Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00747

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10564 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/271 тоот захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын *******дугаар бүхий ******* м.кв газрыг Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар-ын зориулалтаар эзэмшдэг бөгөөд уг эрх нь эрхийн улсын бүртгэлийн Э-*******дугаарт бүртгэгдэж, №*******дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, миний нөхөр ******* 2025 оны 02 дугаар сард нас барсан тул миний бие ******* ХХК-ийн хувьцаа, түүнд ногдох эрхийг өвлөн авч, 2025 оны 04 дүгээр сард зохих өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр тус компанийн хууль ёсны өмчлөгч, хувьцаа эзэмшигч нь болсон. Хариуцагч нь компанийн өмнөх хувьцаа эзэмшигч буюу миний нөхөр *******тэй нэхэмжлэлд дурдсан ******* м.кв газраас 7,*******м.кв газрыг нь худалдан авахаар ярилцсаны дагуу одоогийн ашиглаж буй газраа 2020 оноос хойш ашиглаж байгаа гэж амаар тайлбарлан, өнөөдрийн байдлаар газар дээр үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэ талаар бид судлан үзэхэд хариуцагч нь 2020 оноос 2023 оны хооронд ******* төгрөгийг миний нөхрийн дансанд, миний нөхрийг нас барсны дараа 2025 оны 02 дугаар сард ******* миний дансанд ******* төгрөг шилжүүлсэн гэхээс өөр тодорхой мэдээлэл олдоогүй, хариуцагчийн зүгээс ч уг газрыг худалдан авахаар тохиролцсон гэх өөр баримт, мэдээллийг бидэнд гарган өгөөгүй. Иймээс ******* ХХК болон ******* нарын хооронд дээрх 7,*******м.кв газрыг худалдах, худалдан авах хэлцэл үнэхээр хийгдсэн эсэх, ийнхүү тохиролцсон бол нийт хэдэн төгрөгөөр үнийг тохиролцсон эсэх нь тодорхойгүй, ямар нэгэн баримтгүй байна. Компанийн зүгээс хариуцагчийн 7,*******м.кв газрыг худалдан авахаар ярилцсан гэж тайлбарласны дагуу тухайн газрыг худалдан авах эсхүл түрээсээр ашиглаж байгаа аль нь болохыг тодруулж, цаашид газраа ашиглуулах эсэх болон төлбөр тооцоо нийлэх зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/24 тоот албан бичгээр газартай холбоотой гэрээ, төлбөр төлсөн баримтаа ирүүлж тооцоо нийлэхийг, мөн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 25/32 тоот албан бичгээр хариуцагч нь тус газрыг худалдан авах хүсэлтэй байгаа бол тус газрын улсаас тогтоосон суурь үнэлгээ болон зах зээлийн үнэлгээг тооцож, 7,*******м.кв газрыг ******* төгрөгөөр худалдах боломжтойг мэдэгдэж, хариу ирүүлэхийг хүссэн. Гэвч хариуцагчийн зүгээс дээр дурдсан дансаар мөнгө шилжүүлсэн тухай гүйлгээний хуулгаас өөр баримт ирүүлээгүйгээс гадна дээрх албан бичигт дурдсан асуудлаар хариу өгөөгүй, ямар нэг байдлаар зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаараа мэдэгдээгүй. Нөгөөтэйгүүр хариуцагчийн өөрийнх нь тайлбарт үндэслэн 7,*******м.кв газрыг худалдан авах замаар шилжүүлэн авах боломжтой тухай компанийн саналаас ч татгалзсан гэж ойлгож байна. Иймд хариуцагчийн энэхүү тодорхойгүй байдал нь ойлгомжгүй байдлыг үүсгэж, компанийн эзэмшлийн газрыг хууль бусаар ашиглаж байгаа гэж үзэхэд хүргэж байгаа тул уг 7,*******м.кв газрыг хариуцагчийн ашиглалтаас чөлөөлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч уг газрыг 2020 оноос эхлэн ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд газрын түрээсийн асуудлыг энэ удаа хөндөөгүй бөгөөд хариуцагч нь газрыг буцаан хүлээлгэн өгмөгц компанийн зүгээс түүний төлсөн төлбөрийг даруй буцаан шилжүүлэх болно. Нэхэмжлэлд дурдсан дээрх тайлбар, үндэслэлийн дагуу ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын *******дугаартай газраас хариуцагч *******гийн ашиглаж буй 7,*******м.кв газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* миний бие 2020 оны 11 дүгээр сард ******* ХХК /үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч ******* болон гүйцэтгэх захирал ******* нар/-тай хэлцэл хийж ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7,*******м.кв газрыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. Тухайлбал, ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах газраас 1 м.кв газрыг ******* төгрөгөөр үнэлж, нийт 7,*******м.кв талбайг ******* төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцсон бөгөөд газар шилжүүлэн авах төлбөрт нийт ******* төгрөг /баримтыг хавсаргав/-ийг хувьцаа эзэмшигч ******* болон Гүйцэтгэх захирал ******* нарын саналаар өөрсдийнх нь дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах газар шилжүүлэн авах төлбөрт нийт ******* төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг газар эзэмших эрхийн гэрчилгээг ******* миний нэр дээр шилжүүлсэн даруйд төлөхөөр харилцан тохиролцсон байсан юм. Гэвч ******* ХХК-ийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах 7,*******м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөөгүй бөгөөд удахгүй шилжүүлэн өгнө, газар эзэмших эрхийн гэрчилгээ удахгүй гарна гэх зэргээр өдийг хүрсэн юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах 7,*******м.