Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 907

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,                                              

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Ү.С, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

Хохирогч Г.Дэлгэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугчин овогт Ү-ы С-д холбогдох эрүүгийн 1903007850356 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 13 дугаар гудамж, 221 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УШ95121357 / Их тугчин овогт Ү-ы С нь:

 

- 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 00 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын “Очир төв”-ийн барын талын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд Субару Импереза маркийн 54-32 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарчаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Дэлгэрдалайг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-11 /

 

Жолооч болон явган зорчигч нар согтуурал шалгасан тэмдэглэл / хх 12-13 /

Хохирогч Г.Дэлгэрхангай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019.07.03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын орчимд байх Офицеруудын ордноос автобусанд суугаад 6-н буудлын автобусны буудал дээр буугаад замын баруун талд манай найз намайг хүлээж байсан учир би уулзах гээд Очир төвийн баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт зам хөндлөн гарч явтал урд зүгээс хойшоо зүгт явж байсан суудлын автомашин нь явган хүний гарцны урд талын хурд сааруулагч даван маш хурдтай ороод ирсэн. Би амжих гээд гүйтэл уг машины урдуур нь гарч амжилгүй мөргүүлсэн. Машин хурд сааруулагчийн баруун талаар нь тойрч гарч ирээд намайг мөргөсөн. Би уг автомашины урд копутан дээр шидэгдэж нилээн зайтай зам дээр унасан юм. Тэгтэл уг машины жолооч хэсэг газар яваад зогссон ба бууж ирээд миний биеийн байдлыг асуусан. Тэр үед замын баруун талаас намайг хүлээж байсан найз Төрболд ирсэн хажуугаар явж байсан хүмүүс 102 болон 103-д дуудлага өгсөн  гэжээ / хх 20-21 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8338 дугаар дүгнэлтэнд:   

1. Г.Дэлгэрхангайгийн биед зүүн хөлийн тахилзуур ясны далд хугарал, зүүн дагзны хуйх, баруун тохойн зулгаралт, зүүн гуяны зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 35 /

            Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын дүгнэлтэнд: “...Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг автотээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна гэжээ. / хх 43-50 /

 

            Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн "Дуудлагын лавлагааны хуудас / хх 15 /

 

            Яллагдагч Ү.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ..Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй.  Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Мөн өмнө ослын талаар гэрчээр ахлах мөрдөгч, дэд хурандаа Энх-Амгаланд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би хохирогчийн эмчилгээнд 800.000 төгрөг зарцуулсан. Өөр мөнгө төгрөг өгөөгүй байгаа гэжээ.  / хх 58-59 /

 

Шүүгдэгч Ү.С-г 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 58-59 /

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 65 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ү.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би амжиж хүн тээвэрлэх гээд хурдан явсан юм. Хурд сааруулагч дээгүүр 50 км/цагийн хурдтай гарсан. Хохирогчийг гарцан дээр гэмтээсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн. Баримтаар нотлогдсон хохирлыг төлж байрагдуулна гэв.

 

Хохирогч Г.Дэлгэрхангай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө найзтайгаа уулзахаар 6 буудал дээр буусан. Буугаад явган хүний гарцаар гарч явтал эсрэг урсгалаас 1 машин их хурдтай хурд сааруулагч даваад ороод ирэхээр нь би амжаад гарах гэсэн боловч амжилгүй мөргүүлсэн. Мөргүүлснээс болоод зүүн хөлийн савхан яс хугарсан. Би зуныхаа амралтаар вагон буулгаад өдөрт 50.000 төгрөг авдаг байсан. Гэмтсэний улмаас 1 сар 15 хоног хэвтрийн байсан ба хөдөлгөөний хязгаарлалттай байсан учир 2 сарын цалин 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Эмчилгээний зардалд бэлнээр 500.000 төгрөг авсан ба компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн төлбөрийг жолооч төлсөн.

Би өөрийн сургууль дээрээ 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 07 дугаар сарын 11 хүртэл марктенгийн албанд ажиллаад шинэ хүүхдүүдэд сургуулиа танилцуулж, бүртгэлийг нь хийж сургалтын төлбөрөө тодорхой хэмжээгээр хөнгөлүүлэх байсан юм. Гэтэл 07 дугаар сарын 03-нд гэмтсэнээс болоод хөнгөлөлт шийдвэрлэх хуралдаанд очиж чадаагүй учир мөн дээрх мөнгөө нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч Ү.С нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 00 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын “Очир төв”-ийн барын талын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд Субару Импереза маркийн 54-32 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарчаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Дэлгэрдалайг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ... Би  “Очир” төвийн баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт зам хөндлөн гарч явтал урдаас хойшоо явж байсан суудлын автомашин нь явган хүний гарцны урд талын хурд сааруулагч даван маш хурдтай орж ирсэн. Би амжих гээд гүйтэл амжилгүй мөргүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч  Г.Дэлгэрхангайн мэдүүлэг / хх 20-21 /,  ... Г.Дэлгэрхангайгийн биед зүүн хөлийн тахилзуур ясны далд хугарал, зүүн дагзны хуйх, баруун тохойн зулгаралт, зүүн гуяны зураасан зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8338 дугаар дүгнэлт / хх 35 /,  ... Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 04-11 /,  ...согтуурал шалгасан магадлагаа / хх 12-13 /, ... Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ослын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн. Би хохирогчийн эмчилгээнд 800.000 төгрөг зарцуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ү.Сгийн мэдүүлэг  / хх 58-59 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ү.С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ү.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хохирогч Г.Дэлгэрхангай нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд: Зуныхаа амралтаар вагон буулгаад өдөрт 50.000 төгрөг авдаг байсан. Гэмтсэний улмаас 1 сар 15 хоног хэвтрийн байсан ба хөдөлгөөний хязгаарлалттай байсан учир 2 сарын хугацаан цалин 3.000.000 төгрөг, өөрийн сургууль дээрээ 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 07 дугаар сарын 11 хүртэл марктенгийн албанд ажиллаж, шинэ хүүхдүүдэд сургуулиа танилцуулан бүртгэл хийж, сургалтын төлбөрөө тодорхой хэмжээгээр хөнгөлүүлэх байсан тул дээрх мөнгөө тус тус нэхэмжилсэн болно.

Гэтэл хохирогч Г.Дэлгэрхангай нь “ Одкон байр “ барилгын материалын дэлгүүрт ачигчаар ажилладаг нь үнэн болно. 1 өдрийн 50.000 төгрөгөөр ажилладаг. 2 сарын 3.000.000 төгрөг. Ажил олгогч М.Энхчимэг гэсэн бичигнээс / хх 94 / өөр баримтгүй бөгөөд дээрх ачигчийн ажлыг хийж эхлээгүй байсан болох нь түүний мэдүүлгээр нотлогдож байх тул 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Харин хохирогч Г.Дэлгэрхангай нь сургалтын албанд ажиллаж байх үедээ шүүгдэгчийн буруугаас автын осолд орж, хүндэвтэр гэмтэл авч, улмаар 2 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Иймд түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320.000 төгрөгөөр тооцож, 640.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгох үндэслэлтэй байна. Мөн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхтэй холбоотой  болон цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ү.Сгийн жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их тугчин овогт Ү-ы С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Ү-ы С-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуун / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ү.С-гийн жолооны  1269742 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Ү.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ү.С-гээс 640.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Дэлгэрхангайд олгож, нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ү.С нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Ү.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.   

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ү.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