Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00698

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/00980 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч А.Цогтбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь өөрийн эцэг *******ийг цохиж зодсон хүн гэх шалтгаанаар хохирогч *******ийн биед нь халдаж, цээж хэсэгт нэг удаа цохисны улмаас дагз хэсгээрээ унаж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. ******* нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял авч, 409 дүгээр хорих ангид ял эдэлж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоол, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2025/ДШМ/68 дугаар шүүхийн магадлалаар хууль ёсны төлөөлөгч болох *******д сэтгэцэд учирсан хохирол ******* /*******/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Харин Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ХШТ/33 дугаар тогтоолоор Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох, заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй буюу шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийг тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн гэр бүлийн гишүүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж олгосон ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

1.2. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр тогтооно гэж заасан. Энэ заалт 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуульд нэмэлтээр орсон байна.

Тухайн гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн. Гэм буруу тогтоогдсон. Нэхэмжлэгч ******* хохирогчийн гэр бүлийн гишүүн тул эрүүгийн хэрэгт хууль ёсны хохирогчоор оролцоод явсан үйл баримт хавтаст хэрэгт байна. Тиймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ДШМ/68 дугаар магадлалаар эрүүгийн хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэхдээ хохирол төлбөрт ******* төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ХШТ/ЗЗ дугаар тогтоолоор Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээч томилж сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоогоогүй үндэслэлээр хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр тогтоосон.

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоон нөхөн төлөх төлбөрийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцоолох шаардлага үүсэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт нь 4-р зэрэглэл гэж гарсан гэхдээ шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй байна. Эрүүгийн хэргийн улмаас сэтгэл санааны хохирол ******* төгрөгийг нэхэмжилж байгаа. Тэгэхээр энэ хэргийг хөндөх зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хэргийн хувьд хохирогчоор тогтоогдсон *******ийг нэхэмжлэгч цохисон гэх боловч бодит байдал дээр камерын бичлэгээр ******* нэг удаагийн түлхэлтээр цемент дээр унаад санамсаргүй байдлаар хэрэгт холбогдож, хариуцлага хүлээж байна.

Хэрэг болсон цаг хугацаа 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр болсон. Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан. Өөрөөр хэлбэл, хэрэг гарсан цаг хугацаанаас хойш сэтгэл санааны хохирол тооцож гаргуулдаг журам батлагдсан. Нэмэлтээр 7 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө болсон хэрэгт сэтгэл санааны хохирлыг шууд гаргуулаад ******* төгрөгийг төл гэж дүгнэлт хийгээд яваад байж болох эсэх асуудал хөндөгдөж байна.

Нэхэмжлэгч ******* төгрөг нэхэмжилсэн тухай, хариуцагч гэм буруутай эсэх дээр хэрэг болсноос хойш ерөөсөө маргаагүй, хүндэтгэсэн байдлаар ******* төгрөг гаргаж өгөх боломжтой гэж байгаа ч хууль зүйн үндэслэлийн хувьд энэ журам хэрэг болсноос хойш батлагдсан журам учраас өнөөдөр *******сая төгрөг ч юм уу, 4-р зэрэгт хамаарах мөнгөн дүнг гаргах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хүрээнд боломжгүй байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн төлбөрөөр гаргуулж болно, Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэл санааны хохиролд шинжээч томилно гэж тус тус заасан. Шинжээч томилох үйл явцыг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хэрэг гарснаас хойш 2 сайд баталсан. Улсын дээд шүүхээс баталсан тогтоол, дүгнэлт гаргахтай холбоотой аргачлалыг баталж өгсөн. Гэмт хэрэг болсноос хойш журам батлагдаж байгаа учраас манай хэрэгт хамаарахгүй байна.

2.3. Хэрвээ үнэхээр хамаарахаар байна гэж үзвэл хариуцагчийн хувийн байдлыг хараад, санамсаргүй байдлаар энэ хэрэгт орооцолдоод, 8 жилийн хорих ял авчихсан байгаа, мөн ар гэрийн байдлыг харгалзаж үзээд бага хэмжээгээр нь буюу өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох ******* төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулна.

2.4. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж ******* төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн, харин хариуцагч ******* төгрөг төлсөн тул зөрүү мөнгийг сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Ж.Лхагва шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэрэг үйлдэгчийг гэм буруутай гэж үзсэн. Хүний амь нас, сэтгэл санаанд учирсан хохирлыг биеэр эдлүүлэх гэм буруутай гэж үзэж байна. Тухайн хэргийн талаар нэхэмжлэгч талын мөнгөн дүнг хариуцагч тал мөнгөн хэлбэрээр өгөх боломжгүй бол шүүх харгалзан үзэж мөнгөн дүнг бууруулж шийдвэрлэх гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.5-т заасныг баримтлан хариуцагч *******аас гэм хорын хохиролд ******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 178,742 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд:

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүхээс тогтооно гэж заасан байхад сэтгэцэд учирсан сэтгэцийн эмгэгийн 4-р зэрэглэлд заасан хэмжээгээр шүүхээс олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг баталсан ба тус аргачлалд Сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг 5 зэргээр тогтоосон, сэтгэцийн хор уршигт нь нас барсан гэж байхгүй байхад 4-р зэргээр тооцон сэтгэл санааны хохирлыг гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч *******аас сэтгэл санааны хохиролд ******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Эрүүгийн хэрэг нь тодорхой хэмжээнд тохиолдлын шинжтэй, аль аль талдаа харамсалтай нөхцөл байдал үүссэн. Хариуцагч учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардсан хэмжээнээс давсан төлбөрийг барагдуулах байдлаар хандсан. Түүнчлэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрэг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, гэм буруутай нь тогтоогдсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хорын хохирол ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ******* төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн, хариуцагч ******* төгрөг төлсөн, хэрэг гарсан цаг хугацаанаас хойш сэтгэл санааны хохирол тооцож гаргуулдаг журам батлагдсан тул мөнгөн дүнг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, гаргуулахаар бол хариуцагчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзаад өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр гаргуулна гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/776 дугаар шийтгэх тогтоол, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2025/ДШМ/68 дугаар шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ХШТ/ЗЗ дугаар тогтоолоор хариуцагч *******ы гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, хариуцагч гэм буруугийн талаар талууд маргаангүй.

 

4.2. Хариуцагч ******* нь ял шийтгэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЕГ0825/2707 дугаартай шинжээчийн дүгнэлтээр дөрөвдүгээр зэрэглэл гэж тогтоосон байна. /хх-53-54/

 

4.3. Хариуцагч ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэл нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр болсон нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх тусгайлан заасан дээрх хугацаанд хамаарч байгаа талаар зөв дүгнэсэн байна.

 

5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-т Сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлд хор уршгийн хувь нь 15-30 хувь, нөхөн төлбөрийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ.

Нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хувь нь 15-30 хувь буюу дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн 2023 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох ******* төгрөгөөр тооцон 45.99 /******* х 45.99=25 *******/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу ******* төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасанд нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээ болох дээрх ******* төгрөгөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд төлсөн гэх ******* төгрөгийн илүү төлөгдсөн зөрүү болох ******* төгрөгийг хасаж үлдэх ******* төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь талуудын диспозитив зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

 

7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, түүнийг харгалзан үзсэн нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7, 66.8 дахь хэсэгт нийцжээ.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/00980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.ХУЛАН