кв газар шилжүүлэн авах төлбөрөөс ******* төгрөгийг төлөх хүсэлт ******* надад тавьсны дагуу миний бие 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* төгрөгийг *******гийн дансанд шилжүүлж байсан. Миний бие ******* ХХК-тай дээрх байдлаар харилцан тохиролцож, хэлцэл хийсний үндсэн дээр газар шилжүүлэн авахаар тохиролцсон /нийт ******* төгрөгийг төлсөн/ тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах 7,*******м.кв газрыг хууль бусаар огт эзэмшээгүй тул нэхэмжлэгчээс гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно. Улмаар ******* ХХК-ийн хүсэлтээр газар шилжүүлэн авах төлбөрөөс ******* төгрөгийг нь 2024 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах газрын дуудлага худалдааны үнэд төлсөн бөгөөд энэхүү ******* төгрөг нь газар шилжүүлэн авах төлбөрт тооцогдох учиртай. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах 7,*******м.кв газрыг ******* надад шилжүүлэхээр харилцан тохиролцож, хэлцэл хийсэн болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдон тогтоогдох юм. Нөгөөтэйгүүр, ******* миний бие ******* ХХК-тай хэлцэл хийж ******* төгрөгөөр 7,*******м.кв газрыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах 7,*******м.кв газрыг хууль ёсоор, бодитоор эзэмшиж, ашиглах болсон. Миний бие Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж эхэлснээс хойш тус газарт 130 машин шороо асгаж тэгшлэх, тог цахилгаан татах, хашаа барих болон 384 м.кв талбайтай угаалга, засварын газрыг *******сая орчим төгрөгөөр барьж хөрөнгө оруулалтыг хийсэн болно. Хэрэв Миний бие Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах 7,*******м.кв газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан тохиолдолд ******* ХХК нь уг газрыг миний эзэмшил, ашиглалтад бодитоор шилжүүлэн өгөх боломжгүй бөгөөд тус газарт хөрөнгө оруулалт хийж, барилга барих бодит боломж байхгүй юм. Өөрөөр хэлбэл, тус газрыг миний бие шилжүүлэн авахаар хэлцэл хийж, харилцан тохиролцож, төлбөрийг төлж байсан тул ******* ХХК-ийн зүгээс газар чөлөөлөх тухай нэг ч шаардлага, мэдэгдэл ирүүлж байгаагүй ба ийнхүү шаардлага гаргалгүйгээр барилга бариулсан болох нь хэлцэл хийсний нотолгоо юм. ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч ******* нь 2025 оны 02 дугаар сард нас барсан байх ба түүний эхнэр ******* нь өвлөх эрхийн гэрчилгээгээр ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан байна. Ийнхүү өв залгамжлалаар компанийн хувьцааг шилжүүлэн авсан нь ******* ХХК-ийн өмнө хийсэн хэлцэл болон хэлцлээр хүлээсэн үүргийг өөрчлөх, дуусгавар болгох үндэслэлгүй бөгөөд тус компани хэлцлээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно. Миний бие ******* ХХК-тай харилцан тохиролцсон /хувьцаа эзэмшигч ******* болон Гүйцэтгэх захирал *******/-ын үндсэн дээр газар шилжүүлэх хэлцэл хийсэн бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч ******* болон Гүйцэтгэх захирал ******* нарын өгсөн дансанд төлбөрийг шилжүүлж байсан. Ийнхүү хэлцэл хийх үед ******* нь ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал байсан ба харин ******* гэх хүн огт байгаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл гаргаад буй ******* нь газар шилжүүлэх энэхүү хэлцлийг хийх үед компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байгаагүй, хэлцэл хийхэд байгаагүй тул энэхүү хэлцлийн талаар мэдэхгүй бөгөөд огт ойлголт байхгүй болно. Мөн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2020 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, товчооны 1-1-д байрлах 7,*******м.кв газрын төлбөр /хураамж/ болон цахилгааны төлбөрийг ******* надаар төлүүлдэг байсан ба ийнхүү газар ашигласны төлбөрийг миний бие төлж байсан нь хэлцэл хийгдсэн, газрыг хууль ёсоор ашиглаж байгаагийн нотолгоо юм. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул *******д холбогдох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын *******дугаартай, 3,000 м.кв газрын 7417.9 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

******* ХХК Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/271 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын *******дугаартай ******* м.кв газрыг "Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар"-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа бөгөөд уг эрх нь улсын бүртгэлд Э-*******дугаарт бүртгэгдэж, №*******дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болно.

