| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/01015/И |
| Дугаар | 827 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 827
2016 оны 09 сарын 30 өдөр Дугаар 181/ШШ2016/00827 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, “Хас банк” ХХК/РД: 2578697/-ийн хүсэлттэй,
Г.Хансүндэр, Ж.Зулгэрэл нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Хансүндэр нь 2014 оны 08-р сарын 15-ны өдөр Хас банктай 1480009991 дугаар зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногийн 36%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч Г.Хансүндэр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Зулгэрэл нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлийн гэрээ байгуулж зээл авах үедээ Г.Хансүндэр болон Ж.Зулгэрэл нар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1153 тоотод оршин суудаг байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар гэрийн хаягаар нь удаа дара очиход тухайн хаяг дээр амьдардаггүй, тийм хүн байхгүй, танихгүй гэх өөр айл байдаг. Г.Хансүндэртэй холбогдох гар утасны дугаар 91535551, 96697365 нь холбогдох боломжгүй байдаг. Оршин суудаг эсэхийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооноос тодуурлахад Г.Хансүндэр болон Ж.Зулгэрэл нь тус хороонд бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй гэж тодорхойлсон. Дээрх байдлаас үзэхэд Г.Хансүрэн болон Ж.Зулгэрэл нар зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зугтаж байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч “Хас банк” ХХК нь Г.Хансүндэр, Ж.Зулгэрэл нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэн Г.Хансүндэр, Ж.Зулгэрэл нарын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч “Хас банк” ХХК нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд иргэн Г.Хансүндэр, Ж.Зулгэрэл нар хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гантөмөрийн Хансүндэр/РД: ЗЖ87020611/, Жүндэрийн Зулгэрэл/РД: ЛА87080605/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Хас банк” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Гантөмөрийн Хансүндэр/РД: ЗЖ87020611/, Жүндэрийн Зулгэрэл/РД: ЛА87080605/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Гантөмөрийн Хансүндэр/РД: ЗЖ87020611/, Жүндэрийн Зулгэрэл/РД: ЛА87080605/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Хас Банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсогмоц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