Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 137

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч О.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1695/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Монгол овогт Отгондаваагийн Өсөхбаярт холбогдох эрүүгийн 1931000000132 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт Отгондаваагийн Өсөхбаяр, Монгол улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, суурь боловсролтой, Дархан МПАТИ сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 7 дугаар байрны 05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй РД:/МЮ03270518/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч О.Өсөхбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гүн-нуур” нэртэй хүүхдийн зуслангийн байрны гадаа насанд хүрээгүй Э.Санчиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хөлөн тус газар модоор нэг удаа цохин, нүүрэн тус газар нь дух хэсгээрээ мөргөж, түүний гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хамрын таславчийн мурийлт, хаван бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч О.Өсөхбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гүн-нуур” хүүхдийн амралт зуслангийн байрны гадна насанд хүрээгүй Э.Санчиртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хөлөн тус газар модоор нэг удаа цохин, нүүрэн тус газар нь дух хэсгээрээ мөргөж, түүний гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хамрын таславчийн мурийлт, хаван бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч О.Өсөхбаяр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч О.Өсөхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед би мод бариад зогсож байхад Санчир гэх хүүхэд “пизда минь наад модоо өг” гэхэд нь би “үгүй” гэсэн чинь намайг “лалар минь наад модтойгоо хол яваарай” гэж хэлэхэд нь уураа барьж дийлэлгүй, модоороо цохьчихсон юм. Тэгээд бид 2 муудалцан барьцалдаж аваад 1 удаа нүүрэнд нь мөргөсөн. Өөр зүйл болоогүй. Болсон явдалд харамсаж байна” гэсэн мэдүүлэг[1],

2.Насанд хүрээгүй хохирогч Э.Санчирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Гүн-нуур хүүхдийн зусланд амарч байхад зүс таних Өөжөө буюу Өсөхбаярын барьж явсан модыг өгөөч гэж тоглох маягтай гуйхад өгөхгүй гэж надад хэлэхээр нь “өө чи наад модтойгоо хол яваарай” гэж хэлээд эргээд явж байтал Өсөхбаяр барьж явсан модоороо миний зүүн, баруун хөлөнд дамнуулж нэг удаа цохихоор нь би хөлөө бариад доошоо тонгойгоод зогсож байтал намайг гараараа заамдаж аваад толгойн духны хэсгээрээ миний нүүр, хамрын тус газар мөргөсөн. Тэгсэн тэнд Өсөхбаяртай хамт явж байсан найз нар болох Билгээ, Хүслэн, Ерөөлт нар байсан. Тэгээд Хүслэн нь Өсөхбаяр бид 2-ын дундуур орж салгасан юм. Миний хамраас цус их хэмжээгээр гараад байхаар нь би угаалтуур луу цусаа угаах гээд явсан. ...Одоогоор миний хамар мурийсан, хацар хавдсан, ам нээхэд сул тавихад юм идэхээр өвдөнө. 2 хөл хөндүүрлэж өвдөнө. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг[2],

3. Насанд хүрээгүй гэрч Э.Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өсөхбаяр нь Санчирын нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөж хажууд нь байсан Хүслэн, Билгээ нар Өсөхбаярыг Санчираас салгаж тэгээд би тухайн үед Санчирыг сайн анзаарч хараагүй, Өсөхбаярыг “одоо болио найз” гэж хэлээд тэврээд холдуулж байхад Санчир тэндээс явсан” гэх мэдүүлэг[3],

4. Насанд хүрээгүй гэрч Г.Билгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хамт амарч байсан Санчир бид нар луу ирж Өсөхбаярын гартаа барьж байсан модыг өг гэж дээрэлхүү өнгө аястай хэлсэн. Тэгсэн Өсөхбаяр модоо Санчирт өгөхгүй гэж тэд хоорондоо маргалдаж улмаар барьцалдаад авахаар нь хамт байсан Хүслэн бид хоёр Санчир, Өсөхбаяр хоёрыг салгах гээд гүйж очих хугацаанд Өсөхбаяр нь Санчирын нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг[4],

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаартай “Э.Санчирын биед хамрын таславчийн мурийлт, хавантай, гуяанд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт[5] зэрэг болно.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс “shuukh.mn”-ээс хуулбарлан авсан Улсын дээд шүүхийн тогтоолын хуулбарыг гаргаж өгсөн нь энэхүү хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөрдөгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн өсвөр насны шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй Э.Санчир, түүний төрсөн ээж хууль ёсны төлөөлөгч Т.Намираа нь “Одоогоор миний бие болон Өсөхбаярын ээж Наранцэцэг бид хоорондоо сайн дураараа эвлэрч, дахин энэ асуудлаар гомдол гаргахгүй, надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гаргах гомдол, саналгүй” гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаагүй, энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж чанар болон өсвөр насны шүүгдэгч нь Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч О.Өсөхбаярт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон түүний эцэг Д.Отгондаваад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь өсвөр насны шүүгдэгчийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

      Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.    

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 12 дугаар тал

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Монгол овогт Отгондаваагийн Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Монгол овогт Отгондаваагийн Өсөхбаярт мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Өсөхбаярт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон түүний эцэг Д.Отгондаваад даалгасугай.

            4. Шүүгдэгч О.Өсөхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Шүүгдэгч О.Өсөхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

  

 

            ДАРГАЛАГЧ                                           Ц.АМАРГЭРЭЛ