4.1. Хариуцагч ******* уг газрын 7,*******м.кв хэсгийг 2020 оноос хойш ашиглаж байгаа боловч ямар нэгэн бичгээр баталгаажсан гэрээ байгуулаагүй, худалдах худалдан авах талаар гэрээ хийгээгүй, үүнийгээ шүүхэд нотолж чаддаггүй. Энэ нь түүнийг уг газрын хууль бусаар ашиглаж байгаа гэж үзэх үндэстэй юм. 

******* ХХК 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/24 тоот албан бичгээр, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 25/32 тоот албан бичгээр хариуцагчаас гэрээ, төлбөрийн баримт шаардсан боловч хариуцагч гаргаж өгөөгүй болно.

4.2 Шүүхээс Хэлцлийн үндсэн дээр газрыг шилжүүлж, төлбөрийн зарим хэсгийг төлсөн гэж дүгнэсэн боловч хариуцагчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэл болгодог. Хавтаст хэрэгт үүнийг нотлох гэрээ, хэлцэл байхгүй. Мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч шилжүүлсэн мөнгөний зориулалт тодорхойгүй. Түүнчлэн, хариуцагч гэрээ хийсэн гэж үзвэл нийт ******* төгрөгийн үнийн ******* төгрөгийг (хариуцагчийн тайлбараар ******* төгрөг) төлсөн гэх боловч үлдэгдэл төлбөр төлөөгүй, газрын эрх шилжүүлээгүй үйл баримт байхад шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй болно. 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасанчлан өөрийн нэхэмжлэл, татгалзлыг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байсан ч хариуцагчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэдэг шаардлагыг хангахгүй юм.

4.3. Манай талаас хангалттай нотлох баримт гаргаж өгсөн ба хариуцагч баримт гаргаж өгөөгүй байхад шүүх харгалзаж үзээгүй буюу хариуцагч нь уг газрыг хууль бусаар эзэмшиж байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Тухайлбал, хариуцагч татгалзлаа нотолж чадахгүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт ирүүлээгүй байхад амаар хэлэлцэн тохирсон гэх үгэнд үндэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй гэх үндэслэлийг голлон дурдсан. Гэвч хавтаст хэргийн 62 дугаар талд 2020 онд газар худалдах, худалдан авах асуудлаар миний үйлчлүүлэгч ******* нь ******* ХХК-ийн захирал ******* болон тус компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нартай компанийн оффис дээр очиж уулзсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Бичгээр гэрээ байгуулагдаагүй шалтгааныг тодруулахад давж заалдах гомдлын хавтаст хэргийн 9 дүгээр нүүрэнд дурдсанаар тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус байсан нөхцөл байдал тогтоогддог. Тодруулбал, уг газар эзэмших эрх нь 2023 оны А/251 дүгээр захирамжаар баталгаажсан бөгөөд түүнээс өмнө газар эзэмших эрх сунгагдаагүй, дуудлага худалдааны төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан тул эрх шилжүүлэх, бичгээр гэрээ байгуулах хууль зүйн боломж бүрдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед тодорхой хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдэж, газар эзэмших эрхийг албан ёсны болгох нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр 2023 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ баталгаажсан. Иймээс тухайн үед бичгээр гэрээ байгуулах боломжгүй байсан. Хоёрдугаарт, нэхэмжлэгч тал шилжүүлсэн мөнгөний зориулалт тодорхойгүй, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй, газар эзэмших эрх шилжээгүй гэх үндэслэлийг дурдсан. Гэвч хэрэв уг харилцааг бүхэлд нь хууль бус гэж үзэж байгаа бол шилжүүлсэн мөнгө, үлдэгдэл төлбөр, эрх шилжүүлэх асуудлыг зэрэгцүүлэн тайлбарлаж буй нь өөрөө ойлгомжгүй. Учир нь хууль бус гэдэг нь анхнаасаа иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, эсхүл хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг ойлгох ёстой. Гэтэл хавтаст хэргийн 3445 дугаар талуудад тусгагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч нь гурван өөр этгээдэд газрын төлбөр төлсөн баримтууд байгаа нь нотлогдож байна. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 7 удаагийн гүйлгээгээр ******* төгрөгийг тухайн үеийн хууль ёсны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч *******ийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. Эдгээр гүйлгээний утгад ******* газар, газрын үнэ гэх мэтээр тодорхой тэмдэглэгдсэн байгаа нь уг төлбөрүүдийг газрын төлбөрийн зориулалтаар хийснийг илтгэж байна. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тухайн үед компанийн хууль ёсны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******гийн Хаан банкны дансанд нийт 4 удаагийн гүйлгээгээр ******* төгрөг шилжүүлсэн нь хавтаст хэргийн 4144 дүгээр талд хавсаргагдсан. Эрх залгамжлагч буюу гүйцэтгэх захирал *******гийн дансанд 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байна. Өнөөдрийн байдлаар уг гүйлгээ хийгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн байхад уг мөнгийг буцаан олгоогүй нь мэдээгүй байхад шилжүүлсэн гэх тайлбарыг үндэслэлгүй болгож байна. Түүнчлэн нэхэмжлэгч анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг хангалттай үнэлээгүй гэх үндэслэлийг дурдсан. Гэвч нэхэмжлэгч талаас хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх зохицуулалтыг иш татан тайлбарлаж байна. Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тухайн хэлцлийн хэлбэр зөрчигдсөн боловч тодорхой нөхцөлд хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож болох зохицуулалт үйлчилдэг. Гэхдээ уг заалтыг дангаар нь бус, Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан хэлцлийн хэлбэрийн талаарх зохицуулалттай уялдуулан, харьцуулан хэрэглэж дүгнэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэлцлийн талаар маргаж байгаа тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол талууд тухайн хэлцлийг нотлох эрхээ алдах боломжтой. Гэвч хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудаар уг харилцааг тогтоох боломжтой. Тухайлбал, төлбөр шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан. Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад өгсөн тайлбартаа газар эзэмшихтэй холбоотой харилцааг өмнө нь мэдээгүй байсан, мөн уг газарт барилга баригдаж байсныг манай нөхөр мэдэж байсан гэж мэдүүлсэн нь хэрэгт тусгагдсан. Эдгээр тайлбар, мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэх нь зүйтэй. Уг харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр үүссэн, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн төлбөрийн дийлэнх хэсгийг бодитоор төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Төлбөр төлсөн баримтуудыг бүхэлд нь үнэлэн дүгнэхэд уг хөрөнгийг хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын *******дугаартай, ******* м.кв газрын 7,*******м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэлцлийн үндсэн дээр газрыг шилжүүлж, төлбөрийн зарим хэсгийг төлсөн, хууль бусаар эзэмшиж ашиглаагүй гэж тайлбарлан маргасан байна.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1. ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын *******дугаартай, ******* м.кв газрыг Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/271 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн. /хх 9/

