| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0129/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 129
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд,
улсын яллагч Г.Цолмонгэрэл,
шүүгдэгч Р.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Р.Батзоригт холбогдох эрүүгийн 1931002370137 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чойжав овогт Рэндоогийн Батзориг, Монгол улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 5 дугаар хэсгийн 117 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай РД:/МБ76091817/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Р.Батзориг нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 5 дугаар хэсгийн 116 тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Р.Сарантуяагийн хүзүүний баруун хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.Батзориг нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 5 дугаар хэсгийн 116 тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Р.Сарантуяагийн хүзүүний баруун хэсэгт зүсэж, түүний эрүүл мэндэд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Р.Батзориг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүгдэгч Р.Батзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг[1],
2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Сарантуяагийн өгсөн “...Би хамтран амьдрагч Р.Батзоригийн хамт 2019 оны 07 дугаар сарын 07-ны өглөөний 04 цагийн вагоноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гэртээ ирсэн. Тэгээд бид 2 гэртээ амрангаа дэлгүүрээс 0,5 литрийн “Монгол стандарт” нэртэй архи авч шөлтэй хоол хийж идэнгээ хувааж уусан. Ингээд хоолныхоо шөлөнд чанасан махыг хутгаар мөлжиж байгаад би Р.Батзоригт хандаж чамаас болж шинэ авсан утсаа мөнгөтэйгөө Замын-Үүдэд байхдаа алдсан, чи миний том хүүг нас барах үед надад тус болоогүй гэх зэргээр хэрүүл маргаан хийж эхэлсэн. Р.Батзориг тухайн үед мах мөлжиж байсан жижиг ногоон иштэй хутгаар миний хүзүүнд хүрэх шиг болсон. Удалгүй миний хүзүүнээс цус гарч эхэлсэн. Би уусан архиндаа согтоод ухаан нилээн балартсан байсан. Нэг мэдэхэд хүү Ариунбаатарын хамт нэгдсэн эмнэлгийн тусламж үзүүлэх төвд хүзүүндээ оёдол тавиулж байснаа санаж байна” гэх мэдүүлэг[2],
3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ариунбаатарын өгсөн “... Манай ээж Батзориг ахтай хамт амьдраад 6 жил болж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 07-нд манай ээжтэй хамт амьдардаг Р.Батзориг ахтай уулзах гээд гэрт нь очиход ээж хоолойгоо даавуугаар боочихсон уйлаад сууж байсан. Тэгээд ээжээс юу болсон талаар асуухад Батзориг миний хоолойг хутгаар зүссэн гээд нилээд согтуу байсан. Тэгэхээр нь эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Түргэний эмч ирж ээжийг эмнэлэг рүү авч яваад хүзүүнд нь 4 оёдол тавьсан” гэх мэдүүлэг[3],
3.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай
1.Р.Сарантуяагийн биед цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт[4],
4. Шүүгдэгч Р.Батзоригийн яллагдагчаар өгсөн “... 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Р.Сарантуяа өөрийнхөө 300 гаран мянган төгрөгөө гар утасны хамт хамт алдаснаа надаас болсон гэж орилоод байсан. Р.Сарантуяад хандаж аав ээж байхад гэрт битгий орилж хэрүүл маргаан хийгээд бай, чимээгүй болооч гэж зөндөө гуйсан. Тэгээд миний үгэнд орохгүй орилж хашгираад байхаар уур хүрч мах идэж байсан ногоон иштэй хутгаар Р.Сарантуяаг айлгах санаатай чичтэл хүзүүнийх нь баруун урд хэсэг хутганд зүсэгдсэн” гэх мэдүүлэг[5], хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Батзоригийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Р.Сарантуяа нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батзориг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хир хэмжээ, нийгмийн хор аюулын шинж байдал зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж оногдуулах, уг торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг харгалзан шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 20 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 23 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 32 дугаар тал
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Чойжав овогт Рэндоогийн Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батзоригийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Батзоригийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Ялтан Р.Батзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Ялтан Р.Батзоригт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.АМАРГЭРЭЛ