Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00697

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/10692 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* ХХК-тай автомашин худалдах, худалдан авах №24/25 тоот гэрээ байгуулж, ******* маркийн, *******арлын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, шинэ цахилгаан автомашиныг худалдан авсан. Гэтэл автомашиныг худалдаж аваад 10 хүрэхгүй хоногийн дараа 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн уг автомашинд дараах доголдлууд үүсэж эхэлсэн. Үүнд:

-Дэлгэц асахгүй байх, дэлгэцийн мэдрэгч ажиллахгүй байх, мэдрэгч нь халаалтаа удирдахгүй цанталт үүсгэх, дэлгэцийн гэрэл байнга бүдгэрч тодрох, ФМ огт ажиллахгүй байх,

-Хол замд явж байхад гэнэт хүйтнээр үлээж, халуун хүйтний тохируулга ажиллахгүй байх, салон нь хуучин машин шиг чимээ гарч тухгүй байдал үүсгэх, жолоочийн суудал хөдөлгөөн орох гэх мэт доголдлууд үүссэн.

1.2. Дээр дурдсан доголдолтой холбоотой гомдлыг тухай бүрт нь хариуцагч байгууллагын худалдааны зөвлөх, менежер, инженерт хэлж, засуулах гэж оролдсон ч үр дүнд хүрээгүй ба доголдлыг арилгахын тулд автомашинаа бүтэн сарын турш хариуцагч байгууллагын засварын төвд үлдээсэн боловч БНХАУ-аас захисан гэх сэлбэг нь огт ирээгүйгээс маргаан үүсэж , сүүлдээ холбогдох хүмүүс нь утсаа авахаа больсон.

1.3. Албан ёсны эрхтэй гэх байгууллагаас цоо шинэ автомашин худалдан авч, тав тух, сэтгэл ханамж мэдрэхийг хүссэн боловч авсан цагаас эхлэн үүссэн доголдлуудаас болж маш их бухимдаж, зарим тохиолдолд автомашиныг унаж, ашиглаж чадахгүйд хүрч байсан хэдий ч уг автомашиныг авах зорилгоор Төрийн банкнаас авсан зээлийн хүүг тогтмол төлсөөр ирсэн.

Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт Төрийн банкнаас зээлж өгсөн ******* төгрөгийг буцаан гаргуулах, уг мөнгөний хүү ******* төгрөгийг гэрээнээс татгалзаж байгаатай холбоотой хохиролд тооцон шаардаж байна. Нэхэмжлэгч хуульд болон гэрээнд заасны дагуу гэрээнээсээ татгалзаж, автомашиныг буцаан хүлээлгэж өгсөн гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани 2024 оны Хятад улсад үйлдвэрлэгдсэн ******* гэдэг автомашиныг борлуулсан. Зарим жижиг гэмтэл засвар үйлчилгээ хийх шаардлага гарсан. Бид машиныг баталгаат хугацаанд засаж бүрэн бүтэн хүлээлгэж өгч байсан бөгөөд баталгаат хугацаандаа ямар нэгэн гэмтлийг баталгаат хугацааг дуустал үйлчилгээ хийх ёстой автомашиныг буцааж болон бүтэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Ямар нэгэн эвлэрэлд хүрэх боломжтой.

2.2. Худалдагч тал үйлдвэрлэлийн баталгаа олгож байгаа гэдэг нь мотор, кроп болон үндсэн явах эд анги, батарейны асуудал дээр баталгаа олгосныг хэлж байгаа. Харин дэлгэц тодорхой хэмжээнд асаж унтрах, суудал дугарах, битүүмж муу байгаа гэх зэрэг нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт зааснаар нэг хэсэг нь доголдолтой байсан бол түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэлгүй гэж зааснаар автомашин бүхэлдээ доголдолтой гэж үзэхгүй. Хариуцагч тал 07 дугаар сарын эхээр наадмаас өмнө автомашиныг бүрэн засварлаж дуусаад нэхэмжлэгч *******д танилцуулсан боловч сэтгэл ханамж байхгүй болсон гээд гэрээнээс татгалзсан гэж байгаа нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй.

