Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00647

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******д холбогдох,

 

*******ийн өвлөгдөх хөрөнгийн хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Өвийн эд хөрөнгөөс *******-УАУ улсын дугаартай, ******* маркийн автомашин, ******* ХХК-ийг тус тус өөрт хуваарилуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Өвийн эд хөрөнгөөс ******* улсын дугаартай, Toyota Dyna маркийн автомашин, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их Монгол Улс гудамж, Хансвилл 102 дугаар байрны *******тоот хаягт байрлах 17 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэгдсэн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрт хуваарилуулах тухай*******ийн бие даасан шаардлагатай,

Өвийн эд хөрөнгөөс Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, товчооны баруун талд байршилтай, нэгж талбарын *******дугаартай, улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн, 9,993 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг өөрт хуваарилуулах тухай *******ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний хүү /*******/ нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. Хүүг нас барснаас хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар Өмнөговь аймгийн нотариатчид хандахад нотариатчийн зүгээс бүх өвлөгчид маргаантай үндэслэлээр гэрчилгээ олгохгүй гэж тайлбарласан. Иймд хүү /*******/-ийн өвлөгдөх хөрөнгийн 1/3 хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний нөхөр /*******/ нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр автотээврийн ослын улмаас нас барсан. Бид охин*******, хүү ******* нарын хамт ам бүл 4 байсан. Би хуульд заасан журмын дагуу нийслэлийн тойргийн нотариатчид өв хүлээн авах хүсэлтээ гаргаж, гэрчлүүлсэн. Өв нээгдсэнээс хойш /*******/-ийн эх *******тай холбогдох гээд чадаагүй, түүний өмгөөлөгч гэх хүнтэй уулзаад шийдэлд хүрч чадаагүй. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хөрөнгө хуваарилах саналыг шуудангаар илгээсэн боловч шуудангаас хадгалах хугацаа дууссан гэж буцаасан. Бидний хувьд ******* гэж хүнээс зугтсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчид *******УБО улсын дугаартай Toyota Tundra *******маркийн автомашиныг өвлүүлэх саналтай байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. /*******/ бид 1999 онд танилцаж, 2002 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтээ бүртгүүлэх үед охин******* 4 настай байсан. Хүү ******* нь 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. /*******/-ийг нас барснаас хойш 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тойргийн нотариатчид хандан өв хүлээн авах хүсэлт гаргасан ба 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй. Нэхэмжлэгч *******д хөрөнгө хуваарилах талаар санал хүргүүлсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүй. *******ын өвлөх эрхийг түүний хүүхдүүд нь ашиглаж, өвлөгдөх эд хөрөнгийг өөрсдөдөө авч үлдэхийг санаархаж байх боломжтой гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нийт хөрөнгийн 4 хуваасны 1-ийг нь өвлөх эрхтэй гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*******ийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2000 оноос эхлэн тусдаа гэр бүлтэй болох хүртэлх хугацаанд эцэг, эх, дүүтэйгээ хамт амьдарч байсан. Хэдийгээр /*******/-ийн хувьд дагавар охин ч гэсэн эцэг, эхийгээ гэрлэлтээ бүртгүүлэхэд /*******/-ээр овоглосон. Эцэг /*******/-ийг нас барснаар өвлөгдөх эд хөрөнгөөс өвлөж авах хүсэлтээ нотариатчид гаргасан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлүүлж чадаагүй байна гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын тайлбар, татгалзлын агуулга: Би өөрийн эцэг /*******/, эх******* нарын дундаас 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Эцэг /*******/ нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барснаар эцгээс үлдсэн өв хөрөнгөөс өвлөж авахаар хуульд заасан журмын дагуу нотариатчид гаргасан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлүүлж чадаагүй байна гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн бие даасан шаардлагад гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нийт хөрөнгийн 4 хуваасны 1-ийг нь өвлөх эрхтэй гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй гэжээ.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.1, 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь талийгаач /*******/-ийн өвлөгдвөл зохих нийт хөрөнгийн 1/4 хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******УАУ улсын дугаартай Toyota Harrier-*******маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл, ******* ХХК-ийн 3/4 хэсгийг хариуцагч*******гийн өмчлөлд, 1/4 хэсгийг нэхэмжлэгч *******ын өмчлөлд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл Их Монгол Улс гудамж, 102 байр, *******тоот хаягт байршилтай 17 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******улсын дугаартай Toyota Dyna маркийн тээврийн хэрэгслийн 3/4 хэсгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*******ийн өмчлөлд, 1/4 хэсгийг нэхэмжлэгч *******ын өмчлөлд, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, товчооны баруун талд байршилтай, нэгж талбарын *******дугаартай, улсын бүртгэлийн Э-*******дугаарт бүртгэгдсэн, 9,993 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын 3/4 хэсгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын өмчлөлд, 1/4 хэсгийг нэхэмжлэгч *******ын өмчлөлд тус тус хуваарилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч*******гийн урьдчилан төлсөн 313,000 төгрөг, гуравдагч этгээд*******ийн урьдчилан төлсөн 288,000 төгрөг, *******ын урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 123,800 төгрөг гаргуулж хариуцагчид 8,050 төгрөг, гуравдагч этгээд*******д 72,000 төгрөг, гуравдагч этгээд *******т 43,750 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

9. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.******* нь шүүхэд хариуцагчаар татагдахаас өмнө удаа дараа ******* руу хөрөнгийг хуваарилуулах саналыг Өмнөговь аймгийн оршин суух хаяг руу хүргүүлсэн боловч утсаар харилцах, биечлэн уулзах, хаягаар очиж уулзах, харилцах холбоог, өнөөдрийн шүүх хуралдаад оролцож байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ******* нь тасалсан. ******* нь 90 орчим настай хүн байдаг. Гэр нь цоожтой, утас нь холбогддоггүй. ******* хэлэхдээ намайг та нартай ярьж холбогдсон гэж зэмлэдэг гээд дарамтад байдаг талаар илэрхийлдэг. Холбогдож чадахгүй байж байгаад шүүхэд хариуцагчаар дуудагдсан. Хариуцагчаар дуудагдахдаа нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар томьёолсон. Өөрийн унаж яваа хуучин Toyota Harrier загварын машин, нөхрийнхөө эрхэлдэг ******* ХХК-ийг үргэлжлүүлье, харин охин маань аавынхаа авч байсан автозогсоолыг цаашдаа ашиглаад, хүү нь аваасаа үлдсэн цор ганц газрыг өвлөж авъя. Унаж байсан *******УБО Toyota Harrier Tundra загварын машин нь ******* төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байгаа. Үүнийг өвлөөд аваарай гэх саналыг тавьсан боловч хүлээж аваагүй. Нэгдүгээрт, Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн хууль ёсны өмгөөлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Юу өвлөж авах вэ гэхээр юу өвлөх талаараа мэдэхгүй, ямар хөрөнгө байгаа вэ гэхээр, ямар хөрөнгө байгааг мэдэхгүй гэдэг. Ийм тодорхойгүй ойлгомжгүй шаардлагаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөөд гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлснийг харахад тодорхой нэг үйл баримтаар хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох гээд байгаа юм шиг харагддаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нийт хөрөнгийн 4/1 гэж ойлгомжгүй байдлаар гаргасан. Хэрвээ хөрөнгийн тодорхой хувийг хуваарилаад, түүнийг 4/1 хэсэгт тэнцүү хуваана гэсэн бол хэдэн төгрөгийн үнэд хүрэх хөрөнгө байгаа, түүнийг хэдэн төгрөгөөр яаж хуваарилж байгаа, энэ дээр тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг яагаад төлүүлээгүй юм гэдэг алдаа яригдана. Магадгүй өв хөрөнгө буюу үнэ бүхий зүйлийг хуваарилах гээд байна гэж үзсэн бол, шүүхээс нэхэмжлэгчийг өөрөө хөрөнгөө тодорхойлж чадахгүй байгаа алдааг зөвтгөөд, өөрийн санаачилгаар шинжээч томилоод хөрөнгийг үнэлээд үүн дээр бодит дүн тогтоогоод танай талаас энэ дүнгээр өв хөрөнгө авах шаардлагаа дэмжиж байгаа бол улсын тэмдэгтийн хураамжаа төлөх, энэ дээр үнийн дүнгээрээ шаардлагаа тодорхойлох юм уу, эсвэл зөвхөн нэрээ өмчлөгчөөр оруулах юм уу гэдгийг тодорхойлохгүйгээр шийдсэн нь өөрөө эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу нэхэмжлэгчийн шаардаагүй шаардлагыг шийдэж өгсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж гэж тодорхойлсон нь мөн хууль бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас ерөөсөө шаардлага тодорхойлоогүй, юуг шаардсаныг зарим хэсэг гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талаас өвлөж авсан хөрөнгийг тодорхой тооцож гаргасан. Манай талаас гаргасан шаардлага дээрээ ямар хөрөнгө авахаа тусгайлан тооцож бичсэн. Магадгүй анхан шатны шүүх хуулийг баримтлан шийдвэр гаргасан бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байсан. *******УБО Toyota Harrier Tundra загварын машиныг ямар хэлбэрээр хуваах юм гэдэг асуудал яригдах байсан. Нэхэмжлэгчийн шаардаагүй шаардлагыг өөрөө дур мэдэн хуваан шийдвэрлэсэн нь эрх зүйн хэмжээгээ хэтрүүлж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гуравдугаарт, өвлөгдөөд үлдсэн байгаа хөрөнгө биет байдлын болон эрхийн зөрчилгүй, доголдолгүй байгаа. Цаашид өв хөрөнгүүдийг бүгдийг шударгаар эзэнтэй болгох. Эзэмших, ашиглуулах, хэн нэгнийг өмчлөх эрхэд саад учруулахгүйгээр захиран зарцуулах. Саад учруулах байдлаар талийгаачийн амьд байхад өөрт зориулан авч өгсөн хөрөнгийг цаашид хэвийн ашиглах хэвийн эзэмших нөхцөл байдлыг дордуулсан. Иймээс анхан шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, нэхэмжлэгчийн шаардаагүй шаардлагыг сайн дураараа, дур мэдэн шийдвэрлэсэн нь хууль бус байна. Анхан шатны шүүхийн хамгийн сүүлд гаргасан алдаа нь зохигчдын шийдвэрлүүлье, хуваарилуулъя гэсэн *******УБО Toyota Harrier Tundra загварын автомашиныг шийдвэртээ дурдаагүй орхисон. Маргаад байгаа тухайн хөрөнгийг хариуцагчид үлдээсэн, нэхэмжлэгчид хуваарилсан, эсвэл 4/1 хувиар юм уу аль нь гэдгийг тодорхойлохгүй орхисон нь ноцтой алдаа байна. Анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.1 дэх хэсгийг хариуцагч болон гуравдагч этгээдийг зөрчсөн гэж тодорхойлж бичсэн. Зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар байдлаар, аль шаардлагыг зөрчсөн эсэхийг шийдвэртээ тусгаагүй. Дээрх алдаанууд нь давж заалдах шатны шүүх хуралдаанд зөвтгөх, нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд бөгөөд хууль зөрчсөн алдаа байгаа учир энэ хэргийг дахин анхан шатны шүүх рүү хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, хэрэг анхан шатны шүүх дээр байх хугацаанд хариуцагч талаас хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн тайлбар дээрээ өнөөдрийн дурдсан асуудлыг яриагүй. Хоёрдугаарт, манай талаас өвлөх эрхийг тогтоолгох гэх гол үндэслэл маань эрхээ хэрэгжүүлэх байдал хязгаарлагдаад байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх талаар гаргаад байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр эд хөрөнгө нь өөрийнх нь эзэмшилд байдаггүй, хариуцагчийн эзэмшилд бүгд байдаг. Хариуцагчийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг манай талаас мэдэх боломжгүй. Иймээс шүүх дээр нотлох баримт гаргахад дээрх эд хөрөнгө байгаа гэдгийг мэдсэн. Гаргаж байгаа гомдлыг хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахдаа тэмдэгтийн хураамжтай асуудал, хөрөнгөтэй холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүхээс засах боломжтой гэж үзэж байна. Иймээс гомдлын шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хүү *******ийн өвлөгдөх хөрөнгийн 1/4 хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өвийн эд хөрөнгөөс *******-УАУ улсын дугаартай, ******* маркийн автомашин, ******* ХХК-ийг тус тус өөрт хуваарилуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүй, маргааны үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