4.2. Дээрх газрын 7417.9 м.кв талбайд хариуцагч ******* агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьсан байх бөгөөд түүнийг эзэмшилдээ байлгаж байгаа талаар талууд маргаагүйгээс гадна хариуцагч ******* нь нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч *******эд ******* төгрөг, өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирал *******д ******* төгрөг, одоогийн гүйцэтгэх захирал *******д ******* төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж тайлбарлаж, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн. /хх 34-45/

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь Нийслэлийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/271 дүгээр захирамжаар *******,000 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн боловч хариуцагчийг дээрх газраас 7417.9 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. Энэхүү хуулийн 106.2 дахь заалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах бөгөөд хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн эзэмшигч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээдийн эзэмшил хууль бус, нэхэмжлэгчийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.

 

5.1. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ******* ажиллаж байсан, мөн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдсон, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. /хх 4/

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлд *******гаас *******эд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* төгрөгийг ******* гэх утгатай, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* төгрөгийг *******гэх утгатай, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөгийг ******* утгатай, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 27,000,000 төгрөгийг ******* гэх утгатай, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг *******гэх утгатай, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* төгрөгийг **************гэх утгатай, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* төгрөгийг **************гэх утгатай, *******д 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг ******* гэх утгатай, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 8,500,000 төгрөгийг ******* гэх утгатай, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,650,000 төгрөгийг ******* төлбөр гэх утгатай, *******д 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* төгрөгийг ******* гэх утгатайгаар тус тус шилжүүлжээ. /хх 34-45/

 

5.2. Мөн хариуцагч ******* нь маргаан бүхий 7417,9 м.кв газрыг 2020 оноос хойш эзэмшиж, уг газартаа барилга буюу 384 м.кв талбайтай угаалга, засварын газрыг барьж ашиглаж байгаа гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй бөгөөд газрыг шилжүүлэн авахаар бол төлбөрийн нөхцөлийг гэрээгээр тохиролцох саналаа ирүүлэх талаарх мэдэгдлийг хүргүүлж байсан байна. /хх 8/

Дээрх баримтаар ******* ХХК болон ******* нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ тохиолдолд тухайн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж дүгнэх боломжгүй гэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх гэж тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн боловч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр тодорхойлсон, гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцээгүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.ХУЛАН