2.3. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт худалдан авагч нь автомашины доголдлыг арилгуулсан бол ямар ч тохиолдолд гэрээ цуцлах, татгалзах эрхгүй гэж заасан байгаа. Иргэний хуульд талууд өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлж, гэрээ хэлцэл байгуулах бүрэн боломжтой ба талууд гэрээний үндсэн нөхцөлийг тогтоосон. Аль ч компани техник хэрэгсэлтэй холбоотой асуудал дээр сэтгэл ханамжийн баталгаа өгдөггүй. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа сэтгэл ханамжгүй болсон гэдэг нь үндэслэлгүй.

2.4. Мөн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг хохиролд тооцож гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. ******* сайн дурын үндсэн дээр банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж зээл авсан. Энэ эрсдэлийг өөрөө мэдэж байгаа, мэдэх боломжтой байсан. Тийнхүү зээл авснаараа хохирол учирчихлаа гэдэг байдлаар тайлбарлах үндэслэлгүй тул гэрээнээс учирсан хохиролд шаардаж буй нэхэмжлэлийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр нэгэнт бэлэн автомашиныг гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгч ирж аваагүй нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 495,939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлгийн магадлагаатай байсны улмаас шүүх хурал хойшилж байсан.

Уг хэргийг шийдвэрлэсэн шүүх хурал 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч миний бие хариуцагч ******* ХХК-ийн шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг танилцуулсан. Тухайн нөхцөл байдалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч утсаа салгаад 3-4 хоног холбогдохгүй алга болсон байсан тул тус хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан н.*******олгосон байсан итгэмжлэлээ хүчингүй болгосон. Шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж амжаагүй байсан.

4.2. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг тус шүүх хуралд тайлбарлан танилцуулж, боломжит богино хугацаанд шүүх хурлыг хойшлуулж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, 6.4 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдаад биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн зарчмыг баримтлахыг шүүхээс хүссэн. Гэвч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хурлыг үргэлжлүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаар заасан бөгөөд уг зарчим гагцхүү мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан суурь зарчмуудыг баримтлан талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргаж байж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн хуульд заасан эрхийг бүрэн хангаж, өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх боломжийг олгосон. Гэвч тухайн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шинээр томилоогүй бөгөөд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нялх хүүхэдтэй гэх шалтгааныг дурдсан боловч уг нөхцөл байдлыг нотлох баримтыг хүсэлтдээ хавсаргаагүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, доголдлыг арилгуулахаар хэд хэдэн удаа буцаан хүлээлгэн өгч засвар хийлгэхээр үлдээсэн ч доголдол арилаагүйн улмаас гэрээнээс татгалзан акт үйлдэж гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн тул төлбөрт төлсөн ******* төгрөг, тээврийн хэрэгслийг худалдаж авахын тулд Төрийн банк ХК-аас авсан зээлийн хүү ******* төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон гаргуулна гэж,

хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тээврийн хэрэгслийг засварлаж, эд ангиудыг солих зэргээр доголдлыг арилгасан. Тээврийн хэрэгслийн явах эд анги доголдолгүй, баталгаа зөвхөн мотор, кроп, явах эд ангийн гэмтэлд хамаарах ба эдгээр эд ангиудад доголдол илрээгүй учир гол эд хөрөнгө доголдолгүй гэж тус тус тайлбарлан маргасан байна.

 

4. Талууд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах №24/25 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, цахилгаан хөдөлгүүртэй ******* маркийн шинэ тээврийн хэрэгслийг ******* төгрөгөөр худалдан борлуулах, нэхэмжлэгч Төрийн банк ХК-тай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, ******* төгрөгийг эд хөрөнгө худалдан авах зориулалтаар сарын 1 хувийн хүүтэй 30 сарын хугацаагаар зээлж аваад, гэрээний төлбөрийг хариуцагч ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

5. Мөн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, талууд хэн аль нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулж, худалдан авагч ******* гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах №24/25 тоот гэрээ, Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, автомашин хүлээн авах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх 6-9, 10-12, 13-14, 32/