3.1. Тодруулбал, анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, хүү *******ийн өвлөгдөх хөрөнгийн 1/3 хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвлөгдөх хөрөнгийн 1/4 хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох гэж шаардлагаа тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байгааг анхаараагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ямар үр дагаварт хүрэх, ямар үр дагавар хүсэж байгаа нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулснаар холбогдох хуулийг шүүх зөв тайлбарлан хэрэглэх үндэслэл бүрдэх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаагийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үүнийг тодруулах учиртай.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөөс ямар хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд болон *******ийн хуваарьт хөрөнгөд хамаарах эсэх, мөн ямар хөрөнгө нь өвлөгдөх хөрөнгөд хамаарах эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

3.2. Үүнтэй холбоотойгоор өвлөгдөх эд хөрөнгөөс үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагаар талууд ямар хөрөнгийг нэхэмжилж байгааг тодруулах, мөн хөрөнгүүдийн үнэлгээний асуудал тодорхой болсноор нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах буюу улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төлөх асуудал тодорхой болох учиртай.

Дээрх асуудлыг анхан шатны шүүх хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлах замаар тодруулах, удирдан чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр маргааны үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/09957 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч*******гаас төлсөн 314,200 төгрөг, гуравдагч этгээд *******аас төлсөн 176,200 төгрөг, гуравдагч этгээд*******ээс төлсөн 289,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ХУЛАН