Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 826

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 30 өдөр        Дугаар 181/ШШ2016/00826           Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн хүсэлттэй,  

 

Б.Цолмон, Д.Дэлгэрцэцэг нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Цолмон, Д.Дэлгэрцэцэг нар нь 2015 оны 02-р сарын 05-ны өдөр Хас банктай 1480015024 дугаар зээлийн гэрээ байгуулж 3 800 000 төгрөгийн зээлийг 365 хоногт 30 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. Энэхүү гэрээнд Д.Дэлгэрцэцэг нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Б.Цолмон, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрцэцэг нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 03-р сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлийн гэрээ байгуулж зээл авах үедээ Б.Цолмон нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 2 дугаар гудамжны 100 тоотод оршин суудаг байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар гэрийн хаягаар нь удаа дараа очиход зээлдэгчийн эмээ гэх настай хүн байдаг. Б.Цолмон нь хаана байдгийг мэдэхгүй, баяр, цагаан сарын үеэрч ирдэггүй, холбоогүй байдаг гэдэг. Б.Цолмонтой холбогдох гар утасны дугаар 99160793 нь холбогдох боломжгүй байдаг. Оршин суудаг эсэхийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооноос тодруулахад Б.Цолмон тус хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэдэг. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрцэцгийн гэрийн хаягаар очиход тийм хүн байдаггүй танихгүй гэх өөр айл байдаг. Баянгол дүүргийн 2 дугаар хорооноос тодруулахад тодорхойлолтыг зөвхөн шүүх, хуулийн байгууллагаас албан тоот авчирч ав гэсэн хариуг тайлбарыг бидэнд өгдөг. Дээрх байдлаас үзэхэд Б.Цолмон, Д.Дэлгэрцэцэг нар зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                    

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч “Хас банк” ХХК нь Б.Цолмон, Д.Дэлгэрцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэн Б.Цолмон, Д.Дэлгэрцэцэг нарын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч “Хас банк” ХХК нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд иргэн Б.Цолмон, Д.Дэлгэрцэцэг нар хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баатарсүхийн Цолмон/РД: ШГ82120997/, Дамбын Дэлгэрцэцэг/РД: ЗЕ81101501/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Хас банк” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баатарсүхийн Цолмон/РД: ШГ82120997/, Дамбын Дэлгэрцэцэг/РД: ЗЕ81101501/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баатарсүхийн Цолмон/РД: ШГ82120997/, Дамбын Дэлгэрцэцэг/РД: ЗЕ81101501/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Хас Банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсогмоц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