5.2. Харин худалдагч тал нь хууль болон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж биет байдлын доголдолгүй хөрөнгө, тухайн хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу гэрээгээр хүлээлгэж өгсөн тээврийн хэрэгсэлд дэлгэцийн мэдрэгч ажиллахгүй, дэлгэц асахгүй, мэдрэгч нь халаалтаа удирдахгүйгээс цанталт үүсэж, удирдлагагүйгээр халуун хүйтнээр үлээж тохируулга ажиллагаагүй байх, салонд чимээ их, жолоочийн суудал хөдөлгөөн орох зэрэг доголдлууд илэрч байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дүрс бичлэгүүд, нэхэмжлэгчийн хариуцагч талтай харилцсан чат, мессеж зэргээр нотлогдсон. /хх 164-167/

5.3. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлийг тээврийн хэрэгсэлд гарсан доголдлуудыг тухай бүрд нь засварлаж байсан учир гэрээний 8.3-т заасны дагуу гэрээг цуцлах, татгалзах эрхгүй. Мөн тээврийн хэрэгслийн мотор, кроп болон үндсэн явах эд анги, батарейнд баталгаа олгосон ба дэлгэц асаж унтрах зэрэг нь гол эд хөрөнгийн доголдолд хамаарахгүй гэж тодорхойлсон.

5.4. Талуудын байгуулсан гэрээний 1.2-д худалдаж буй автомашиныг эрхийн зөрчилгүй болон биет байдлын доголдолгүй буюу зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжтой, олон улсын болон дотоодын чанар, стандарт, худалдан авагчийн шаардлагад нийцсэн байхыг тодорхойлон заасан байна.

Мөн гэрээний 4.2-т гэрээний хавсралтаар Автомашины үйлдвэрийн баталгаат хугацаа, ашиглалтын заавар, Худалдан авалтын дараах үйлчилгээний журамд заасан үйлдвэрийн баталгаатай хугацаа, Нэмэлт үйлчилгээг тусгасан хавсралтууд байх бөгөөд тэдгээр нь гэрээний салшгүй хэсэг мөн болохыг тусгажээ.

5.5. Нэхэмжлэгч талаас дээрх гэрээнд заасан хавсралтуудыг хариуцагч хүлээлгэж өгөөгүй, танилцуулаагүй талаар тайлбарласан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Автомашин хүлээн авах хуудас-т гэрээний хавсралтуудыг худалдан авагч талд өгөөгүй талаар тэмдэглэснээр давхар нотлогдож байна. /хх 32/

5.6. Тээврийн хэрэгслийн биет байдлын доголдлын улмаас гэрээний зүйл болох ******* маркийн ******* улсын дугаартай автомашиныг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр борлуулалтын албаны ахлах ******* үйлчлүүлэгчээс гарсан гомдлын дагуу 4 шинэ дугуйн хамт хүлээж авсан талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуржээ. /хх 31/

 

6. Хариуцагч тал дээрх үйл баримтыг эсэргүүцсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас тээврийн хэрэгслийн төлбөрт төлсөн ******* төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан тээврийн хэрэгслийг худалдаж авах зорилгоор Төрийн банк ХК-иас авсан зээлийн хүүгийн нийт төлбөр болох ******* төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилснээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн зээлийн хүү ******* төгрөгийг хохиролд тооцон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж, илүү нэхэмжилсэн ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан суурь зарчмуудыг баримтлан талуудын эрх тэгш, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/24260 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан байна. /хх 1-2, 34, 58, 64/

 

7.2. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/36287 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад хэлэлцүүлэхээр товлож, тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хойшлуулсан. /хх 162/

 

7.3. 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШЗ2025/41967 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. /хх209-213/

 

7.4. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/45566 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулжээ. /хх 215-217/

 

7.5. 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/51563 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос ******* өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг гаргаж өгч, манай өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар тус тус гарын үсэг зуржээ. /хх 221-226, 227/

 

7.6. 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Н.*******Ц.*******олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байгаа тул шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, хэргийн материалтай танилцуулан, шүүх хуралдаан оролцуулах тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлснийг тус шүүхийн 192/ШЗ2025/53143 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх талуудын тэгш эрхийн зарчим, мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хариуцагч талын гаргасан хүсэлтийг удаа дараа хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй, мөн хариуцагчийн төлөөлөгч нь дээрх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг хүсэлтэд хавсарган ирүүлээгүй байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/10692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.ХУЛАН