******* ХХК маш их шүүхээр ордог, маш их олон хүмүүс давхардуулж гэрээ хийдэг гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч ******* нь 2021 оны 02 дугаар сард ******* ХХК буюу энэ маргаан бүхий орон сууцыг барьсан компанитай *******ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Тухайн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээрээс төлбөрийг нь бартер хэлбэрээр өгөөд энэ бидний маргаан бүхий 15 давхрын 74,76 м.кв 3 өрөө орон сууцыг *******ХХК-тай ******* анх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгээд 2021 оны 10 дугаар сард орон сууц захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд гэрээг байгуулаад тухайн байр 2022 онд ашиглалтад орсон хугацаанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч ******* гэдэг хүн тухайн маргаан бүхий орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглалтын төлбөрийг нь төлж байгаа, амьдарч байгаа нь үнэн болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хууль болон Монгол улсын Үндсэн хуульд зааснаар өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ төлбөрийг төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөгч болно гэсэн зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд миний үйлчлүүлэгч тухайн орон сууцны үнэ төлбөрийг бүрэн барагдуулж, бүрэн төлсөн байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлгийн хүсэлт гаргах шатанд нь гэрч асуулгах хүсэлт гаргасан. Энэ нь *******гэдэг хүн энэ байранд хууль бусаар эзэмшээгүй шүү гэдгийг нотлох юм. Өөрөөр хэлбэл ******* ХХК төлбөр мөнгийг нь төлөөд ямар нэгэн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй энэ орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй шүү гэдгийг нотлох ийм ач холбогдолтой байсан гэдгийг бас тэмдэглэлд тусгуулахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг үндэслэлийг шаардлагаа тавьсан. Өөрөөр хэлбэл, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлнө гэсэн боловч манай үйлчлүүлэгч мөнгийг нь төлөөд хууль ёсоор амьдарч байна. Тэгэхээр шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүнээс халихгүйгээр шийдвэрлэх ёстой. Энэ бол процессын зарчим. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргаж байгаа. Бид хууль бусаар энэ байрыг эзэмшээгүй, төлбөр мөнгийг нь төлөөд амьдарч байгаа гэдэг энэ агуулгыг нотлох үүднээс ******* ХХК-ийн захирал н.*******гэдэг хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Шүүх харамсалтай нь хангасангүй. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтаас харахад сая сүүлд өгсөн баримтууд бас үүнтэй холбоотой байсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, Наадамчдын зам гудамж, 1432 дугаар байрны *******тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн Ү-*******дугаартай, 74,76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч *******ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК болон *******ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бартер хэлбэрээр авсан орон сууцыг орон сууц захиалгын гэрээ хийж төлбөрийг нь бүрэн төлснөөр тухайн орон сууцыг ашиглалтад орсон 2022 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль ёсоор эзэмшиж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэртэй хэдий ч хариуцагч ******* ч мөн адил төлбөрийг нь бүрэн төлсөн хууль бусаар бус хууль ёсны дагуу эзэмшиж ирсэн.
Шүүх нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаараас халихгүйгээр хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлэдэг. Харин нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэжээ. Гэтэл хариуцагч ******* нь тухайн орон сууцыг хууль бусаар бус хууль ёсны гэрээний дагуу эзэмшиж байсан болох нь нотлогдсон, хэн аль нь энэ асуудлаар огт маргаагүй атал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болжээ.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан өөрийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, Наадамчдын зам гудамжны 1432 дугаар байр, *******тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн Ү-*******дугаартай, 74,76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ******* нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК болон маргаан бүхий орон сууцыг барьсан *******ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бартер хэлбэрээр авсан орон сууцыг ******* ******* ХХК-тай орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээг байгуулаад, 2022 онд ашиглалтад орсон хугацаанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа, ашиглалтын төлбөрийг нь төлдөг, орон сууцын үнийг ******* ХХК-ид бүрэн төлж барагдуулсан учраас хууль бусаар эзэмшээгүй, ******* ХХК-ид ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй, хууль ёсоор амьдарч байгаа талаар маргахгүй, нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.
4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01582 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, С.*******нарт холбогдуулан гэрээний 6.6. дахь заалтыг хүчингүй болгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Арцат апартмент-2 хотхоны А5 блок барилгын 2 дугаар орц 15 давхрын 74,76 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-нд даалгаж шийдвэрлэсэнд хариуцагч талын гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01273 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэснийг, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2024/00258 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 6-12, 13-18, 19-27/
4.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, Наадамчдын зам гудамжны 1432 дугаар байр, *******тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн Ү-*******дугаартай, 74,76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгдэн, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ./хх-5/
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн бусдын эзэмшлээс хөрөнгөө шаардаж байгаа тохиолдолд шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч өмчлөгч нь байх, хариуцагч нь орон сууцыг эзэмшиж байх төдийгүй эзэмшил нь хууль бус буюу эзэмших эрхгүй байх тохиолдол нэгэн зэрэг хангагдсанаар хэрэгжүүлнэ.
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Нарангэрэлийн өмчлөл бүхий Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, Наадамчдын зам гудамжны 1432 дугаар байр, *******тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн Ү-*******дугаартай, 74,76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******нь гэр бүл, үр хүүхдүүдийн хамт одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа гэх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэн, түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
6. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд маргаагүй боловч үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж 2022 оноос хойш ашиглалтын төлбөрийг төлж байгаа гэдэг нь дээрх үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй буюу өмчлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй.
6.1. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцны үнийг ******* ХХК-нд бүрэн төлж барагдуулсан учраас хууль бусаар эзэмшээгүй гэж маргаад хэрэгт улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21/67 дугаартай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ, Өндөр сэнтий трейд ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 23/137 тоот албан бичгийг ирүүлсэн боловч маргаан бүхий хөрөнгө нь бүртгэлд үндэслэгдсэн үл хөдлөх хөрөнгө тул үнийг нь төлснөөр өмчлөх эрх шилжих боломжгүй, улсын бүртгэлд өмчлөл шилжсэн талаар бүртгэл хийгдээгүй, нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, өмчлөх эрхтэй болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ХУЛАН